Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 18

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: О.Х 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Х-т холбогдох 201703000014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: О.Х 

 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.Х нь ялтай байхдаа 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Арал гэх газраас иргэн А.Бийн нас нийлсэн 4 тооны адууг хулгайлж, А.Бэд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Хын шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр адуунд явж байгаад тухайн адуунуудтай таарсан. Тухайн үед А.Б гэх айлын адууг байна гэж мэдээгүй. Гэрийнхээ гадаа аваачиж өөрийнхөө хэдэн тооны адуутай нийлүүлж байгаад маргааш нь хулгайлсан адуунуудаа нядалсан. Цагдаа дээр ирж баригдсаныхаа дараа А.Бийн адуунууд гэж мэдсэн гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 201703000014 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч А.Бийн тайлбар: ...2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Арал гэх газраас 10 тооны адуугаа алдаад 2016 оны 12 дугаар сарын 08-наас эхэлж хайгаад Өгийнуур сумын Сайр гэх газраас 6 тооны адуугаа олж авсан. Харин үлдсэн 4 тооны адуу нь байхгүй байсан, тэгээд би 4 тооны адуугаа хайгаад Өгийнуур сумын Дойт баг, Орхон баг, Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг Баянгол, Тэмээн хүзүү, Хашаат сумын Цайдам баг, Номгон баг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрүүдээр өөрийнхөө 54-45 УБЭ улсын дугаартай УАЗ-469 маркийн машинаар хайж явсан боловч олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. 1 адуу нь сартай хар зүсмийн 8 настай эр морь, хоёр чих нь мөчидхөн араасаа ганзага имтэй, тамгагүй, 1 адуу нь сартай хонгор зүсмийн эр морь, 9 настай, им нь адилхан, тамгагүй, нэг адуу нь ухаа зээрд зүсмийн 9 настай, эр морь, им нь адилхан, тамгагүй, 4 тооны адуу байсан. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр адуугаа бүртгэхэд бүрэн байсан, манайх 2016 оны мал тооллогоор 36 тооны адуу тоолуулсан юм. Алдсан 4 тооны адуугаа уяж, сойж, уралдуулж байсан зүйл байхгүй, харин ухаа зээрд морийг би 2014 оны хавар Сүхбаатар аймгийн А гэх хүнээс уяж сойх гэж 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Нөгөө 3 тооны адуу нь уналганы морь байсан юм. Ухаа зээрд морийг би худалдаж авснаас хойш уяж сойж байсан удаа байхгүй. Би зах зээлийн ханшаар нэг морийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. Харин Сүхбаатар аймгаас худалдаж авсан ухаа зээрд морио авсан үнээр нь буюу 2 сая төгрөгөөр үнэлээд, нийт 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний адууг хулгайлсан хүн ганцаараа биш байх гэж бодож байна. Тийм учраас хулгайчдыг олж өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү. Хулгайч олдоод миний 4 тооны адуу байхгүй тохиолдолд тухайн хүнээс адуугаа адуугаар нь аваад дээр нь адуугаа хайж явсан унааны зардалд 650.000 төгрөг нэхэмжилнэ...гэх тайлбар /хх-ийн 05 хуу/

 

Хохирогч А.Бийн дахин мэдүүлсэн: ...Манайх О.Хын гэрээс ойролцоогоор 17-18 км зайтай л байдаг. Хын адуунд манай 4 тооны адуу нийлэх ямар ч боломж байхгүй. Учир нь манайх адуугаа өдөр бүр өглөө бүртгэж, хоньчилж хариулж, орой бэлчээрийг нь сольж Орхон гол руу оруулж, хариулж малладаг. Манайх 2 жилийн өмнөөс О.Хынхтай ойролцоо нутагладаг болсон. Тэр үед манай адуу мал огт нийлж байгаагүй. Би анх 2016 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 10 тооны адуу алдсан юм. Тэгээд адуугаа хайгаад явж байгаад Өгийнуур сумын Сайр гэх газраас 6 тооны адуугаа олж авсан Сайр гэх газар нь О.Хын гэрээс ойролцоогоор 7-8 км зайтай байдаг. Манай адууг О.Х хулгайлж алж янзалсан, манай адуунууд О.Хын адуунд нийлэх ямар ч үндэслэл байхгүй. Манайх адуугаа хариулж малладаг бөгөөд орой нь бүртгээд Орхон гол руу шахаад орхидог юм. Би О.Х гэх хүнийг ерөнхийдөө мэднэ, адуу мал хайгаад бие биенийхээрээ орж гараад л явж байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө санагдаж байна, Сүхбаатар аймгаас худалдаж авсан нэг морь байсан, гэхдээ уг мориор уралдаж, хурдалсан зүйл бол байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг О.Х төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

 

Гэрч А.Бийн мэдүүлсэн: ...А.Б миний төрсөн дүү бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хотонт сумын Бургалтай багийн нутаг Арал гэх газраас 4 тооны адуугаа хулгайд алдчихлаа гэж надад утсаар хэлж байсан. Манай дүү Б 30 гаруй тооны адуутай, адуунууд нь бүгд хоёр чих нь араасаа босоо сүйх имтэй, тамгагүй бөгөөд зарим нэг адуу нь имгүй байж магадгүй. А.Б 4 тооны адуу алдсан бөгөөд нэг нь хар зүсмийн, хоёр нь хонгор, нэг нь хүрэн зээрд зүсмийн адуу алдсан гэж надад хэлсэн. А.Бийг адуугаа алдсан талаар гэрийнхэн бүгд мэдэж байгаа байх, тэгээд манай дүү Б адуугаа хайж явахдаа уулзсан хүмүүст адуу алдсан талаараа хэлсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Гэрч Л.Бийн мэдүүлсэн: ...Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би Портер маркийн 15-68 УНУ улсын дугаартай автомашинтай. Манай дүү Э над руу яриад та машинаа өгөөч, манайх өтөг зөөх гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд, 2016 оны 12 дугаар сарын эхээр Х өөрөө ирж авсан. Тэгтэл Өгийнуур сумын төвд орхисон байсан. Машин бичиг, баримт байхгүй байсан. Би Х, Э нартай уулзаагүй, юу болсон талаар нь мэдэхгүй байна. ...Х Э хоёр нь гэр бүлийн хоёр бөгөөд 2 хүүхэдтэй, би ойр дотно байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна, төлөв томоотой хүүхдүүд шиг л байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/ 

 

О.Хын тайлбар: ...2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цаг өнгөрч байхад адууны хулгай хийхээр Хотонт сумын Бургалтай багийн нутаг руу өөрийнхөө хээр зүсмийн им тамгагүй морьтой ганцаараа гараад явсан. Тэгээд Бургалтай багийн нутагт орж ирээд явж байтал 20 гаруй тооны адуу байхаар нь дундуур нь тасалж хөөгөөд өөрийнхөө гэрийн зүг рүү буюу Өгийнуур сумын Дойт багийн нутаг Шуурган толгой гэх газар руу туусан, тэгээд замдаа явж байтал 6 тооны адуу тасраад үлдсэн. Тэгээд би үлдсэн 4 адууг туугаад цаашаа яваад Шуурган толгой гэх газар байх гэртээ ирээд өөрийнхөө Халтар азаргатай адуунд нийлүүлээд 2 хоног байлгаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой хулгайлж ирсэн 4 адууныхаа сартай хар, хар голтой хонгор зүсмийн адууг нядлаад бага гэртээ оруулсан, нөгөө 2 адууг нь маргааш нь нядлаад бага гэртээ оруулсан. Тэгээд байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймаг руу 4 адууныхаа махыг зарах гэж ирээд хоёр хоноод 12 дугаар сарын 15-ны өдөр цагдаад баригдсан юм. Манай эхнэр Э гэртээ бага хүүхэдтэйгээ үлдсэн, өөр хүн байгаагүй, би явахдаа өөрийнхөө адуунд явлаа гэж хэлээд явсан. Намайг 4 тооны адуу хулгайлсан талаар манай эхнэр мэдээгүй, хулгайлсан адуугаа нядлахад л мэдсэн, би адуу хулгайлсан талаараа хэлсэн бөгөөд тэгэхэд манай эхнэр юм хэлээгүй юм. Би адууг ганцаараа нядлаад манай эхнэр гэдсийг нь цэвэрлэсэн юм. Би нэг толгойг нь сольсон бөгөөд сартай хар зүсмийн адууны толгойг өөрийнхөө хүрэн зүсмийн адууны толгойгоор сольсон юм...гэх тайлбар /хх-ийн 07-08 хуу/

 

Яллагдагч О.Хын мэдүүлсэн: ...Би зүйл ангийг зөвшөөрч байна, би уг гэмт хэргийг үйлдсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө би ганцаараа өөрийнхөө эзэмшлийн хээр зүсмийн морьтой явж Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Арал гэх газар байсан 20 гаруй тооны адуунаас 10 тооны адууг тасалж туугаад явж байгаад замдаа 6 тооны адууг нь үлдээгээд 4 тооны адууг нь тууж ирээд өөрийнхөө адуунд нийлүүлээд орхисон. Тэгээд маргааш орой нь хулгайлж ирсэн 4 тооны адууныхаа 2 тооны адууг барьж аваад гэрийнхээ гадаа ганцаараа алж янзалсан, маргааш нь бас үлдсэн 2 тооны адууг нь гэрийнхээ гадаа алж янзалсан, маргааш нь бас 2 тооны адууг нь алж янзлаад махыг нь аймгийн төв рүү оруулж зарах гэж яваад цагдаад баригдсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Тэр үед банкны зээл төлөх хэрэгтэй байсан юм. Миний хулгайлсан 4 тооны адуу, 2 тооны хонгор, 1 хүрэн, 1 хар зүсмийн адуунууд байсан. Им тамга тэмдгийг нь анзаараагүй, мартсан байна. Хохирогч А.Бэд хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. А.Б 4 тооны адууныхаа махыг өөрөө зарж мөнгийг нь авсан. Тэгээд би 3.500.000 төгрөгийн мал буюу 3 тооны адуу, 2 тооны үхэр, 9 эр ямааг А.Бэд өгч хохирол, төлбөргүй болгосон. Тухайн үед гэмт хэрэг хэрэг үйлдэх үед ашигласан эмээл, хазаар, миний өөрийн эзэмшлийн эмээл, хазаар байгаа юм. Би Б ахын машиныг анх эхлээд өтөг бууц татах, мод түлээ бэлтгэх гэж гуйж авсан байсан. Би уг автомашиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө авсан байсан. Тэгээд 4 тооны адуу хулгай хийж алж янзлаад, махаа Б ахын машинаар ачиж явж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 238-239 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10 хуу/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 50 хуу/

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 55 хуу/

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 68 хуу/

Хохирогч А.Бийн хүсэлт /хх-ийн 39 хуу/

Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 84 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86-87 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 88-89 хуу/ 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 241-242 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Арал гэх газраас иргэн А.Бийн нас нийлсэн 4 тооны адууг хулгайлж, А.Бэд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч О.Х нь 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Арал гэх газраас иргэн А.Бийн нас нийлсэн 4 тооны адууг хулгайлж, А.Бэд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь: хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манайх 4 тооны адуугаа хулгайд алдсан бөгөөд О.Х хулгайлсан байсан, О.Х миний хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/, гэрч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “миний төрсөн дүү А.Б 2016 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хотонт сумын Бургалтай багийн нутаг Арал гэх газраас 4 тооны адуугаа хулгайд алдчихлаа гэж надад утсаар хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай дүү Э над руу яриад та машинаа өгөөч, манайх өтөг зөөх гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд 2016 оны 12 дугаар сарын эхээр Х өөрөө ирж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/, яллагдагч О.Хын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө би ганцаараа өөрийнхөө эзэмшлийн хээр зүсмийн морьтой явж Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Арал гэх газар байсан 20 гаруй тооны адуунаас 10 тооны адууг тасалж туугаад явж байгаад замдаа 6 тооны адууг нь үлдээгээд 4 тооны адууг нь тууж ирээд өөрийнхөө адуунд нийлүүлээд орхисон. Тэгээд маргааш орой нь хулгайлж ирсэн 4 тооны адууныхаа 2 тооны адууг барьж аваад гэрийнхээ гадаа ганцаараа алж янзалсан, дараа өдөр нь бас 2 тооны адууг нь алж янзлаад махыг нь аймгийн төв рүү оруулж зарах гэж яваад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 238-239/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10/, шүүгдэгч О.Хын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Иймд Б овогт О-гийн Х-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морь буюу түүний үнэ 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хутга 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-гийн Х-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг Архангай аймгийн төрийн өмчит үйлдвэрийн газарт 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ -өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морь буюу түүний үнэ 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, хутга 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч О.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ