Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05406

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2024/05406 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөрт 4.750.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Г

ХариуцагчБ.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 4.750.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Миний бие Б.Бтай 2015 онд танилцаад 2017 онд гэрлэлтээ батлуулаад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Д.Б төрсөн. Ингээд зан харилцаа таарч тохироогүйн улмаас 2020 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Одоо би өөр гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлсэн. Мөн тухайн үед эцэгтэй нь ярьж байгаад өөрийн нэрээр охиноо овоглосон боловч хамт амьдарч байгаа нөхөр маань үрчлэлтээр охиныг өөрийнхөө нэрээр овоглосон. Иймээс охиныхоо ирээдүйг бодоод хятад хэлний сургуульд суралцуулж байгаа тул төлбөрийн тал хувь 4.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Охин аавыгаа ахаа гэж дуудсан үнэн. Тэр үед охины нас бага аавыгаа хараагүй салсан учраас аав гэж мэдэхгүй эрэгтэй хүнийг ахаа гэж дууддаг учраас тэгж хэлсэн, гэжээ.

 

4.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би охиндоо сар бүр төлөх ёстой тэтгэлэгийн мөнгийг өгч байгаа. Гэхдээ эцгийн үүргээ биелүүлнэ. Заавал багаас нь гадаад хэлний сургуульд сургахыг зөвшөөрөхгүй. Улсын үнэ төлбөргүй сургууль байна. Надтай охины сургуулийн талаар ярилцсан зүйл огт байхгүй. Би татгалзаж байна. Мөн том болоод их, дээд сургуульд суралцахад нь туслана. Түүнээс юу ч мэдэхгүй бага хүүхдийг хэлний төлбөртэй сургуульд сургамааргүй байна. Охины тэтгэлгийг оюутан ажил хийж чадахгүй байснаас шалтгаалаад төлж чадаагүй үе бий. Одоо ажилтай болсон. Миний гомдож байгаа асуудал бол охинтойгоо уулзахад намайг ахаа гэж дуудаж байна. Мөн миний ээж хорт хавдар тусаад надад эдийн засгийн хувьд хүнд байна, гэжээ.

 

5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, өрхийн мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, овог, эцэг, эх, өөрийн нэр өөрчилсөний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ерөнхий боловсролын М-Х найрамдал сургуулийн тодорхойлолт, үрчилсний бүртгэлийн лавлагаа

 

7.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тусгай архивын албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/0 дугаартай Шийдвэр, хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцооны хуулбарыг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Г шаардах эрхийн үндэслэлээ Охиныхоо ирээдүйг бодоод багаас нь хятад хэлний сургуульд сургах болсон. Улсын сургуульд сургах гэхээр ангиддаа олон хүүхэд сурдаг учраас хэцүү байна. Эцэг нь учраас үүргээ биелүүлэх байх гэж бодож байна гэж тодорхойлов.

 

3.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Хүүхдэд багаас нь гадаад хэл сургахыг зөвшөөрөхгүй. Улсын үнэ төлбөргүй сургууль байна. Сургуулийн талаар надтай ярилцаж зөвлөлдөөгүй. Эцэг хүний үүргээ биелүүлнэ. Гэхдээ их, дээд сургуульд суралцах үед охиндоо туслана. Намайг ахаа гэж дуудаж байгаад гомдолтой байна гэж илэрхийлэв.

 

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Зохигчид 2015 онд танилцаад улмаар 2017 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Д.Б төрж, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2020/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлаж, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Б-ийг эхийнхэн асрамжид үлдээн, эцэг Б.Баар тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч дундын өмч T автомашинаас ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдаж шийдвэрлэжээ.

 

6.Талууд гэрлэлтээ цуцлуулсаны дараа охин Б.Б овгийг өөрчилж эх Ж.Г-гаар овоглох болсон ба үүний дараа дахин нэхэмжлэгч хамтран амьдарч байгаа нөхөр болох М.Д нэрээр М овогт Д.Б гэж бүртгүүлсэн нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

7.Нэхэмжлэгч, хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэн хуулиар тогтоосон хүүхдэд сар бүр төлөх тэтгэлэгийн мөнгийг төлж байгаа талаар мэтгэлцээгүй бөгөөд харин охин Д.Бийн Ерөнхий боловсролын М-Х найрамдал сургуулийн 0 ангид төлбөртэй суралцаж байгаа сургалтын төлбөр 7.000.000 төгрөгийн 50 хувь 4.750.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж маргаж байна.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эхийн үүрэг бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүрэгтэй.

 

9.Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон бол нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.

 

10.Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч хүнд нөхцөл байдал байгаа, халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь тэтгэлэгт заасан хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдлыг бий болсны улмаас тэтгэлгийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага бий болохыг хамааруулан ойлгодог.

 

11.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дугаарт Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй, Хүүхдийн эрхийн конвенцийн  3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх, хүүхдэд шаардагдах нөхцлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүргийг хүлээнэ, хүүхдийг хамгаалах, тэдний төлөө хариуцлага хүлээж, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, үзэл бодолд нь хүндэтгэлтэй хандах, өөрийнхөө ирээдүйн төлөө амьдарч, амьд явж, сурч боловсрол олохоор тэмүүлэн, зорилгоо биелүүлж хэрэгжүүлэхэд эцэг, эх туслах үүрэгтэй.

 

12.Гэвч хариуцагчийн хүүхдийг төлбөртэй сургуульд сургах талаар ярилцаагүй шийдсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.18, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар охин Д.Бийг хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж үзэх нөхцөл байдал бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид зайлшгүй санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болсон, тэжээн тэтгүүлэгч хүнд нөхцөл байдал байгаа гэх үйл баримт мөн сургалтын төлбөрт 7.000.000 төгрөгийг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хамт амьдарч байгаа М.Д-т охиноо үрчилж бүртгүүлсэн гэх тайлбарыг хариуцагч татгалзахгүй байна.

 

14.Иймээс Монгол улс хүүхдүүдийн ирээдүйн төлөө суурь боловсролыг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд мөн зохигчдын хамтын амьдрал хэдийгээр дуусгавар болсон боловч нэхэмжлэгч хүүхэддээ төлбөртэй боловсрол олгох талаар эцэгтэй нь харилцан тохиролцоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох хүүхдийн сургалтын төлбөрт 4.750.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.АРИУНАА