Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2019/00015

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 17 өдөр

 Дугаар 223/МА2019/00015

 

 

******* ХХК -ын  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 151/ШШ2019/00326 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК -ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байдаг. Хан үнэлэмж үнэлгээний компаний үнэлгээчин Адъяасүрэнгийн хөрөнгө үнэлсэн үнэлгээ байдаг. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар баг, 19-34 тоот байрлах 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг 26.100.000 төгрөгөөр, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 1 дүгээр гудамж усны аж ахуйн үйлдвэрийн зориулалттай 1 давхар 150 метр квадрат талбайтай барилгыг 28.665.000 төгрөгөөр, тухайн барилгын газар болох 1.418 метр квадрат талбайтай газрыг 7.090.000 төгрөг тус тус үнэлснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 10 дугаартай Голомт банк-ны нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт 357.336.215 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2017 оны 12 дугаар сарын 1 өдөр эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэгдсэн. ******* ХХК нь Голомт банк-тай өмнө нь зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн төлбөрийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 1 өдрийн хугацаа дуусахад Голомт банк-наас шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас хүргүүлж албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулсан. Үүний дагуу үнэлгээ хийлгүүлсэн. Үйлдвэрийн газар нь гүний худагтай, 380вт цахилгааны хүчдэлийн шугам татагдсан, дэд бүтэц шийдэгдсэн, сэргээгдэх эрчим хүчний барилгын ажил эхэлж байгаагаас тухайн газрын үнэ цэнэ харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тухайн хөрөнгүүдийг үнэлгээний төвөөр үнэлүүлсэн. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар баг, 19-34 тоот 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг 35.505.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хан үнэлэмж хөрөнгийн төвийн үнэлгээ нь тухайн орон сууцыг 29 метр квадрат талбайгаар хэмжиж үнэлсэн байдаг. Харин хөрөнгийн үнэлгээний төв 50.2 метр квадрат талбайтайгаар үнэлсэн. Хан үнэлэмж ХХК-ийн үнэлгээ зах зээлийн үнэлгээгээр үнэлээд тухайн орон нутаг дахь хөрөнгийн үнэд үржүүлэн гаргасан байна. Тухайн байр нь хэмжихэд 50.2 метр квадрат талбайтай байхад Хан үнэлэмж үнэлгээний төв улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хэмжээгээр тогтоосон байдаг. Шинжээч тухайн хөрөнгийг үнэлэхдээ хэмжилт хийгээгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан тухайн хөрөнгийг үнэлэхдээ шинж чанар, онцлог шинжийг харгалзан үзэж тайлбар гаргах үүргийг хүлээгээгүй байна. Ингэснээр төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 1 дүгээр гудамж усны аж ахуйн үйлдвэрийн зориулалттай 1 давхар 150 метр квадрат талбайтай байр газрыг шинжээч28.665.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээгээр 100.637.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Голомт банк-ны ипотекийн гэрээгээр тухайн банк 150.000.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан байдаг. Хан үнэлэмж үнэлгээний төвийн шинжээч тухайн байрны улсын бүртгэлийн гэрчилгээн дэх 150 метр квадратаар хэмжиж бодсон, хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч очиж хэмжиж үзэхэд барилгын ашигтай талбай 229.3 метр квадрат талбай байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь тухайн хөрөнгөөс салгаж болохгүй зүйлсийг хамааруулан авч үздэг байхад Хан үнэлэмж үнэлгээний төв нь тухайн барилгын гүний худаг, цахилгаанд холбогдсон байдал зэргийг үнэлээгүй байна. Хан үнэлэмж болон хөрөнгийн үнэлгээний төв зах зээлийн харьцуулан шинжих аргааг үнэлсэн байна. Зах зээлийн харьцуулан шинжих арга нь тухайн орон сууц зах зээлд ямар үнэ өртөгтэй байна түүнтэй адилтгаж үнэлэх арга байдаг. Хөрөнгийн үнэлгээний төв өртгийн хандлагын аргаар үнэлж үзэхэд 220.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ арга нь тухайн барилгын баригдсан хөрөнгө, элэгдлийг тооцож үнэлгээг тогтоодог байна. Хан үнэлэмж хөрөнгийн үнэлгээний төв хөрөнгийг үнэлэхдээ үнэгүйдүүлж байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 10 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Бонн ХХК-аас 357.336.215 төгрөгийг гаргуулан Голомт банк-д олгох нэхэмжлэлтэй, тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 412 дугаартай шийдвэр гүйцэтгэх хуудсыг манай газар 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн талуудад мэдэгдсэн. 2017 оын 8 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Халиун ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэгтэй уулзаж Голомт банк-тай холбоотой төлбөрийг 2 сарын хугацаанд багтааж төлөх талаар тайлбарлаж тэмдэглэл үйлдсэн. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тул ******* ХХК-аасГоломт банк-ны барьцаанд тавьсан хөрөнгө болох Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 1 дүгээр гудамж Усны аж ахуйн б-3-3 дахь хэсэгт байрлах 1.418 метр квадрат газар болон уг газар дээр байрлах 150 метр квадрат үйлдвэрийн зориулалттай барилга, Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар баг, 19-34 тоотод байрлах 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг тус тус 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулсан. Энэ ажиллагааг явуулахад хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюунцэцэг өөрөө байлцсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор үүргийн гүйцэтгэлийг төлж барагдуулах тухай дахин мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дээрх хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулахад ******* ХХК-г төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэг оролцсон. Эд хөрөнгө хураах тогтоолд 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн дотор үүргийн гүйцэтгэлийг төлж барагдуулах тухай тогтоосон. 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ямар нэгэн үүргийн гүйцэтгэл хийгдээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэгч хураасан эд хөрөнгийг 2 сарын дотор албан дуудлага худалдаанд оруулах үүрэгтэй байдаг тул 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан үнэлэмж ХХК-ийн шинжээч Адъяасүрэнг шинжээчээр томилсон. Эрх үүргийг тайлбарласан. 2018 оны 4 дүгээр сарын 5 өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Эд хөрөнгө хураахад үнийн саналын талаар саналыг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эд хөрөнгө хураах хэсгийн төлбөр төлөгчөөс үнийн саналыг Бонн ХХК-г төлөөлж оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюунцэцэгээс үнийн санал тогтоохгүй үнэлгээ тогтоолгоно гэсэн тул гэрээ хийж үнийн санал авснаар тооцсон. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 9 өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгийн эзэмшигч Н.Бадралд, Бонн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэг нарт мэдэгдсэн. 2018 оны 4 дүгээр сарын 13 өдөр нэхэмжлэгч тал үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч тал 2019 оны 1 дүгээр сарын 19 өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлтэй танилцахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 151/ШЗ2019/00517 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. 

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо: “*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль миний бие Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 151/ШШ2019/00326 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох "орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах" тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч "*******" ХХК-нь шүүхэд Төв аймаг, Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, 34 дүгээр байрны 34 тоотод байрлах 29 м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууцыг 26.100.000 төгрөгөөр,

Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 01 дүгээр гудамж, УАА хэсгийн үйлдвэрийн зориулалттай нэг давхар барилгыг 28.665.000 төгрөг, 1418 м.кв газрын үнэлгээг 7.090.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 10 дугаар захирамжаар "нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй, хариуцагч "*******" ХХК-п холбогдох иргэний хэргийн зохигчид 357.336.215 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор "Хан-Үнэлэмж" ХХК-г шинжээчээр томилсон. "Хан-Үнэлэмж" ХХК-нь Төв аймаг, Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, 34 дүгээр байрны 34 тоотод байрлах 29 м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууцыг 26.100.000 төгрөгөөр,

Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 01 дүгээр гудамж, УАА хэсгийн үйлдвэрийн зориулалттай нэг давхар барилгыг 28.665.000 төгрөг, 1418 м.кв газрын үнэлгээг 7.090.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-д хандаж дээрх хөрөнгүүдийн үнэлгээг хийлгэхэд

-Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж 19-34 тоот 2 өрөө орон сууц 35.505.000 төгрөг,

-Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, УАА хэсгийн үйлдвэрийн зориулалттай нэг давхар барилга, 1418 м.кв газрыг 100.637.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. /Мөн Голомт банк нь 2014 оны 08 сарын 01-ний өдрийн БГ1105100614 дугаар Ипотекийн гэрээндээ дээрх ул хөдлөх эд хөрөнгийг 156.000.000 төгрөгөөр, газрыг 10.000.000төгрөгөөр тус тус харилцан тохиролцож барьцаалсан/

Дээрх хөрөнгийн үнэлгээнүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой бөгөөд Хан-Үнэлэмж ХХК-ийн үнэлгээ нь хууль тогтоомж зөрчсөн, хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Тодруулбал: Хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл Хөрөнгийн үнэлгээний тайлан 9.2 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна. 9.2.1 хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх" гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан байх ёстой. "Хан-Үнэлэмж" ХХК хөрөнгийн үнэлгээ хийхдээ Зах зээлийн хандлагын аргаар, Өртгийн хандлагын аргаар хийсэн байх бөгөөд энэ нь барилга байгууламжийн нийт талбайг нэгж талбайн жишиг үнэ буюу 1м2-ийн үнээр үржүүлж гаргасан байна. Жишээ нь - 2 өрөө орон сууц 29 м.кв, 1 м2 үнэ 900.000 төгрөг, нийт 26.100.000 төгрөг,

-Харин Төв аймаг, Зуунмод, 5 дугаар баг УАА хэсэг, үйлдвэрийн зориулалттай байрыг өртгийн хандлагын аргаар үнэлж 150 м.кв, нийт үнэ 28.665.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлэхдээ 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 50.2 м.кв байтал 29 м.кв, үйлдвэрийн байр 229.3 м.кв-г 150 м.кв гэж үнэлсэн байна. Энэ нь "Хан-Үнэлэмж" ХХК хөрөнгийн үнэлэхдээ албан ёсны хэмжилт хийгээгүй, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хэмжээгээр үнэлснээс шалтгаалж тухайн үл хөдлөхүүдийн м.кв-аар үнийг гаргахад буруу үнэ гарсан байна. Харин "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн хэмжилтийг хийж, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох буюу өндөр хүчдэлийн шугам, гүний худаг зэргийг үнэлгээнд оруулж үнэлсэн нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг зөв тодорхойлон үнэлсэн байна.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "хөрөнгө үнэлсэн тайланг 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 1/392 дугаар албан бичгээр "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэг /хх 96/, 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 1/395 дугаар албан бичгээр "*******" ХХК-ийн захирал Н.Бадралд /хх 97/ нарт мэдэгдсэн ...”*******" ХХК Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан "орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай 2018 оны 04 сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлсэн гомдол гэж үзнэ" гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан бөгөөд "*******" ХХК хуулийн 55.3-т зааснаар мэдэгдсэн буюу 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс хойг 6 хоногийн дараа буюу 2018 оны 04 сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь хуулийн хугацаанд гаргасан нэхэмжлэл байна. Харин шүүх нэхэмжлэлийг буцаасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн заалт нь нэхэмжлэгчийг анх шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн нэхэмжпэлийг анхан шатны шүүхэд дахин гаргах эрхтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан зүйл заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх, шудрага шүүхээр хэрэг маргааны шийдүүлэх эрхийг хязгаарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн шүүхийн шийдвэр байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 151/ШШ2019/00326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч “*******” ХХКомпани нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Төв аймагт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газар, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч Төв аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн, төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар   шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш мөн зүйлийн 55.7-т зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байна.

Хариуцагч нь Хан Үнэлэмж ХХК –ийн  үнэлгээний талаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр “******* “ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэг, тус компанийн захирал Н.Бадрал нарт мэдэгдэж, танилцуулан, тэмдэглэл хөтөлсөн  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

  Нэхэмжлэгч “*******” ХХ компани нь үнэлгээний талаар хариуцагч талаас мэдэгдсэнээс  хойш 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан  хугацаанд  байх боловч  2018 оны 5 дугаар сарын 31, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэсэн шалтгаанаар   нэхэмжлэлийг буцаасан, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргасан “гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэж байжээ.  

  Үүний дараагаар нэхэмжлэгч “*******” ХХКомпаниас дахин  2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шинээр нэхэмжлэл гаргасан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан үнэлгээний талаар гомдлоо  шүүхэд гаргах  хугацааг хэтрүүлсэн байна.  

  Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

  Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын бас нэг үндэслэл болсон Хан Үлэмж ХХК болон Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний тайлан дүгнэлтийг харьцуулж  дүгнэх ажиллагаа шүүхэд явагдах боломжгүй болно.  

  Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан заалтыг баримталсан нь зөв боловч тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 151/ШШ2019/00326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн...” гэсний өмнө “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.,” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

           

                  ШҮҮГЧИД                                                             Г.БОЛОРМАА

 

                                                                                            Т.ЭНХМАА