Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/471

 

 

 

 

 

  2023        5        02                                2023/ДШМ/471

            

Б.Э, Б.Хнарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

шүүгдэгч, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Л.О,

шүүгдэгч, хохирогч Б.Б.Х, түүний өмгөөлөгч Ц.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б.Х, түүний өмгөөлөгч Ц.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Э, Б.Хнарт холбогдох эрүүгийн 2205031822486 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.Х, ... оны 3 дугаар сарын 25-ны өдөр .... төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, нөхөр, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, /РД: .........../, ял шийтгэлгүй,

Б овгийн  Б.Э, ............ оны 6 дугаар сарын 17-ны өдөр .............. төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух, /РД: ................/, ял шийтгэлгүй,

Б.Хнь 2022 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ................. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох нөхөр Б.Эын биед үсдэх, маажих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө .................. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Б.Хгийн биед өшиглөх, алгадах зэргээр халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б.Х, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э, Б.Хнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б.Хд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Хнарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э, Б.Хнарт сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Э, Б.Хнар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э нь Б.Б.Хд хохирол, хор уршигт тооцож 2.854.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч /хохирогч/ Б.Хдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Б.Этай гэр бүл болоод 3 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Гэр бүлийн баталгаатай, дундаасаа 1 хүүхэдтэй, одоо 2 дахь хүүхэд маань төрөх гэж байна. Бидний хувьд нилээн хожуу гэр бүл болсон ч эвтэй найртай, дутагдаж гачигдах зүйлгүй, үр хүүхэдтэйгээ жаргалтай сайхан амьдарч байсан. Хааяа санал зөрөх, маргалдах асуудал гардаг ч өөрсдөө шийдэж чаддаг, хэн хэнээсээ хараат биш, ердийн л гэр бүл байсан. Байсан гээд байгаагийн учир нь хэн аль нь шүүхээр ял шийтгэгдсэн. Гэмт хэрэг гарсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс тусдаа амьдарч, өнөөдрийг хүртэл нэг ч уулзалдаагүй, цаашид ч хамт амьдрах боломжгүй болсон юм. Энэ өдөр миний нөхөр Б.Э надруу залгаж, найзтайгаа хамт гадуур уугаад явж байна гэхээр нь гэртээ ир гэж хэлснээр ирсэн. Бид 3 ярьж сууж, 2 сав пиво, 1 шил виски хувааж уусан. Миний хувьд нэг их согтоогүй, тэр 2 өмнө нь уулзсан байсан болохоор нилээн согтсон. Нөхөр маань унтлаа гээд ээж хүү хоёрын унтаж байсан өрөө рүү ороод хэвтээд өгсөн. Ер нь намайг хардах гээд байдаг зантай тул би найзтай нь сууж үлдэхийг хүсээгүй, тэгээд унтаж байсан өрөө рүү нь орж нөхрөө дуудсан. Цаад талд ээж, дунд хүү, наад талд нь нөхөр хүү рүүгээ хараад хэвтэж байсан. Би найзыгаа дагуулж ирчихээд унтаад байхдаа яадаг юм, босооч гээд нударч татахад эргэж хараад намайг шууд цохисон. Миний ам, хамраас цус гарсан. Мөн хөлөөрөө тийрч унагаасан. Ээж маань босч ирж, нөгөө өрөөнд байсан найз нь ч орж ирсэн. Би цагдаа дуудсан, нөхөр ч бас өөрөө би эхнэрээ зодчихлоо гээд цагдаа дуудсан. Нөхрийн аав, ээж, манай эгч Б.Тунгалаг нөхөртэйгээ ирсэн. Энэ хооронд цагдаагаас утасдаж хаяг тодруулаад байхаар нь би нөхрөө бодоод дуудлагаа цуцалсан. Бөөн яриа, маргаан болж ээж бид хоёр эгчийнх рүү явсан. Маргааш нь би хүүхдээ авая, хувцасаа авая гээд гэртээ очиход нөхөр гаргахгүй гээд зууралдаад хананд шахаад янз бүр болоод байсан тул би цагдаа дуудсан. Тэгээд Баянгол дүүргийн цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Тэндээс шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан. Хэрэг шалгаж байх үед мэдүүлэг авахдаа тухайн үед Б.Э ямар хувцастай байсан, биед нь шарх сорви байсан уу гэж асуухад нь би бүгдийг нь үнэн зөвөөр хэлж байсан. Харин надаас нөхрөө яаж гэмтээсэн, яаж маажсан талаар нэг ч асуугаагүй, гэнэт яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Энэ үеэс миний нөхөр намайг өөрийгөө маажсан, гэмтээсэн талаар мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн, дүгнэлт гарсан талаар мэдсэн. Харин надаас энэ талаар нэг ч удаа асууж байцаагаагүй. Өмгөөлөгч авч, прокурортой уулзаж, санал гомдлоо хэлж ярьсан боловч огт хүлээж аваагүй, тэгээд эмч хөдөлгөөн хязгаарлаж, байнга хэвтэж байхыг зөвлөж, хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж дутуу төрчих гээд байсан учир хальтиргаатай үед яваад байж чадаагүй. Нөхөр маань нэг ч удаа хүү бид 2 дээр ирээгүй, хүүхэд өвдөж би өөрөө эмнэлэгт хэвтэж байсан болохоор эгч маань сахиж байсныг мэдсэн ч хүү дээрээ очоогүй. Зодсоныхоо маргааш надтай эвлэрэе, битгий яваач гэж гуйж байсан, би зөвшөөрөөгүй, намайг буулгаж авах ийм л муухай арга сэдэж гэж бодож байгаа. Би Япон улсад олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Хүнтэй хэрэлдэж, муудалцах дургүй, хумсаа хэзээ ч ургуулдаггүй, буддаггүй. Тэгээд ч жаахан хүүхэдтэй, миний хумсаар хүний биед ямар ч гэмтэл учруулах боломжгүй. Нөгөө талаар манай нөхөр өөрт нь тийм гэмтэл учирсан бол тэр орой манай ээж, эгч, өөрийнхөө аав, ээжид энэ намайг ингэж маажаад, ингэж гэмтээгээд гэж хэлэхгүй байна гэж огт байхгүй. Хэрэгт хавсаргасан фото зургийг харахад ир үзүүртэй зүйлээр хатгасан, зүссэн байхаар харагдаж байна. Тэр ч байтугай нэг зураастай зэрэгцэж давхар зүсэгдсэн зураас маш тод харагдаж байсан, намайг үсдэж зулгаах, гарт баригдах үс байхгүй, жижиг үстэй хүн юм. Ийм байдлаар намайг гүтгэж, хуулийн байгууллагыг хуурч, ял шийтгэлтэй болгож байгаад маш их гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр “нөхөртөө зодуулсан” гэж бичсэн байсан, мөн маажуулсан гэж тухай нэг ч үг байхгүй байдаг. Уг дүгнэлтэд баруун гарын бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт гэмтэлтэй гэх боловч өөрөө прокурорт бичсэн дүгнэлтдээ зүүн гартаа маажуулсан гэсэн байсан. Шүүх хурал дээр шинжээч эмч фото зургаас хараад аль гарт нь гэмтэл учирсныг хэлж чадаагүй, мөн хумсаар маажуулсан гэмтэл мөн гэж хэлж чадаагүй. Миний хувьд нөхрөө маажих, гэмтээх ямар ч шаардлага байгаагүй. Тийм боломж ч байгаагүй. Араас нь нударч татаж дуудахад шууд цохиж аваад хөлөөрөө тийрч унагаасан. Энэ бүх байдлыг түүний аав, ээж тэр өдөр манайд ирсэн найзыг нь гэрчээр оролцуулая гэсэн манай өмгөөлөгчийн хүсэлтийг бас хэрэгсээгүй. Намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нөхрөө зодож гэмтээсэн, түүний биед санаатай гэмтэл учруулсан гэж ял шийтгэж байгаад маш их гомдолтой байна. Би тэр хүнийг гэмтээгээгүй, ямар ч хэрэг үйлдээгүй. Иймд надад ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б.Хгийн өмгөөлөгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагийн үед Б.Э нь эхнэр Б.Хруу ярьж, найз С.Ренчинсүрэнгийн хамт гэртээ ирсэн бөгөөд 3-уулаа 2 сав пиво, 1 шил виски хувааж уусан гэдэг. Б.Б.Хгийн мэдүүлгээр тэр гурав 2 сав пивоо хувааж уугаад харин вискинээс С.Ренчинсүрэн 2 хундага, Б.Х4 хундага ууж, үлдсэнийг нь Б.Э уусан гэдэг. Иймээс Б.Эын хувьд нилээн согтсон байх, тухайн үед болсон нөхцөл байдал, эхнэр Б.Б.Хг хэрхэн цохиж, зодсоноо тодорхой сайн санахгүй, мэдэхгүй байх үндэстэй байдаг. Түүний мэдүүлснээр “... хүү маань унтахгүй болохоор нь хадам ээж, хүү хоёртой жижиг өрөөнд орж хэвтсэн. Тэгэхэд Б.Хорж ирээд найз чинь явах гээд байна, бос гээд татаж чангаагаад байсан, цаашаа бай гээд би хөлөөрөө хэд жийсэн. Тэгсэн намайг үстэж аваад маажсан. Би босч ирээд 2 удаа алгадсан, хоёр дахь удаагаа алгадахад Б.Хунасан, жавжнаас нь цус гарсан байсан” гэдэг бөгөөд энэ асуудал болох үед хамт байсан гэрч Д.Нацагням “Би хэвтэж байсан болохоор юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй, нэг харахад нүүр лүү нь цохиж унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсэж байсан”, “Гэнэт чимээ гарахаар нь сэрээд хартал хүргэн маань манай охиныг цохиод хаалганы довжоон дээр унагаасан байсан, охиноо харахад хамар амнаас нь их цус гарч, баруун нүд хацар нь хавдсан байсан.” гэдэг. Харин хохирогч Б.Х“... Б.Э жижиг өрөөнд ороод хэвтсэн, араас нь очоод босооч гэж нудраад сэгсэрсэн. Тэгтэл эргэж хараад намайг гараа зангидаад нүдсэн”, “... тэгэхээр нь би найзыгаа дуудчихаад бос бос гээл нөхрөө нударсан чинь эргэж хараад намайг цохисон. Тухайн үед манай ээж хажууд байсан, намайг хэд цохиод өшиглөсөн гэж хэлсэн. Миний амнаас их цус гарсан болохоор би юу болоод байгааг сайн санахгүй шоконд орсон байсан.” гэж мэдүүлдэг.

Хэрэг болох үед гэрт байсан хүмүүсийн мэдүүлэг тодорхой бус, болсон үйл явдал, хэн нь хэнийгээ хэрхэн яаж зодсон, гэмтээсэн талаар зөрүүтэй мэдүүлдэг. Тэр тусмаа Б.Э хохирогч Б.Б.Хгийн биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисон, хэдэн удаа хөлөөрөө жийсэн, өшиглөсөн, дэвссэн, хэдийд нь Б.Ххаана, хэрхэн унасан зэргийг, мөн Б.ХБ.Эын биед хэдийд, хэрхэн санаатайгаар “хөнгөн” хохирол гэмтэл учруулсан талаар нэг ч гэрч мэдүүлээгүй байдаг.

Хохирогч Б.Эын биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 13875 тоот дүгнэлтэд “Б.Эын баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл “Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан Б.Эын баруун гарт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх гэмтлийн зургийг харахад хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдэж үүсгэгдсэн болох нь ил тодорхой, тэр тусмаа Б.Б.Хгийн хумсаар маажуулж, самардуулсны улмаас үүссэн гэхэд хэт эргэлзээтэй байдаг. Шүүх хуралдаанд шинжээч Н.Туяа биеэр оролцож, өөрийн гаргасан 13875 тоот дүгнэлтийн талаар тодорхой мэдүүлэг өгөхдөө хумс бол мохоо зүйлд хамаарагдана, бусдын биед гэмтэл үүсгэхдээ хумсны шинж байдал, хэлбэр хэмжээ зэргээс шалтгаална гэдгийг тайлбарласан боловч Б.Эын биед Б.Б.Хгийн хумсаар үүсгэгдсэн гэх гэмтлийн зураг, Б.Хнь хумсаа огт ургуулдаггүй гэсэн тайлбар, үүнийг баталсан хохирогч Б.Эын тайлбар зэрэгт тодорхой хариулт өгч чадаагүй, тэр ч байтугай хохирогчийн аль гарт уг гэмтэл үүссэн талаар бодитой хариулт өгөөгүй юм.

Б.Хнөхөр Б.Эын биед гэмтэл учруулаагүй, түүнийг үстэж маажиж гэмтээгээгүй талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б.Хгаас нөхөр Б.Эын биед хэдийд хэрхэн гэмтэл учруулсан талаар нэг ч удаа асууж тодруулаагүй, яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулж, гарын үсэг зуруулахдаа ч энэ талаар байцааж мэдүүлэг аваагүй, хэрэг болох үед хамт байсан гэрчүүд болох Д.Н , С.Р нараас асуугаагүй, дуудагдаж очсон Б.Т болон Б.Эын аав, ээж, Б.Б.Хгийн хүргэн ах нарыг огт байцаагаагүй байдаг. Тухайн хэрэг болсны дараа өдөр Б.Х гэртээ очиж, сална, юмнуудаа авна гэхэд Б.Э явуулахгүй, гаргахгүй гэж зууралдаж, дахин хэрүүл маргаан үүсгэснээр Б.Хцагдаагийн байгууллагад хандаж, хэн аль нь мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Э прокурор П.Отгонбаатарт хандаж гаргасан хүсэлтдээ “Эхнэр Х-тай муудалцаж, хоёр удаа нүүрэн хэсэгт нь алгадсан бөгөөд алгадах явцад эхнэр маань миний үйлдлийг хориглож, миний зүүн талын гар, зүүн далны орчим маажсан. Миний бие анх гомдол мэдээллийн дагуу мэдүүлэг өгөх үеэс гомдолгүй, Б.Хг буруугүй гэдгийг илэрхийлж байсан бөгөөд Б.Хгийн надад учруулсан гэмтэл нь өөрийгөө хамгаалж гаргасан үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч аливаа хэлбэрээр маргаан гаргахгүй болно. Эхнэр Б.Б.Хгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл бус, биеэ хамгаалсан үйлдэл учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн байдаг. Хяналтын прокурор П.Отгонбаатар “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох чиглэлээр холбогдох нотлох баримтыг цуглуулах, шалгах, бэхжүүлэх мөрдөгчийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, Б.Б.Хгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй” гэсэн тогтоол гаргаж хүсэлт гаргасан Б.Эт хариу өгсөн байдаг. Би Б.Хгийн өмгөөлөгчийн хувьд Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, эдгээр байдлыг бүрэн бодитой тогтоолгохыг хүссэн боловч шүүх хүлээж аваагүй. Харин гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Б.Б.Хгийн үйлдсэн гэх гэмт хэргийн талаар дүгнэхдээ “... хүний биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үү, эсхүл хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн үү гэдгийг тогтоохоос хэний хумсаар үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлт нь гэмт хэргийн хохирол, хор уршиг, хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэх шаардлагатай” гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн үндэслэлтэй тогтоогоогүй, зөвхөн хохирогч Б.Эын мэдүүлэг, түүний биед үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэн бодит нөхцөл байдлаас зөрсөн мөчид баримтаар Б.Б.Хг буруутгасан байхад шүүх энэ нөхцөл байдалд бодитой бөгөөд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтийг иш баримт болгож байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч хохирогч Б.Эын биед үүссэн гэмтлийг хүний хумсаар үүсгэгдсэн шарх гэдгийг баталт чадаагүй бөгөөд хумс бол мохоо зүйлд тооцогдоно гэснээс өөр тайлбар өгч чадаагүй. Б.Эын аль гарт нь гэмтэл үүссэнийг бие дээр нь харая гэх хүсэлтийг ч биелүүлээгүй, энэ утгаараа Б.Эын баруун гарт мохоо зүйлийн үйлчлэлээр бий болсон гэмтлийг Б.Х хумсаараа маажиж үүсгэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй юм.

Б.Х 2022 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ өөрийн нөхөр Б.Эыг унтахаар хэвтсэн үед найз чинь явах гээд байна босоод ир гэж дуудсаны улмаас зодуулж гэмтсэн бөгөөд харин анхан шатны шүүхийн тогтоолоор гэм буруутайд тооцсон болох нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэрэгт Б.Эын намайг үстэж, маажсан гэх мэдүүлгээс өөр баримт байхгүй бөгөөд тэрээр богино, тачир үстэй, бусдад үсдүүлэх хүний гарт баригдах хэмжээний үс байхгүй, мөн тухайн үед баруун гар мөрөө доороо хийж, хүүхэд рүүгээ харж хэвтэж байсан талаараа мэдүүлж байгаа нь түүний баруун гар, мөрийг маажиж гэмтээсэн байх ямар ч үндэслэл байхгүй байна. Анхан шатны шүүх эхнэрээ буулгаж авах гэсэн, өөрийгөө уучлуулах гэсэн ашиг сонирхлын зөрчил дээр үндэслэсэн Б.Эын мэдүүлэг, түүний биед үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэн Б.Б.Хг буруутгаж, энгийн нүдээр харахад хумсаар биш, хурц ирмэгтэй зүйлийн зүсэлтээр тэгш хэмтэй үүсгэгдсэн шархыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолын Б.Б.Хг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Б.Б.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч /хохирогч/ Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би буруутай болохоо ойлгож байгаа. Миний эхнэрийг анхан шатны шүүх гэм буруутай гэж дүгнэсэн. Үүнийг нь хүчингүй болгож өгнө үү. Би бүх буруугаа хүлээхэд бэлэн байна. Тухайн үед байсан хадам эх охиндоо хандаж “чи өөрөө болохгүй байсан. Өөрөөсөө болсон” гэж хэлж байсан бичлэг надад байсан. Гэхдээ би бүх буруугаа хүлээж байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэндээ харамсаж байна. ...” гэв.

Шүүгдэгч /хохирогч/ Б.Эын өмгөөлөгч Л.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед байсан гэрч Нацагням зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нөхцөл байдалд уялдуулаад мэдүүлгээ өөрчилж мэдүүлдэг. Мөн хумс нь мохоо зүйлд хамаарна гэж шинжээч тайлбарладаг. Тусгай мэдлэгийн хүрээнд мэргэжлийн шинжээч эмч дүгнэлт гаргасан байхад фото зургийг хараад хумсаар маажсан шарх биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Маажсан шарх дээр эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй. Б.Эын прокурорт хандаж бичсэн хүсэлтийг яриад байдаг. Б.Б.Хгийн биед үзлэг хийж, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтэд “эхэс ховхрох буюу тулгарсан зулбалт үүсэх нөхцөл байдал байна” гэх агуулгатай зүйлийг дурдсан. Хоёр дахь дүгнэлтэд “энэ нөхцөл байдал нь гэмтлээс хамааралгүй байна” гэсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “тулгарсан зулбалт гэдэг нь зулбасан гэж байна уу” гэхээр “зулбалт болж магадгүй гэх нөхцөл байдлыг хэлж байгаа” гэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ураг хэвийн байгаа нь, гэмтлээс шалтгаалаагүй болох нь харагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Б.Эын зүгээс гэм буруу дээр маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байна. Өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд тухайн үед байсан хоёр гэрчийг асуулгах шаардлагатай. Прокурор дутуу ажиллагаа хийсэн гэх байдлаар гомдол гаргасан байна. Гэрч нарыг дахин асуух шаардлагагүй. Нэг гэрч бол нөгөө өрөөнд байсан зодооныг хараагүй. Гэрч Н-ын хувьд Б.Э нь Б.Б.Хгийн биед халдасны дараа сэрсэн болохоор яг тухайн үед юу болсон болохыг мэдүүлж чаддаггүй. Хумсаар үүссэн шарх биш гэж байна. Шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд мохоо зүйлийн улмаас үүссэн гэж дүгнэсэн. Хумс нь мохоо зүйлд хамаарна гэж тайлбарласан. Б.Эыг нөхөртөө зодуулсан гэж бичсэн байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ байдлыг шинжээч эмчээс тодруулахад техникийн алдаа гаргасан гэдэг. Б.Эт учирсан гэмтлийн дүгнэлтийг гаргахад бичгийн материалд үндэслээгүй, биед нь шууд үзлэг хийж дүгнэлтийг гаргасан тул үндэслэлтэй дүгнэлт гарсан. Б.Б.Хгийн биед учирсан тулгарсан зулбалт буюу эрт үеийн зулбалт нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэх дүгнэлт гарсан. Б.Б.Хгийн үйлдлийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Хнь 2022 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр хороолол 76 дугаар байр, 39 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох нөхөр Б.Эын биед үсдэх, маажих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр хороолол 76 дугаар байр, 39 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Б.Хгийн биед өшиглөх, алгадах зэргээр халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Б.Хгийн “... 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 20 цагийн үед манай нөхөр найзтайгаа гадуур уугаад явж байна гэж ярьсан. Тэгээд 22 цагийн үед найзтайгаа халамцуу орж ирсэн. Би хоол унд хийж, ширээн дээр виски тавиад гаднаас 2 том пиво оруулж ирээд бид 3 хувааж уусан. Нилээн юм ярьж сууж байгаад манай нөхөр ээж, хүү хоёрын дэргэдүүр ороод хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би найзыгаа дуудчихаад бос гээд нөхрөө нударсан чинь эргэж хараад намайг цохисон. Тухайн үед манай ээж хажууд байсан ба намайг хэд цохиод өшиглөсөн гэж хэлсэн. Миний амнаас их цус гарсан болохоор би юу болоод байгааг сайн санахгүй шоконд орсон байсан. Тухайн шөнө би цагдаад дуудлага өгсөн, манай нөхөр бас эхнэрээ зодсон гэж дуудлага өгсөн. ...” /1хх 36-37/,

Хохирогч Б.Эын “... 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ Ренчинсүрэн гэж найзыгаа дуудаад ажил хэргийн талаар яриад 3, 3 пиво уусан. Ажил тарах цаг болсон байсан учир эхнэр залгахад нь найзтайгаа сууж байна гэхэд хүрээд ир, хоол хийгээд байж байя, хамт юм ярьж сууя гэсэн. Бид 2 20 цаг өнгөрөөгөөд манай гэрт очсон. Манай эхнэр гаднаас юм аваад ирье гээд миний картыг аваад гарсан. Гаднаас 2 том пиво, ойр зуур идэх юм авч орж ирсэн. Нэг пиво дуусахын алдад манай эхнэр гэрт байсан вискиг задалсан. Тэгэхэд нь миний бухимдал жаахан төрсөн. Манай найз архи уухгүй, пиво уугаад болоо гэж хэлсэн. Маргааш нь 5 дахь өдөр байсан, би зээл авах ажилтай байсан тул архи дарс уумааргүй байна гэж эхнэртээ хэлэхэд гэртээ хүн урьчихаад юу яриад байгаа юм бэ гээд вискиг задалсан. Маргааш нь чухал өдөр байсан учир би нэг их уугаагүй. Вискинээс дээжийг нь нэг татсан. Манай найз, эхнэр 2 виски ууж нилээн согтсон. Тэр 2 гарч тамхи татсан. Хамт тамхи татахаар гарахад нь би жаахан уурласан. Тэгээд эхнэр бид 2-ын ярианы өнгө таарахгүй болохоор нь би том өрөөндөө орж хэвтсэн. Тэгтэл манай эхнэр найз чинь явах гээд байна, босооч гэж намайг татсан ба татаж чангаагаад байхаар нь би хөлөөрөө жийсэн. Тэрэнд уурлаад манай эхнэр намайг үсдэж аваад маажиж эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад босч ирээд уурандаа нилээн хүчтэй хоёр удаа алгадчих шиг болсон. Тэгээд манай эхнэр уйлаад ах эгч нараа, манай аав ээжийг дуудсан. ...” /1хх 45/,

Гэрч Д.Н-ын “... 2022 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө жижиг өрөөний орон дээр зээ хүүтэйгээ унтаж байсан. Гэнэт чимээ гарахаар нь сэрээд хартал хүргэн маань охиныг цохиод хаалганы довжоон дээр унагаасан байсан. Охиноо хартал хамар, амнаас нь цус гарч, баруун нүд, хацар нь хавдсан байсан. Би сандраад маш их айсан. ...” /1хх 50/,

Гэрч С.Р-гийн “... 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед очиход Б.Э Б.Хг пиво аваад ир гэж гаргасан. Б.Хнэг том пиво авч орж ирсэн. Б.Х нэг виски задалсан. Тэгээд хольж уугаад би нилээн согтсон. Нэг мэдэхэд хүмүүс бахиралдаад би жижиг өрөө рүү нь гүйж очсон. Намайг очиход Б.Э намайг зодчихлоо гээд Б.Х уйлаад ам, уруул орчмоос нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд хоёулаа ар гэрээ дуудна гэж байсан. ...” /1хх 52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13883 дугаар “... Б.Б.Хгийн биед баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13875 дугаар “... Б.Эын баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 27-28/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ц Б.Б.Х, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Э, Б.Х нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Б.Б.Хд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.Б.Х, түүний өмгөөлөгч Ц.А нараас “... Б.Б.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,  

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Э, Б.Хнарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л  нотлох баримтуудыг шалгахад, Б.Хнь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Б.Эыг үсдэж, маажсан болох нь нотлогдон тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлгүй.

  Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б.Х, түүний өмгөөлөгч Ц.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б.Х, түүний өмгөөлөгч Ц.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ