Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0732

 

                                              

 

 

     

 

                           

 

    2024          09           24                                   128/ШШ2024/0732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: Хуулар овогт Пүрэвийн Батсайхан /РД:РЖ82022134/,

            Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Эрдэнэ,

            Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэг нарын хооронд үүссэн, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046438 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч М.Мөнгөнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Хэргийн үйл баримтын тухай:

            1.1.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэг хяналт шалгалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046438 дугаартай шийтгэлийн хуудсаар П.Батсайханд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгууль, 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.

            1.2.П.Батсайханаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэгт холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046438 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.

            Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

            2.1.П.Батсайхан нь "Чингүн хурд транс" ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд тус компани Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүрэх чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот хүрэх чиглэлийн 4343 УНА улсын дугаартай том оврын автобусанд сэлгээний жолоочоор явж байх үед нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруунтурууны шалган бүртгэх товчоонд тээврийн цагдаагийн албаны цагдаа нар зогсоож хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтын үеэр зорчигчийн тээшээс 5 ширхэг тарваганы туламласан мах гарсан.             Ингээд тухайн зөрчилтэй холбоотойгоор тээврийн цагдаагийн албанаас Экологийн цагдаагийн албанд зөрчлийн материалыг шилжүүлж, Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан ба Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэг нь "2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр П.Батсайхан 5 ширхэг тарвага тээвэрлэсэн" хэмээн, надад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгож, 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай Шийтгэлийн хуудсыг гаргаж гардуулсан.

            Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргаж байсан ба тухайн гомдолд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Магадлалаар хянан шийдвэрлэж, 58 хоног хугацаанд актыг түдгэлзүүлж, уг хугацааны дотор дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцагчид шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046438 дугаартай Шийтгэлийн хуудас гаргаж дахин П.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгож, 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба цагдаагийн алба хаагч нар хяналт шалгалт хийх үед П.Батсайхан жолоо барьж яваагүй, жолооч н.Рагчаа жолоо барьж явсан. Үүнээс гадна автобусанд сууж явсан 45 зорчигчийн ачаанд юу юу байгааг жолооч мэдэх буюу зорчигч бүрийн цүнх савыг нээж шалгах боломжгүйгээс гадна зорчигч анх тасалбар захиалах үед нь хориглосон ачаа тээшний жагсаалт болон үйлчилгээний нөхцлийг танилцуулдаг. Иймээс шаардлагатай үед жолоо барих үүрэгтэй сэлгээний жолоочоор явж байсан П.Батсайханыг жолоо бариагүй байхад нь тарвага тээвэрлэсэн гэж үзээд торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046438 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Батсайхан нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын чиглэлд том оврын автобусны сэлгээний жолоочоор явж байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоогоор Цагдаагийн албан хаагч нар хяналт шалгалт хийх үед зорчигчдын тээшнээс 5 ширхэг тарваганы тулмалсан мах гарсан. Үүнтэй холбогдуулан Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлээд, Байгаль орчны газраас 2023 оны 10 сард шийтгэлийн хуудас гаргасан шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч П.Батсайхан эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 58 хоногийн хугацаагаар актыг түдгэлзүүлээд энэ хугацаанд дахин шинэ акт гаргах шийдвэрийг гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шаардлага дээр дурдагдсан 0046438 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргаж П.Батсайханыг Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 7.4-т хэсэгт тус тус зааснаар буруутай гэж үзэж, 300,000 төгрөгөөр торгууль оногдуулж, 4,100,000 төгрөгийг нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Манай гомдлын үндэслэл нь П.Батсайхан автобусыг жолоодож яваагүй, тээвэрлэсэн гэж үзвэл жолоодож явсан н.Рагчаа тээвэрлэсэн гэж үзнэ. Тарвагануудыг зорчигчийн ачаанаас гарсан гэж тайлбарласан бөгөөд цагдаагийн албан хаагчийн сүүлд өгсөн мэдүүлгээр жолооч нарынх гэж тайлбар гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар буруутай гэж үзсэн. Тухайн үйлдлийг хуулиар барьсан, агнасан тээвэрлэсэн гэж хуульчилсан нь диспозит буюу үндсэн нөхцөл нь агнуурын бүс нутгаас бусад газарт, амьтныг агнах хориотой үед хориглосон хугацаанд, хориглосон аргаар барьсан Амьтны тухай хууль 7.6 дугаар зүйл зааснаар нэхэмжлэгч П.Батсайханыг тээвэрлэсэн гэж үзэхээр, ямар нэг эрх зүйн актаар хориглосон хугацаа, хориотой үе, хориглосон арга хэрэгслийг эрх зүйн актаар буюу Амьтны тухай хуулиар, эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохицуулалт хийсэн байх ёстой. Тухайн байгууллагын шийдвэрийг нь харахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 сарын 30-ны өдрийн А/193 дугаартай тушаал дээр тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд, үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 сарын хугацаагаар хориглоно гэж заасан. Диспозиц нь 3 жилийн хугацаанд агнахыг хориглочихсон гэж ойлгож байгаа. Гэтэл тээвэрлэсэн зөрчил гаргахын тулд хориглосон шийдвэр ямар нэг байдлаар байх ёстой. Тээвэрлэхийг хориглосон шийдвэр байхгүй байна. Тухайн үед П.Батсайхан жолоодож яваагүй учраас тээвэрлээгүй гэж үзэж байгаа. Хяналт шалгалт хийсэн цагдаагаас н.Рагчаагийн, П.Батсайхан нараас шаардаж зорчигчийн ачаа байна. Зорчигчийн ачаанаас зорчигчоо олж тогтоох шаардлага тавьсан байдаг. Тухайн хот хоорондын автобус 45 хүний суудалтай, хэнийх нь ачаа бэ гэдгийг тогтоох боломжгүй гээд зөрчлийн хэргийг шилжүүлчихсэн. Гэтэл одоо шүүхээс буцааж дахиад 2 дахь акт гарах хугацаанд П.Батсайхан нь минийх гэж хэлээд торгуулсан гэдэг тайлбар гаргадаг. Гэтэл нөхцөл байдал дээр Зөрчлийн хэрэг нээж, шалгаж эхлэх үеэс бид нарынх биш гэдэг тайлбарыг өгөөд явж байсан. Хууль зүйн хувьд ч, үйл баримтын хувьд ч торгох шийтгэл оногдуулахгүй байсан. Иймд тухайн зөрчлийн хэрэг үүсгэж торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            2.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр буюу 300000 төгрөгөөр торгож, 4100000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулхаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх талаар: Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2023 оны 8 дугаар сарын 31-ний 12-5/2880 дугаартай албан бичгээр иргэн П.Батсайханд холбогдох 3-350 дугаартай (Сонгинохайрхан дүүргийн Баруун турууны постоор иргэн П.Батсайхан нь Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн 4343 УНА Grand bird маркийн автобусаар 5 ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэсэн гэх) гомдол мэдээлэл харьяаллын дагуу шилжин ирсэн.

            Хэргийн материалыг хүлээн авч танилцахад холбогдогч Пүрэвийн Батсайхан /РД: РЖ82022134, Утас: 89656575, Хаяг: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 43-29 тоот/ нь 4343 УНА улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаартай "Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай" тушаалаар Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ 5 бодгалийг тээвэрлэж явсан үйлдэл нь 2023 оны 08 дугаар сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун автотээвэр шалган нэвтрүүлэх товчоонд Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналтын цагдаа Л.Сансар, Онцгой байдлын газрын дэд ахлагч М.Өнөмандах нарын тайлбар мэдүүлэг, гэрэл зураг зэргээр тухайн тээш амьтны гаралтай түүхий эд болох нь илт мэдэгдэхүйц, зориулалтын бус шаардлага хангахгүй сав баглаа боодолтой /2 бодгаль тарвага нь цагаан шуудайд, 2 бодгаль нь ногоон шуудайд, шуудай цоорсон хөл, толгой ил гарсан байдалтай, 1 бодгаль тарвага цаасан хайрцаг дотор/ байсан ба хориотой ачаа тээвэрлэх үгүй эсэхээ шийдвэрлэх бүрэн боломжтой байсаар байтал холбогдогч П.Батсайхан ачаа тээшийг хүлээж авсан талаар мэдүүлэгт дурдсан байдаг.

            Мөн гэрч Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналтын цагдаа Л.Сансар, Онцгой байдлын газрын дэд ахлагч М.Өнөмандах нарын тайлбар мэдүүлэг, тухайн зөрчил илрэх анхан шатны үзлэг хийсэн талаар тайлбарт жолооч Б.Рагчаа “чинийх юм чинь чи тайлбараа өг, бичиг баримтаа өг” гэснээр холбогдогч П.Батсайхан нь “минийх байгаа юмаа би тайлбар бичье” гээд бичиг баримтаа өгсөн, мөн П.Батсайхан өөрийн 89656575 дугаараас удаа дараа Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналтын цагдаа Л Сансарын 88083839 дугаарт холбогдож хяналт шалгалтад нөлөөлөх оролдлого хийсэн зэргээс үзэхэд холбогдогч П.Батсайхан нь амьтныг агнах хориотой үед 5 бодгаль тарвага тээвэрлэсэн болох нь үйл баримтаар тогтоогдсон. Зөрчил илэрсэн тухайн хугацаанд хүн малын гоц халдварт тарваган тахлын эрсдэлтэй хугацаа байсан тул нийслэлийн Засаг даргын А/862 тоот захирамжаар мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нийслэл Улаанбаатар хотод оруулж ирэхийг хориглосон байтал холбогдогч П.Батсайхан Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм"-н 9.7.6 /Зориулалтын бус, шаардлага хангаагүй сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй/ заалтыг зөрчин ачаа тээшийг хүлээн авч тээвэрлэсэн байдаг.

            Мөн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 16-ний 14-6/370 дугаартай албан бичгээр иргэн П.Батсайханд холбогдох 3-73 дугаартай (Сонгинохайрхан дүүргийн Баруун турууны постоор иргэн П.Батсайхан нь Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чигэлд зорчигч тээврийн 22-21 УБР Grand bird маркийн автобусаар 4 ширхэг тарваганы мах тээвэрлэсэн гэх) гомдол мэдээлэл манай байгууллагад харьяаллын дагуу шилжин ирж 2402000043 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэсэн бөгөөд холбогдогч П.Батсайханы удаа дараагийн үйлдэл болж байна. Зөрчлийн тухай хууль анх (2017 онд) батлагдахад 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тээвэрлэх үйлдэлд арга хэмжээ оногдуулах заалт байхгүй байсан.

            Үүний улмаас энэхүү хуулийн цоорхойг ашиглаж тухайн жилүүдэд (2017-2019 оны хооронд) энэ холбогдогчийн үйлдэлтэй нэгэн адил асуудал маш ихээр гарах болсон үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тээвэрлэсэн этгээдэд арга хэмжээ оногдуулах заалтыг оруулсан. Нэмэлт өөрчлөлтөөр хяналт шалгалтын явцад холбогдогч П.Батсайхан нь 4343 УНА улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ 5 бодгалийг тээвэрлэж явсан зөрчил нь холбогдогч, гэрчийн мэдүүлэг, тайлбар хяналт шалгалтын явц, фото зураг зэргээр тогтоогдсон бөгөөд тус зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх /Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтаар арга хэмжээ оногдуулах бүрэн үндэслэлтэй байна. Иймд холбогдогч Пүрэв овогтой Батсайханд оногдуулсан торгууль 300 нэгж буюу 300 000, нөхөн төлбөрийн 4100 000 төгрөгийн 0046438 дугаар бүхий "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр буюу хууль ёсны гэж үзэж байна” гэжээ.

            2.4.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 8 сарын 31-ний 12/5/2880 дугаартай албан бичгээр П.Батсайханд холбогдох зөрчлийн хэргийн 350 дугаартай гомдол мэдээллийг харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын хяналтад, хэргийг Нийслэлийн Байгаль орчны газар харьяаллын дагуу шилжүүлсэн. Тухайн материалыг хүлээн авч танилцахад П.Батсайханы /4343 УНА/ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын холбогдох А/193 дугаартай тарваганы ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хориглох тухай тушаалаар, Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаагаар хориглосон байсан 5 ширхэг хөлдөөсөн тарвагыг тээвэрлэж явсан үйлдэл нь 2023 оны 8 сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Экологийн цагдаагийн албаны эргүүл, хяналтын цагдаа н.Сансар, Онцгой байдлын газрын дэд ахлагч н.Өнөмандах нарын тайлбар мэдүүлэг, гэрэл зураг зэргээр машины тээшнээс, амьтны гаралтай түүхий эд гэдэг нь илт мэдэгдэхүйц зориулалтын бус, шаардлага хангахгүй сав баглаа боодолтой, автобусанд тээвэрлэж 2 бодгаль тарваганы махыг, цагаан, ногоон шуудаатай, нэг хайрцагтай хөл толгой нь ил гарчихсан, цоорсон байдалтай тээвэрлэгдэж ирсэн байсан.

            Цагдаагийн албаны албан хаагч болон онцгой байдлын албан хаагч нар нийслэлийн Засаг даргын захирамжаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байхдаа, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт явуулахад, сав баглаа боодлын бүрэн биш байдалтай тогтоогдсон. Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналтын цагдаа, н.Сансар, Онцгой байдлын газрын дэд ахлагч н.Өнөмандах нарын тайлбар мэдүүлэгт жолооч н.Рагчаа чинийх юм чинь чи өөрөө тайлбараа өг гэдэг хандсан байдаг. Тухай үед П.Батсайхан нь за минийх байгаа юмаа гээд өөрөө бичиг баримтаа гаргаж өгсөн. Энэ нь нэхэмжлэгч П.Батсайхан өөрөө хүлээн зөвшөөрөөд бичиг баримтуудаа гаргаж өгсөн явдал. Мөн П.Батсайхан нь 89656575 дугаараас удаа дараа, Экологийн Цагдаагийн эрүүл хяналтын цагдаа н.Сансарын 88083839 дугаарт холбогдож, хяналт шалгалтад нөлөөлөх оролдлого хийж, чи наад тарвага өөрөө аваад зохицуулчих, Намайг энэ асуудлаас салгаад өгчих гэж удаа дараа хэлж шаардсан байгаа. Энэ талаар Экологийн цагдаагийн эрүүл хяналтын цагдаа н.Сансар нотлох баримтаар шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарлаж хэлсэн. Зөрчил илрэх тухайн хугацаанд хүн малын гоц, тарваган тахлын эрсдэлтэй хугацаа байсан. Нийслэлийн Засаг даргын А/862 тоот захирамжаар мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг, Улаанбаатар хот руу оруулж ирэхийг хориглосон байдалтай байсан.

            Гэтэл П.Батсайхан нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар 2 дугаар хавсралтаар батлагдсан Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7.6-т зааснаар зориулалтын бус шаардлага хангаагүй сав баглаа боодолтой тээшийг тээвэрлэлтийг авахгүй, зорчигчийн амь нас, эрүүл мэндийг эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал тэжээврийн амьтан, шувуу, амьтны түүхий эд авч явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, ачаа тээшийг хүлээн авч тээвэрлэсэн байдаг. П.Батсайхан ачаа тээшийг би өөрөө хүлээн авч, тээвэрлэсэн гэж мэдүүлсэн. Тухайн ачаа тээшийг илт мэдэгдэхүйц байдлаар шуудайнд хийж, ачаа тээшийг хэн ч хүлээж авахад гаднах байдлаас мэдэгдэхүйц байсан. П.Батсайхан би өөрөө авч явсан гээд мэдүүлэгт гарын үсэг зурсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн хуульд анх 2017 онд батлагдан гарахдаа 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар тээвэрлэх үйлдэлд хуулийн хариуцлага оногдуулах заалт байхгүй байсан. Энэ хуулийн цоорхойг ашиглаад энэ төрлийн зөрчил маш их хэмжээгээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулаад арга хэмжээ авах заалтыг оруулсан. Манай Байгаль орчны газар дээр маш их хэмжээний ийм зөрчил үйлдэгдэж байгаа. П.Батсайханы үйлдсэн энэ зөрчил нь нэг удаагийн үйлдэл биш удаа дараагийн үйлдэл гаргаж, манай байгууллагад эргэж шалгагдаж арга хэмжээ авагдаж байсан. Миний хувьд н.Рагчаагаас мэдүүлэг авхуулахаар Хөвсгөл аймгийн Байгаль орчны газарт албан бичиг хүргүүлсэн. Гэтэл н.Рагчаа нь “надад хамаагүй, хамааралтай хүн дээр хэрэг үүсгээд шалгагдаад явж байгаа. Би хэрэгт хамааралтай байсан бол тайлбар мэдүүлэг өгөх байсан” гэдэг тайлбарыг хэлсэн. Тэгэхээр П.Батсайханы үйлдэл нь зөрчил мөн гэж үзэж байна. Миний гаргасан 0046438 дугаартай зөрчил шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлтэй гэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нийслэлийн Байгаль орчны  газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчин хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  0046355 дугаартай Шийтгэлийн хуудсаар  П.Батсайханыг хориглосон амьтны түүхий мах тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл оногдуулсныг тэрээр эс зөвшөөрч  тухайн үед Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байна. /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/2023/1013/3 индекстэй захиргааны хэрэг/

            2.2.П.Батсайханы нэхэмжлэлийн дагуу уг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн ажиллагаатай холбоотой маргааныг шүүх анхан шатны журмаар шийдвэрлээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0232 дугаар магадлалаар “... П.Батсайханы мэдүүлэг, зөрчил шалган шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн фото зургууд, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Рагчаагийн “... хэний ачаа гэдгийг олж чадаагүй. Би тухайн үед автобусыг жолоодож явж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд 4343 УНА улсын дугаар бүхий Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобусыг хэн жолоодож явсан тодорхойгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хориглосон ан амьтныг тээвэрлэсэн” гэх зөрчлийг хоёр жолооч гаргасан эсэхийг бүрэн шалган тогтоолгүй, зөвхөн П.Батсайханд шийтгэлийн хуудас бичсэн нь ойлгомжгүй байна” гэж, “... шийтгэлийн хуудас нь ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ  хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15. дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасантай нийцээгүй” гэсэн дүгнэлтийг хийжээ.

            2.3.Мөн шүүхийн Магадлалд “Иймд ..., хариуцагч дээрх байдлаар шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүх энэ талаар тодруулж, зөрчлийг хэн үйлдсэнийг шалган тогтоож шийтгэлийн хуудсыг өөрчлөх боломжгүй байх тул ...” гэсэн дүгнэлтийг хийж, дээрх байдлыг хариуцагчаар өөрөөр нь тогтоолгох, тогтоосон үйл баримтаа үндэслэн шинээр шийдвэр гаргуулах зорилгоор маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

            2.4.Иймд хариуцагч  Нийслэлийн Байгаль орчны  газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчин хяналтын улсын байцаагч /цаашид “Хариуцагч” гэх/ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0232 дугаар магадлалд дүгнэсэн үйл баримтыг дахин шалгаж, тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах ёстой байсан.

            2.5.Хариуцагч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0232 дугаар магадлалд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэмж явуулсан байх ба ингэхдээ  Нийслэлийн Байгаль орчны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07/1439 дугаар албан бичгээр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандаж “... Байгаль орчны асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтныг томилон Б.Рагчаагаас тухайн хугацаанд болсон асуудлын талаар холбогдогчийн мэдүүлгийг авч, баталгаажуулан 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлэхийг” хүссэн үйлдлийг хийжээ./ХХ-ийн 84 дэх тал/

            2.6.Уг хүсэлтийн хариу болгож Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын  газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр албан бичгээр “Б.Рагчаа  нь Мөрөн суманд байхгүй, Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажиллаж байгаа, ирэх боломжгүй, 7 сард Улаанбаатар хот орно гэж утсаар мэдэгдсэн” гэсэн байна. /ХХ-ийн  85 дахь тал/

            2.7.Хариуцагч  нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын  газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр албан бичгийн дараа Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын  газарт хандан Б.Рагчаагаас мэдүүлэг авхуулах ажиллагааг явуулаагүй байна.

2.8.Мөн хариуцагчаас 2024 оны  05 дугаар сарын 20-ны өдөр “... Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналтын цагдаа, зохицуулагч Л.Сансарыг гэрчээр асууж, гэрчээс ачаа тээш хэнийх гэдгийг тогтоох ажиллагаа хийсэн талаар мэдүүлэг авсан байна. /ХХ-ийн 88 дахь тал/

2.9.Уг зөрчлийн анх илрүүлсэн гэх Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналтын цагдаа, зохицуулагч Л.Сансар мэдүүлэгтээ “... шалгах ажиллагааны явцад жолооч Рагчааг шалгахад минийх биш Батсайханых, Батсайхаан чинийх юм чинь чи бичиг баримтаа өг, тайлбараа өг гэхэд Батсайхан “За тэгье гээд бичиг баримтаа өгөөд,  тайлбараа бичиж өгсөн учир Батсайханыг холбогдуулан шалгасан” гэжээ.

2.10.Мөн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн албан хаагч М.Өнөмандахыг гэрчээр  асууж, мэдүүлэг авсан байна. /ХХ-ийн 89-90 дэх тал/

2.11.Энэхүү ажиллагааны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 10, 14, 28-ны өдрүүд  Б.Рагчаагийнх гэх  утсанд холбогдож дуудаж, мэдүүлэг авах оролдлого хийсэн талаар тэмдэглэл үйлдэж, зөрчлийн хэргийн материалд хавсаргажээ. /ХХ-ийн 91-92 дахь тал/

2.12.Гэвч Б.Рагчаа гэгчтэй холбогдоогүй,  Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын  газарт хандан Б.Рагчаагаас мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй шалтгаанаа шүүх хуралдаан дээр “Б.Рагчааг Улаанбаатарт ирнэ гэхээр хүлээсэн” гэх тайлбарыг гаргаж байгаа ч Б.Рагчаагаас мэдүүлэг, тайлбар огт аваагүй байна.

2.13.Хариуцагч нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэл болсон “П.Батсайхан уг тарваганы махыг  тээвэрлэсэн, түүнийх гэдэг нь “тарвага цагаан болон ногоон шуудайтай байсан, цаасан хайрцагнаас хөл биеийн зарим хэсэг нь цухуйсан байсан, мөн шуудайны гаднаас нь барихад хэн ч гэсэн тарвага гэдгийг мэдэх ёстой учир зорчигчийнх байсан бол тээвэрлэхээс татгалзах ёстой” гэж, “Батсайхан зөрчлийн хэргийг шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ   өөрийн нь авч яваа тарваганы мах гэдгээ зөвшөөрсөн” учраас тогтоогдсон, “өөрөө автобусны камерын бичлэгээ авчирч өгөх нотлох боломжтой байсан”, “цагдаагийн албан хаагч Сансарын мэдүүлгээр нотлогдсон” гэж тайлбарлаж байна. 

3.14.Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0232 дугаар магадлалыг гарснаас хойш буюу дээр дурдсанаар нотлох баримтыг цуглуулах ажиллагааг явуулсан боловч бүрэн гүйцэт хийгээгүй буюу Б.Рагчаагаас тайлбар мэдүүлэг аваагүй атлаа нэхэмжлэгч П.Батсайханыг “агнах хориотой үед 5 ширхэг  тээвэрлэсэн” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасны дагуу 300,000 /Гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

-Б.Батсайхан уг тарвагыг тээвэрлээгүй, зорчигчийн ачаа гэж тайлбарласан байхад шалгаж тогтоогоогүй;

-тарвага байгаа гэдгийг мэдээгүй, жолооч зорчигчийн ачаа шалгах эрх байхгүй;

-тарвага тээвэрлэхийг хориглосон заалт /журам/ байхгүй;

-тарвага тээвэрлэсэн гэж үзэж байгаа бол тээвэрлэсний хохирол гэдэг  үйл баримт байхгүй байхад 4,000,000 төгрөгөөр торгосон нь илт үндэслэлгүй гэх үндэслэлүүдийг гаргаж маргасан тул энэхүү үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

3.3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт эрх бүхий этгээдийн бүрэн эрхэд “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” хамаарахаар, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь …, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, … хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж, мөн зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана” гэж заасан байна.

3.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж, мөн зүйлийн 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заажээ.

3.5.Эдгээр хуулийн заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаандаа нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаагаа хуульд заасан журмын дагуу явуулах, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй этгээд байна.

3.6.Гэвч Хариуцагч нь П.Батсайханы 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлгээс “Тарваганы мах тээвэрлэсэн нь үнэн боловч би тарваганы мах байгааг мэдээгүй, мэдсэн бол авч явахгүй байх байсан” гэх хэсгийг шүүхэд шинжлэн судлуулаад энэ тайлбарыг “П.Батсайхан миний тарвага гэж зөвшөөрсөн тайлбар энэ”  гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй, учир нь П.Батсайханы 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлгүүдэд П.Батсайхан “өөрийн авч  явсан тарвага” гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулга огт байхгүй байна. /ХХ-ийн 36-37, 38-39 дахь тал/

3.7.Мөн Хариуцагчаас уг зөрчлийг анх илрүүлсэн гэх цагдаагийн албан хаагч Л.Сансарын Эрх бүхий албан тушаалтанд болон  шүүхэд өгсөн мэдүүлэг нь П.Батсайханы тарвага гэдгийг нотолж байгаа  гэснийг мөн үндэслэлгүй гэж үзэв.

3.8.Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч Л.Сансар нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баруун турууны пост гэх нэртэй газар албан үүргийг гүйцэтгэж яваад Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд иргэний тээвэр хийж байсан 4343 УНА улсын дугаартай автобусанд үзлэг хийх явцдаа тээшний хэсгээс 5 ширхэг нойтон тарваганы мах тээвэрлэж байгаа зөрчлийг илрүүлсэн байгаа ба уг зөрчлийг баримтжуулах явцын тэмдэглэл үйлдээгүй, уг эд зүйлийг зорчигчийнх эсэхийг шалгаж тогтоосон баримт байхгүй, Хариуцагчийн “илэрсэн” гэж шүүхэд тайлбарлаад байгаа нөхцөл байдлыг буюу тарваганы хөл гар ил цухуйсан байсан, хэн ч хараад мэдэхээр байсан гэж хэсгийг фото зургаар баримтжуулаагүй, мөн түүнчлэн П.Батсайханаас Л.Сансарын 88083839 дугаарын утас руу залгаж “наад тарвагаа өөрөө аваад зохицуулах, намайг энэ асуудлаас салгаад өгчих” гэж хэлж шаардсан гэх нотлох баримт байхгүй байна.

3.9.Энэхүү ажиллагааг хийх, нотлох баримтжуулж авах бүрэн эрх нь цагдаагийн албан хаагч Л.Сансарт  байсан байхад уг ажиллагааг хэрэгжүүлээгүй байгаа тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт гэж үзэх боломжгүй.

3.10.Учир нь нэхэмжлэгч П.Батсайхан “миний авч явсан тарваганы мах биш” гэж маргасан тохиолдолд цагдаагийн албан хаагч Л.Сансарын энэ тайлбар нь дангаараа нотлох баримт болохгүй юм. Учир эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд “тайлбар” нь нотлох баримт биш “нотолгооны хэрэгсэл” болдог тул шүүх “тайлбар”-ыг нотлох баримтаар үнэлэх үндэслэл байхгүй, тайлбарыг нотолсон нотлох баримт байгаа тохиолдолд л аливаа үйл баримт шүүхэд нотлогдсон гэж үзэх боломжтой болно. 

3.11.Өөрөөр хэлбэл, зөрчлийг хэрхэн илрүүлсэн нөхцөл байдлыг тогтоосон үзлэгийн тэмдэглэл байхгүй буюу үзлэгт хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, аливаа этгээдээс үзлэгээр ямар байдал илэрснийг  тогтоож гарын үсэг зуруулаагүй, харин илрүүлсэн гэх тарваганы нойтон махыг шуудайнаас нь гаргаж эгнүүлж тавиад фото зургаар баримтжуулсан байгаа нь Хариуцагчийн тайлбарлаж байгаа  “тарваганы хөл, биеийн зарим хэсэг нь хайрцаг, шуудайнаасаа  ил гаргасан байсан, хэн ч хараад мэдэх ёстой тул жолооч урьдчилан мэдэх ёстой байсан, зургийг баримтжуулсан, гэрч Л.Сансарын мэдүүлгээр тогтоогдсон” гэдэг үйл баримтыг нотлох чадвараа алдсан байна. /ХХ-ийн 46 дахь тал/

3.12.Мөн түүнчлэн цагдаагийн албан хаагч нь тухайн үед П.Батсайханаас асууж, тайлбар авч бичгээр баримтжуулаагүй, бичгээр тайлбар гаргуулж байгаагийн үр дагаврыг тайлбарлаагүй атлаа өөрөөр нь “Сонгинохайрхан дүүрэгт гэж хаяглуулан Хөвсгөл-Улаанбаатарт тайлбар нь автобуснаас 5 ширхэг тарвага гарсан нь үнэн байна” гэж бичүүлж авсан, мөн Илтгэх хуудсандаа “... иргэн П.Батсайхан ... 5 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг хураан авч  хүлээлгэн өгсөн” гэснээс өөр мэдээллийг агуулаагүй, автобусаар зорчигчдоос тайлбар, мэдүүлэг авсан баримт байхгүй учраас Хариуцагчийн нэрлэсэн баримтууд нь П.Батсайхан уг тарвагыг өөрийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэснийг нотолж байгаа баримт гэж үзэхээргүй байна. /ХХ-ийн 43-45 дахь тал/

3.13.Тодруулбал, цагдаагийн албан хаагч Л.Сансар нь үзлэгээ  тогтоогдсон нөхцөл байдлыг бүрэн бэхжүүлэхээр явуулах, хөндлөнгийн гэрч байлцуулах, холбогдогч гэж үзсэн этгээдэд үр дагаврыг тайлбарлан таниулсан тайлбарыг бичгээр авах, үүний дотор тэрээр өөрөө тээвэрлэж явсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн болох тухайн үед нь бичгээр баримтжуулах ёстой ба энэ хангалтгүй гэж үзвэл Эрх бүхий этгээд нь  холбогдогч гэж үзсэн этгээдээс мэдүүлэг авахдаа нөхцөл байдлыг тогтоохуйц асуултыг тавьж хариулт авах, бусад эргэлзээтэй асуудлыг бүрэн шалган мухарлах  зэрэг ажиллагааг хийсэн байх шаардлагатай.

3.14.Хариуцагч нь иргэнээс “Тарваганы мах тээвэрлэснээ хүлээн зөвшөөрч байна уу” гэсэн тодорхой бус асуулт тавьж, түүний хариулсан “Тарваганы мах тээвэрлэсэн нь үнэн боловч би тарваганы мах байгааг мэдээгүй, мэдсэн бол авч явахгүй байх байсан” тайлбарыг нь өөрийнхөө авч явсан тарваганы мах гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгааг хуульд заасан арга хэрэгслээр мэдүүлэг авсан гэж үзэхгүй боломжгүй байна.

3.15.Ийнхүү нэхэмжлэгч П.Батсайханаас зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “өөрийн тээвэрлэж явсан мах биш” гэж, уг махыг автобусанд тээвэрлэж явсан гэж үзээд тээвэрлэсэн хүн нь буруутай бол  “автобусыг би биш, Б.Рагчаа жолоодож явсан тул уг жолоочид хамаарна” гэх агуулгаар тайлбарлаж, маргасан байхад  хариуцагч Улсын байцаагч нь ийм үйл баримтыг шалгаж бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэт бэхжүүлээгүй тул П.Батсайхан тарваганы нойтон мах тээвэрлэж явсан гэдгийг тогтоогдсон” гэснийг хангалттай нотлох баримтаар тогтоосон гэж үзэхгүй.

3.16.Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзвэл амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн гэсэн 3 үйлдлийг тусгай нөхцөл болгож заасан учраас тээвэрлэсэн П.Батсайхан тээвэрлэсний хохирол, нөхөн төлбөр гэж байгаагүй ёсгүй гэж маргасныг үндэслэлтэй гэж үзлээ.

3.17.Учир нь хуулийн дээр заалтын “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн” гипотези нөхцөл бөгөөд барьсан, агнасан, тээвэрлэсэн гурван үйлдлийг 1 этгээд бүгдийг үйлдсэн, эсхүл өөр өөр этгээд тус тусдаа үйлдсэн эсэхийг тогтоосны эцэст эдгээр үйлдлийн холбоо хамаарал, уялдааг харгалзан байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг зохих этгээдээр нь төлүүлэхээр тогтоох ёстой. Харин өөрийгөө зөвхөн “тээвэрлэсэн” гэж үзэж байгаа этгээд нь амьтныг барьсан, агнасан этгээдийг зааж өгөөгүй,  олж авсан эх сурвалжаа нэрлээгүй тохиолдолд  уг хариуцлагыг хамтад нь хүлээх боломжтой. Иймд Эрх бүхий этгээдээс эдгээр нөхцөлийг шалгаж тогтоогоогүй, тогтоох оролдлого хийгээгүй байхдаа тээвэрлэсэн этгээдэд экологийн хохирол, нөхөн төлбөрийг тогтоож байгааг зөвтгөх эрх зүйн үндэслэл байхгүй байна.

3.18.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тээвэрлэхийг хориглосон” заалт журам байхгүй гэснийг үндэслэлтэй гэж үзэхгүй.

3.19.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаартай ”Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар Монгол орны хэмжээнд тарвагыг 3 жилийн хугацаагаар агнахыг хориглсон байна. /Legalinfo.mn сайтаас/

3.20. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ шийдвэрийн үүсгэх үр дагавар нь тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон бөгөөд уг хориглосон шийдвэрийг биелүүлээгүй, мөрдөөгүй бол зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм.

3.21.Ийнхүү улс орны хэмжээнд агнахыг хориглосон амьтныг агнасан байдалтай тээвэрлэж яваа  этгээд нь эрх зүйн хариуцлага хүлээн гэдгийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд хуульчилсан байгаа тул нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг гуйвуулах, эсхүл өөрт ашигтайгаар тайлбарлах эрх байхгүй болно.

3.22.Ийнхүү хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 14.15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, нотлох баримтыг шалгаагүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй” гэж үзсэн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.12  дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч П.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046438 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч П.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш  5 хоногийн хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭЧИМЭГ