Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/472

 

 

 

 

 

  2023        5        02                                2023/ДШМ/472

            

Э.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

хохирогч Б.Т,

цагаатгагдсан этгээд Э.Н-н өмгөөлөгч А.С, Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/367 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн  прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Нд холбогдох эрүүгийн 2206000001953 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Э.Н, .... оны 10 дугаар сарын 01-ний өдөр ......... суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжлийн хяналтын байцаагч мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл 5, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, /РД: ................./, ял шийтгэлгүй.

Э.Н нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 61 дүгээр байрны гадна хохирогч Б.Ттай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь хүч хэрэглэж халдаж, эрүүл мэндэд нь зүүн алимны салстын үрэвсэл, дух, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч Б.Тгийн нэхэмжилж буй 2.480.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/367 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэснийг шүүх хэрэгжүүлээгүй ба цагаатгах тогтоолд шинжээч Н.Туяагийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6642 дугаар дүгнэлтийг үнэлэхгүй талаараа дурдсан атлаа дахин дүгнэлт гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6633  дугаартай дүгнэлтийг үгүйсгэн няцаасан, нотлох баримтаар үнэлсэн аль нь болох талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...2099 дугаартай шүүгчийн захирамжийн биелэгдээгүй заалтуудыг биелүүлэх, хохирогч Б.Тгийн биед зүүн нүдний алимны салстын үрэвсэл гэмтэл нь гэмтлийн шалтгаант эсхүл өөр өвчлөлтөөс үүссэн эсэхийг тодруулахын тулд бүрэлдэхүүнтэй шинжээч томилон өмнө гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэж үзэж, 2022/ШЗ/3326 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж байжээ.

Дээрх захирамжийн дагуу хэрэгт дахин шинжилгээ хийлгэсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 74 дугаартай дүгнэлтээр Б.Тд гэмтлийн шалтгаант зүүн нүдний алимны салстын үрэвсэл тогтоогдсон, шинжээч эмчийн 6642 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б хохирогч Б.Тгаас асуусан асуултад “... эхлээд би шинжээч эмчдээ үзүүлсэн, шинжээч эмч биед үзлэг хийхэд С нүдний эмнэлгийн онош байгаагүй, дараа нь байсан. ... байцаагч Гансэлэм гэж хүн байсан. Тэр хүн яагаад ч юм бэ ор сураггүй алга болсон. Надтай нэг ч холбоо барихгүй 2, 3 сар болсон. Би гайхаад асуугаад олж мэдсэн чинь дахиад нэг Өлзийбаяр гэж байцаагч байсан. Би хэрэгтээгээ танилцахад миний нүдний баримт алга болсон байсан. Тэр Гансэлэм гэж хүн алга болгосон. Би тухайн үед бүх юмаа гаргаж өгсөн.” гэж хариулсан.

Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх нягтлалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаараа дурдаагүй, шиижээч Н.Туяагийн гаргасан 6642 дугаартай дүгнэлтийг үгүйсгэн няцааснаас бусад хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг хангаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаана” гэснийг хэрэгжүүлээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 367 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүүн нүдний хараа улам муудаж байгаа. Байнга нулимс гардаг, улаалттай, дусаагуур байнга хэрэглэдэг. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Н-н өмгөөлөгч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэрэг анхан шатны шүүхээс прокурор руу хоёр удаа буцсан байдаг. Энэ гэмт хэрэгт Э.Нэс өөр холбогдогч байхгүй учраас уг хэргийг прокурор руу буцаах шаардлагагүй. Дух, цээжинд учирсан сорив нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зөвхөн нүдний үрэвсэл гээд байгаа онош нь хөнгөн гэмтэлд хамаарна гэдэг. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Н-н өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинжээч эмчээс “таны шинжилгээний объект нь юу юм бэ” гэж асуухад шинжээч эмч “баримт бичиг” гэж хариулсан. Ямар баримт бичиг гэхээр “С” эмнэлгийн бичгийг хэлдэг. Уг баримтыг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Прокурор эсэргүүцэлдээ “бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх яаж үгүйсгэсэн талаараа дурдаагүй” гэсэн. Эхнээсээ дүгнэлт үндэслэлгүй гарсан. Уг үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан тул уг дүгнэлтийг заавал няцаах шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч Б.Тгийн нүдэнд үрэвсэл гэх онош тогтоогддог. Вирусын гаралтай өвчлөл байдаг. Гэмтлийн гаралтай өвчин болох нь эргэлзээтэй. Мөрдөгчид баримтаа эх хувиар нь өгсөн гэх асуудлыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ярьсан болохоос биш яг мөрдөгчид өгсөн үү, өгөөгүй юу гэдэг нь тодорхойгүй. Яг юу болсон болох нь эргэлзээтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Э.Н нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 61 дүгээр байрны гадна хохирогч Б.Ттай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, ноцолдсон үйл баримт хэрэгт авагджээ.

 Гэвч Э.Н, Б.Т нарын маргалдаж, ноцолдсон үйлдлээс Б.Тгийн биед зүүн алимны салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол учирсан гэж дүгнэн Э.Н-г тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлгүй байна.

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6642 дугаар “Б.Тгийн биед зүүн нүдний алимны салстын үрэвсэл, дух, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 74 дугаар “... Б.Тд гэмтлийн шалтгаант зүүн нүдний алимны салстын үрэвсэл тогтоогдож байна. ШШҮХ-ийн шинжээч эмчийн 6642 дугаар дүгнэлт үндэслэлтэй.” гэсэн дүгнэлтүүд гарсан ба уг дүгнэлтүүд нь “С” нүдний эмнэлгийн онош дээр үндэслэж гарсан болохыг шинжээч эмч Н.Туяа мэдүүлжээ.

Гэтэл “С ” нүдний эмнэлгийн онош нь тамга тэмдэггүй, эмчийн гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул уг баримтад үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг мөн нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Н-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэлтэй шийдвэр болсон байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Харин хохирогчийн гаргаж өгсөн эх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд ямар албан тушаалтан хэрэгт хийлгүй алга болгосон эсэх асуудлыг зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гарган шалгуулах эрх нээлттэй бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг шинэ нөхцөл байдлын улмаар сэргээн шалгах үндэслэл болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/367 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ