Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/02416

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2022/02416 Улбаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  А ,

Хариуцагч: Баянгол дүүргийн  Г ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү Г.Э ногдох хувь 60,488,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Хариуцагч Х.Г ,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би Х.Г тэй 2013 онд Солонгос улсад ажиллаж байхдаа танилцаж, 2014 оны 4 дүгээр сараас эхлэн нэг гэрт хамтран амьдрах болсон. Тухайн үед бид хоёр Солонгос улсад ажиллаж амьдарч байсан. Улмаар 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүү Г.Э төрсөн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Солонгос улсад байх Монгол улсын консулын газарт очиж албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Намайг төрсний дараа Х.Г бид хоёр Пусан хотод амьдардаг байсан. Тухайн үед манай ээж Лхагвасүрэн намайг төрөх үед Солонгос улсад ирж намайг асарсан. Би төрөөд удаагүй, анхны төрөлт байсан учир хүүхдээ Монгол руу явуулах бодолгүй байсан. Гэтэл Х.Г нь хүүхэд болон манай ээжийг БНСУ-д хамт амьдрахад зардал их гарна, хүүхдээ болон ээжийг Монгол руу явуулна гэдэг байсан. Энэ байдлаас болж байнга маргаан үүсдэг байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд хариуцагч байнга намайг хардаж, сүүлдээ өөрийнхөө төрсөн хүүхдийг миний хүүхэд биш гэж хэлж намайг сэтгэл зүйн байнгын дарамтанд байлгадаг байсан. Эдгээр хувийн таарамжгүй харилцаанаас болж Х.Г нь 2017 оны 8 дугаар сард гэрээсээ явж дахиж ирээгүй. Бид цаашид хамран амьдрах боломжгүй, тусдаа амьдраад 5 жил болсон. Энэ хугацаанд Х.Г өөр хамтрагчтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид гэр бүл болсноос хойш Солонгос улсад байхдаа Х.Г ийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгаламж нээж, ажил хийж олсон орлогын тодорхой хувийг хийдэг байсан. Анх бид хоёр ярилцаж тохирохдоо хадгаламж нээж цаашид хуримтлуулсан мөнгөөрөө Монголд очиж гэр бүлийн бизнес хийнэ гэж ярьсан. Ингэхдээ миний цалингаар өдөр тутмын хоол хүнс, байрны түрээс гэх мэт зүйлд зарцуулж, Х.Г ийн цалинг хадгаламжид хийхээр болсон. Солонгост очсоноос хойш бид хоёр хадгаламж нээж мөнгө хийх болсон. Би тэнд ажилаж амьдарч байхдаа хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө Х.Г эд Киа маркын машин авч өгч байсан. Намайг хариуцагч 7 сартай нялх биетэй байхад хаяж явсан. Би хүний нутагт харж хандах хүн байхгүй, хүү Г.Э ганцаараа өсгөх гэж хийж үзээгүй ажил гэж байхгүй. Миний хүү одоо 5 настай, би хүүхдээ ганцаараа өсгөсөн. Би 2019 оны 3 сард Монголд ирсэн. Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудад Х.Г ийн Худалдаа хөгжлийн банкны 00 дугаарын хугацаагүй хадгаламжийн дансанд 90,732,931 төгрөгийн орлого орсон байх ба тухайн хадгаламжийн мөнгийг бид хоёр Солонгос улсад байхдаа хуримтлуулсан дундын эд хөрөнгө тул уг хадгаламжийн дансанд байсан 90,732,931 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулж өөрт болон хүү Г.Э нарт оногдох хувь болох 60,488,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд Х.Г ийн Худалдаа хөгжлийн банкны хугацаагүй хадгаламжийн дансанд байсан 90,732,931 төгрөгийн хадгаламжийн мөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон хүү Г.Э нарт оногдох хувь 60,488,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Хариуцагч бидний Монголд ирснээс хойш сард 300,000 төгрөг өгдөг байж байгаад 400,000 төгрөг өгдөг болсон нь эцэг хүний үүргээ биелүүлж байгаа гэж ойлгодог. Хүүхэдтэйгээ хэдхэн сар байсан учир би дасаагүй. Тиймээс би хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоолгоно. Хадгаламжийн дансыг Х.Г өөрөө мөнгө хуримтлуулъя гэж хэлж нээж байсан. Хариуцагчийн надад шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахгүй. Учир нь энэ мөнгийг хүүхдэд зарцуулсан. Х.Г өмнөх гэр бүлээсээ хүүхэдтэй гэдгийг би мэднэ. Тэр хүүхэддээ мөнгө зарцуулахад би зөвшөөрдөг байсан. Худалдаа хөгжлийн банкны данс нь хуримтлалын данс мөн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэрлэгчдийн дундын эд хөрөнгө болно. Залуу гэр бүл мөнгө олох зорилгоор Солонгос улсын зорьдог. Энэ жишигээр гэрлэгчид ажиллаж амьдарч, хуримтлал үүсгэж байсан. Хэдийгээр 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн ч тэд 2014 оноос эхлэн нэг гэр бүл болон амьдарсан учир энэ хугацаанаас хойшхи үеийн хөрөнгө нь дундын эд хөрөнгө болно. Энэ хугацаанд тэд гэр бүл болсон гэдгийг хариуцагч зөвшөөрдөг. Хадгаламжийн дансанд орж буй орлого бүгд цалингийн орлого байгаа. Тэд 2017 оноос тусдаа амьдарсан ч дундын эд хөрөнгөд тооцогдохгүй гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс мөнгө олох гэж явсан учраас төрөөд удалгүй ажилдаа орсон гэдэг. Хариуцагч тухайн тохиролцсон хадгаламжийн мөнгөнөөс зарлага хийж байгааг нэхэмжлэгч мэдээгүй, хадгалж байгаа гэж ойлгож байсан. Гэтэл хариуцагч бусдад зарцуулаад байсан байна. Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би Ш.А тай БНСУлсад ажиллаж байхдаа анх танилцсан бөгөөд Монгол улсаас БНСУ-д суух элчин сайдын яаманд гэрлэлтээ 2017 онд баталгаажуулж байсан. Бид хоёрын дундаас хүү Г.Э маань 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Бидний хамтын амьдрал харамсалтай нь удаан үргэлжлээгүй бөгөөд 2017 оны 8 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдраад 5 жил орчим болж байгаа тул буцаж нийлэх боломжгүй тул гэрлэлт цуцалж, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээн, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин Ш.А 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хэдий тусдаа амьдарч байсан боловч өөрийн хүү Г.Э болон Ш.А д тогтмол мөнгө шилжүүлж амьдралд нь бага ч боловч дэмжлэг үзүүлэхийг хичээж ирсэн. Миний бие Г.Эрхэмийн нэр дээр Ш.А ын данс руу сар бүр 400,000 төгрөг шилжүүлдэг. Нэхэмжлэгчийн дурдсан Худалдаа хөгжлийн банк дахь дансыг би өөрөө БНСУ руу 2016 онд явахаасаа өмнө нээлгэсэн данс бөгөөд тус дансыг зөвхөн цалингаа авах, шилжүүлэх зорилгоор нээлгэсэн данс юм. Түүнээс биш нэхэмжлэгчийн бичсэнчлэн хамтдаа, хадгаламж үүсгэх зорилгоор нээлгэсэн данс огтоос биш болно. Тус дансанд шилжүүлсэн зарим мөнгө гэхэд л БНСУ-д албан ёсны визгүй Монгол хүмүүс гэрийнхэн рүүгээ мөнгө шилжүүлэхдээ надаас гуйгаад хийлгэдэг байсан. Мөн Ш.А ын ээж болон түүний дүү рүү гэхэд л 2,000,000 төгрөг шилжүүлж байсан. Энэ данс бол харилцахын данс бөгөөд мөнгө хуримтлуулдаг данс биш. Би үнэндээ мөнгө хуримтлуулаад 20 орчим сая төгрөгтэй байсан бөгөөд түүнээс 13,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлсэн байдаг. Би ганцаараа тэр дансанд орсон бүх мөнгийг хэрэглээд байсан зүйл байхгүй, өдөр тутмын амьдралдаа зарцуулаад, мөн өөрийн охины тэтгэлэг төлөх зэрэг хүний амьдралд байдаг асуудалдаа зарцуулаад л дуусдаг юм. Иймд Ш.А ын энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би анх 2010 онд БНСУ-д гэрээгээр очиж байсан. Энэ үедээ гэр бүлтэй байсан. Гэрээний хугацаа дуусаад Монгол улсад ирэхэд тухайн үеийн эхнэр миний явуулсан бүх мөнгийг үрж, амьдрах нөхцөлгүй болгосон байсан. Хадгаламжийн данс нээсэн гэсэн зүйл байхгүй. Өмнөх амьдралаа шийдээгүй байсан хүн шүү дээ. Хамтран амьдраад, хүүхэдтэй болоход нэхэмжлэгчийн ээж нь ирсэн. Тухайн үед авсан цалингаа амьжиргаандаа зарцуулдаг байсан. Өмнөх амьдралаа алдсан учир сэтгэл зүйн хувьд нэхэмжлэгчийг жаахан хардах зүйл байсан. Ээжийг нь Монгол улс-д явуулж, БНСУ-д хамт ажиллан мөнгө хураахыг хүсдэг байсан. Хадам ээжийн зүгээс би цалингаа бүгдийг нь нэхэмжлэгчийн данс руу хийдэг байхад их сайхан ааштай байдаг байсан. Гэтэл мөнгө хураах талаар ярьж эхлэх үеэс зан харьцаа нь өөрчлөгдөж, ажлаас ирэхэд унтах газрыг хүртэл заадаг, хүүхдийн хажууд тамхи татдаг байсан. Өөр хот руу ажиллахаар явсан болохоос нэхэмжлэгчийг хаяж яваагүй. Хадам ээжээс жаахан хол байх нь зөв юм байна гэж бодсон. Хүүхэд өвдөхөд картнаас болоод ээж нь намайг гэрийн босгоор битгий даваарай гэх зэргээр доромжилсон. Нэг өдөр гэртээ ирэхэд миний хувцаснуудыг нэг газар бөөгнүүлээд тавьсан байсан. Үүнийг нь яв гэж байгаа юм байна гэж ойлгоод хувцсаа аваад явсан. Хадгаламжид байгаа мөнгөний хувьд дамжин өнгөрч байгаа данс. БНСУ болон Монгол улсын данс хооронд шилждэг юм. Бид тусдаа байх хугацаандаа шүүхээр гэрлэлтээ цуцлуулаагүй ч хүхдийн тэтгэлэг өг гэсний дагуу сар бүр 400,000 төгрөг өгдөг байсан. Дансны хувьд миний хурааж хуримтлуулсан данс биш. Нийт 40,000,000 орчим төгрөгийг эхнэр хүүхэддээ зарцуулсан. Надад Ш.А ын цалингаар зээл авхуулж машин авхуулж байсан зүйл байхгүй.

Х.Г ийн хувьд нэхэмжлэгч Ш.А ын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардах эрхийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлж байна. Тэгвэл тухайн хадгаламжийн дансанд одоо 5,304.58 төгрөг л байгаа. Гэтэл байхгүй хөрөнгийг хариуцагчаас нэхээд байна. Тухайн дансанд байсан мөнгө нь хуримтлагдаад үүсчихсэн мөнгө биш учир дундын эд хөрөнгөд тооцох боломжгүй. Учир нь гэрлэгчид 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлснээр албан ёсоор гэр бүл болсон. Энэ хугацаанаас өмнө хариуцагч тухайн Худалдаа хөгжлийн банк дахь дансыг нээсэн байна. Мөн дансанд хэн, хэнээс орсон орлого гэдгийг харах хэрэгтэй. Зөвхөн цалин биш өөр гуравдагч этгээдээс орсон орлого ч байна. Иймд хариуцагчаас 60,488,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн үү...гэв.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон лавлагаа /хх-6-7/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, хүү Г.Э эрүүл бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-10/, Баянгол дүүргийн 47 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-12/, тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 125 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-13/, ....... зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор: өөрийн Хаан банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-81-88/-ыг нотлох баримтаар гаргасан.

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 7974 дугаар захирамжаар хариуцагч Х.Г ийн нэр дээр бүртгэлтэй хадгаламжийн данс байгаа эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагааг дансны хуулгын хамт ирүүлэхийг арилжааны банкуудад даалгаснаар Төрийн банк ХХК-д данс эзэмшиж байсан нь хаагдсан тухай лавлагааг дансны хуулгын хамт /хх-39-40/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн данс эзэмшдэг тухай лавлагааг дансны хуулгын хамт /хх-42-55/, Хас банк ХХК-ийн данс эзэмшдэг тухай лавлагааг дансны хуулгын хамт /хх-57-65/, Авто тээврийн үндэсний төвөөс Х.Г ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа /хх-36/, мөн хариуцагчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байгаа тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-41/ зэрэг баримтуудыг ирүүлснээр шүүхийн журмаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч Ш.А ын гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, Х.Г ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хадгаламжийн дансанд орлого болж орсон 90,732,931 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулах, өөрт болон хүү Г.Э оногдох хэсэг 60,488,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай хувийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарсан учир гэрлэлтээ цуцлуулах, хүүхэд төрсөн цагаас хойш богино хугацаанд хамт амьдарсан тул хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоолгон хариуцагчаар тэжээн тэтгүүлэх, мөн хариуцагчийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хадгаламжийн дансанд орлого болж орсон нийт 90,732,931 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон хүүхдэд оногдох хувь 60,488,620 төгрөгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: тухайн хадгаламжийн дансыг нэхэмжлэгчтэй гэрлэлт батлуулахаас өмнө нээсэн байсан, өмнөх гэр бүлээ цуцлуулаагүй байсан, мөн хамтарч хуримтлал үүсгэнэ гэж тохиролцоогүй учир гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болохгүй, хэдий хадгаламжийн данс боловч орлого оронгуут зарцуулдаг байсан нь харилцах дансны нэгэн адил ашиглаж байсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа бол одоо уг хадгаламжид 5,603 төгрөг байгаа гэж тайлбарласан.

4.Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй. Харин хариуцагч Х.Г ийн нэр дээрх банк дахь хадгаламжийн дансанд орсон нийт орлого дундын эд хөрөнгөд тооцогдох эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн харилцан тохиролцсоны дагуу болон 2017 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, энэ хугацаанд хүү Г.Э эхийн асрамжинд байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Э эх Ш.А ын асрамжид үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Э тэтгэлэг тогтоон, эцэг Х.Г ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

6.Түүнчлэн гэрлэгчид шүүх хуралдааны явцад хариуцагчийн хүү Г.Э уулзах уулзалтын журам тогтоосон нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасанд нийцсэн учир хариуцагч нь хүү Г.Э сард нэг удаа, өдрийн цагаар уулзахаар журам тогтоосныг батлах нь зүйтэй. Зохигчид хэн аль нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ эдлэх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцоогүй бол тухайн асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн нэр дээрх банк дахь хадгаламжийн дансанд орсон нийт орлого болох 90,732,931 төгрөгийг дундын эд хөрөнгөд тооцон, үүнээс өөрт болон хүү Э ногдох хувийг буюу 60,488,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, тухайн дансыг гэрлэгчид хамтран амьдарч эхэлсэн үеэс хуримтлал үүсгэж Монгол улсад ирээд бизнес эрхлэх зорилгоор хадгалсан ба А ын цалингаар амьжиргааны бусад зардалд зарцуулахаар тохиролцсон гэж тайлбарлана.

8.Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй хамтарч хуримтлал үүсгэхээр тухайн дансыг нээгээгүй, БНСУ-д гэрээт ажилтны шугамаар яваад, Монгол улсад буцаж ирэхдээ үүсгэсэн данс бөгөөд дундын эд хөрөнгө биш, цалин орлогоос гадна өөр бусад хүмүүст ашиглуулж байсан, орлого оронгуут буцаан зарлага хийдэг буюу харилцах данс шиг ашиглаж байсан, одоо байгаа үлдэгдэл 5,304 төгрөг бөгөөд дундын хөрөнгө биш гэж тайлбарлан маргасан.

9.Гэрлэгчид 2013 онд БНСУ-д ажиллаж байхдаа танилцсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна. Улмаар 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан талаар зохигчид тайлбарлах бөгөөд энэ нь гэрлэлтийн лавлагаагаар тогтоогдож байна. Тэдний дундаас хүү Г.Э 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрснийг 2 дугаар сарын 13-ны өдөр Төрсний бүртгэлд бүртгүүлжээ.

10.Хариуцагч Х.Г Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хадгаламжийн 456095729 дугаар дансыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нээж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 22,957 төгрөгийн орлого орж, 15,293 төгрөгийн зарлага хийж, 7,664 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн банкны 00 дугаар дансыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нээж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 90,732,931 төгрөгийн орлого орж, 90,727,626 төгрөгийн зарлага хийж, 5,304 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

11.Хариуцагч мөн Хаан банк ХХК-д харилцах данстай, уг данснаас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 25,514,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. Энэ мөнгийг нэхэмжлэгч хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарласан.

12.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна. Хариуцагчийн нэр дээрх тухайн хадгаламжийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө биш гэж хариуцагч тал маргаж байгаа тохиолдолд үүнийг нотлох үүрэг нэхэмжлэгч талд шилжих бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал: хуульд зааснаар гэрлэгчдийн гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тэдний дундын эд хөрөнгөд хамаарах ба хариуцагч тухайн хадгаламжийн дансыг нэхэмжлэгчтэй гэр бүл болохоос өмнө 2016 онд нээсэн, энэ хугацаанд зохигчид гэр бүл болоогүй байсан гэж үзнэ. Мөн тухайн дансанд хуримтлагдсан 90,732,931 төгрөг одоо байхгүй, орсон орлогыг тухай бүрт нь бусдад шилжүүлдэг байсан нь дансны хуулгаар тогтоогдож байна.

13.Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлуулах үед байгаа хөрөнгөөс гишүүдэд ногдох хувийг хуваарилахаас бөгөөд хамтран амьдарч байхдаа зарцуулсан хөрөнгийг нөхөж хуваах боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт зааснаар гэрлэхээс өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрхийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарах бөгөөд гэрлэгчид ийнхүү тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай Ш.А ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 530,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол улсын иргэн  А /00 /, Монгол улсын иргэн  Г /00 / нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Г.Э эх Ш.А ын асрамжид үлдээн, хүү Г.Э 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшиний 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшиний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Х.Г ээр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Г эд холбгодох Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Х.Г ийн нэр дээрх 00 тоот хадгаламжийн дансанд нийт 90,732,931 төгрөгийн орлого орсныг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд тооцох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү Г.Э ногдох хувь 60,488,620 төгрөгийг Х.Г ээс гаргуулах тухай Ш.А ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Г нь хүү Г.Э сард нэг удаа, өдрийн цагаар уулзаж байхаар нэхэмжлэгч Ш.А тай тохиролцон уулзалтын журам тогтоосныг баталж, Ш.А , Х.Г нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүү Г.Э асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 530,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА