Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 223/МА2019/00017

 

 

 

 

 

“Ворлдкореа” ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 151/ШШ2019/00237 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Ворлдкореа” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Дашзэвэгт холбогдох,

15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 “Ворлдкореа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”Ворлдкореа” ХХК нь Д.Дашзэвэг болон Д.Цогзолмаа нарын төрсөн хүү болох Дашзэвэгийн Дашдоржтой 2017 оны 12 сарын 25-ны өдөр БНСУ-ын их дээд сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын ЗГ-17/142 тоот дугаартай гэрээг суралцагчийн суралцах хугацааны туршид буюу 5 жилийн хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээгээр Ворлд Кореа ХХК нь Д.Дашдоржийг БНСУ-ын ХАЛЛИМ ИХ СУРГУУЛЬ их сургуульд элсэн суралцуулахад зуучлах, Д.Дашдорж нь гэрээнд заасан нөхцөл журмын дагуу суралцах үүргийг тус тус хүлээсэн. Үндсэн гэрээг үндэслэн Д.Дашдоржийн төрсөн эцэг Д.Дашзэвэгтэй 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн дугаар №ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 27 гудамжны 04 тоот хаягтай, Ү-1427001221 тоот улсын бүртгэлийн дугаартай, 58,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 27 гудамжны 04 тоот хаягтай, Г-1427002108 тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-861 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар мөн Д.Дашдоржийн төрсөн эх Д.Цогзолмаатай 2018 оны 08-р сарын 08-ны өдрийн дугаар ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул Үзүүр толгой 11 гудамж 1138 тоот хаягтай, Г-1419002586 тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байдаг. Мөн хариуцагч Д.Дашзэвэг, Д.Цогзолмаа нар нь өөрийн төрсөн хүү болох Д.Дашдоржийг зуучлалын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй,БНСУ-д сургалтын визний зөрчил гаргаж, БНСУ-д хууль бусаар оршин суусан тохиолдолд барьцаалуулсан эд хөрөнгөөрөө хохирлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Гэтэл Д.Дашдорж нь зуучлалын гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, БНСУ-БНСУ-ын сургалтын визний хугацаа хэтрүүлсэн БНСУ-д хууль бусаар оршин сууж, эх орондоо эргэн ирэхээс татгалзсан тул ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцааны нөхцөл болох 1.3-т Барьцаалуулагч Монгол улсын иргэн Доржсүрэн овогтой Дашзэвэг миний бие өөрийн хүү болох Дэшзэвэг овогтой Дашдоржийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй БНСУ-ын хууль дүрэм зөрчин визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа амлаж байна гэсэн заалтыг тус тус үндэслэн Ворлд Кореа ХХК нь Д.Дашзэвэг, Д.Цогзолмаа нараас үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.Иймд Д.Дашзэвэг, Д.Цогзолмаа нараас 15 000 000 төгрөгийг гаргуулж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Д.Дашдорж нь нэхэмжлэгч компаниар зуучлуулан БНСУ-ын Халлим их сургуульд суралцахаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасан бүх төлбөр тооцоог төлж дуусгасан. Ингээд миний ойлгосноор бол 9 сарын хугацаатай визээр Солонгос улс руу явж, сургуульдаа сурсан. Мөн эрүүл мэндийн даатгалын 450 ам долларыг компанид төлсөн байдаг.Гэтэл тус улсад очсоны дараа биеэр нь харшил гарч, эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд сургуульдаа суралцаагүй, визний хугацаагаа сунгуулаагүй нь үнэн. Нэгэнт өндөр хөгжилтэй улсад байгаа тул ажил хийж өвчнөө эмчлүүлэх зорилготой. Харин эх орондоо ирэхээс татгалзаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Эх орондоо ирэхээс татгалзана гэж байхгүй шүү дээ. Д.Дашдоржтой зуучлалын гэрээ байгуулсан өдөр мөн түүний аав Д.Дашзэвэгтэй барьцааны гэрээ байгуулж, хашаа байшин барьцаалсан. Энэ барьцааны гэрээнд хүүхэд нь харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлнө гэж заасан байна. Энэ гэрээг миний хувьд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа. Миний хүү гадаад улсад харласан байхад яагаад энэ компанид байгаа ганц хөрөнгө болох хашаа байшингаа өгөх болоод байгааг ойлгохгүй байна. Энэ компани бидний хашаа байшинг барьцаанд аваад зогсохгүй мөн миний зуслангийн газрыг хүртэл барьцаалсан байгаа. Манай хүү харласнаар энэ компанид ямар хохирол учирсан талаар баримтгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.”  гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Д.Дашдоржид холбогдох 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ворлд кореа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цогзолмаагаас татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч Д.Цогзолмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа давж заалдах гомдолдоо ... “Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох 2017 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан "БНСУ-ын Халлим их сургууль-д суралцуулахад зуучлах зуучлалын гэрээ", 2017 оны 12 сарын 25-ны өдөр байгуулагдсан дугаар ҮХХГ-14/142 тоот "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ", БНСУ-ын ЭСЯ-ны албан ёсны вэб сайтаас татаж авсан визний хугацаа сунгуулах журам зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Ворлд кореа ХХК иргэн Д.Дашдорж нарын хооронд байгуулагдсан ЗГ-17/142 тоот гэрээнд зуучлуулагч Д.Дашдоржийн ямар үүрэг зөрчигдөж, хэдий хэмжээний хохирол учруулсан тохиолдолд барьцааны ҮХХГ-14/142 тоот гэрээгээр бариулсан эд хөрөнгөөр хангуулах талаар тусгагдаагүй бөгөөд .." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба шүүхийн зүгээс талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна.

Учир нь талуудын хооронд 2017 оны 12-р сарын 25 өдөр байгуулсан Дугаар ЗГ-17/142 тоот зуучлалын гэрээний 3.9-т "Б тал буюу суралцагч нь сургалтын визээр олгогдсон хугацаанд 3.7-3.8-т заасан үндэслэлээр сургалтын визээр олгогдсон хугацааг хэтрүүлэн визний зөрчил үүсгэн харлаж, эх орондоо эргэж ирэхээс татгалзсан тохиолдолд барьцаалуулагч нь үл маргах журмаар 3 семистрийн төлбөр дээр 1000 долларын торгуулыг А талд төлж барагдуулах үүрэгтэй" мөн гэрээний 1.2-т "А тал нь Б тал болох суралцагч Дашзэвэг овогтой Дашдорж-ийг БНСУ-ын Халлим их сургууль-ийн хэлний бэлтгэлд суралцаад цаашид үргэлжлүүлэн барилгын инженер мэргэжлээр Бакалавр-т суралцахад зуучлахаар харилцан тохиролцсон болно" гэх заалт мөн гэрээний З.б.т "Б тал буюу суралцагч нь зөвхөн БНСУ-ын ЭСЯ-аас олгосон визний зөвшөөрлийн дагуу батлан даасан сургуульдаа сонгосон мэргэжлийн дагуу суралцах үүрэгтэй" гэх заалтуудыг харвал Д.Дашдорж нь БНСУ-ын сургалтын визтэй холбоотой хууль тогтоомжуудыг мөрдөж тус улсад визний зөвшөөрлийн дагуу хууль ёсны дагуу оршин суух үүрэг хүлээж байгаа юм.

Талуудын хооронд байгуулсан ЗГ-17/142 тоот гэрээ нь Иргэний хуулийн 39-р зүйл 40-р зүйлийг үндэслэн хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд мөн хуулийн 410-р зүйлийн 410.1-т зааснаар зуучлалын гэрээ юм.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан сургалтын гэрээнд заасан Д.Дашдоржид үүрэг хүлээлгэсэн гэрээний гол заалтуудыг үндэслэл болгоогүй нь хэрэглэх ёстой гэрээний заалтыг хэрэглээгүй гэх дүгнэлтэнд хүргэлээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...барьцаалуулагч талуудын хоорондох гэрээний эрх чөлөөний зарчим үйлчлэх байтал 1.3-дахь хэсэг нь хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн гэж үзэхээргүй байна.   Тодруулбал барьцаагаар хангагдсан үүрэг зөрчигдсөн үеэс тухайн эд хөрөнгийг борлуулсны орлогоос өөрийн шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд харин 15 000 000 төгрөгийг төлнө гэсэн хэсэг нь талуудын эрхийг зөрчсөн гэж үзлээ. "гэж дүгнэсэн нь гэрээнд хариуцагч талын ямар эрх зөрчсөн эсэх мөн үүнээс үүдэн талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх эсвэл тодорхой хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн эсэх нь ямар хуулийн заалт баримталж ингэж дүгнэж байгаа нь үндэслэл муутай байхаас гадна ойлгомжгүй, тодорхойгүй мөн хэт нэг талыг барьсан харагдаж байна.

Учир нь Д.Дашзэвэг болон Ворлд Кореа ХХК-тай байгуулсан 2017 оны 12-р сарын 25 өдөр байгуулсан дугаар 17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11-р зүйл /барьцааны гэрээний агуулга/, мөн хуулийн 12-р зүйл /гэрээ бүртгүүлэх / заалтын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр гэрээ болсон байдаг.

Мөн Монгол улсын иргэний хуулийн гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл буюу тус хуулийн 56-р зүйл, 57-р зүйл,58-р зүйл, 59-р зүйлүүдэд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад ямар үндэслэлээр эрх зөрчсөн цаашлаад барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь тодорхойг үй байна.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41.1 .Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж заасан. Бид Иргэний хуулийн 189-р зүйлийг үндэслэн гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд уг гэрээг байгуулсан байдаг.

Ийнхүү Д.Дашдорж, Д.Дашзэвэг нар гэрээнд заасан заалтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Ворлд Кореа ХХК-ийн өмнө Д.Дашзэвэг нь Д.Дашдоржийг БНСУ-д харлуулахгүй байх үүрэг хүлээсэн учраас бид Д.Дашзэвэгийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэтИргэний хуулийн 87-р зүйлийн 87.1-д өөр эрхтэй салшгүй холбоотой түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ нь бие даан оршдоггүй харин үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгслийн хувьд үндсэн гэрээний үүрэггүйгээр дангаар хэрэгжихгүй гэж ойлгоно." гэж тодорхойлсон мөртлөө барьцааны гэрээ нь дангаараа хэрэгжихгүй гэж шүүхийн шийдвэрт тусгасан. Гэтэл салгаж үл болох эрх нь ИХ-ийн 153р зүйлийн дагуу барьцааны эрх байдаг. Тиймээс нэхэмжлэгч талд барьцааны эрх үүссэн байгаа. Хууль болон гэрээний дагуу ямар нэг шаардлага үүсэж буй болон үүсэхээр байгаа   тохиолдолд зөвхөн тухайн шаардлагыг хангуулах үүднээс эд юмсыг барьцаалах эрх үүсдэг. Тиймдээ ч зуучлалын гэрээ болон барьцааны гэрээнд шаардлагыг маш тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээний 1.3-т "...Д.Дашдорж нь БНСУ-ын хууль дүрэм зөрчиж, визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа амлаж байна." гэх заалтан дээр барьцааны шаардлагыг маш тодорхой тусгаж өгсөн мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь сургалтын гэрээтэй адил хүчин төгөлдөр гэх гэрээний заалт мөн зуучлалын гэрээнд дээр дурдсанаар ямар нөхцөл байдал үүсэхээр барьцаалуулагч суралцагчийн өмнөөс үүрэг хүлээх нь сургалтын гэрээний 3-р зүйлд тодорхой тусгасан байна.

Гэтэл ийм ойлгомжтой хүчин төгөлдөр бус байх нөхцөлгүй гэрээг дангаараа хүчин төгөлдөр хэрэгжихгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулинд нийцэхгүй байдлаар тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх гэрээний гол үүргийн зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Мөн шүүгчийн ёс зүйн хувьд мөн гомдолтой байгаа бөгөөд шүүхийн хэлэлцэх шат өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гараагүй байхад хэтэрхий нэг талыг барьсан асуулт асууж байгаагаас харахад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигч талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 26 -ны өдрийн 00237 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч “Ворлд кореа” ХХКомпани нь шүүхэд хандан барьцааны гэрээний үүрэгт хариуцагч Д.Дашзэвэг, Д.Цогзолмаа нараас 15 000 000 төгрөг шаардсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь  хариуцагч Д.Цогзолмаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Д.Дашзэвэг  нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ворлд кореа ХХК нь иргэн Д.Дашдоржтой /хариуцагч Д.Дашзэвэгийн хүү/ харилцан тохиролцож  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Халлим их сургуульд суралцахад зуучлах зорилгоор зуучлалын гэрээ, мөн өдөр хариуцагч Д.Дашзэвэг, Д.Дашдорж нартай  тохиролцож дээрх гэрээний үүргийн  гүйцэтгэлд 58,9 м кв талбайтай орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалж ҮХХГ-17/142 тоот  “үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа”-ны гэрээ  тус тус байгуулсан,  БНСУ-д суралцахаар явсан Д.Дашдорж нь визний хугацаа хэтрүүлэн харлаж, тус улсад хууль бусаар оршин сууж байгаа зэрэг  үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргаагүй   байна.

Нэхэмжлэгчээс  зуучлалын гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй,  харин  сургалтын гэрээний зөрчил  буюу суралцагч Д.Дашдорж нь сургалтын гэрээний үүргээ зөрчиж,  визний хугацаа хэтрүүлэн харлаж, тус улсад хууль бусаар оршин сууж байгаа  гэсэн үндэслэлээр   үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны ҮХХГ-17/142 тоот гэрээний 1.3-т” Барьцаалуулагч ...Д.Дашзэвэг миний бие өөрийн төрсөн хүү болон Д.Дашдоржийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй БНСУ-ын хууль дүрэм зөрчин визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д харласан тохиолдолд 15 000 000 төгрөг төлж барагдуулахаа амлаж байна” гэсэн заалтын дагуу хариуцагч Д.Дашзэвгээс 15 000 000 төгрөгийг шаарджээ.

Талуудын дээрх  тохиролцоо буюу   үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний заалтын талаар барьцааны  гэрээ нь бие даан оршдоггүй  үүргийг гүйцэтгэлийг хангах арга тул үндсэн гэрээний үүрэггүйгээр дангаар хэрэгжих боломжгүй  гэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, барьцааны гэрээгээр 15 000 000 төгрөгийн үүрэг хүлээлгэсэн тохиролцоо  нь  Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.1-т заасантай нийцээгүй  байна.

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрх тул үндсэн эрхгүйгээр, дангаар, бие даан оршихгүй бөгөөд барьцааны үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс тэргүүн ээлжинд хангуулах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч эдэлдэг,  барьцаа гэдэг  нь  үндсэн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд   үүргийн гүйцэтгэлийг хангах арга  болох талаар   Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.4-т тодорхой тусгагджээ

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар Ворлд кореа ХХК нь иргэн Д.Дашдоржийг БНСУ-ын Халлим их сургуульд суралцах боломж олгоход зуучилж, иргэн Д.Дашдорж нь зуучлалын хөлс 500 ам долларыг төлснөөр талууд зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн  байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний агуулгаас үзвэл Солонгос улсад харлахгүй байх, визний зөрчилгүй сургуульд суралцах зэрэг үүргийг дурьдаж, тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан байх боловч нэхэмжлэгчийн 15 000 000 төгрөгийн шаардлага нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлага  агуулаагүй  байна. 

Нэхэмжлэгчээс харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулсан, амлалт өгч үүрэг хүлээсэн учраас  хариуцагч Д.Дашзэвэг 15 000 000 төгрөг төлөх ёстой гэсэн агуулгаар  шаардаж байгаа нь  үндэслэлгүй байна. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлагыг барьцааны зүйлээс хангуулдаг тул барьцааны зүйл болох эд хөрөнгөөр хохирсон гэж нэхэмжлэгчийг үзэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас барьцааны гэрээнд тусгагдсан 15 000 000 төгрөгийн  талаар  зардал гарсан  хохирол гэх агуулгаар   тайлбарлаж байх боловч энэхүү  шаардлагын эрх зүйн үндэслэл өөрөө тодорхойгүй, суралцагч Д.Дашдоржийн  БНСУ-ын хууль тогтоомж зөрчиж, хууль бусаар оршин сууж байгаа визний зөрчил нь барьцааны гэрээ  байгуулсан хариуцагч Д.Дашзэвэгтэй хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага болох 15 000 000 төгрөг нь хариуцагч Д.Дашзэвгийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул бөгөөд  гэрээ зөрчигдсөнөөс үүссэн хохирлыг түүнээс нэхэмжлэх үндэслэлгүй   байна.

Иймд нэхэмжлэгчийн хувьд гэрээ болон гэрээний бус үүргийн дагуу шаардах эрх үүсээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.  

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг  зөв сонгон хэрэглээгүй, хариуцагчийн нэрийг буруу бичсэн алдааг залруулж шийдвэрт  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 151/ШШ2019/00237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын  “Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Д.Дашдоржид холбогдох  .. “ гэснийг  “ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д. Дашзэвэгт холбогдох “ гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.,-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                    ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Т.ЭНХМАА