Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/489

 

 

 

 

 

  2023         5        09                              2023/ДШМ/489

           

    А.А, Э.М нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.А, Э.М нарт холбогдох эрүүгийн 2208030221933 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  А.А, .......... оны 10 дугаар сарын 03-ны өдөр ....... төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................ тоотод оршин суух, /РД: ................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлсэн.

Б овгийн  Э.М-г, ... оны 11 дүгээр сарын 23-ны өдөр .............. төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа засал чимэглэлийн ажил хийдэг, ам бүл 2, эхийн хамт ................ тоотод оршин суух, /РД: .............../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, биечлэн эдлүүлсэн.

А.А нь Э.Мтэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойт гэх газар гудамжинд иргэн А.Гыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр, цээж, нуруун тус газар нь цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэж, уг үйлдлийг салгах гэсэн Э.Г, А.С нарын халдашгүй, чөлөөтэй байх хууль ёсны эрхэд хүч хэрэглэн халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

дээрх олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа А.Гын нүүр, цээж, нуруун тус газар нь гараараа олон удаа цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь зүүн сарвуун 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал, баруун хөхөнд цус хуралт, зүүн тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,    

мөн дээрх олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зодооныг салгахаар шаардлага тавьсан иргэн Э.Ггийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle нэртэй бааранд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч Д.Оын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний цөгцний хугарал, дээд, доод уруул, буйлны салстад өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэхэд тоглолт үзэж байхдаа Б.Зтой маргалдан нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулд зулгаралт, дух, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим найз Н.Бг гэрийнх нь гадаа ирэхэд “ганцаараа ирэхгүй олуулаа ирлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, гараараа цохих, хавирч унагаах зэргээр зодон, биед нь зүүн нүдний зовхи, баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн тохой, баруун шууны зулгаралт, зүүн далны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,

мөн зодооныг салгахаар очсон Н.Бг эхнэр О.Зг үснээс нь татаж, газарт унагаах, чулуугаар зүүн нүд рүү нь цохих зэргээр зодож, улмаар биед нь зүүн дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Э.М нь А.Атай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойт гэх газар гудамжинд иргэн А.Гыг ямар нэгэн шалтгаангүйгээр цээж, нуруун тус газар нь гараараа цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэж, уг үйлдлийг салгах гэсэн Э.Г, А.С нарын халдашгүй, чөлөөтэй байх хууль ёсны эрхэд хүч хэрэглэн халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирл санаатай учруулах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал буюу 2 буюу түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Э.М-г нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус хорих ялд тооцон мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Агаас 1.203.275 төгрөг, шүүгдэгч Э.Мэс 1.203.275 төгрөг тус тус гаргуулан хохирогч А.Гт, шүүгдэгч А.Агаас 2.088.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Зд, 4.810.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.От тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Г гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, А.А, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн хийсэн гэмт хэргийг ухамсарлан гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт үйлдэл гаргаж бусдад хор, хохирол учруулахгүй, нийгэмшиж, зөв томоотой шударга хүн байж ажил хөдөлмөр эрхэлж нийгэмдээ болон ар гэртээ тус дэмтэй сайн хүн болохыг эрмэлзэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ би маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би бусдад урчуулсан хохирол 1.203.275 төгрөгийг нэн яаралтай төлж барагдуулна. Иймд давж заалдах шатны шүүхээс хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шалгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж, хохирогч А.Гын хохирол төлбөр 1.203.275 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Э.Мд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо, Э.М-н бусдын эрүүл мэндэд хохирол учруулаагүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэлгүй хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчмыг баримтлаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь А.А Гүаас авах өглөг авлагын асуудлаас болж маргаан үүсэж харилцан зодолдсон бөгөөд А.А Гү нарын зодооныг бусад нь салгах явцдаа харилцан бие биедээ гар хүрсэн нөхцөл байдал харагдаж байна. Мөн Э.М-г нь С-д цохиулсны улмаас зүүн нүд нь хөхөрсөн, хоолой хэсэгтээ шалбарсан бөгөөд түүндээ гомдол гаргаагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй байгаа. Энэ талаарх фото зураг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Э.М-н гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг гарахад Э.М-н буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, бусдын биед гэмтэл учруулаагүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М нь гэм буруу дээрээ маргаж оролцсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос хохирогч Г, Гү, С нарын мэдүүлгийг шинжлэн судалж, шүүгдэгч Э.М-н үйлдлийг нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Тэр саналын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хохирол төлбөрийг барагдуулсан гэдгээр ялыг өөрчилж өгнө үү гэх давж заалдах гомдлыг гаргасан гэж ойлголоо. Гэм буруу дээр маргахгүй гэх үүднээс уг гомдлыг гаргасан гэж үзэж байна. Гэтэл өмгөөлөгч Б.Оээс гэм буруу дээр маргаж байгаа агуулгаар гомдлоо тайлбарласан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь А.Агийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх агуулгаар ярьлаа. Гэтэл хохирогч Г, Гү, С нар тодорхой мэдүүлгээ өгсөн байдаг. Хохирогч Гүыг А.А, Э.М-г нар бүлэглэж зодсон байдаг. Уг зодооныг С салгах гээд очиж байхад Сыг Э.М-г зодоод байгаа нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг мөрдөгчөөс нэг бүрчлэн тогтоосон. Хохирогч нарын мэдүүлэг нэг нэгнийхээ мэдүүлгийг нотолсон байдаг. Шүүгдэгч Э.Мд өмнө нь шүүхээс ял шийтгэл оногдуулж байсан. Өөрийн хийсэн үйлдэл болон зан байдалдаа дүгнэлт хийсэн байх байтал дахин ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт дүгнэлт хийгээгүй харагдаж байна. Анхан шатны шүүх үнэн зөв үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

А.А нь Э.Мтэй нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойт гэх газар гудамжинд иргэн А.Гыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр, цээж, нуруун тус газар нь цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэж, уг үйлдлийг салгах гэсэн Э.Г, А.С нарын халдашгүй, чөлөөтэй байх хууль ёсны эрхэд хүч хэрэглэн халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, дээрх олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа А.Гын нүүр, цээж, нуруун тус газар нь гараараа олон удаа цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь зүүн сарвуун 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал, баруун хөхөнд цус хуралт, зүүн тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, зодооныг салгахаар шаардлага тавьсан иргэн Э.Ггийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle нэртэй бааранд үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч Д.Оын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний цөгцний хугарал, дээд, доод уруул, буйлны салстад өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэхэд тоглолт үзэж байхдаа Б.Зтой маргалдан нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулд зулгаралт, дух, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим найз Н.Бг гэрийнх нь гадаа ирэхэд “ганцаараа ирэхгүй олуулаа ирлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, гараараа цохих, хавирч унагаах зэргээр зодон, биед нь зүүн нүдний зовхи, баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн тохой, баруун шууны зулгаралт, зүүн далны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,

зодооныг салгахаар очсон Н.Бг эхнэр О.Зг үснээс нь татаж, газарт унагаах, чулуугаар зүүн нүд рүү нь цохих зэргээр зодож, улмаар биед нь зүүн дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь,

шүүгдэгч Э.М нь А.Атай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойт гэх газар гудамжинд иргэн А.Гыг ямар нэгэн шалтгаангүйгээр цээж, нуруун тус газар нь гараараа цохих, газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэж, уг үйлдлийг салгах гэсэн Э.Г, А.С нарын халдашгүй, чөлөөтэй байх хууль ёсны эрхэд хүч хэрэглэн халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

хохирогч Э.Ггийн “... 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтод найз Гү, С нарын хамт Гүын машинтай явж байхад урьд өмнө нь 2022 оны 6 дугаар сард шивээс хийлгэж байсан А.А нэг найзтайгаа хамт алхаж яваад бидэнтэй таарсан. Тэгээд А.А нь Гүтай шивээсний талаар ярьж байгаад А.А Гүыг буугаад ир гээд дагуулан хашааны булан тойроод явчихсан. Хэсэг хугацааны дараа А.А Гүын нохойны шээс, нохойны хүүхэд гэх мэтээр цээртэй үгээр харааж байгаад цохиод, тэр хоёр хоорондоо харилцан зодолдоод Гү мөн буцааж цохиод байсан. Би машин дотор тэд нарыг хараад сууж байтал А.Агийн найз нь Сыг зүгээр зогсож байхад нь гэнэт нүд хэсэгт нь гараараа цохиод, бие рүү нь өшиглөөд байсан. Би Гү, А.А нарыг салгах гэж дундуур нь ороод салгах гэж байтал А.А миний дух хэсэгт нэг удаа цохичихоод миний духнаас цус гарсныг хараад надад хандаж хол байсан бол цохиулахгүй шүү дээ гэж хэлээд тэд нар зодолдохоо больсон. Би машин руу яваад цагдаа дуудлаа гэж хэлтэл А.А найзтайгаа явчихсан. ...” /1хх 10-11/,

хохирогч А.Гын “...2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын гүүрний ойролцоо найз Давкагийнд өөрийн төрсөн дүү С, найз Г нарын хамт 3-уулаа байж байгаад 21 дүгээр хороолол руу Г машин бариад явж байхад урьд өмнө нь шивээс хийлгэж байсан, зүс таних А.А болон огт танихгүй залуутай гудамжинд таарахад А.А бид нарыг зогсоогоод Г бид хоёроос шивээс яаж байна гэж асуухаар нь би зүгээр байгаа, энэ шивээсээ хийж дуусгахгүй юм уу гэж хэлтэл А.А намайг буугаад ир гэхээр нь би буутал А.А энэ гудамж руу ороотхоё гээд дагуулаад гудамж эргээд гөлөгийн хүүхэд минь чи яагаад утсаа авахгүй байгаа юм гээд над руу уурлаад байхаар нь би орхиод явтал намайг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байхаар нь би чамтай эрүүл үед чинь ярья гээд машин руугаа явтал араас ирээд хэл амаар доромжлоод дайраад байхаар нь бид хоёр барьцалдаж аваад ноцолдоод хоёулаа газар унасан. Би зүүн гараараа А.Агийн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиход тэнд байсан хүмүүс салгасан. А.Атай хамт явж байсан танихгүй, бор царайтай, 175-180 см орчим өндөр нуруутай, 25 орчим насны залуу манай дүү Сын нүүр хэсэгт нэг удаа цохиод доош нь дарж байгаад нүүр лүү нь нэг удаа өшиглөхөөр нь би боль гэж хэлтэл тухайн залуу над руу дайраад миний зүүн хавирга хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиход А.А миний нуруу хэсэг рүү нэг удаа цохиход Г машинаас бууж ирээд та нар болиочээ гэж хэлээд миний хажууд ирээд зогстол А.А Ггийн толгой хэсэгт нэг удаа цохиход Ггийн толгойноос цус гарсан. Тэгээд би цагдаа дуудах гэтэл А.А, танихгүй залуу хоёр яваад өгсөн. ...” /1хх 16-17/,

хохирогч О.Згийн “... 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал нөхрийн найз Саранзэв эхнэрийн хамт манайд 16 цагийн үед ирээд бид нар 2 том пиво хувааж уугаад сууж байтал 18 цагийн үед манай нөхрийн дугаар луу А.А гэх хүн залгахад “манай нөхөр А.А дуудаж байна, би уулзчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрөхгүй байж байгаад бид 4-үүлээ явахаар болсон. Тэгээд бид 4 А.А гэх найзынх нь хашааны гадаа очоод ирчихлээ гэж хэлэхэд А.А нилээн согтуу гарч ирээд “яасан олуулаа явж байгаа юм бэ, ганцаараа ирж байгаа юм болов уу гэж бодсон юм” гэж хэлэхээр нь манай нөхөр А.Ад “юу байна, андаа” гэхэд А.А “чамтай анд байснаа санахгүй юм байна” гээд маргааны шинжтэй ярихаар нь би машинаас буугад Бат-Эрдэнийг явъя гээд гараас нь татсан чинь А.А намайг хараад “чи цаашаа зайл гичий минь” гээд намайг хөөсөн. Тэр үед Б сонсоод “болиоч дээ андаа, уулзаагүй удсан байж” гэхэд А.А үгийн зөрүүгүй манай нөхрийн дух руу мөргөөд тэр хоёр хоорондоо зодолдсон. Нилээн зодолдоод салахгүй болохоор нь би очоод салгах гэтэл А.А шууд намайг үсдээд газар өвдөглүүлсэн чинь Бат-Эрдэнэ А.Аг миний үснээс тавиулах гээд дийлэхгүй зууралдаж байтал С ирээд А.Агийн гарыг хойш нь дарж байгаад миний үсийг салгасан. Тэр үед А.А газраас чулуу аваад манай нөхрийг чулуугаар цохих гэж байгаад миний хөмсөгний доод талд цохиж хагалсан. Би цагдаа дуудаад зогсож байтал А.А надад хандаж “чи хар тамхи татаж үзсэн үү, янхан минь, гичий минь одоо зайл” гээд элдвээр хараасан. Гэтэл А.Агийн гэрээс Б гэх найз нь гарч ирээд “уучлаарай, би найзыгаа аваад орчихъё, та нар ингээд явчих” гээд гэр лүүгээ орсон. ...” /1хх 80/,

хохирогч Н.Бг “... 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ эхнэр болон гэр бүлийн найз С, түүний эхнэр С нарын хамт пиво уугаад сууж байтал А.А надруу фейсбүүкээр дуудлага хийгээд надад “андаа манай гэрт хүрээд ирэх үү” гэхээр нь би эхнэр, найзуудаа дагуулаад А.Агийн гэрийн гадаа 18 цаг өнгөрч байхад очиход хашааныхаа үүдэн дээр согтуу гарч ирэхээр нь би А.Ад “юу байна андаа” гэхэд А.А надад “хэзээ чи бид хоёр анд болчихсон юм бэ” гээд машины цонхоор толгойгоо оруулаад машин дотор байгаа хүмүүсийг тойруулж харснаа манай эхнэрийг “энэ гичий янханаа зайлуулаач” гэхээр нь би хүмүүсээс санаа зовоод машинаас буугаад “чи болиочээ андаа” гэхэд А.А үгийн зөрүүгүй миний нүүр лүү олон удаа гараараа цохиод хөлөөрөө намайг хавсарч унагаахад манай эхнэр бууж ирээд А.Аг “чи болиоч” гэж хэлээд намайг салгаад зогсож байтал гэнэт харахад манай эхнэрийн хөмсөгнөөс цус гарч байсан. Тэр үед А.Агийн гэрээс 107 дугаар сургуульд манай нөгөө ангид сурч байсан Ба гарч ирээд машинаас найз С бууж ирээд бид А.Аг салгах гээд оролдоод дийлэхгүй, А.А манай эхнэрийн үсийг гарандаа ороогоод доош нь дарчихсан байхаар нь би эхнэрээ салгах гээд А.Агийн доороос эрүүг нь хазаад салангуутаа босоод үргэлжлүүлж зодолдоод би А.Агийн бие болон толгой хэсэгт 8-10 удаа гараараа цохиод зодолдож байгаад салсан юм. ...” /1хх 88/,

хохирогч Д.Оын “... 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Толгойтын хуучин эцэс дээр манай найз З-ийн дугуй засварын хашаанд би Л, Ч нартай пиво уусан. Тэгээд орой болоод бид 3 төв орж үргэлжлүүлэхээр болсон. Лодой А.Атай өдөр нь орой хамт гарна гээд тохирчихсон юм байна лээ. Тэгээд Л Ш-г гэрээс нь очоод авъя гэхээр нь бид 3 миний машинтай А.А гэх үсчин залууг гэрээс нь очиж авсан. Тэгээд бид 4 Кастле нэртэй бааранд орсон. Ороод нэг виски, ус ундаатай аваад 3, 3 татаад сууж байсан ба урьд нь үсчиний газар ороод үсээ засуулчихаад А.Аг үс  угаагаад зайлаад өг гэхэд үгүй гээд зайлж өгөөгүй юм. Тэгээд тэр талаар яриад маргалдаж эхэлсэн. Хамт байсан хүмүүс боль боль гэхээр нь би босоод 00-ын өрөөнд орсон. Тэгэхэд Ч , Л нар хамт орсон. Тэр хоёртой юм яриад зогсож байтал А.А араас орж ирэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ” гээд зөөлөн цохиход А.А гараараа шууд миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би амаа дараад шууд газарт суухад Чинзо А.Аг хориод цааш нь аваад явсан. ...” /1хх 153-154/,

хохирогч Б.Згийн “... 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэхэд болж байсан тоглолтыг үзэх гээд найз Б-гийн хамтаар үзэж байгаад манай гудамжны танил А.А гэх хүнтэй эхлээд зүгээр юм яриж байгаад сүүлдээ ам мурийсан. Тэр үед А.А намайг түрүүлээд нүүр лүү 2-3 удаа цохисон, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр үед цагдаа хурдан ирээд салгасан. ...” /1хх 240-241/,

гэрч П.Б-ын “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз А.Агийн гэрт очиход ганцаараа байсан бөгөөд бид 2 том пиво аваад ууж байтал А.А утсаар хүнтээ яриад хүрээд ир гээд байх шиг байснаа 18 цаг өнгөрч байхад нөгөө хүн нь залгаад гэрийн чинь гадаа ирсэн байна гараад ир гэсэн. Тэгээд намайг гэрт хүнтэй утсаар яриад сууж байтал А.А “Бааска ир” гээд орилоод байхаар нь намайг хашааны гадаа гарахад А.А хашааны гадаа манай нөгөө ангийн залуу болох Б болон эхнэр нь гэх эмэгтэйгийн хамт А.Атай ноцолдож, зодолдож байх шиг болохоор нь очоод юу болоод байгаа  юм бэ боль гээд салгах гэсэн боловч дийлээгүй. Гэтэл Б-тэй хамт явж байсан өндөр залуу С-ийг чи эрүүл байгаа юм чинь эд нарыг салгаад өгөөч гэтэл дундуур нь ороод салгасан. Тухайн үед А.Аг газар унагаасан байх үед Б дээр нь гараад зууралдаад байхаар нь Бг салгах гэтэл А.А надад “Андаа наадах чинь миний мөрнөөс хазчихаад тавихгүй байна” гэж орилсон чинь Б тавьсан. Тэр үед Б чулуу барьчихсан, эхнэрийнх нь хөмсөгнөөс цус гарсан, А.Агийн эрүү, мөрнөөс цус гарсан байсан. ...” /1хх 93/,

гэрч Б.С-ийн “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз Б-н гэрт эхнэрийн хамт 16 цагийн үед очсон. Тэгтэл 17 цагийн үед Б рүү нэг хүн ярих шиг болсон. Тэгээд би айл руу явчихаад ирье гэснээ бид 4 хамт явахаар болж Н-ийн голд байрлах А.А гэх найзынх нь хашааны гадаа очсон. Тэгсэн хашаанаас нэг үл таних залуу гарч ирээд юун баахан хүмүүстэй явж байгаа юм, ганцаараа ир гэж хэлсэн биз дээ гэтэл Б-н эхнэр З  “юу гэж нөхрөө ганцааранг нь явуулдаг юм” гэж хэлтэл А.А Зо-г “чи дуугүй бай, гичий минь” гээд хэл амаар доромжлоод байсан. Б машинаас буугаад А.Атай машинаас холдоод явсан. Удалгүй А.А Б-г зодож байгаа харагдсан. Гэтэл З орилоод машинаас буугаад би машинаа унтраачихаад цонхоо хаагаад З-гийн араас очсон чинь А.А З-гийн үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан, зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Тэгээд би А.А Б нарыг салгах гээд дийлэхгүй байхад А.Агийн гэрээс нэг залуу гарч ирээд надтай нийлээд тэр 2-г салгаад А.Аг хашаа руу нь аваад орсон. ...” /1хх 96-97/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11914 дүгээр “... А.Гын зүүн сарвуун 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал, баруун хөхөнд цус хуралт, зүүн тохой, хоёр өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1хх 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11913 дугаар “... Э.Ггийн духанд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид шарх нь сорвижиж эдгэрнэ, шарх ердийн явцаараа арилж бүдэгрэхгүй.” /1хх 51-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7368 дугаар “... Н.Бг биед зүүн нүдний зовхи, баруун нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн тохой, баруун шууны зулгаралт, зүүн далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1хх 99-100/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7366 дугаар “... О.Згийн биед зүүн дээд зовхины язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /1хх 108-109/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9346 дугаар “... Д.Оын биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1,2-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний цөгцний хугарал, дээд, доод уруул, буйлны салстад өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гурван шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 10 хувиар алдагдуулна. Бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” /1хх 169-170/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11829 дүгээр “... Б.Згирйн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд урууланд зулгаралт, дух, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.” /1хх 248-249/,                                            

“Лазер мед” эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн компьютер томографийн “Толгойны томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Хамар яс хугаралтай. Хамрын эргэн тойрон зөөлөн эдэд хаван хавдартай. Хамрын таславч баруун тийш муруйлттай. Гавал ясны дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй. Нүдний ухархайнуудын бүтэц хэвийн. Хоёр талын нүдний алим экзофтальм илрээгүй. Нүд хөдөлгөгч булчингууд болон харааны мэдрэлд илэрхий эмгэг өөрчлөлт тодорхойлогдохгүй. Хоёр талын  хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Өнчин тархи хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Субарахноидал зайнууд өөрчлөлтгүй. ...” /2хх 13/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн А.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал буюу 2 буюу түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Э.М-г нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч А.Ад 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь хуульд заасан төрөл хэмжээний дотор хүнд биш байна.

Шүүгдэгч Э.Мэс “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Б.Оээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

Шүүгдэгч Э.М-н хувьд А.Атай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч нарын халдашгүй, чөлөөтэй байх хууль ёсны эрхэд хүч хэрэглэн халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн ба урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Э.М-н хохирогч А.Гт төлөх 1.203.275 төгрөгийг давж заалдах шатны шүүх дээр төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.М-н 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял ...“ гэснийг “...шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял ...“ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.М нарын цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүгдэгч Э.М нь давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад 1.203.275 төгрөгийг хохирогч А.Гт төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОЧМАНДАХ   

                                  ШҮҮГЧ                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ЗОРИГ