Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05425

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05425

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И ХХК, О.Хыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Иргэн О.Х манай банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан.

Гэвч зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлд 4.396.088 төгрөг 60 мөнгийг гаргуулахаар шүүхэд хандахад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаягт оршин сууддаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул О.Хыг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.А-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамж, зээл хүсэгчийн анкетийг өгчээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

2.Нэхэмжлэгч И ХХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулах гэхээр хаягтаа оршин суудаггүй байгаа тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарлав.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч И ХХК, хариуцагч О.Хд холбогдуулан 4.396.088 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Х мөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээл хүсэгчийн анкет, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

7.УБ регистрийн дугаартай О.Х Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, Хилчины 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суудаг гэх мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан О.Х-г эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түмэнцаст даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА