Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 0038

 

 

 

 

 

 

 

 

Э.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Э.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.М /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч                           Б.Т

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Мын давж заалдах гомдлоор Э.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Э-н М,

 

Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр         аймгийн        сумын        багийн      хорооллын “E” байрны      тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О-г бусадтай хардсаны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овгийн Э-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Моос 2.778.000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-т олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.О нь хамрын ясны хугарлын хагалгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.М давж заалдах гомдолдоо:

Миний бие Э.М 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн найз охин Б.О-тэй маргалдсаны улмаас цохиж биед нь гэмтэл учруулсан. Энэхүү үйлдлийн улмаас Б.О-т хөнгөн гэмтэл учруулж хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэсэн гэмтлүүд учирсан. Би тухайн өдөр сандраад эмнэлэг дагуулан явж зохих оношилгоо, эмчилгээг хийлгэсэн. Өөрийн үйлдлийн улмаас түүнд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсээр ирсэн. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаанд Б.О холбогдох баримтаа гарган ирүүлсэн тул тус баримтыг үндэслэн шүүхээс тогтоосон хэмжээнд 2.778.000 төгрөгийг шүүх хуралдааны дараа төлж барагдуулсан. Цаашид ч хамрын хугарлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан бодит зардлыг төлөх болно.

Миний хувьд гэмт хэрэг үйлдэж, бусдын би махбодод гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн хариуцлага хүлээж, биелүүлэхийг ойлгож ухамсарлаж байна. Хуулийн хариуцлагыг заавал биелүүлнэ. Анхан шатны шүүх хуралдаанд хувийн байдалтай холбоотойгоор “Зүрхний архаг цус хомсрох” гэсэн оноштойгоор эмчийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлсэн талаарх холбогдох баримтыг гаргаж өгсөн. Би энэхүү оношийн дагуу 3 жил хяналтад байж эмчилгээ хийлгэж байна. Одоо миний гүйцэтгэж байгаа ажил мэргэжлийн онцлогоос хамаарч энэхүү өвчин хүндэрч байгаа тул цаашид Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, ам бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд тохирсон шийтгэл болсон гэж үзэж байна. Учир нь өндөр настай аав, ээж хүүхдээ харж ханддаг, хамт амьдардаг хүний хувьд торгох ял шийтгээд ял биелэгдэх боломж муутай, ялын биелэлтэд хангагдахгүй юм гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.М тайлбартаа: ... ялыг өөрчилж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ялыг өөрчилж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр      аймгийн        сумын         багийн        хорооллын “E” байрны           тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О-г бусадтай хардсаны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн        дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Мын гэм бурууг хянан хэлэлцэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял буюу 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж буй ялтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй бол ялтан Э.М нь эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж өөрийн зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаагаар өөрчлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Мын ... торгох ял болгон өөрчилж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Э.М нь шийтгэх тогтоолоор тогтоосон хохирол 2.778.000 төгрөгийг ХААН банкин дахь Б.О-н харилцах дансанд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн /хх 143/ болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ