Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05383

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05383

Улаанбаатар хот

                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Номин

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.М, хариуцагч У холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Миний бие У жуулчлалын төвийн даргаар ажиллаж байхдаа ажилчдынхаа ажлын байрны тодорхойлолт, эрүүл мэндийн байдал, байх ёстой зүйлийн хэмжээнд байлгахын тулд шалгалт явуулснаас зөрчил илэрсэн. Зөрчлүүд Нийгэмлэгийн дүрэм, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн тусгай хуулийг зөрчсөн шинжүүд илэрсэн талаар мэдмэгц тухайн байгууллагын удирдлагууддаа мэдэгдэх үүрэгтэй байдаг гэсний дагуу мэдэгдсэн боловч асуудал цааш даамжраад миний хувьд зөрчлийг таслан зогсоох гэсэн биш өөрөө хэлмэгдээд Замын орлогч даргад өргөсөн бичгийн дагуу ёс зүйн хорооны хурлаар сахилгын шийтгэл авч ажлаас халагдсан. Манайх дотроо дотоод хяналтын аудитын албатай. Тэр нь ээлжит шалгалтаараа намайг буруутгасан хүмүүсийн зөрчлийг илрүүлж хуулийн дагуу шийдвэрлэ гэж надад үүрэг даалгавар өгсөн. Хуулийн дагуу шийдвэрлэх боломж байсан боловч манайд ажиллаж байсан н.С гэдэг хүн өөрөө Замын дарга нартай уулзаж ажлаас гарах, тэтгэвэртээ суух өргөдлөө өөрийн гараар бичиж өгсөн. Миний хувьд 12 дугаар сарын 04-ний өдөр Аудитын албанаас ирсэн дүгнэлтийг мөрдлөг болгоод 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор арга хэмжээ авах байсан боловч арга хэмжээ авахгүй 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Уын дотоод аудит, хяналтын албанд өргөдөл гаргах нь гээд миний бие 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу? гэсэн хүсэлтээ бичээд өгчсөн болохоор өөрийн буруугаа хүлээгээд ажлаа болиод гарах гэж байгаа юм байна гэж бодож байсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орос дарга дээр орж өөрөөсөө гадна 4 хүний гарын үсэг зуруулаад хэдэн зүйлээр намайг буруутгасан байсан. Манай хуулийн албанаас үүнийг танилцуулахад би тухай бүрт хариу тайлбар бичээд Орос даргад өгсөн. Өөрийн биеэр уулзах хүсэлтийг гаргасан боловч уулзаагүй. Бичгээ орчуулуулаад өгөх хооронд ажлаас халах тушаал гарсан. Миний дээр куратор гээд хүн н.Стэй нэг анги байсан. Тэгээд хариуцаж байгаа төв ийм асуудалтай байхад намайг буруутгасан. н.Стэй хамт байсан 4 хүний нэг н.Г 07 дугаар сард өөрийн хүсэлтээр туршилтын 3 сарын хугацаа дуусаад ажлаас гарсан. Нэг нь өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгөөд дахиад 1 сар сунгуулаад 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэртээ гарсан. н.А ажиллаж байсан. Гэрчээр Х.С, н.С гээд 5 хүний гарын үсэгтэй бичгийг орос даргад өгөөд, орос дарга 8 хүнтэй байгууллагын 5 хүн даргыгаа хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байгаа юм байна гэж ойлгосон. Би хуулийн албанаас танилцуулсан бичиг баримттай танилцах явцдаа надад хуулж канондож өгөхгүй гэхэд нь өгүүлбэр болгон дээр тайлбараа хэлж, ажлын үүргээ бүрэн гүйцэт гүйцэтгэж байсан талаар бичиж өгөөд ажилчдадаа танилцуулан гарын үсэг зурсан 5 хүний 2 нь байхгүй үлдсэн. 3 хүнээс бусад нягтлан, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нарийн бичиг гээд 5 хүн гарын үсэг зураад буцаагаад өргөдлөө өгсөн. 8 хүнтэй байгууллагын 5 хүн даргынхаа хийсэн үйлдлийн эсрэг гаргасан байна гэж харуулах зорилгоор өргөдөл бичиж орос даргад өгсөн боловч түүнийг орос дарга үзэж хараагүй юм шиг байсан. 15-ны өдөр миний халагдах тушаал, цалин, итгэмжлэл олгох тушаал гарсанд гайхсан. Нэг нь ажлаа үргэлжлүүл гээд, нөгөө нэг нь буруу гэдгийг тайлбарласаар байтал түүнийг харахгүйгээр хүний асуудлыг шийдэж байдаг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гээд Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Хөдөлмөрийн маргаан таслах комисс хуралдахдаа нэг талыг барьсан, нөгөө хэдийг оруулж яриулсан атлаа миний үгийг сонсоогүй, би бүх баримтаа бариад ороход танилцахгүйгээр ёс зүйн хорооны шийдвэртэй ижил маягаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад явж байна. Миний зүгээс хурлыг хойшлуулах, удаашруулах санаа сэдэл байхгүй. Хагас жилд 200.000.000 гаруй төгрөгийн орлоготой байхад үлдсэн хагас жилд 700.000.000 төгрөг болгоод ажлаа гайгүй хийгээд явсан. Байгууллагадаа хангалттай хууль дүрэм журам танилцуулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулах дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт дарга нь ажилчидтайгаа нээлттэй харилцаж хяналт тавих ёстой гэж заасан. Манай байгууллага хамгийн түрүүнд ажилчид, дараа нь хэрэглэгч буюу үйлчлүүлэгчдээ тавьсан байдаг. Үүний дагуу Х.Сын хараа муу талаар ажилчид хэлсэн гээд албан журмаар нээлттэй ярилцсан. Тэрийг албан журамд зааснаар хэлэхэд тодорхой хэмжээгээр дарамталсан гэж үзсэн үү? Эсвэл дарамталсан гэж харагдуулахыг хүссэн үү? гэдэг талаар хурал дээр янз бүрийн юм болсон байх тэр талаар мэдэхгүй байна. Өөрийнхөө хүсэлтийг өгөөд тэтгэвэртээ гарсан, гарахаасаа өмнө шалтгаангүйгээр 7 хоног ажлаа тасалсан байдаг. Манай байгууллагын дүрэмд шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалбал ажлаас халах ёстой. Гэтэл халагдах болзлоо биелүүлсэн хүнийг нийгэмлэгийн дүрмээ дагавал халах гээд байсан хэдий ч сэтгэл гаргаад байгууллагын аварга болгосон. Гэтэл 01 дүгээр сарын 12-ны өдөр миний эсрэг өргөдөл гаргасан. Гэтэл хуурамч дипломтой н.С 4 хүнийг нэгтгээд явсан. Х.С энэ байгууллагаас 2 удаа тэтгэвэрт гарсан. Бичиг баримтын хувьд эрт гаргаж өгөх ёстой байсан боловч олохгүй байсан. Намайг ажиллах хугацаанд маркетингийн албаны орлогчоос бидэнд өдөр болгон ирдэг журам байсан. Миний хувьд өөрийн үзэмжээрээ хүнийг ажиллуулж болохгүй. Байгууллагын дэг, дотоод журмыг баримталж ажиллах ёстой гэж бодоод тэгж ажиллаж ирсэн. Гэтэл зальтай, хуурамч, хүмүүст хэлмэгдсэн гэж бодож байна. Сахилгын хорооны хурал дээр бүх баримтаа барьж ороод үзүүлэх гэхэд үзээгүй, унших гэсэн танилцуулаагүй боломж олгохгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү. Байгууллагын дүрэмд хавар нАтаа үзлэгт орох ёстой байдаг. Би ажилдаа шинээр ороод танилцаж байхад Х.С, н.А, н.С гээд нэлээд хэдэн хүмүүсийн эрүүл мэндийн үзлэг бөглөгдөөгүй байсан. Тэгээд ирсэн даруйдаа таны урд 2 жилийн өмнөх дүгнэлт дээр харааны талаар бичсэн байна. Хараа чинь сайжирсан бол сайжирснаар, муудсан бол муудсанаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаа хангуулахын тулд үзүүлээрэй гэж хэлээд хоёр сар болсон. Манайхан өөрсдөө үзүүлсэн байдаг. Эмнэлгийн тамга тэмдэг дарсан байгаагаар нотлогдоно. Х.С гуйлгаж, гуйлгаж амралтад явахаасаа өмнө бөглүүлээд нарийн бичигт өгсөн байсан. Түүнийг харахад шууд хөдөлгөөний холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Шууд, шууд бус гэдгийг яаж ялгадаг талаар н.Э дарга дээр орж асуусан. Манай дээр дарга нараас болохгүй байгаа хүмүүсээ явуул гэж хэлдэг. Би хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны нөхцөл тодорхойлолтод таарч байвал ажиллаад явах ёстой, тэтгэврийн нас гэж хэлж байгаа нь зөв гэхдээ тэтгэврийн насанд хүрсэн гэж хэлж байгаа болохоос тэтгэврийн насанд хүрсэн учраас явуулсан гэж хэлээгүй. Өөрөө өргөдлөө өгсөн. 04 дүгээр сард гарах байсан тул өргөдлөө өгч байгаад куроторт хэлээд нэг сар сунгаад гарсан. Тэрнээс би хүнийг 60 нас хүрсэн та гар гэсэн юм байхгүй. Өөрийнхөө үр дүнг хараад гарах шийдвэр гаргасан болохоос хүнийг дарамталж шахсан юмгүй. Дарамталж шахсан нь нотлогдсон гэж яриад байгаа боловч яаж нотлоод байгаа нь тодорхойгүй. Ганцхан Х.Сын үгээр нотлоод байна уу? Эсвэл хамт ажиллаж байгаа хүмүүс гэрч болоод нотлоод байна уу? н.А ёс зүйн хорооны хурал дээр ирж тайлбар хэлээгүй. н.М над руу ёс зүйн хорооноос хурал хийх гээд таныг ирж тайлбар өг гээд байна, таны эсрэг юм бичүүлээд надаар гарын үсэг зуруулсан юм шиг байна, үнэхээр тийм юм байхгүй шүү. н.С эгч намайг хоол идье гэж гараад гарын үсэг зуруулсан, би ёстой гэмшиж байна гээд ёс зүйн хороонд тайлбараа өгөөгүй гэдгээ хэлсэн. Ёс зүйн хороонд 07 дугаар сард ажлаас гарсан н.Г ирээд ажиллах боломжоор хангаагүй гэдэг юм хэлсэн гэсэн. Яг юу ярьсныг нь мэдэхгүй надад үзүүлээгүй. Ажиллах боломжийн хувьд туршилтын 3 сарын хугацаа байсан, миний өмнөх даргын үед. Тэгээд би 07 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа орж ирээд 07 дугаар сарын 07, 08-ны өдөр амралт болсон. 2 хоногийн дотор н.Мтэй ажиллах хугацаа гаргаагүй. Дарамталсан тухай Х.С, н.С хоёр хэлсэн болохоос дарамталсныг үзсэн, харсан манай ажилчид байвал тэр ажилчдаас асууж болно. Би хүмүүсийг дарамталсаар байгаад гаргасан эсэхийг ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсээс гэрчээр оролцуулж асуулгаж болно. Ёс зүйн хорооны шийдвэрийг энд ярихгүй гээд байна. Анх ярихад байгууллагын нууц гээд надад үзүүлэхгүй байсан. Шүүхэд үзүүлнэ гэж хэлсэн хэрнээ энэ тухай ярихгүй гэх юм. Орос дарга тушаал гаргахдаа ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн гаргасан. Тэгэхээр ёс зүйн хорооныхоо шийдвэрийг буцааж ярих ёстой. Ёс зүйн хорооны хурлыг аудитын орлогч дарга н.Түмэнбаяр даргасан.Ёс зүйн хорооны дарга н.Стэй нэг анги байсан тул ашиг сонирхолтой байна гэж үзээд н.Батболд даргаас татгалзсан. Байнга доромжилдог, хүчирхийлдэг, чанга дуугаар ярьдаг байсан гэдэг. Тэгвэл яагаад доромжлох үед Үйлдвэрчний эвлэл, Ёс зүйн хороонд гомдол гаргаагүй юм. 01 дүгээр сарын 02-ны өдөр хэдэн хүмүүсээр гарын үсэг зуруулаад өгсөн. Анх ажилд ороход урд даргын компьютер хэдэн оных мэдэгдэхгүй ажилладаггүй байсан. Тоног төхөөрөмжөөр хангах ёстой гэвэл би мөн адил хангагдах ёстой. Тэрийг худалдан авах боломжгүй ба худалдан авахад хуулиараа 30 хоног, шууд худалдан авалт хийхэд хугацаа орно. Гэтэл манай нягтлан, мэргэжилтэн нар хэрэглэдэггүй н.Г, н.А нарын компьютер байна гэж хэлээд н.А өөрөө ав гэж зөвшөөрсний дараа авсан. н.Аын компьютерыг дээрэлхэж авсан гэсэн бичиг явж байсан. н.А ёс зүйн хороонд энэ талаар очиж хэлээгүй. н.А тэгж хэлсэн гэсэн юм гэж н.С бичсэн байсан. Х.С тэвчишгүй дарамтанд орсон гэж хэлснийг ойлгохгүй байна. 12 дугаар сард харилцагч түншүүд манай зардлыг даагаад Хайлаар, Манжуурын аялалд явуулсан. Тэр аялалд Х.С яваад маш сэтгэл өндөр буцаж ирсэн. Бид нар замын даргын бэлгийг байгууллагаасаа нэг хүнд өгнө гэж санал хураагаад Х.Сд өгсөн. Тэгээд ажлаа хийгээд явж байгаад гэнэт 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан. Энэ хугацаанд Х.С аймаар дарамтад байгаад, хүчээр өргөдлөө зураад гарсан зүйлгүй. Харин 7 хоног ажил тасалсан дээр би 3 хоног ажил тасалбал ажлаас халах дүрэм журмаа бариагүй. Хүн ёсоор хандаад ажлаас халаагүй. Нотлох баримт бүрдүүлэх хугацаа гараагүй байхад ёс зүйн хорооны шийдвэр гарсан. Ёс зүйн хорооны хуралд анх удаа орсон байхад удаа дараа гэж яриад байгааг ойлгохгүй байна, гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай Тушаалаар Аялал жуулчлалын төвийн даргаар томилогдож гэрээ байгуулсан. У-ын зарим ажилчид Замын удирдлагад хандаад Аялал жуулчлалын төвийн даргаар ажиллаж байсан Ч.М-ийн ёс зүйн талаар гомдол мэдүүлсэн. Ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхал, зүй бус авир гаргадаг гэсэн гомдлын дагуу ёс зүйн хороо холбогдох журмын дагуу авч хэлэлцээд тус ёс зүйн хорооны дүгнэлтээр Аялал жуулчлалын төвийн дарга Ч.М Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, Замын даргын 2022 оны 07 дугаар 08-ний өдрийн 0 дугаартай Тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан ажил үүргээ гүйцэтгэх албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсдадаа адил байдал, эрх тэгш, хүлээцтэй харьцаж, ажлын байрандаа бусадтай нөхөрсөг, ээлтэй, эерэг уур амьсгал бүрдүүлж хамтран ажиллах гэж заасныг баримталж ажиллаагүй. Мөн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт ажиллагсадтайгаа харилцахдаа бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгахыг оролдох, нэр хүндийг унагах, 13.3.5 дахь хэсэгт бусдын нэр, нэр хүнд эрх чөлөөнд халдсан, хэрүүл маргаан үүсгэсэн, зүй бус үйлдэл гаргасан, дарамталсан, гүтгэн доромжилсон, айлган сүрдүүлсэн мөн Замын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Тушаалаар баталсан Уын ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт бүдүүлэг, доромж, ёс бус үг хэллэг, гүжирдэх, доромжлох, чанга дуугаар маргалдах, хэрэлдэхийг хориглоно гэсэн зээлтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар 13.2.1 дэх хэсэгт зааснаар цаашид ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар гомдол дээр бичгээр Уын ёс зүйн хороонд өгөх мөн 2023 оны 0 дугаартай Тушаалаар баталсан Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гаргасан гомдлыг шийдвэрлэх журмын 6 дугаар зүйлийн 6.11, 6.9 дэх хэсэгт ёс зүйн хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ, ёс зүйн зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслээд Аялал жуулчлалын төвийн дарга Ч.Мд сахилгын шийтгэл ногдуулах саналыг Замын даргад хүргүүлэн шийдвэрлэсэн. 1 дүгээр орлогч дарга Сахилгын хорооны дүгнэлтийг хүлээн авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд биечлэн мэдэгдэж 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсаар тайлбар гаргасан. Уын 1 дүгээр орлогч даргын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/12 дугаартай Тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 6.1.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын а, и заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3.5, Уын ёс зүйн хорооны 24/2 дугаартай дүгнэлтийг үндэслэн ажилтан Ч.М Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн, ажлын байранд бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, зүй бус үйлдэл гаргасан, доромжилсон, айлган сүрдүүлсэн, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэгт нийгэмлэгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь дүгнэлтээр тогтоогдож хөдөлмөрийн сахилгын ёс зүйн зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж сахилгын шийтгэл ноогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Ч.Мтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах нөхцлийг харилцан тохиролцож 5 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэгт заасан ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, сэгтэлзүйн дарамт үзүүлсэн нь нийгэмлэгийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчтлд тооцохоор харилцан тохиролцсон. Мөн Ч.Мөнх-Эрдэнийн ажлын байран дахь дарамт шахалтын улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх аяллын менежер Х.С, Ч.М-г ажлаас чөлөөлөгдсөний дараа эргэн У-даа ажилдаа орох хүсэлтээ өгсөн. Бодит байдал дээр ажлаас чөлөөлүүлэх хүсэл зориг байгаагүй. Ч.М-н дарамт, шахалт, зүй бус харьцаанаас үүдэж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан талаар тайлбарладаг ба Х.Сыг өмнө нь эрхэлж байсан ажилд буцаан томилсон. Ч.М ажилтнуудаа ялгаварлан гадуурхах дарамт учруулж байсны улмаас зарим ажилтнууд үл тэвчиж зүй бус нөлөөллөөс шалтгаалж өргөдлөө өгч чөлөөлөгдсөн байсан тул ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хувьд ёс зүйн хорооны гишүүн байгаа. Тухайн 5 ажилтантай холбоотой гомдол ирсний дагуу гомдолтой холбоотойгоор бусад ажилтнуудаас тайлбар асуумж авч гэрчлэн нотлох байдлаар тайлбаруудыг авсан. Х.Стай холбоотой хараа муудсан асуудлыг бусад хүмүүсээс гэрчлэн нотлох байдлаар тайлбар аваад тэр баримтууд дээрээ үндэслэж мөн өөрсдийнхөн гаргасан гомдол тайлбар зэргийг харгалзан дүгнэлт гаргасан, гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.Нэхэмжлэгч Ч.М-г ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж үзэж байна. Иргэн хүн ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчид дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох суурь зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Нэхэмжлэгч У-ын аялал жуулчлалын төвийн даргаар ажилладаг. Нийгэмлэгийн салбар чиглэлийн удирдлагаар ажилладаг этгээд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн харьяалалд байх зарим ажилчдадаа эрүүл мэндийн байдал, нас, мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор ялгаварлан гадуурхаж дарамт үзүүлэх үйлдлийг үзүүлсэн байдаг. Тэр этгээд ажилдаа тэнцэхгүй, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа бол өөрөө шалган тогтоох бус Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисст шалган тогтоолгох хүсэлтийг тавиад Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс ажлын байранд тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргуулаад ажлаас чөлөөлөх эрх нээлттэй байсан. Гэтэл энэ ажиллагаа явагдахгүй тухайн ажилтны эрүүл мэнд, насаар нь ялгаварлах байдлаар зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарлахдаа ажилтан 60 нас хүрсэн байсан гэдэг байдлыг удаа дараа тайлбарлаж байна. 60 нас хүрсэн хүн ажиллаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйл дээр тодорхой зааж өгсөн. Иргэн хүн бие, сэтгэл зүйн хувьд хөдөлмөрийн чадвартай, өөрөө хүссэн тохиолдолд ажиллах эрхтэй ба өөрөө хүссэнээс бусад тохиолдолд тэтгэвэрт хүчээр гаргах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дарамт шахалт үзүүлэхийг хориглосон. Гэтэл нэхэмжлэгч ажилчдаа тэтгэврийн насанд хүрсэн байна, тэтгэврийн насанд хэзээ хүрэх бэ? гэх зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нас, хүйсээр ялгаварлан гадуурхах үйлдлийг үзүүлсэн баримтаар тогтоогдлоо гэж үзсэн. Ёс зүйн хорооны дүгнэлтэд авагдсан. Ёс зүйн хорооны хурал дээр энэ тухай хэлэлцэхэд гомдол гаргагч нар, гомдолд холбогдогч Ч.М өөрөө оролцож байдлаа хурал дээр илэрхийлээгүй, баримтдыг шинжлэн судлуулаагүй, шаардлагатай газруудаас эмчийн магадалгаа дүгнэлтийг гаргуулах ажиллагаа хийх боломжтой байсан боловч хийгээгүй байж ёс зүйн хороо ажлаа дутуу хийлээ, гомдол гаргагч нарын үгээр дүгнэлт гаргалаа гэж хэлж, бодож байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж гаргаагүй учраас ёс зүйн хорооны дүгнэлтийг өнөөдөр энд үгүйсгэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох гэсэн заалтын дагуу ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр болон биеэр дарамт шахалт үзүүлэхийг хориглоно гэж тодорхой заасан. Хэрэгт авагдсан баримтаар 8 ажилтны 5 ажилтны гаргасан гомдлоор ажилтнууддаа үүрэг чиглэл өгөхөөр дуудах, ажил үүрэгтэй нь холбоотой мэдээ мэдээлэл авахдаа янз бүрээр дууддаг, ялгаварлан гадуурхдаг, эрүүл мэндийн байдал гадаад төрхөөр доромжилдог байдал тогтоогдсон. Нэхэмжлэгч өөрөө удирдах албан тушаалтан тухайн салбар нэгжийнхээ ажилтнуудыг манлайлан үлгэрлэж, эв нэгдэлтэй, халуун дулаан уур амьсгалтай ажиллуулах үүргийг Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлд ёс зүйн хэмжээгээр хүлээсэн ажилтан байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй ажилтнуудыгаа ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэгт ажил олгогч ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч У-ын Аялал жуулчлалын төвийг удирдлагаар хангаж байгаа ажил олгогч. Замын даргаас эрх шилжүүлэх эрхийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олж авсан. Үүнд ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхийг шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн эрх үүргээ эрх шилжүүлэх итгэмжлэлээр шилжүүлсэн. Ийм учраас нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өөрийн харьяа ажилтнуудаа ажил үүргийн хэвийн нөхцлөөр хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл өөрийн ажилтан болох н.А-ын өөрийнхөн ажилтны нэр дээр байдаг компьютерыг өөрийнхөн зөвшөөрөхгүй булаан авсан. Тухайн салбар нэгжид танд тоног төхөөрөмж хангамж муутай бол энэ байдлаа Уын даргад уламжлаад төсвөө тавиулаад худалдан авах ажиллагаа хийх бүрэн боломжтой. Түүнээс өөрийн харьяанд ажиллаж байгаа ажилтныхаа компьютерыг булаан авах эрхийг хуулиар болон хөдөлмөрийн гэрээгээр олгоогүй. Тэгэхээр ёс зүйн хорооны дүгнэлт, ёс зүйн хорооны тэмдэглэл дээр тодорхой заасан ба өөрөө ч энэ компьютерыг эзэмшилдээ авснаа хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн. Миний компьютерын ажиллагаа муу байсан учраас мэргэжилтэн н.А-ын компьютерыг авсан, Мэргэжилтэн н.А ажил бага хийдэг учраас компьютер өгөөгүй гэдэг агуулгаар тайлбар өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.6 дах хэсэгт үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байна. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд бусдыг ялгаварлан гадуурхсан, үгээр, биеэр, шууд болон шууд бусаар хууль бус нөлөөлсөн нөлөөлөл Нийгэмлэгийн ёс зүйн хорооны дүгнэлтээр бүрэн тогтоогдсон учраас халах үндэслэл болсон. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд ямар зөрчил гаргавал ноцтой зөрчилд тооцох талаар тодорхой заасан. 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт дор дурдсан зөрчлийг ноцтой зөрчилд тооцно, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцална, 5.3.11 дэх хэсэгт ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, сэтгэлзүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлсэн нь ёс зүйн хорооны дүгнэлт, эсхүл дотоод хяналт нэгжийн шалгалтын аудитаас тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцож шууд ажлаас чөлөөлөх болно гэдгийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгэхээр Нийгэмлэгийн ёс зүйн хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 0 дугаартай дүгнэлтэд авагдсан учраас Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргах үндэслэл гарсан гэж үзэж байна. Мөн ажилтан Х.С-ыг нас, хүйстэй холбоотой ялгаварлан гадуурхсан шинжээр тайлбар хийж байна. Ажилтан Х.С хэдий 55 нас хүрсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэвэрт гарах эрх нь нээлттэй гагцхүү өөрөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэтгэвэртээ гарах, өөрийнхөн хүсэл зоригийн илэрхийлэл хүсэлтээр тэтгэвэрт гарах туйлын үндсэн эрхтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар ажил тасалсан хүсэлтээ бичиж өгөхгүй бол ажил тасалснаар чинь халлаа эсвэл харааны эрүүл мэндийн байдлаар ажлын байрны зүй бус дарамт үзүүлж хүсэлтийг бичүүлж тэтгэвэрт гаргасан байдаг. Ингээд Х.С Нийгэмлэгийн хөдөлмөр эрхлэлтийн магадлах комисст тэтгэвэртээ гарах хүсэлтийг хүсэл зоригийнхоо үндсэн дээр гаргаагүй манай дарга ажлын байрны зүй бус нөлөө, дарамт шахалтын улмаас тэвчишгүй орчин үүсгэж аргагүйн эрхэнд хүсэлтээ хүчээр бичиж өгсөн гэдэг байдлаар гомдол гаргасан. Иймд Х.С-ын хүсэлт өргөдлийн дагуу ажилд буцаан авсан. Үүнээс үзвэл ажилтнуудаа ялгаварласан үзлүүд бодиттойгоор тогтоогдсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэсэн саналтай байна. Төмөр замын тээврийн тухай хуулиар эрүүл мэндийн хувьд тэнцсэн иргэн ажиллах шаардлагатай байдаг. Тэр утгаараа жил бүр ажилтнуудыг нэгдсэн журмаар үзлэгт хамруулдаг. Гэхдээ Төмөр замын тээвэрт тэнцэх ажилтны хараатай холбоотой хөдөлгөөний шууд ажилд хамаарч байгаа. Жишээ нь замчин, галт тэрэгний дарга, галт тэрэгний үйлчлэгч, депогийн засварчид гэх мэт галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилчдад хамаардаг. Гомдол гаргагч Х.С-ын эрүүл мэндийн хуудаст хөдөлгөөнтэй шууд бус холбоотой ажилд тэнцэнэ гэж эмнэлгийн үзлэгийн хуудас дээр хараатай холбоотой хэсэг бичигдсэн. Х.С-ын ажлын байр галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил биш харин хөдөлгөөнтэй шууд холбоогүй, аялал жуулчлалын товчоо буюу төмөр замын аялал зохион байгуулах ажил хийдэг. Энэ тухай хөдөлмөрийн гэрээн дээрээ тодорхойлоод заасан. Х.С хөдөлгөөнтэй холбоотой ажил хийдэггүй учраас харааны эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байх шаардлагагүй. Тийм учраас хараа чинь тэнцэхгүй байна, хараа муутай гэх мэт шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зүй бус үйлдэл гаргасан, дарамталсан нотлогдохгүй байна гэж байна. Хэрэгт гомдол гаргасан 5 ажилтны өргөдөл, тухайн асуудлыг хэлэлцсэн ёс зүйн хорооны тэмдэглэл, ёс зүйн хорооны дүгнэлт гээд 3 баримт бичиг дээр ямар хэлбэрээр яаж дарамталсныг тодорхой бичсэн байна. Ажилтан ажил ярихаар өрөөнд орохоор гар утасныхаа камерыг асааж, камер руу харж ярихыг шаарддаг нь ёс зүйн хорооны дүгнэлт дээр бичигдсэн. Таамаглаад зохиож ярьсан зүйл байхгүй. Гомдолд дурдсан асуудлаар ярьж байна. Иймд зүй бус нөлөөлөл нь Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж үзээд ажлаас халсан тушаал үндэслэлтэй байна, гэжээ.

 

6. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Бд олгосон итгэмжлэл, У-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, У-ын Ёс зүйн хорооны дүгнэлт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын нэгдүгээр орлогч дарга О.А.К гаргасан гомдлын тайлбар, хурлын тэмдэглэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр

 

8.Хариуцагчаас хариу тайлбар, Х.Э, Ц.Ж нарт олгосон итгэмжлэл, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, Х.Сын өргөдөл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын Ёс зүйн хорооны дүгнэлт, тэмдэглэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, мэдэгдэх хуудас, Х.Сыг ажилд томилсон тушаал, Ч.М-ийн анкет, хүсэлт, тайлбар, Ч.С, Ш.А, Х.С, Х.М, Л.Г нарын хөдөлмөрийн гэрээ, анкет, гомдол, тайлбар, хүсэлт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын дотоод журам, Замын нэгдүгээр орлогч дарга О.А.К-вт эрх олгосон тушаал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын дүрэм, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын даргын А/48, А/49 дугаартай тушаал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын Ажилтны ёс зүйн дүрэм, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын Ажилтны ёс зүйн дүрэм, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын нэгдүгээр орлогч дарга О.А.К-вын эрх шилжүүлэх итгэмжлэлийг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Миний хувьд зөрчлийг таслан зогсоох гэсэн биш өөрөө хэлмэгдээд Ч.С зохион байгуулж Замын орлогч даргад өргөсөн бичгээр ёс зүйн хорооны хурлаар сахилгын шийтгэл авч ажлаас халагдсан. Хууль, дүрмийг биелүүлж ажиллахыг хичээсэн. Дарга нар дээрээс болохгүй хүнээ явуул гэдэг. Нас, эрүүл мэндээр ялгаварлан гадуурхаагүй. Х.Сд хараагаа шалгуул, байгууллагын өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилчдыг асуусан, н.А-ын комъютерийг бага ажилтай болохоор асууж авсан дарамтлаагүй. Бусад ажилтны хувьд мэргэжлийн бус дипломгүй байсан учраас ажил үүргийнхээ хүрээнд шаардлага тавьсан тул хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй гэж тодорхойлов.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ц.Ж нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Нэхэмжлэгч хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн оронд ажилчиддаа нас, ажил мэргэжил, эрүүл мэндээр нь гадуурхах, доромжлох, дээрэлхэх үйлдлийг гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон. Ажилчин 55 нас хүрч тэтгэврийн насны болзлыг хангасан боловч үргэлжлүүлэн ажиллах нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Мөн бага ажилтай гэж ажилтныхаа тоног төхөөрөмжийг булаан авах нь ёс зүйгүй үйлдэл. Удирдах албан тушаалтан төв байгууллагад мэдэгдээд хангагдах ёстой. Түүнээс хүний юмыг булаах биш. Байгууллагын 8 ажилтны 5 ажилтан гомдол гаргасныг хурлаар хэлэлцээд дүгнэлт гаргасан. Түүнээс үндэслэлгүйгээр шууд ёс зүйн хариуцлага тооцоогүй. Нэхэмжлэгчийг ажил байдлын тухайд биш ёс зүйн алдаа гаргаж байгууллагын хууль, дүрэм, гэрээгээ зөрчсөн гэж үзсэн. Энэ талаар Хөдлөмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох зөрчил гаргасан гэдгээр ажлаас халсан нь үндэслэлтэй гэж илэрхийлж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Ч.М-г Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар маркетингийн албаны орлогч даргаас чөлөөлж мөн өдөр Аялал жуулчлалын төвийн даргаар томилж ажиллуулсан болох нь тогтоогдож байна.

 

6.Ажил олгогч, ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж Хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

 

7.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бий болдог.

 

8.Ажил олгогч гэрээг цуцлахдаа, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

9.Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгмэлэг У-ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б-2-12 дугаартай Тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3.5, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын дүрмийн 22 дугаар зүйлийн а,и заалт, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын Ёс зүйн хорооны 0 дугаартай дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

 

10.Ажлаас халсан тушаалд дурдагдсан Хөдлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

 

13.Талуудын тайлбараар нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ажлын байрны үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байна.

 

14.Ажлын байрны тодорхойлолтын Г,В, ажлын байранд тавигдах шаардлагын Б тусгай шаардлагад Аялал жуулчлалын төвийн дарга багаар ажиллах, удирдах, удирдуулах зарчмыг баримтлах, эерэг хандлага, зөв төлөвшилтэй, ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт хамт олонч хандлагатай, багийн уур амьсгалыг эрхэмлэн дээдлэж, хүчин зүйлсийн 2 дугаар зүйлийн 2:4, 2.6 дахь хэсэгт хамт ажиллагсдыгаа сайшаан дэмжих, хувийн зохион байгуулалттай, биеэ зөв авч явах, харилцаа гоо зүй харагдах байдлын өндөр соёлтой чиг үүрэгт нийцүүлэн ажиллахыг заажээ.

 

15.Нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтын дагуу үүрэг хүлээж ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

16.Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хууль, дүрэм журамд заасан удирдлагын удирдан чиглүүлэх үүргээ биелүүлээгүй, хамт ажиллагсадтайгаа харьцахдаа ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхах, зүй бус үйлдлийг гаргасан учраас ажлаас халсан, нэхэмжлэгч миний бие хууль, дүрэмд заасан шаардлага тавьсан, ажилчиддаа дарамтлаагүй, Ч.С ахлаж хэдэн хүн нийлээд өргөдөл өгч миний тайлбар, замын даргатай уулзах хүсэлтийг хүлээн авахгүйгээр асуудлыг шийдсэнд гомдолтой байна гэж маргаж байна.

 

17.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шуурхай хуралдаанаар шийдвэрлэнэ, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ ажлын байранд биеэ зөв боловсон авч явах, хамт олон болон бусадтайгаа харилцахдаа ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэнэ, 14 дүгээр зүйлийн 14.3.5 дахь хэсэгт ...ажлын байр болон түүнтэй адилтгах орчинд бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, доромжилсон, танхайрсан, зодох цохих зэргээр хүч хэрэглэсэн, хэрүүл маргаан үүсгэсэн, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, гүтгэн доромжилсон, өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын Ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, тэгш эрхийг хангах, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.10 дахь хэсэгт ажилтан нь бусад ажилтан болон албан үүргийн хувьд хамаарч буй бусад этгээдэд ажлын байрны дарамт, хүчирхийлэл болон бэлгийн дарамт учруулахгүй байх, хүний эрх ба эрх чөлөөг хүндэтгэх гэж заажээ.

 

18.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.М-г Аялал жуулчлалын төвийн даргын ажлын үүргийг гүйцтгэх явцад ажилтан Ч.С, Ш.А, Х.С, Х.М, Л.Г нартай зүй бус харилцсан гэх агуулгатай гомдол гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уын Ёс зүйн хороо хуралдаж Аялал жуулчлалын төвийн дарга Ч.М ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулах санал, дүгнэлтийг ажил олгогчид хүргүүлнэ гэсэн 24/02 дугаартай Ёс зүйн хорооны дүгнэлт гаргажээ.

 

19.Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар бүлгийн 5.1, 5.3 дахь хэсэгт ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоон заажээ.

 

20.Бичгийн баримт, зохигчдын тайлбар, гэрч Х.С шүүх хуралдаанд Ч.М дарга намайг ажлын өрөөндөө дуудаад Та одоо 55 нас хүрэх гэж байгаа юм байна. Тантай цаашид ажиллахгүй, таны ажлын бичиг баримттай танилцсан, тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөрэй гэж шахсан. Ажлын байран дээр дэмждэггүй, элдэв үг хэлдэг, өөрийнхөн санал дэмжигдэхгүй байхаар тэтгэвэрт гарах өргөдөл яасан бэ? гэж дарамталдаг. Нас, хүйс, гэрлэлтийн байдлаар дарамталсан. Төмөр замын эрүүл мэндийн үзлэгт ороход тэнцэхгүй гэж гараагүй байхад бүдрээд унавал би хариуцлагыг чинь хүлээхгүй гэдэг. Ажилчдыгаа доромжилж харьцдаг. Комъютерийн тухайд компьютерыг чинь авна гээд булаагад авсан гуйж аваагүй. Бид нар бүгд нэг өрөөнд хараад сууж байхад эвгүй санагддаг. Чи битгий хэнхэглээд бай, чюундаа ажил хийдэг царайлаад байгаа юм гэх зэргээр ойлгоход маш хүндрэлтэй, хэцүү, дээрэнгүй маягаар харьцдаг гэх мэдүүлэг, Х.Сыг ажилд эгүүлэн томилсон шийдвэр мөн нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол гаргаагүй болон тухайн байгууллагын удирдах төвшинд үйл ажиллагаа явуулж байгаа удирдлагын хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж зааснаар ажилчдыг нас, хүйсээр ялгаварлан гадуурх, хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн байдалтай холбоотой доромж үг хэллэг хэлэх, тэтгэвэрт гаргах өргөдлөө өгөхийг шаардах, ахмад ажилтнуудаа үл хүндэтгэх, өөрийнхөө гар утасны камерийг асааж ажилтныг камер руу харж ярихыг шаардах, ажилтны ашиглаж байгаа техник хэрэгслийг булаан авах, нийт ажилчдыг өрөөндөө камер байршуулж хянаж ажиллана гэж сүрдүүлсэн үйл баримт нотлогдож байна

 

21.Иймээс Хөдлөмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1-5.3.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.9, 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар ажилтан тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байх тул ажлаас халах шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаал үндэслэл бүхий болжээ гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

22.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-д холбогдох 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА