Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2024/0154

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гөрөөчин овогт Д.П*********-ийн      нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Нинжбат, нэхэмжлэгч Д.Д*********   , хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Х.Э********   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/11 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Х.Э********   нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дугаар захирамжаар Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дах хэсэгт зааснаар Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Д*********   д сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалингийн 20 хувиар тооцож 3 сараар суутгажээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.1.Д.Д*********    нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт гомдол гаргажээ.

3.2.Хөвсгөл аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 01/566 дугаар албан бичгээр “...Тариалан сумын Засаг даргын 2024 оны Б/11 дүгээр захирамжийг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэжээ.

3.3.Хөвсгөл аймгийн Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1594 дүгээр албан бичгээр “... Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай эрүүл мэндийн төвийн даргад сахилгын арга хэмжээ авах тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

4.Нэхэмжлэгч Д.Д*********    шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

4.1.Миний бие Д.Д*********    нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажилладаг бөгөөд тус байгууллагадаа тасралтгүй 17 жил ажиллаж байна. Миний бие ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн хууль тогтоомж, Төрийн албаны тухай хууль, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг мөрдөж, аливаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн билээ.

4.2.Гэтэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Х.Э********   нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлаар хангалтгүй ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалингаас 20 хувиар тооцож 3 сарын хугацаагаар суутгах сахилгын арга хэмжээг авсан.

4.3.Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Х.Э********   нь надад болон миний үйл ажиллагаанд буюу удирдан зохион байгуулж буй байгууллагад минь холбогдуулж хэн, хэзээ, ямар утга бүхий өргөдөл гомдол ирсэн талаар надад танилцуулж байгаагүй, мөн миний хэзээ гаргасан сахилгын зөрчилд арга хэмжээ аваад байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад Эрүүл мэндийн салбар зөвлөлийн авто машины ослоос нас барсан тохиолдлыг хэлэлцүүлэх хурлаас шууд сахилгын арга хэмжээ авсан үйлдлийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж бодож байна.

4.4.Мөн надад Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй.

4.5.Сэлэнгэ багийн махайн толгойд авто машины улмаас нас барсан хүүхдийн эндэгдлийн хурлыг хэлэлцэх Эрүүл мэндийн салбар зөвлөлийн 2 дугаар хурал дээр цалингийн 20 хувийн арга хэмжээ авч орж ирсэн байгаа. Сонсох ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна.

4.5.Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Х.Э********-ийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дугаар захирамжийг эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт гомдол гаргасан боловч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо буюу Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

4.6.Харин Хөвсгөл аймгийн Засаг даргад гомдол гаргаад 60 хоног өнгөрсөн боловч хариу ирүүлээгүй тул шүүхийн байгууллагад хандаж байна.

4.7.Иймд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамж нь миний хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул тус захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

4.8.Биднийг нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн хурлыг хийлгээгүй, төлөвлөгөө батлуулаагүй гэдэг. 2024 оны 04 дүгээр сарын 01-нд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль гарсантай холбоотой. Эрүүл мэндийн газраас төлөвлөгөө гарч ирсний дараа төлөвлөгөө батлуулна гэсэн эрүүл мэндийн газрын чиглэлтэй явж байсан. Нийгмийн эрүүл мэндийнхээ тусламж үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хийгдээд явсан.

4.9.Эрүүл мэндийн салбар зөвлөлийг би 2 удаа эндэгдэл дээр хуралдуулаагүй. Бид нар бол дээд шатны байгууллагад хүүхдийн эндэгдлийг мэдэгдээд цаг тухай үед нь арга хэмжээгээ аваад явж байгаа. Би Засаг даргад биеэр бол мэдэгдээгүй утсаар мэдэгдсэн.   

4.10.Эрүүл мэндийн салбар зөвлөлийн хурлыг суманд гарсан эндэгдлийн сумын нийт эрүүл мэнд ийн салбар зөвлөлийн гишүүдийг цуглуулж байгаад Засаг даргын өрөөнд Засаг даргын удирдлага дор явуулдаг. 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 16 цагт засаг даргын өрөөнд хурал хийсэн.

4.11.Энэ хурал дээр 1.Эрүүл мэндийн салбар зөвлөлөөр оны эхэнд гарсан 2 эндэгдлийн хурлыг хэлэлцээгүй. 2.Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тухай сургалт сурталчилгаа хангалтгүй байна. 3.Иргэдээс эрүүл мэндийн тусламж  үйлчилгээтэй холбоотой санал гомдлууд хэд хэдэн удаа ирсэн. 4.Эрүүл мэндийн төвийн даргад цалингийн 20 хувийн 3 сарын арга хэмжээ авна. 5.Эрүүл мэндийн салбар зөвлөлийн төлөвлөгөөг батлуулаагүй гээд Засаг даргын өөрийнх нь санал хүсэлт дээр оруулж ирсэн.

4.12.Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг хангалтгүй үзүүлсэн нь удирдлага зохион байгуулалттай холбоотой энэ осол гэмтлээс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэдэг нэг шалгуур нь яваад байгаа. Сургалт суртчилгаа хангалтгүй байна гэдэг дээр сумдын сургалт явуулах байр танхим, сандал ширээний хангалт муутай байдаг.

4.13.Багийн эмчийг ойрын дуудлагад нэг удаа явууллаа гэж өмнө нь надад хэлж байсан. Амралт, ажиллах ээлжийг хариуцлагатай тэгш хуваарьтай байлгахын тулд багийн эмч нарыг сумын төвд оруулж ирж ойрын дуудлагад 1 өдөр явуулдаг.

4.14.Иргэдээс ирсэн санал гомдол гэдэг дээр бол би 17 жил ажиллахдаа надад өөрийн минь ажлын хувьд санал гомдол ирж байгаагүй. Ажилтнаас болж санал гомдол ирж байдаг. Санал гомдол надад цохогдож орж ирээгүй. Яг албан ёсны гомдол нэг л байгаа тэрийг бол бид нар Эрүүл мэндийн газраас бичүүлж авсан.      

4.15.2020 оноос Засаг даргатай гэрээ байгуулаад явснаас хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулж байгаа эмнэлгийн ажилчдад хуулиар олгогддог урамшууллыг авалгүйгээр өдий хүртэл явсан. Миний томилолтыг он гараад олгоогүй байгаа.

4.16.Сая гарсан хүүхдийн эндэгдэл дээр Засаг даргад утсаар мэдэгдсэн. Мэдээ баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг ойлгохгүй байна. Манай стастик удирдлагын баг гаргадаг энэ дээр бол бид нар хичээгээд ажиллаж байгаа.

4.17.Авлигатай  тэмцэх газраас 3 нягтлан дээр материалыг нь аваад томилсон.Сая бол нягтлан байхгүй хүмүүсийн цалин хүлээгдээд байдаг учир тэгсэн нь үнэн.

4.18.Шинээр авсан алба хаагчдын сонгон шалгаруулалтын материал байгаа. Миний төрсөн эгч намайг төгсөөд ажиллах гээд ирэхэд ажиллаж байсан. Би шалгалтаа өгөөд эрүүл мэндийн төвийн дарга болсон гэв.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Х.Э********   шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

5.1.Алаг-Эрдэнэ сумын иргэн Т.Ц*********,    нараас гарсан өргөдөл, гомдлыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар болон Тариалан сумын Засаг даргад ирүүлсэн.

5.2. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 596 тоот албан бичиг, “Ажлын хариуцлага сайжруулах тухай” 597 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвөөс иргэний өргөдөл, гомдлын дагуу Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийсэн тайлан ирсэн.

5.3.Миний бие Эрүүл мэндийн удирдлагын баг болон багийн эмч нартай өргөтгөсөн хурал хийж, үүрэг даалгавар өгсөн. Хөдөөгийн 5 багт 2023 оны 09 дүгээр сард айл өрхүүдээр явсан үзлэгийн тайлан ирүүлсэн боловч эрт илрүүлэг үзлэгийн хувь нэмэгдээгүй, иргэдийн гомдол санал буураагүй. Тайлан мэдээг үнэн зөв гаргаагүй.

5.4.2023 онд ээлжийн амралтын мэдэгдэл аваагүй амарсан, ажлын байрыг удирдлагад мэдэгдэхгүйгээр удаа дараа орхиж явж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдол гарсан.

5.5.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 746 тоот “Эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх тухай" албан бичиг. Тариалан сумын эрт илрүүлэг үзлэг 2023 оны 09 сарын байдлаар 50 хувьд хүрээгүй нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн.

5.6.Тариалан сумын Засаг даргын 2023 оны “Төсвийн шууд захирагч нарт үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай” Б/21 дүгээр захирамжаар 30 хувийн урамшуулал олгосон боловч 60 хувийн урамшуулал авсан нь эрх мэдлээ урвуулан ашигласан.

5.6.Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны “Нэмэгдэл хөлс олгох тухай,” Б/02 дугаар тушаал. Уг тушаалаар Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь өөртөө 20 хувиар 3 сараар урамшуулал олгосон нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжийг зөрчсөн.

5.7.Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын “ Төлбөр барагдуулах тухай” 2024 оны акт. Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны- Б/35 дугаар тушаалаар 2023 оны 1- 5 дугаар саруудад 29 албан хаагчдад 9,252,542 төгрөгийн илүү цалинг албан хаагчдад олгосон. Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолыг зөрчсөн.

5.8.Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны Б/31, 2023 оны Б/32 дугаар тушаал, 2024 оны Б/21 дүгээр тушаалуудаар нягтлан бодогч нарыг томилсон боловч Сангийн яамны 294 дүгээр тушаал болон Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг аваагүйгээр тухайн албан хаагчдыг шууд томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.

5.9.Албан тушаалын тодорхойлолтын дагуу шууд харьяалах албан тушаалтанд хүүхдийн эндэгдлүүд, амьгүй төрөлт, зам тээврийн ослоос шалтгаалсан хүүхдийн эндэгдлийг дээд албан тушаалтанд мэдээлэх үүргийн дагуу мэдээлээгүй, статистикийн тоо баримт зөрүүтэй байгаа нь энэ төрлийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бууруулах арга хэмжээ авах боломжийг бүрдүүлээгүй.

5.10.2024 оны эрүүл мэндийн төвийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 37,1 хувьтай байгаа нь хангалтгүй.Эмнэлгийн удирдах ажилтны үүрэг хариуцлага сул байгаагаас сумын Эрүүл мэндийн төвтэй холбоотой иргэдийн гомдол санал буурахгүй байгаатай холбогдуулан удаа дараа сумын удирдлагуудын түвшинд болон эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан хурлыг 3 удаа хийж, үүрэг чиглэл өгч, ажлын хариуцлагыг нэмэгдүүлж, ажил эрчимжүүлэхийг шаардсан боловч үр дүн гаргаж ажиллаагүй.

5.11.Төсвийн шууд захирагчийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө урамшуулал олгосон тул арга хэмжээ авсан болно.Тариалан сумын Эрүүл мэндийн салбар зөвлөлийн ээлжит 2 дугаар хурал 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагт болж, уг хурал дээр эрүүл мэндийн салбарын 7 гишүүн, авто тээврийн ослын дуудлагад очсон эмч нар хуралд оролцсон.

5.12.Уг хурлаар дээрх дурдсан асуудлуудыг танилцуулж, сонсох ажиллагаа явуулсан боловч нийгмийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан хурлын тэмдэглэлийг дутуу хөтөлсөн байна.

5.13.Би бол Засаг даргын хувиар айл өрхөөр явдаг, хийдэг. Энэ үед иргэдээс ирсэн санал, гомдол мессеж чат, утсаар ярьсан гомдол тухай бүрийг Д.Д*********   д мэдэгдэж арга хэмжээнүүдийн авч байсан.

5.14.Долоодугаар сард бүх нийтийн амралтын захирамж гаргаад онцгой үед ажиллаж байгаа байгууллагын удирдлага ийш тийшээ явахдаа мэдэгдэх ёстойг үүрэг болгосон. Тухайн албан байгууллагын дарга үүрэг чиглэл өгөх тухай хурал дээр тэмдэглэл үлдээгээд ийш тийшээ явж байгаа бол мэдэгдэх ёстой. Энэ үед хүний амь нас хохирсон асуудал албан ёсоор бичгээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн газраас хяналт шалгалт ирж эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болсон гэдэг нь тогтоогдсон.

 

5.15.Эрүүл мэндийн төвийн даргыг Засаг дарга томилдог. Албан тушаалын тодорхойлолтын дагуу дээд шатны байгууллагад мэдэгдэх ёстой зарим асуудлууд байдаг. Ялангуяа хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл, яаралтай гоц халдварт өвчин зэргийг мэдэгдэх ёстой. 3 удаагийн хүүхдийн эндэгдэл болж байхад мэдэгдээгүй.

5.16.Даунтай хүүхэд нас барсан. Үүнийг ээж нь надад өөрийн биеэр хэлсэн. Энэ хүүхэд суманд нас бараагүй, аймагт нас барсан. Анхнаасаа даунтай хүүхдийг жирэмслэлтийн хугацаанд эрт илрүүлээд эхэд зөвлөгөө өгч болох байсан. Авто зам дээр 4 дүгээр сард хүүхэд эндсэнийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга надад хэлсэн. Хүүхдийн эндэгдлийг биеэр ирж мэдэгдэж чадахгүй бол утсаар ярих боломжтой.

5.17.Гурван удаагийн хүүхдийн эндэгдэл гарсан. Арга хэмжээ авснаас хойш 7 сард төрсөн нярай Мөрөн суманд эндсэн тэрийг одоо болтол мэдэгдээгүй байгаа.

5.18.Иргэдээс ирсэн гомдол мэдээллийг баримтжуулаагүй нэг иргэний гомдол санал байгаа.

5.19.Төсвийн шууд захирагч Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зөрчиж өөрөө өөртөө тушаал гаргадаг. Дээд шатны байгууллагын даргын захирамжийг өөрчилдөг. 2023, 2024 оны 1 дүгээр улирлын урамшууллыг нягтлантайгаа нийлж 60 хувийг өөртөө авсан байсан. Тухайн жилийн үр дүнгийн гэрээгээр энэ хүнд 60 хувь, төсвийн аудитаар дүгнэлт зөрчилгүй гэдгээр 80 хувь, ингээд 140 хувийн урамшуулал авсан. Хурал дээр би хэлж байсан ч тэмдэглэлд тусгагдаагүй байна.

 5.20.Ноцтой зөрчил гэх юм бол удирдлагууд нь өөрийн өөртөө тушаал гаргаад цалин мөнгө авдаг болсон юм. Засаг даргын үйл ажиллагааны урамшуулал олгох тухай захирамжаар эрүүл мэндийн дарга Д.Д*********   д 30 хувийн урамшуулал олгосон тухай баримт хэрэгт байгаа. Гэтэл 30 хувийг 60 хувь болгоод би мэдэж би арын даана гэж хэлээд авсан.

5.21.2024 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн Б20 дугаартай нэмэгдэл хөлс олгох тухай гэсэн тушаалаар Д.Д*********    өөртөө цалингийн 20 хувь 3 сараар олгосон. Энэ бол албан тушаалаа хэтрүүлэн ашигласан асуудал.

5.22.Ажилд орох гэж байгаа хүмүүсийг сонгон шалгаруулалтгүйгээр авдаг. Эдгээрт үндэслээд энэ захирамж гарсан. Хувь хүн дээр бол тооцож арга хэмжээ аваагүй байгууллагын даргад арга хэмжээ авсан гэв.

                                            ҮНДЭСЛЭХ нь;

6.Шүүх дараах үндэслэлээр Д.Д*********   гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

7.Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Б/11 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” заалтыг тус тус үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлаар хангалтгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвийн дарга Даваадоржийн Дуламсүрэнд сахилгын шийтгэл ногдуулжээ.

8.Энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ...бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ...-г ойлгоно” гэж заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

9.Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг ... орон нутгийн бүх байгууллага”-д хамаарна.

10.Нэхэмжлэгч Д.Д*********    нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж зааснаар Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж цалин хөлс авах субьектив эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

11.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 59.1.23.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.4.хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах” гэж зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга нь тус сумын Эрүүл мэндийн төвийн даргад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй.

12.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба; 6.1.2.төрийн захиргааны алба; 6.1.3.төрийн тусгай алба; 6.1.4.төрийн үйлчилгээний алба”, 6.2-т “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”,

10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.1.1.төрийн улс төрийн албан тушаал; 10.1.2.төрийн захиргааны албан тушаал; 10.1.3.төрийн тусгай албан тушаал; 10.1.4.төрийн үйлчилгээний албан тушаал”, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж тус тус заасан.

13.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ”Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: ... 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасан тул Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй.

14.Иймд маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах”-ыг үндэслэсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ.

15.Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.2.нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” гэж заасан.

16.Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан сахилгын шийтгэлийг төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид ногдуулна.

17.Харин Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”,

18.Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: ...” гэж заасан тул төрийн үйлчилгээний албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ.

19.NON BIS IN IDEM буюу нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх эрх зүйн зарчим эрх зүйт төрд үйлчилдэг.

20.Гэтэл хариуцагч тайлбарлахдаа Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Д*********   д үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “нийт ажилтан зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” хуулийн заалтыг тус тус үндэслэсэн нь ойлгомжгүй.

21.Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “... Даваадоржийн Дуламсүрэнд сахилгын шийтгэл ногдуулсан” гэсэн нь Төрийн үйлчилгээний албан тушаалтанд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах болон сануулах сахилгын шийтгэлийн алийг ногдуулсан нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэснийг зөрчжээ.

22.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамж нь дээр дурдсанчлан эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт байна.

23.Хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлаар хангалтгүй ажиллаж байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д*********   д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, түүний үндсэн цалингийн 20 хувиар тооцож 3 сараар суутгахыг нягтлан бодогч (Ш.Г******* )-д үүрэг болгожээ.

24.Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлаар хангалтгүй ажиллаж байгаа” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ... 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэснийг зөрчсөн байна.

25.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан.

26.Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Д*********    Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтын ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид заагаагүй байна.

27.Иймд нэхэмжлэгч Д.Д*********   г Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн зөрчсөн талаар дүгнэх боломжгүй.

28.Хариуцагч “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлаар хангалтгүй ажиллаж байгаа” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтын талаар дараах дүгнэлт хийлээ.

29.Хариуцагч тайлбартаа “... өргөдөл, гомдлыг ирүүлсэн. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажил сайжруулах тухай” 596 тоот албан бичиг, “Ажлын хариуцлага сайжруулах тухай” 597 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвөөс иргэний өргөдөл, гомдлын дагуу Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийсэн тайлан ирсэн” гэжээ.

30.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажил сайжруулах чиглэлээр” 596 тоот албан бичгээр Тариалан сумын Засаг даргад хандан иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, сувилагч нарын үйл ажиллагаанд үнэлгээ хийгээд эрүүл мэндийн үйлчилгээг зөв үзүүлээгүйгээс өвчтөн нас барахад нөлөөлсөн, эмч нарын эмнэлзүйн ур чадвар хангалтгүй, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзээд цаашид Эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалт, эмч, мэргэжилтний хариуцлагыг сайжруулах, сургалтад хамруулах, үр дүнг тооцох, ажлын үр дүн хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт хийж хамтран ажиллахыг хүсжээ.

31.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хариуцлага сайжруулах тухай” 597 тоот албан бичгээр Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Д*********   д хандан иргэний гомдлоор хяналт үнэлгээ хийсэн тайланг хавсралтаар хүргүүлээд ажлын хариуцлага алдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох, ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийн тайланг ирүүлэхийг үүрэг болгожээ.

32.Иргэний өргөдөл гомдлын дагуу Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийсэн тухай 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тайланд “Тус байгууллагын дарга нь байгууллагын ажилчдыг удирдлага арга зүйгээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дотоод үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, багаар хамтарч ажилладаггүй, яаралтай тусламжийн дуудлагын журмын хэрэгжилтэд үнэлгээ хийдэггүй зэрэг нь өвчтөн хүндрэх шалтгаан болсон ба цаашид тухайн байгууллагын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай” гэжээ.

33.Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэж заасан тул Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж үнэлгээний тайлан гаргасан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа хуульд нийцэж байна.

34.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хариуцлага сайжруулах тухай” 596, 597 тоот албан бичиг, Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийсэн тухай 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тайланд “Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, сувилагч нар эрүүл мэндийн үйлчилгээг зөв үзүүлээгүйгээс өвчтөн нас барахад нөлөөлсөн” гэх зөрчил нь 2023 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдөр гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

35.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

36.Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг дээрх зөрчил гарсан өдрөөс хойш 8 сар гаруй хугацааны дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчинө.

37.Хариуцагчийн тайлбарласан “2023 онд ээлжийн амралтын мэдэгдэл аваагүй амарсан, ажлын байрыг удирдлагад мэдэгдэхгүйгээр удаа дараа орхиж явж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдол гарсан” гэх үндэслэлийн тухайд:

38.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

39.Өөрөөр хэлбэл 2023 оны хөдөлмөрийн сахилгын зөрчилд ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шийтгэл ногдуулах нь буруу.

40.Хариуцагчаас маргаж буй “Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 746 тоот “Эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх тухай" албан бичиг. Тариалан сумын эрт илрүүлэг үзлэг 2023 оны 09 сарын байдлаар 50 хувьд хүрээгүй нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

41.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 746 тоот албан бичгээр Сумдын Засаг даргын Тамгын газарт хандан аймгийн хэмжээнд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар эрт илрүүлэг үзлэгийн хамралтын дундаж 47.8 хувь байгаа нь зорилтод түвшин буюу 80 хувьд хүрэх зорилт хангагдахгүй байгаа тул эрт илрүүлэг, үзлэгүүдийг эрчимжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, тайланг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг хүсчээ.

42.2023 оны 09 дүгээр сарын байдлаар Тариалан сумын эрт илрүүлэг үзлэг 50 хувьд хүрээгүй нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй мөн эсэхийг дүгнэх боломжгүй, үүнийг хариуцагч шийдвэртээ тусгаагүй тул энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй.

43.Түүнчлэн Тариалан сумын эрт илрүүлэг үзлэг 2023 оны 09 сарын байдлаар 50 хувьд хүрээгүй гэх үйл баримтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан бол энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчинө.

44.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “даунтай хүүхэд эндсэн, анхнаасаа даунтай хүүхдийг жирэмслэлтийн хугацаанд эрт илрүүлээд эхэд зөвлөгөө өгч болох байсан, авто тээврийн ослоор хүүхэд нас барсан. Үүнийг мэдэгдээгүй” гэж маргасанд дараах дүгнэлт хийв.

45.Дауны хам шинжтэй хүүхэд нас барсан нь Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэхийг мэргэжлийн байгууллага тогтоосон эсэх тодорхойгүй. Түүнчлэн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид дээрх үйл баримтыг тусгаагүй тул энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

            46.Авто тээврийн ослоор хүүхэд эндсэн тохиолдолд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж үзнэ. Харин авто тээврийн ослын улмаас гэмтэл авсан хүүхдэд эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд эндсэн тохиолдолд үүнийг мэргэжлийн байгууллага тогтоосны үндсэн дээр эмч, эрүүл мэндийн байгууллагын удирдлагын буруутай үйл ажиллагааны талаар дүгнэх боломжтой болно.

            47.“Албан тушаалын тодорхойлолтын дагуу шууд харьяалах албан тушаалтанд хүүхдийн эндэгдлүүд, амьгүй төрөлт, зам тээврийн ослоос шалтгаалсан хүүхдийн эндэгдлийг мэдээлэх үүргийн дагуу мэдээлээгүй, статистикийн тоо баримт зөрүүтэй” гэх үйл баримт нь ажилтны Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтын аль хэм хэмжээг зөрчсөн болохыг Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид тусгаагүй тул энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

48.“2024 оны эрүүл мэндийн төвийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 37,1 хувьтай байгаа нь хангалтгүй. Сумын Эрүүл мэндийн төвтэй холбоотой иргэдийн гомдол санал буурахгүй байгаа. Ажлын хариуцлагыг нэмэгдүүлж, ажил эрчимжүүлэхийг шаардсан боловч үр дүн гаргаагүй” гэх үйл баримт нь ажилтны Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтын аль хэм хэмжээг зөрчсөн болохыг Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид тусгаагүй тул энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

49.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ... 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэжээ.

50.Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй бол хууль бус захиргааны акт болно.

51.Хэргийн оролцогчдын маргаж буй “Д.Д*********    60 хувийн урамшуулал авч эрх мэдлээ урвуулан ашигласан, өөртөө урамшуулал олгосон. Хөвсгөл аймаг дахь Төрийн адуитын газрын 2024 оны актаар 9,252,542 төгрөгийн илүү цалинг албан хаагчдад олгож, Төсвийн тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Нягтлан бодогч нарыг Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг авалгүйгээр шууд томилсон нь хууль тогтоомж зөрчсөн. Төлөвлөгөө батлуулаагүй ...” зэрэг үйл баримтын талаар маргаан бүхий захиргааны актад заагаагүй тул тухайн үндэслэлүүдээр нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй.

52.Нэхэмжлэгч Д.Д*********    “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

53.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.

54.Тариалан сумын Засаг дарга 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах журмыг зөрчиж сонсох ажиллагаа хийгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЭМСЗ-ийн хурал №2 гэх тэмдэглэлээр нотлогдож байна.

55.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д*********    хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, аймгийн Засаг даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй.

56.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Д*********    шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гөрөөчин Д.П*********-ийн      нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д*********   д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ГАНЧИМЭГ