| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0025/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Э-д холбогдох 1712002700012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Ц. Э /
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг 50 дугаар байранд өөрийн эхнэр Б.Л-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 171200270012 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Л-гийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургууль дээрээ байхад манай нөхөр Э над руу залгаад хүүхдээ аваарай гэж хэлсэн. Би орой 17 цагийн үед хүүхдээ авчихаад 50-ын байранд гэртээ орчихоод галаа түлээд 18 цагийн үед байж байтал манай нөхөр гаднаас халамцуу орж ирэхээр нь хаачаад ирж байгаа юм гэж асуухад чи муу гээд намайг зүүн нүд, толгой руу гараараа олон удаа цохисон, мөн газар унагаачихаад нуруу руу хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд би одоо унт гээд аргадаад хаалганаас холдоод хэвтэхээр нь гараад зугтаасан. Тэгээд дуудлага дуудсан. Тухайн үед юунаас болж цохиж зодсон гэдгийг мэдэхгүй, би хэрүүл маргаан хийгээгүй, урьд нь намайг цохиж зодоогүй. Уг асуудал болоход манай 3 настай охин, нөхөр, бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Би биеэ л зүгээр болгомоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06 хуу/
Хохирогч Б.Л-гийн дахин мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед манай нөхөр Ц.Э над руу яриад хүүхдээ цэцэрлэгээс нь аваарай гэхээр нь би ажлаа тараад хүүхдээ аваад гэртээ ирээд галаа түлэх гээд байж байтал манай нөхөр их даарсан юм шиг хацар нь улайсан орж ирээд чи муу гэснээ миний нүүр болон толгой руу цохиж зодсон бөгөөд газар унагаагаад нуруу болон мөр рүү өшиглөсөн. Тэгээд би аргадаад чи битгий тэг, одоо унтаад амарчих гээд аргадаж байгаад хаалганаас холдохоор нь гарч гүйгээд Б багшийнд ороод тэндээсээ Б-ын эхнэр Б багшийн машинаар эмнэлэг рүү хүргүүлсэн. Эмнэлэг дээр байж байтал манай сумын 2 цагдаа ирсэн бөгөөд эмнэлэг дээр ирэхээсээ өмнө би аймагт байдаг аав, ээж рүүгээ ярьсан байсан чинь аав, ээж 2 сумын цагдаа нарт хэлсэн юм шиг байна лээ. Одоо миний бие зүгээр болсон бөгөөд нилээн хэд хоног тариа хийлгээд, толгойгоо бариулаад зүгээр болсон. Толгойн орой хэсгээр жаахан хавдартай байсан байсан бөгөөд хавангийн тариа хийлгээд толгойгоо бариулаад, зүгээр болсон. Биеийн бусад газарт жижиг газруудад халцарсан байсан нь удаагүй зүгээр болсон. Тухайн үед сумынхаа эмнэлэгт мэс заслын эмч Бт үзүүлээд, тариа бичүүлж аваад 2 хоногийн дараа амагт хүлээн авахын эмчид үзүүлэхэд хүлээн авахын эмч тариа бичиж өгсөн. Сумандаа үзүүлэхэд Б гэдэг эмч надад гараараа тодорхойлолт хийж өгсөн, тэр тодорхойлолт болон аймгийн хүлээн авахын эмчийн хийж өгсөн тодорхойлолтыг шүүх эмнэлгийн шинжээч эмчид өгсөн бөгөөд би аваад цагдаад өгье гэж хэлсэн чинь би энүүгээр нь цагдаад чинь өгнө гэж шинжээч эмч хэлсэн. Одоо миний биеийн байдал хэвийн, ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Тухайн асуудал болсноос хойш манай нөхөр дахиж ямар нэгэн асуудал гаргаагүй. Тухайн үед юунаас болж ийм асуудал гаргасан гэдгийг ойлгоогүй, сүүлд нь манай нөхөр ярихдаа чи дүүгийнхээ байрны найранд хот руу явахдаа Өмнөговьд үлдээсэн юмнуудаа авчраагүй болохоор чинь миний уур хүрсэн юм гэж байсан. Надад одоо гомдол, санал байхгүй. Миний бие зүгээр болсон. Тэр асуудлаас хойш манай нөхөр дахиж янз бүрийн асуудал гаргаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Гэрч Д.Б-гийн мэдүүлсэн: ...Тэр өдөр цагийг нь сайн санахгүй байна, 18 цаг болж байсан байх, би сургууль руугаа явах гээд манай нөхөр түлээ хагалаад байж байсан чинь манай хажуугийн Л багш хүүхдээ аваад манайд ороод ирсэн. Гэтэл зүүн талын нүд нь хавдаад нүднийх нь хажуугаар цус урссан харагдаж байсан. Тэгээд би машинаа асаагаад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмнэлэг дээр эмч үзээд анхны тусламж үзүүлээд, шархыг нь цэвэрлэсэн бөгөөд тэр буцаж хүүхэдтэйгээ манайд ирээд хоносон. Тэгээд маргааш өглөө нь цагдаа нар ирээд Лгийн нөхрийг аваад явсан. Орой нь авч явах гээд ирэхэд нь гараад явчихсан байсан юм шиг байна лээ. ...Эгийнх 2017 оны 09 дүгээр сард манай суманд шилжиж ирж байсан. Э дуугүй, томоотой, архи дарс уудаггүй хүн байгаа юм. Манай байранд орсноосоо хойш архи ууж агсан тавьж байсан тохиолдол байхгүй. Э, Л нар хоорондоо ямар нэгэн гаж буруу харилцаа байдаггүй, хэрэлдэж, маргалдаад дуу чимээ гараад байдаггүй. Би ажил хэргийн шугамаар хааяа гэрт нь ороход зүгээр энгийн харьцаатай л байдаг хүмүүс бөгөөд манай байранд орсноосоо хойш янз бүрийн асуудал гарч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Гэрч Г.Б-ын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой ажил тарсны дараа хэдэн цаг болж байсныг санахгүй байна, гэртээ байж байтал эмнэлэг дээр зодуулсан хүн үзүүлэх гээд ирсэн байна гэхээр нь би эмнэлэг дээр ирэхэд Л гэдэг эмэгтэй хүн нөхөртөө зодуулсан гээд ирсэн байсан. Уг нь зүгээр байдаг юм өнөөдөр яасныг мэдэхгүй архи уусан байхдаа зодчихлоо гээд ирсэн. Лгийн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, няцралт ихтэй, нүд нь нээгдэхгүй, зүүн нүдний гадна талын ирмэг 0.5 см орчим газар язарсан шархтай байсан бөгөөд тэрнээс болж цус гарсан байсан. Өөр бусад газраа гэмтэл, бэртэл байхгүй байсан. Тухайн үедээ толгой жаахан өвдөөд байна гэж ярьж байсан. Би Лгийн цусыг нь тогтоож, өвчин намдаах тариа хийсэн бөгөөд шарх нь хавдартай байсан болохоор шархан дээр нь оёдол тавих боломжгүй байсан. Аймаг руу явж рентген зураг авахуулах, гэмтлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгөөд биед нь учирсан гэмтлийн талаар эмчийн үзлэгийн тэмдэглэл хийж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/
Гэрч Ж.О-ын мэдүүлсэн: ...Манай найз Ц.Э эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсан гэсэн. Э өмнө нь эхнэрээ зодож байсан удаа огт байхгүй. Би Эг сайн мэднэ, гэр орноор нь байнга ордог бөгөөд тэр үед эхнэртэйгээ их л эелдэг харилцдаг. Манай найз Э ажил төрөл хийхдээ мундаг, би өмнө нь хамт ажилладаг байсан. Тэрээр төлөв даруу зантай, нутаг орондоо нэр хүнд сайтай хүн байгаа юм. Э өөрөө хувиараа ажил хийдэг, уран гартай гэж хэлэхэд болно. Барилгын ажил, мужаан гээд л хувиараа ажил хийдэг. Эхнэр нь багш, өрхийн орлого нь дундаж айл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Ж.Ц-гийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би Улаанбаатар хотод байж байхад Тариат суманд багш хийдэг манай охин Л над руу утсаар яриад манай нөхөр Э намайг зодоод миний нүүр, толгой тархи руу цохихоор нь би зугтаагаад гараад ирлээ гэж ярьсан. Тэгээд би аймгийн цагдаа руу утсаар яриад Тариат сумын цагдаагийн дугаарыг аваад цагдаа руу нь яриад манай охиныг нөхөр нь зодсон гэнэ, чи очоод уулзаадахаач гэж хэлсэн. Тэгээд цагдаа нь манай охины гэрт очтол гэр нь эзгүй байхаар нь эмнэлэг дээр яваад очтол эмчид үзүүлээд байж байсан гэсэн. Тариатын эмч эм, тариа бичиж өгсөн гэсэн. Манай охиныг эмч үзээд аймаг руу яв, аймагт үзүүл, тархи толгойны зураг авахуул гээд явуулсан гэсэн. Манай охиныг аймагт ирэхэд хагас, бүтэн сайн өдөр таараад нэг их үзүүлж чадаагүй. Даваа гаригт Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан. Аймагт хүлээн авахын эмчид үзүүлэхэд эмч нь эм, тариа бичиж өгсөн. Лг ирэхэд би аймагт байсан бөгөөд хамт эмнэлгээр явсан. Түүний зүүн нүд нь хөхөрч хавдсан, зүүн нүдний гадна талын ирмэг нь язраад яршсан байсан. Хамар нь хавдаад жаахан мурийсан, зүүн хацар нь нилээн хавдартай байсан. Мөн баруун гарын сарвууны ар хэсэг хөхөрсөн байсан. Өөр ямар гэмтэл, бэртэл авсныг мэдэхгүй. Тэр орой нөхөр нь согтуу орж ирээд үг дуугүй зодсон гэсэн. Тэгээд сүүлд нь чи яагаад ийм асуудал болсон юм бэ гэж асуусан чинь манай охиныг хот руу явсан байж цаашаа яваад Өмнөговь аймгаас үлдээсэн эд зүйлээ авчирсангүй, тэрэнд чинь миний уур хүрээд гэж ярьсан гэсэн. Манай хүргэн, охин хоёр Өмнөговь аймгийн Мандал Овоо суманд ажиллаж байгаад Архангай аймгийн Тариат сумын сургуульд багшийн орон тоо гарахаар нь Тариат сум руу шилжиж ирсэн. Хэдэн жилийн өмнө гэдгийг нь санахгүй байна, манай охиныг оюутан байхад нь Э нэг удаа зодсон бөгөөд өөр цохиж зодсон зүйл байхгүй. Уг нь гайгүй байдаг юм, сая яагаад ингэж зодсон болохыг мэдэхгүй байна. ...Э, Л нар уг нь бол харьцаа гайгүй байдаг, нэг их хэрэлдээд байдаггүй, хоорондоо эвтэй л байдаг юм. Аймагт ирэхээрээ манай хүргэн жаахан архи уух гээд байдаг бөгөөд найзууд нь гэж архи уудаг хүмүүс жаахан уруу татах гээд байдаг. Түүнээс биш гайгүй, архинд дуртай нь дуртай юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Ц.Э-гийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын төвд 50-ын байр болох өөрийн гэртээ би архи уусан согтуу ирсэн. Манай эхнэр ирээд галаа түлээд сууж байсан. Тэгээд гэртээ ортол дөнгөж галаа түлж байхаар нь чи хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд нүүр болон толгойн хэсэгт нь 2-3 удаа цохиж унахаар нь нуруу хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл манай эхнэр гараад гүйсэн. Би оройтож гэртээ ирлээ гэх шалтгааны улмаас зодсон. Манай гэрт 3 настай охин С байсан бөгөөд өөр хэн нэгэн хүн байгаагүй. Би ганцаараа барилга барьж байсан газраа “Хараа” нэртэй 0.33 граммын архи уусан бөгөөд нэг их согтоогүй. Би өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй. Миний амьдарлын боломж дундуур бөгөөд өрхийн орлого 400.000 төгрөг байдаг. Манай эхнэр эмчилгээ хийлгээд байсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 522 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Лгийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн нүдний гадна талд шарх, салстад цус хуралт, зүүн далны гадна талд ууцны баруун талд цус хуралт, духны зүүн талд жижиг зулгаралтууд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний гадна талд шарх гэмтлүүд нь гэмтэл тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, духны зүүн талын жижиг зулгаралт, зүүн дал, ууцны баруун талын цус хуралт, хэл хазагдсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварынг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30-31 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг 50 дугаар байранд Б.Л-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэгт мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Суман баг 50 дугаар байранд өөрийн эхнэр Б.Лтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Лгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай нөхөр гаднаас халамцуу орж ирэхээр нь хаачаад ирж байгаа юм гэж асуухад чи муу гээд миний зүүн нүд, толгой руу гараараа олон удаа цохисон, мөн газар унагаачихаад нуруу руу хөлөөрөө дэвсээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06/, гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай хажуугийн Л багш хүүхдээ аваад манайд ороод ирсэн. Гэтэл зүүн талын нүд нь хавдаад нүднийх нь хажуугаар цус урссан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэртээ байж байтал эмнэлэг дээр зодуулсан хүн үзүүлэх гээд ирсэн байна гэхээр нь би эмнэлэг дээр ирэхэд Л гэдэг эмэгтэй нөхөртөө зодуулсан гээд ирсэн байсан. Лгийн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, няцралт ихтэй, нүд нь нээгдэхгүй, зүүн нүдний гадна талын ирмэг 0.5 см орчим газар язарсан шархтай байсан бөгөөд тэрнээс болж цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай найз Ц.Э эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Ж.Цгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай охин Л над руу утсаар яриад манай нөхөр Э намайг зодоод миний нүүр, толгой тархи руу цохихоор нь би зугтаагаад гараад ирлээ гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, Ц.Эгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “гэртээ ортол манай эхнэр дөнгөж галаа түлж байхаар нь чи хаагуур яваад ирж байгаа юм бэ гээд нүүр болон толгойн хэсэгт нь 2-3 удаа цохиж, унахаар нь нуруу хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, хохирогч Б.Лгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 522 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Ц-ын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ