Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/488

 

 

 

 

 

  2023         5        09                              2023/ДШМ/488

            

Б.Т, О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Г, Б.Т,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Т, О.Б нарт холбогдох эрүүгийн 2210000850127 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э овгийн  Б.Т, 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .... төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэн ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн автомашины засварчин мэргэжлийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт ..................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../,

2. С овгийн  О.Б, 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ........... төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../.

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буян-Ухаа 20-707 тоотод /гэмт хэрэг үйлдэх үед 11 нас 7 сар 25 хоногтой байсан/ бага насны хохирогч Х.Ог биеэ хамгаалах чадваргүй байгааг ашиглан хүчиндсэн,

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч О.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.Мын гээсэн гар утсанд байсан Төрийн банкны интернет банк аппликейшн ашиглаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банк дахь 104000060463 тоот данснаас иргэн Б.Б-н Хаан банк дахь 5323074764 тоот данс руу 3.210.000 төгрөг шилжүүлэн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхдээ хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Бд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд 13 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 40 хоногийн буюу 1 сар 10 хоногийн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 13 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Бд шийтгэсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийн цагдан хоригдсон 409 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Төд оногдуулсан 13 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт хураагдсан сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч О.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.О нар нь бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би ШУТИС-ийн Тээврийн сургуульд авто машины засварын ангийн 3 дугаар курсэд суралцдаг бөгөөд 2021 оны 6 дугаар сард миний найз охин О.Б “чи ер нь манайд амьдарч, бидэнд туслаж байгаач” гэж хэлээд гэртээ дагуулж очсон. Тэр үеэс би найз охин О.Бгийнд амьдарч түлээ, нүүрс, ус авахаас эхлэн ойр зуурын гэрийн ажилд нь туслаж амьдарч байсан. Энэ үедээ найз охиныхоо амьдралд туслаж байна гэж бодож явсан. Даанч нэг удаагийн өөрийн болчимгүй үйлдлээс болж өсвөр насны охины бие, сэтгэл санаа болон амьдралд нь мөн өөрийн амьдралдаа хэзээч арилахааргүй асар том хар толбо үлдээсэндээ маш ихээр харамсаж, гэмшиж байна. Би энэ хэргийг хийнэ гэж урьдчилан бодож, төлөвлөсөн зүйл огтхон ч байхгүй бөгөөд гэнэн бага насны минь алдаа болж, сурч боловсрох насан дээрээ олон жилийг торны цаана өнгөрөөх болсондоо харамсаад харамсаад барахгүй байна. Гэмт хэрэг бол яг хүний хажууд зэрэгцээд явж байдаг  юм байна гэдгийг мөрдөнд жил гаруй хугацаанд суухдаа олон хүний алдааг сонсож, өөрийнхөө алдааг дэнслэн ойлгож авлаа. Мөн хууль мэддэггүйгээс болж буруу үйлдэл хийжээ. Уучлалт гуйх ёстой хүнээсээ мөн шударга үнэн шүүхээсээ уучлалт гуйж байна. Хүний оршихуйн нууц нь амьд байхад биш, харин амьдралдаа зориулах зүйлээ олоход оршдог юм гэсэн. Одоо би ирээдүйгээ өөдрөгөөр харж, өдөр хоног өнгөрөх тусам хатуужиж, ахиж алдахгүй, зөв шударгаар амьдарч, олон сайн үйлсийг хийхээр төлөвлөж, өнгөрөх хором бүрийг тоолж сууна. Та бүхнийг миний энэ гэгээн бодол, мөрөөдөл, ирээдүйг минь анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. Би энэ гэмтэй үйлийн үрийнхээ төлөөсийг улс эх орондоо чухал иргэн болж хөдөлмөрлөн өөрийн дуртай спортоороо олон улсад амжилт гаргах улс орныхоо нэрийг дуурсгаж төлмөөр байна. Ирээдүй мөрөөдлийн минь аврал болсон эрхэм шүүгч нар миний амьдралд тохиолдсон хатуу хувь тавиланг ойлгож өршөөл нигүүслээ хайрлаж надад оногдуулсан хорих дэглэмийг нээлттэй болгож, эдлэх ялаас минь цөөн ч гэсэн хэдэн жилийг хасаж өгөөч гэж хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг шүүх хэрэглэж болохоор хуульчилсныг шүүх хэрэглээгүй нь буруу гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх гэм хорын хохирол, төлбөр байхгүй, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг үндэслэн шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй 9 жилийн хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд шинээр баримт гаргаж өгч байна. Уг баримтад бага насны хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаар тусгагдсан байгаа. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхэлж хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Бага насны хохирогч Х.О мэдүүлэгтээ “7-8 удаа хөдөлж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн. Миний бэлэг эрхтэн маш их өвдсөн” талаар мэдүүлсэн. Мөн дараагийн мэдүүлэгтээ тоог хэлэхгүй бусад мэдүүлгээ яг адилхан өгсөн байдаг. Үүнийг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг гаргах явцад бага насны хохирогч мэдүүлэхдээ “зүгээр тэврээд унтсан” гэж мэдүүлсэн. Хүчирхийлсэн зүйл байхгүй гэж ярьдаг. Өмнө нь уг хэргийг давж заалдах шатын шүүх нэг удаа прокурорын эсэргүүцлээр хянасан байдаг. Бага насны хохирогч Х.Огаас илэрсэн бэлгийн замын халдварт өвчтэй холбоотой асуудлыг шүүгдэгч Б.Ттэй хамааралтай юу, үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан байдаг. Ариунзул шинжээч эмч уг өвчинтэй холбоотой асуудлаар хоёр янзын мэдүүлэг өгдөг. Б.Төөс илэрсэн гэх хоёр төрлийн бэлгийн замын өвчин нь нянгийнхаа хувьд нэг үйлчилгээтэй, ямар нэгэн байдлаар нэг нь илрээд нөгөө нь илрэхгүй далд хэлбэрээр илрэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ. Бага насны хохирогч мэдүүлэхдээ “надаас ийм өвчин илрээгүй. Өвчин илрээгүй талаарх баримтаа шүүх хуралдаанд авчирч өгч чадсангүй” гэсэн байдаг. Бага насны хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудыг цуглуулж өнөөдөр шүүх хуралдаанд шинээр гаргаж өгч байгаа юм. Учир нь, давж заалдах шатны шүүхийн 6 дугаар сарын 30-ны өдрийн 685 дугаар магадлалд уг өвчинтэй холбоотой асуудлыг нэг мөр цэгцлэх, халдварт өвчин байсан эсэх дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн байдаг. Мөн О.Б гээд Б.Тийн үерхдэг найз охин асуумжид хариулахдаа “би 2021 оны үед заг хүйтэн гэх өвчнөөр өвчилж байсан” гэсэн байдаг. Хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдсан. Бэлгийн замаар биш ахуйн шинжтэй нөхцөл байдлаас болж уг өвчнийг туссан байх боломжтой харагддаг. Энэ талаар шинжээч эмч нар мэдүүлэгтээ дурдсан байдаг. Хэн халдаасан гэдэг дээр эргэлзээ төрж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэснээр дүгнэлт хийгээгүй байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх. Насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийж гаргасан дүгнэлтүүдэд “охин хальс цоороогүй, мөн гадна харагдах нөхцөл байдлын хувьд ямар нэгэн улаалт, няцралт гэх мэт гэмтэлгүй байна” гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэргийн шинжтэй байх боломжтой харагдаж байна. Түүнээс биш гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй гэдэг дээр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, хуулийн зохицуулалтаар 20 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон ба бүх насаар нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хуулийн зохицуулалттай учраас шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь 20 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулах гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байсан. Мөн бэлгийн замын халдварт өвчинг ахуйн шинжтэй нөхцөл байдлаас болж авсан байх боломжтой гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтуудаар бэлгийн замын халдварт өвчинтэй гэдэг нь илэрсэн. Үүнтэй холбогдуулаад шинжээч эмчээс дахин мэдүүлэг авсан. Шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогддог. Өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримт нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш, мөн шинжээчийн дүгнэлт гарсанаас хойш буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ авч өвчин нь эдгэрэх боломжтой хугацааны дараа гаргаж өгч байгаа баримт учраас уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэдэг нь уг гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг хангахгүй. Бага насны хүүхдийн эсрэг уг гэмт хэрэг үйлдсэнээр төгсдөг. Бага насны хохирогчийн охин хальс цоороогүй тул завдалтын шинжтэй гэмт хэрэг гэж байна. Хохирогчийн биеийн аль нэг хэсэгт өөрийн бэлэг эрхтэн болон бусад эрхтэнээ хийснээр шууд төгсдөг гэмт хэрэг. Мөн шинжээч эмч охин хальс цоорохгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзсан 13 жилийн хорих ял оногдуулсан. Хулгайлах гэмт хэрэгт нь мөн бага ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буян-Ухаа 20-707 тоотод /гэмт хэрэг үйлдэх үедээ 11 нас 7 сар 25 хоногтой байсан/ бага насны хохирогч Х.Ог биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч О.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.Мын гээсэн гар утсан дахь Төрийн банкны интернет банк аппликейшныг ашиглаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банк дахь 104000060463 тоот данснаас иргэн Б.Б-н Хаан банк дахь 5323074764 тоот данс руу 3.210.000 төгрөгийг шилжүүлэн нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь;

насанд хүрээгүй хохирогч Х.Огийн “... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний орой манай гэрт Б.Т ах, О, О.Б эгч, Э нарын хамтаар гэртээ хоносон. О.Б эгч, Э нар том өрөөний газар ор засаад унтсан. Б.Т, О бид нар орой 01-02 цагийн үед орон дээр унтацгаасан. Тэгээд би гэрэл унтраахаас өмнө халууцаад хөлөн дээрээ хөнжлөө тавиад хэвтэж байтал Б.Т ах гар утсаараа оролдоод хэвтэж байсан. Тухайн орны хамгийн захад буюу цонхон талд би унтаж байсан, голд манай дүү О, нөгөө захад Б.Т ах унтах гэж байсан. Би зүүрмэглээд байж байтал Б.Т ах миний баруун гуя хэсэг дээр гараа тавьсан бөгөөд О.Б эгч өрөөний гэрэл унтраахаар боссон. Би унтах гэж байтал Б.Т ах миний унтаж байсан газарт хэвтсэн. Тухайн үед дээшээ хараад хэвтэж байтал миний цавь хэсэг рүү Б.Т ах гараа хийгээд миний зүүн гарыг татаад өөрийнхөө дотуур өмд рүү баруун гарыг маань хийсэн. Тэгэхээр нь би гараа татаж аваад О рүү эргээд хартал миний хойноос Б.Т ах дотуур өмдийг тайлсан бөгөөд миний бэлэг эрхтэн рүү Б.Т ах өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд миний санаж байгаагаар 7-8 удаа хөдөлгөөд байхаар нь эсэргүүцэж би дээшээ хараад хэвтээд өгсөн. Тухайн үед миний бэлэг эрхтэн өвдөөд байхаар нь би О.Б эгч болон бусад хүмүүст хэлж чадаагүй. Тэгээд Б.Т ах босоод О.Б эгчийг хамт гадаа бие засая гээд аваад гарсан. ...” /1хх 36-37/,

гэрч Д.О-гийн “... Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө манай эгч Д  “Э сая надад хэллээ. Шөнө Х.Ог О.Бгийн найз залуу оролдсон байна” гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотод ажлаар орж ирэхдээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” /1хх 41-44/,

насанд хүрээгүй гэрч О.Бгийн “... 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой манай 2 дүү газар унтаад, Б.Т бид 2 орон дээр унтах гэж байтал Х.О, О нар хоорондоо маргалдаад шөнө орой болж байхад унтахгүй хоорондоо ноцолдоод хэрэлдээд байхаар нь Б.Т маргааш би энэ хоёрын хажуугаар унтая, хоёулаа маргааш салж унтая гэж байсан. Маргааш орой нь бид хоёр бага зэрэг маргалдаад орой унтах гэж байтал Б.Т том өрөөний орон дээр дүү Х.О, О нарын хамтаар унтсан бөгөөд тухайн орны урд газарт гудас дэвсээд Э гэх дүүгийн хамтаар унтсан. Би унтах үедээ орон дээр Б.Т, дүү нарыг яаж унтаж байгааг хартал Б.Т хамгийн захад нь, голд нь О, цаад захад Х.О гэсэн байрлалаар хэвтэж байсан. Бид нар орой 00 цаг өнгөрөөгөөд унтацгаах гэтэл миний нойр хүрэхгүй байхаар нь чихэндээ чихэвч хийгээд дуу сонсоод хэвтэж байтал 30-40 минутын дараа миний толгой руу Б.Т миний цамцыг шидэхээр нь яасан бэ гэтэл хамт ОО ороод ирье гэхээр нь хамт гараад удалгүй буцаж орж ирээд байж байтал Х.О би газар унтлаа гэхээр нь Х.Ог газар унтуулаад Б.Т, О нарын хамтаар орон дээр унтсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө бид нар сэрээд хоол цайгаа уугаад байж байтал Х.О явж чадахгүй байн байн орон дээр суугаад, миний доод хэсгээр өвдөөд байна, шээж чадахгүй байна гэж хэлэхээр нь би цистон уулгаж өвчнийг нь хэвийн болгосон. Тэр өдрийн орой би дүү Х.Огаас “яасан юм бэ, Б.Т чамайг яасан юм бэ” гэж асуухаар надтай юм ярихгүй хичээлээ хийгээд суугаад байсан. Э миний хажууд ирээд Б.Төөс холдоод юм хэлье гэхээр нь бид хоёр байшингаас гараад ОО орох үед Э надад хандаж “Х.Ог Б.Т ах оролдсон юм шиг байна, Х.О Б.Т ах, О нар нэг орон дээр унтаж байх үед Б.Т ах Х.Огийн араас тэврээд унтаж байсан, тэгсэн Б.Тий гар нь доошлоод дотуур өмд дээр нь гараа тавиад байсан, тэгээд би эргээд хартал Б.Т ах гараа маш хурдан татаад авсан” гэж надад хэлэхээр нь бид хоёр даараад гэртээ орцгоосон. Тухайн үед би Этэй гэрт ороод байж байтал Б.Т усанд явахаар нь би Х.Огаас Б.Т ах нь чамайг яасан юм бэ гэхэд Х.О юм ярихгүй, доошоо хараад хичээлээ хийгээд суугаад байсан. ....” /1хх 45-48/,

насанд хүрээгүй гэрч М.Эгийн “... Нэг шөнө О.Б эгч, Б.Т хоёр хоорондоо муудалцаад О.Б эгч бид хоёр газар ор засаж унтаад Б.Т ах, Х.О, О нар хамт орон дээр унтсан. Би юу ч мэдээгүй унтаад өгсөн байсан. Харин маргааш орой нь Х.Огаас О.Б эгч “өчигдөр Б.Т чамайг оролдсон юм уу, юу болсон чи надад хэлээдэх” гэсэн чинь Х.О “аанхан” гээд толгой дохиод тийм гээд байсан. Тэгсэн чинь О.Б эгч цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би Х.Огаас яагаад хариу үйлдэл үзүүлж орилоогүй юм бэ гэж хэлсэн чинь айгаад чадаагүй гэсэн. Одоо тэгээд бие чинь зүгээр үү гэж асуусан чинь зүгээр гэж хэлэхээр нь тэгээд бүр жинхэнээсээ хийчихсэн юм уу гэж асуусан чинь “аанхан, тийм” гэсэн. Чамайг өмнө нь оролдож байсан юм уу гэж асуусан чинь “үгүй энэ анхны удаа” гэж хэлээд хичээлээ хиймээр байна гээд ичээд байх шиг байхаар нь дахиж асуухаа больсон. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Төв аймаг руу манай гэр лүү О.Б эгч, Б.Т ах, Х.О, О нарын хамтаар явсан. Тэгээд манайд байх хугацаанд Х.Огийн бие нь сульдаад зовиуртай, цистит нь хөдлөөд байна гээд шээж чадахгүй байна гээд байсан. Тэгээд би энэ талаар ээжид хэлэх гэснээ ичээд хэлж чадахгүй байж байгаад Д аниаг Сэлэнгэ аймгаас О эгчийн гэрт байхад нь “Х.Ог О.Б эгчийн найз залуу Б.Т нь оролдсон юм шиг байна лээ” гэж хэлсэн. О.Б эгчийг найз залуу нь массаж хийдэг хуванцараар гар луу нь цохиж аваад, Оээр О.Б эгчийг цохиулаад өөрөө бас цохиж аваад дарамтлаад байдаг байсныг харсан учраас тэр талаар хэлсэн. Тэгээд Д эгч О эгчид хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би хүчирхийллийн талаар мэднэ. Цагдаагийн байгууллагад хандах ёстой гэдгийг ойлгодог. Тухайн үед би өөрөө цагдаад мэдэгдэх учраа олоогүй юм. ...” /1хх 59-61/,

гэрч Д.М-ны “... манай гэрт байхад Х.О жаахан зовиуртай юм бодоод байхаар нь “яасан, эгчийн дүү ээжийгээ санаад байгаа юм уу” гэсэн чинь “харин тийм, шээхээр өвдөөд байх юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би циститээр өвдсөн юм болов уу гээд цистон гэдэг эм уулгаад, хар цай, марганцтай усанд суулгаж, доороосоо дулаан бай гэж хэлсэн. ...” /1хх 63-65/,

шинжээч эмч Б.Ариунзулын “... Х.Огийн биед үзлэг хийж дүгнэлт гаргахад охин хальс нь цочролгүй байсан бөгөөд цочролгүй байх нь урд өмнө бэлгийн харьцаанд орсон байх боломжтой шинж тэмдэг юм. Үзлэгийн хэсэгт охин хальсны бүтцийн байдлыг бичсэн бөгөөд эдгээр байдал нь урагдал үүсэхгүй байх нөхцөл бөгөөд сунамхай шинж чанартай байх нь урагдалгүйгээр бэлгийн харьцаанд орох гол нөхцөл болно. ... ер нь ихэвчлэн энэ хоёр төрлийн бэлгийн замын халдвар хамт халдварлах, илрэх тохиолдол байдаг. Учир нь энэ хоёр өвчний үүсгэгч нянгууд нь нэг нь нөгөөгөө дэмжих байдалтай хамт халдварлагддаг. Тэгэхээр заг хүйтэн өвчтэй хүнд трихмонад, трихмонад өвчтэй хүнд заг хүйтэн өвчин далд хэлбэрээр байж байдаг. ... трихмонад нь бэлгийн замаар халдварлах өвчин. Трихмонад, трихомониаз гэх өвчин нь 1 төрлийн өвчин. Анагаах ухаанд монголоор трихмонад гэж нэрлэдэг. Харин орос, англи хэлээр трихомониаз гэж нэрлэж хэрэглэдэг тул өөр төрлийн өвчин гэж ойлгож болохгүй. ...” /1хх 124-125, 2хх 120/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар “Х.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Х.Огийн үтрээ, шулуун гэдэсний арчдас наалдацад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Х.Огийн охин хальсанд шинэ хуучин урагдал үгүй, цочролгүй байх ба урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орж болох төрөлхийн бүтэц онцлогтой байна. Шулуун гэдэсний амсарт гэмтэл өөрчлөлт үгүй байв. ...” /1хх 93-94/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 151 дугаар “Х.Од бэлгийн замын халдварт өвчин болох трихмонад илэрсэн байна. Х.О нь цусны 3 дугаар бүлэгтэй байна.” /1хх 97-98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1530 дугаар “Б.Т нь хурьцал үйлдэх чадвартай байна. Б.Тийн бэлэг эрхтэн хөвчрөөгүй үедээ 7 см, хөвчирсөн үедээ 12 см хэмжээтэй байна. Б.Т нь АВО системээр 1 дүгээр бүлгийн цустай байна. Б.Т нь бэлгийн замын заг хүйтэн, трихомониаз өвчтэй байна.” /1хх 120-121/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дүгээр “ Х.О нь одоогоор олдмол болон төрөлхийн сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Х.О нь хэргийн улмаас сэтгэцэд өөрчлөлт орсон гэх шинж тэмдэггүй байна. Х.О нь өөрийн насны түвшинд өөрийгөө илэрхийлэх чадвартай байна. Х.О нь болсон явдалд өөрийн насны түвшинд дүгнэлт хийж, өөрийн үгээр болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. Х.О нь харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. /1хх 112-113/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар “Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Т үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Б.Т хэрэг хариуцах чадвартай байна. Б.Т нь СЭМҮТ-д хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Төд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх 116-117/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 7-11/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх 23-24/, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 28-29/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /2хх 20-29/,

хохирогч Б.Мын “... 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18-19 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, 24-429 тоотод аавынхаа гэр лүү явчихаад буцаад гэртээ ирсэн. Тухайн үед би нөхөр Н.Оюун-Эрдэнэ, хүүхдүүдийн хамт явж байхдаа гар утсаа гээсэн. Гээсэн гар утасны хавтсанд нь иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, нөхрийн Хаан банкны карт, миний өөрийн Төрийн банкны карт зэрэг эд зүйлс байсан. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө би өөрийн гээгдүүлсэн гар утасны дугаарыг сэргээхэд миний Хаан банк болон Төрийн банкнаас гүйлгээний мэдэгдэл ирсэн байсан ба шалгаж үзэхэд миний Төрийн банкны 104000060463 дугаартай данснаас миний эзэмшлийн 203хххх057 данс руу 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, дараа нь 1.700.000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний Хаан банкны данснаас 503хххх057 данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 3.200.000 төгрөг шилжин орж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5323074764 данс руу 3.210.000 төгрөг шилжиж орсон байсан. Мөн гээгдүүлсэн манай нөхрийн Хаан банкны картнаас 10.000 төгрөг уншуулаад авчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би интернет банк болон картны нууц дугааруудаа мартаж санаад байдаг болохоор бүгдийг нь гар утасныхаа хавтас дотор цаасан дээр бичээд хийчихсэн байсан. Миний Хаан банкны данс, Төрийн банкны данс болон нөхрийн картнаас нийтдээ 3.220.000 төгрөг алдагдсан. Би өөрийн Самсунг Жи 4 плас загварын гар утсаа 2021 оны 02 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” /1хх 198/,

гэрч Б.Б-н “... Би 5323074764 тоот дансыг эзэмшдэг. 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 92-39 УБВ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота приус 30 загварын машинтай гэрээсээ гарч таксинд явсан. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, цагдаагийн хэлтсийн хажуу талын гудамжнаас шөнийн 00 цагийн үед үл таних 16 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд яармагийн нэгдүгээр буудал, Сансар худалдааны төвийн АТМ орно гэж хэлээд миний машинд суусан. Би Яармагийн нэгдүгээр буудал орж Сансар худалдааны төвийн гадаа зогсоход АТМ ажиллахгүй байна, Нисэхийн Хаан банк орно гэж хэлсэн. Би Нисэхийн эцэст байрлах АТМ дээр очиж зогсоход эмэгтэй нь миний машинд сууж үлдэж, эрэгтэй нь АТМ рүү орсон. Удалгүй нөгөө эрэгтэй хүүхэд виза карт болохгүй байна гээд АТМ-с гарч ирсэн. Тэгээд танд Хаан банкны виза карт байна уу гэж асуухаар нь байгаа гэж хэлсэн. Нөгөө эрэгтэй хүүхэд таны данс руу мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны дансны дугаарыг өгсөн. Эмэгтэй хүүхэд нь хэдэн төгрөг шилжүүлэх юм гэж асуухад эрэгтэй нь бүгдийг нь шилжүүлчих гэж хэлээд интернет банк ашиглаж шилжүүлсэн. Би нөгөө эрэгтэй хүүхдийн хамтаар АТМ орж өөрийн дансыг шалгахад миний дансанд 3.210.000 төгрөг орсон байсан. Би ямар их мөнгө орсон талаар асуухад та таксины 30.000 төгрөг авч үлдээд 3.180.000 төгрөгийг 503хххх945 тоот данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Би тэр даруйд АТМ-с тухайн тоот дансруу 3.180.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөгөө 2 хүүхэд буцаж Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, яармагийн дэнжийн автобусны буудал дээр буусан.” /1хх 204/,

өсвөр насны шүүгдэгч О.Бгийн яллагдагчаар өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед өөрийн найз залуу болох Б.Ттэй хамт дүүгийнд нь очих гээд явж байгаад Яармагийн дэнжийн голын тэндээс хавтастай утас олсон. Тэгээд эхлээд өшиглөж үзэхэд нэг утас байсан. Утсыг авч үзэхэд гэр дотор нь Хаан банк, Төрийн банкны карт, иргэний үнэмлэх, интернет банкны нууц үг бичсэн цаас байсан. Төрийн банкинд нь 3.220.000 төгрөг байсан, бид хоёр дансанд байгаа мөнгийг нь авахаар шийдсэн. ... таксины ахын Хаан банкны данс руу 1.700.000 төгрөгөөр нэг, 1.510.000 төгрөгөөр нэг удаа 3.210.000 төгрөг хийсэн. Тэгээд таксины ахын данснаас Б.Тий Хаан банкны данс руу хийсэн. Тухайн мөнгийг бид хоёр хувийн хэрэгцээндээ ашигласан. ...” /2хх 9-10/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-22/010 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 210-213/, Хаан банкны 532хххх764 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 226-227/, Төрийн банкны 104ххх463 дугаар дасны дэлгэрэнгүй хуулга /1хх 239/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 232-233/, хохирол төлсөн баримт /1хх 243, 2хх 68/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч О.Б, Б.Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Тийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхдээ хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс өсвөр насны шүүгдэгч О.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

  Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх Б.Тийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн насны байдал зэрэг хэргийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээ болох 12 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, түүний өмгөөлөгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг нь хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

Харин шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Гын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү гэсэн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг энэ хуулийн тусгай ангид ... бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэхээр заасан атал шүүгдэгч Б.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бүх насаар нь хорих ял шийтгэх ялын хугацаатай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Тийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд 13 жилийн хугацаагаар хорих ялаар ...“ гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд 12 жилийн хугацаагаар хорих ялаар ...“ гэж,

3 дахь заалтын “...биечлэн эдлэх ялыг 13 /арван гурав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “... биечлэн эдлэх ялыг 12 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

6 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Төд оногдуулсан 13 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Төд оногдуулсан 12 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийн цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОЧМАНДАХ   

                                  ШҮҮГЧ                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ЗОРИГ