| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0026/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр,
Улсын яллагч Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт М-ын Б-д холбогдох 1816000070016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ***** сумын харьяат, Говь-Алтай аймгийн * сумын ..****..... багийн ........ тоотод оршин суух,***** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, эгч, охин, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ........... регистрийн дугаартай, Б овогт М-ын Б .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 сарын 12-ны өдөр 22 цагийн үед Говь-Алтай аймгийн ****** сумын төвд байрлах “*****” барны үүдэнд Р.О-ийн нүүрэн тус газарт өшиглөж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 12 сарын 21-ны орой 19 цагийн үед би О-рүү залгахад хоёр залуутай хамт байна хүрээ ир гэж намайг дуудсан. Би “*****” гэдэг нэртэй бааранд уулзъя гэж хэлээд орой 20 цагийн үед “*****” бааранд очсон. Тэр бааранд очиход От танихгүй хоёр залуутай хамт байж байсан. О нэлээд согтсон байсан. Би очоод хоёр шил пиво уусан. Тэгээд О-ийг гадаа гаръя гэхэд гарахгүй гэхээр нь хамт явж байсан Ба гэдэг залуутай “АТМ”-нээс мөнгө авахаар явсан. Тэгээд мөнгөө аваад буцаад баарандаа ирээд хувцсаа өмсөөд гадаа гараад ирэхэд О гадаа гараад ирсэн байсан. Надтай хамт “АТМ” явсан залуу явчихсан байсан. Бид нар “*****” баарны хашааны хаалган дээр зогсож байхад баарны үйлчлэгч гарч ирээд тооцоогоо хийгээч гэж хэлсэн. Бид нар одоо хүн ирэхээр тооцоогоо хийнэ гэж хэлсэн чинь тэр үйлчлэгч залуу нь буцаад баарандаа орсон. тэгээд байж байхад манай эгч гарч ирээд тооцоогоо хийгээч гэсэн чинь О ямар юм үзээгүй зантай юм гээд манай эгчтэй маргалдсан. Тэгээд манай эгч буцаад баарандаа орох гэж байхад нь араас нь О цохиод авсан. Тэгээд нэг нэгнийхээ үснээс таталцаж байхад нь би О-ийг салгах гээд татахад уначихсан. Тэгээд Н гэдэг залуу О бид хоёрыг салгах гээд татахаар нь би өшиглөсөн... Манай эгчийн үснээс нь зулгаасан байсан. Тэгээд би араас нь очоод үснээс нь татахад уначихсан. Тэгээд Н ирээд намайг татахаар нь өшиглөсөн... Нэг өдөр найз залуутайгаа хамт явж байгаад намайг дуудсан. “******”-д хүрээд ир гэсэн. Намайг очиход “VIP” өрөөний мөнгө хоёр шил архины мөнгө гээд 50.000 мянган төгрөгний төлбөр төлсөн. Одоо би хохирогчид 50.000 мянган төгрөг өгнө... Надаас 150.000 мянган төгрөг өг гэж хэлж байсан... Хамарнаас нь цус гарсан байсан. Бид хоёр эрүүлжүүлэх хамт явсан...Би О-гийн нүүрэн тус газар нь өшиглөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Р.О-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 12 сарын 21-ны орой ****** байтал 15 орчим минутын дараа Б ирсэн. Тэгээд бид нар байж байтал Б-гийн найзууд гээд дээлтэй залуучууд орж ирсэн гар бариад удалгүй яваад өгсөн. Тэгээд Б бид нар пиво уусан. Б Ба хоёр АТМ орж мөнгө авна гээд явсан. Нилээд удаж байгаад Б ганцаараа ирсэн. Б ирээгүй. Ба-ы найз бид хоёр барнаас гараад Б араас гараад ирсэн. Гадаа Ба-луу залгаад зогсож байтал “*****”-ийн зөөгч залуу гарч ирсэн. Тооцоогоо хий гэж хэлэхээр нь за за гэж хэлсэн. Араас нь М гарч ирээд тооцоогоо хийчихгүй янхан гичий чинь гэж элдвээр хэлээд үснээс татаж унагасан. Б намайг үсдэж дараад миний дээд уруул руу нэг удаа өшиглөсөн, мөн баруун шанаан дээр 1 удаа дэвссэн. Бөөрлүү нэг удаа өшиглөсөн. Б намайг өөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Хэн өшиглөснийг яг сайн хараагүй... “ гэх мэдүүлэг/хх 22-23-рт/,
Гэрч М.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Уусан юмаа төлөхгүй яадаг пизда вэ гэж хэлээд эргээд орох гэхэд араас О ирээд намайг татаж эргэж харахад нүүрэн тус газарт нэг удаа гараараа алгадаад үсдээд дарсан. Би О-гийн өмнө үсдүүлээд суусан. Араас нь Б ирээд О-гийг үсдээд хойш татаж дарсан. О надаас салаад Б-тай үсдэлцээд зодолдсон. Хажууд байсан хоёр залуу зодоон эхлэх үед зугтаад алга болсон. Барны ажилтан Н гэх залуу гарч ирээд О Б хоёрыг салгасан. Салгах үед Б О-гийн нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөсөн. О-гийн шүднээс нь байсан юм болов уу ямар ч байсан уруулаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг/хх 24-25-рт/,
Гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний харснаар бол М О-т үсдүүлээд даруулчихсан байсан. М эгчийг үсдэж дарсан байсан хүүхнийг М-ын дүү гэж сүүлд мэдсэн нэг хүүхэн араас нь ирээд нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж байхыг би харсан...” гэх мэдүүлэг/хх 28-29-рт/,
Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Би эгчийгээ өмөөрөөд О-гийн үснээс татаж үсдэлцээд Н-рыг салгах үед нь нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөсөн юм. Яг аль талд нь цохилт орсоныг мэдэхгүй байна. Хатуу арзгар ултай хавар намрын гутал өмсөж байсан...” гэх мэдүүлэг/хх 30-31-рт/,
Шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэд хоорондоо хэрэлдээд, О нь М эгчийн араас нь очоод алгадаад авсан. Би О-гийг үснээс нь татаж унагаад, Н намайг татаад салгах үед газарт хэвтэж байсан О-гийн нүүр рүү нэг л өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх 50-51-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч а/х Д.Д-гийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай “...1.Иргэн О-гийн биед хамрын ясны хугарал, муруйлт, хамар баруун шанаанд зөөлөн эдийн няцрал , эрүү баруун шанаа, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 42-43-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б-гийн 2017 оны 12 сарын 12-ны өдөр 22 цагийн үед Говь-Алтай аймгийн ******* сумын төвд байрлах “*****” шөнийн цэнгээний газрын үүдэнд иргэн Р.О-ийн нүүрэн тус газарт өшиглөж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг, мөн хохирогч Р.О нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд оролцох боломжгүй гэсэн тул түүнийг байлцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ. Иймд шүүхээс шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай прокурорын санал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250/хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Р.О нь мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ “...нэг зуун мянган төгрөг нэхэмжилнэ...”/хх 22-23-рт/ гэх боловч хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул хохирогч Р.О-гийн нэхэмжилсэн 100.000/нэг зуун мянга/ төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг,36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Овогт М-ын Б-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250/хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заанаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.Б-ад сануулсугай.
4. Хохиорогч О-гийн нэхэмжилсэн 100.000/нэг зуун мянга/ төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА