| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/01999/И |
| Дугаар | 102/ШШ2023/02441 |
| Огноо | 2023-06-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/02441
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 00 дугаар хороолол, 0 дугаар хороо, Энхтайваны өргөө чөлөө гудамжны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух З овогт Ц.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0-А дугаар байрны 00 тоотод оршин суух Г овогт Д.У
Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, Горхийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух Б овогт П.Б нарт холбогдох
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 5.915.000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнд-Очир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.У, П.Б нарт холбогдуулан 5.915.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.У, П.Б нар 2017 оноос хойш манай байранд амьдарсан. Ингэхдээ маш олон жил төлбөрөө төлөөгүй. 2017 оноос хойш 6 жил төлбөрөө төлөхийг хүлээсэн.
Өмнө нь Д.Ундрамаа дансаа хаалгаж, өр төлбөрт орж байдаг хүн юм байна. Гэхдээ би үүнийг мэдээгүй хохирлоо.
Бид гурав ярилцаад нотариат дээр очоод би өртэй нь үнэн, энэ мөнгөө бага багагаар ч хамаагүй өгнө гэж өрийн бичиг хийсэн.
Бүхэл бүтэн 6 жил хүлээнэ гэдэг бол хангалттай хугацаа гэж бодож байна.
Би тэр хоёр хүнийг хүчээр авч яваад өрийн бичиг хийлгэх боломжгүй.
Тэр хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Оюутны гудамжны 00 дугаар байрны 0 дугаар давхар, 00 тоот орон сууцыг 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж түрээсэлж эхэлсэн.
Түрээсийн төлбөр сарын 750.000 төгрөг байсан.
Ингээд 2015 оны 12 дугаар сараас эхлээд түрээсээ төлөхгүй, өр хуримтлагдаад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бид гурав хоорондоо тооцоо нийлж энэ өр, авлагыг хүлээн зөвшөөрсөн учраас 5.915.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн би нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж бодож байна. Учир нь:
Тухайн орон сууцны өмчлөгч манай хүүхдийн аав байсан. Бид салсан.
Салахдаа хүүдээ өгсөн байр. Энэ байр дээр миний хүүхдийн нэр бичигдсэн байдаг. Хүү маань насанд хүрээгүй.
Тиймээс миний хүүхдийн эрх ашгийг хөндөж байна гэж бодож байна.
Хэрвээ шаардлагатай гэвэл тухайн байрны ордер болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээг гаргаж өгөх боломжтой.
Би өөрийгөө нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэж байна.
Намайг хамааралгүй, мөнгө завшсан мэтээр ярьж байна.
Гэтэл энэ бол миний хүүхдийн эрх ашгийн асуудал. Байр нэг өмчлөгчтэй.
Нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үзсэн.
Хариу тайлбар өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл заалт буюу нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг гаргасан гэж үзсэн.
Мөн хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой гэж заасан. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байвал шүүх хүлээж авахаас татгалздаг хуулийн зохицуулалттай.
Тэгэхээр нэхэмжлэгчийн тухайн түрээслүүлсэн гээд байгаа Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд байрлах хоёр өрөө орон сууцыг түрээслүүлэх эрхтэй этгээд, орон сууцны өмчлөгч мөн гэдгийг нотолсон ямар нэгэн баримт байхгүй.
Нэхэмжлэгч гэдэг бол хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хэлдэг.
Гэтэл Ц.Бын хувьд хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдөөд байгаа бэ? Тухайлбал Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн эрхийг хөндөөд байгаа юмуу? Эсвэл өөр ямар нэгэн эрхийг хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэлд тодорхой бус байна.
Тиймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж нэгдүгээрт үзсэн.
Хоёрдугаарт тухайн нэхэмжлэлийн гол үндэслэл 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хийсэн тохиролцоо хуульд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй, өмчлөгч этгээд өөрөө тохиролцоогүй тухайн байрны зохион байгуулагч гэж зурсан Ц.Бын гарын үсэг байна.
Үүнийгээ үндэслээд гэрээний үүрэг хангуулах гэж шаардаад байгаа.
Гэтэл гэрээний үүрэг хангуулахаар бол Ц.Б гэж хүн өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг Д.У, П.Б нарт хуульд зааснаар албан ёсны гэрээ байгуулж, гэрээ хуулийн шаардлага хангаснаар гэрээний үүрэг хангуулахаар шаардлага гаргах ёстой байсан. Тэгэхээр шаардлага тодорхойгүй.
Орон сууц хөлслөх гэрээ гэсэн гарчигтай боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа дандаа түрээсэлсэн, түрээсийн төлбөрийг нэхэж байна гэж сая хүртэл тайлбарлалаа.
Хэрвээ орон сууцыг түрээсэлсэн бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болдог. Энэ асуудлыг тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээ байхгүй. Ийм гэрээ байхгүй учраас нэхэмжлэгч 2017 онд хийсэн тохиролцоогоо үндэслээд гэрээний үүрэг гэж шаардлага болгон гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Шаардлага дээрээ тухайн тооцоо нийлсэн акт гээд байгаа баримт хэдийгээр нотариатаар батлуулсан боловч зохион байгуулагч Ц.Б хэн нэг өмчлөгчийн нэрийн өмнөөс Д.У, П.Б нарт мөнгө зээлдүүлсэн мэтээр ойлгуулаад хүү шаардсан тохиролцоо хийсэн.
“Хүү” гэдгийг банк, эрх бүхий этгээдийн мөнгө хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт тодорхой заасан. Хүү бол мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр.
Гэтэл Д.У, П.Б нар Ц.Б гэж хүнээс эсвэл өөр хэн нэгэн хүнээс мөнгө зээлсэн харилцаа үүсээгүй ба нэхэмжлэлд энэ талаар дурдагдаагүй. Хуулийн шаардлага хангаагүй ийм тохиролцоог үндэслээд мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нэг зүйлийг манай зүгээс хэлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэрийг барьж байгаа Ц.Б өөрөө орон сууцны өмчлөгч биш мөртлөө Д.У, П.Б нарт яагаад орон сууц түрээслэх харилцаанд оролцоод яваад байсан юм бэ? Хэргийн оролцогчид иргэний шүүхэд нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй.
Анхнаасаа хэн нэгний орон сууцыг бусдад түрээслүүлэхдээ ийм байдлаар ашиг олдог байсан байж болзошгүй нөхцөл байдал гарч ирж байна.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоорондоо авцалдаатай, хууль зүйн агуулга ач холбогдол нэг байх ёстой.
Гэтэл хоорондоо авцалдахгүй үндэслэл, шаардлага гаргаад мөнгө нэхэж байгаа асуудлыг хариуцагч нарын зүгээс зөвшөөрөхгүй.
Д.У, П.Б нарын хувьд анхнаасаа Ц.Быг орон сууцны өмчлөгч мөн эсэхийг мэдээгүй.
Харин өөрийгөө өмчлөгч мөн гэдэг байдлаар ойлгуулан харилцааг үүсгэж байсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Шүүх үүнийг харгалзаж үзэхийг хүсэж байна.
Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү.
Үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын хувьд энэ нэхэмжлэлийг жинхэнэ нэхэмжлэгчийн өмнөөс би гаргаж байгаа юмаа гэдэг агуулгаар тайлбарлаж байна.
Гэхдээ шүүхэд гаргасан нэхэмжлэл өөрөө нэхэмжлэгч болоод нэхэмжлэгч өөрөө оролцох боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх бүхий этгээд оролцоод явдаг зарчимтай. Энэ зарчмын дагуу аваад үзвэл үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад байгаа зүйлийг үгүйсгэж байна.
Хоёрдугаарт нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхой задалж хэлэхгүй байна.
Ямар учиртай төлбөр болох талаар нотолж хэдэн төгрөгийн түрээс төлж байсан, хэдэн төгрөгийг төлсөн зэргийг нотолж чадахгүй байна.
Тэгэхээр нэхэмжлэл гаргахдаа эргэлзээтэй байгаад нэхэмжлэгчийн байр сууринаас нэхэмжлэл гаргаагүй учраас энэ зүйлийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдэж байна гэж үзэж байна, гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Ц.Б, Д.У, П.Б нартай гэрээ байгуулж гарын үсэг зурсан гээд байдаг боловч 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн болон 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээг ямар нэгэн байдлаар нэхэмжлэлдээ дурдаагүй.
Нэхэмжлэгч өөрийнхөө гаргасан нэхэмжлэлд өөрийнхөн яриад байгаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан тооцоо нийлсэн актыг үндэслээд хариуцагч нараас 5.195.000 төгрөгийг шаардаж, үүнтэй холбоотой задаргаа байхгүй, тайлбар байхгүй асуудал байгаа учраас бид ойлгоогүй.
Тооцоо нийлсэн акт түрээсийн гэрээ биш.
Түрээсийн гэрээ хэрвээ байсан бол түрээсийн гэрээгээ үндэслэж шаардлага гаргаагүй, тооцоо нийлсэн актыг үндэслэж хүү нэхээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлье.
Тиймээс энэ асуудал дээр үндэслээд хариуцагч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.
Хариуцагч нарын хууль зүйн мэдлэггүйг далимдуулаад ийм хэлцэл хийгээд, дээрээс хүү нэхэж байгаа нь өөрөө тусгай хуульд заасан мөнгө ашиглуулсны төлбөр болохоос биш гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга биш.
Үүргийн гүйцэтгэлийг аргаар биш мөнгө зээлүүлсэн маягаар хууль бус, үндэслэлгүй гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн.
Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл анх хийсэн цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бусд тооцогддог.
Иймээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
Манай сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хэлцэл дээр 3 хүн гарын үсэг зурсан.
Гэхдээ үүн дээр тооцоо нийлсэн 8 дугаар хороо, Оюутны гудамж, зохион байгуулагч Ц.Б гэсэн гарын үсэгтэй байдаг ба өмчлөгч гэсэн нэг ч үг, тайлбар байхгүй. Үүнийгээ өөрөө нотлоод хэлсэн гэж бодож байна.
Тэгэхээр нотариат бол иргэд хоорондын ярьсан яриа, хийсэн үйлдлийг нотлохоос биш шүүхтэй адил тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог эрх бүхий субъект биш.
Зөвхөн Монгол улсын шүүх буруутай, буруугүйг тогтоодог.
Хоёрдугаарт энэ баримтыг гаргаж өгөөд энэ бол нотариатаар батлуулсан, үүний дагуу мөнгөө авах ёстой гэж бодоод яваад байгаа юм байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас үнэн гэж тогтоогдсон нэг ч нотлох баримт байж болдоггүй.
Тиймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн бишийг нотлох асуудал явдаг.
Эцэст нь хэлэхэд хууль ёсны зарчмийн дагуу бүх ажиллагаа явагддаг учраас нотлох баримтаа өөрөө гаргах, бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүй нь таны асуудал.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар хууль мэдэх ёстой, мэдэх боломжтой гэдгийг хэлье, гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Надад хуулийн мэдлэг байхгүй. Их олон гоё зүйл ярьж байна.
Нотариатыг хүчин төгөлдөр биш гэж бодож байгаа бол иргэн хүн юунд итгэхийг би мэдэхгүй байна.
Хариуцагч нар нас биед хүрсэн том залуу, авгай байгаа. Тэд өөрсдөө очоод орох оронгүй, оочих аягагүй учраас надаас уйлж гуйгаад бид энэ өрийг хүлээн зөвшөөрч байна, дулаартал бид нарын амьдруулаач гэж гуйгаад нотариат дээр очиж тооцоо нийлсэн актыг хийсэн.
Тэгэхээр би тэр хоёр хүнийг хүчээр авч очоод нотариатын тамгыг дарж чадахгүй.
Нотариат хэдэн зуунаараа дамнаад үнэн гээд гардаг зүйлийг хууль бус гэж байгаа бол би мэдэхгүй байна.
Би хуулийн мэдлэггүй, хуулийн тактикийг мэдэхгүй, үнэн шударгаар амьдарч байгаа хүн.
Нотариат худлаа юм бол Монгол улсад итгэх зүйл байгаа юмуу? Нотариатын бичиг баримтыг яагаад худлаа гэж хэлж байгаа бэ? Надаас яаж уйлаад гуйж байлаа.
Гэтэл одоо огт танихгүй хүмүүс авчраад ийм зүйл яриад байж болохгүй шүү дээ. Олон жил амьдралаа одоо яагаад эзнийг нь танихгүй гээд худлаа хэлж байгаа бэ? Монгол улсын хуулийн зүйл заалтууд бол гоё юм байна. Та нар шиг гоё зүйл заалт хэлж мэдэхгүй.
Ганцхан нотариат үнэн гэдгийг мэдэж байна. Монголд луйварчид сайхан амьдардаг юм байна.
Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй байна. Ямар шийдвэр гарсан ч түүнийг би дагана. Монгол улсын хуулийг хүндэтгэж үзнэ.
Гэхдээ уйлан уйлан гуйгаад сүүлд нь ийм новшийн зүйл яриад байж болохгүй.
Яаж надаас хүүхэдтэйгээ нийлээд сөгдөөд гуйж байлаа.
Одоо хүн явуулаад баахан хуулийн заалт уншаад байдаг.
Монгол улсад шударга нийгэмд амьдрах боломж байгаа юмуу? байхгүй юмуу? Их гоё хуулийн заалт уншдаг юм байна. Ингэж болохгүй.
Яагаад энэ олон луйварчид гудамжаар дүүрэн сайхан амьдраад байгаа юм бэ? Яагаад иргэн хүн ингээд хохироод үлддэг юм бэ? Би та хоёрыг танихгүй. Д.У, П.Б нартай нүүрээрээ уулзмаар байна. Хувь хүн талаасаа гомдолтой байна.
Шүүх хуралдаан дууссаны дараа ч би Д.Угаас мөнгөө нэхнэ, авна.
Тэр байранд үнэгүй сайхан сууж, хулхидсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.
Яаж шүүхийг будилаантуулах бэ? Яаж өөрийнхөө талд ашигтай гарах бэ? Яаж би энэ өр төлбөрөөс зугтаах бэ? гэдгээ бүрэн мэддэг юм байна.
Миний бие өдий болтол янз бүрийн луйварчинтай холбогдож яваагүй.
Хойш хойшдоо хүүхдүүддээ нотариат гэдэг чинь худлаа зүйл зэргийг хэлэх сургамж болж байна.
Би хуулийн мэдлэг дутмаг, янз бүрийн луйварт орж байгаагүй.
Хууль мэддэггүй нь миний сул тал болсон байна, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлага 5.915.000 төгрөгнийхөө 3.015.000 төгрөгнөөс татгалзаж, 2.900.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.У, П.Б нар зөвшөөрч, 2023 оны 09 дүгээр сард 966.667 төгрөг, 10 дугаар сард 966.667 төгрөг, 11 дүгээр сард 966.667 төгрөгийг төлөхөөр мөн 2018 оны 04 дүгээр сард хариуцагч нарын төлсөн гэх 300.000 төгрөгийг нэхэмжлэгч дансаа шалгаад төлсөн тохиолдол нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцохоор, хариуцагч нар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Б “хариуцагч Д.У, П.Б нараас 5.915.000 төгрөгийг гаргуулж өгнө үү”, хариуцагч нар “2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулж харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.590 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 74.250 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 61.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлага 5.915.000 төгрөгнийхөө 3.015.000 төгрөгнөөс татгалзаж, 2.900.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.У, П.Б нар 2023 оны 09 дүгээр сард 966.667 төгрөг, 10 дугаар сард 966.667 төгрөг, 11 дүгээр сард 966.667 төгрөгийг төлөхөөр, 2018 оны 04 дүгээр сард хариуцагч нар 300.000 төгрөгийг төлсөн тохиолдол нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцохоор, хариуцагч нар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.590 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 74.250 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 61.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА