| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2024/0143/З |
| Дугаар | 126/ШШ2024/0162 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 126/ШШ2024/0162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Н********** хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М********** холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Жавзанпагма, гомдол гаргагч Н********** ХХК-ийн захирал Н.П********** , түүний өмгөөлөгч Д.Уртбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
1.Гомдлын шаардлага:
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М**********-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0078428, 0078429 дугаартай шийтгэлийн хуудсаар Н********** ХХК-д оногдуулсан торгох шийтгэлийг хүчингүй болгуулах.
2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:
2.1.Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М********** 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0078428 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.2, 7.5 дахь хэсэгт зааснаар Н********** ХХК-д 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 0078429 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.2, 7.5 дахь хэсэгт зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгожээ.
3.Процессийн талаар:
3.1.Н********** ХХК эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч Ц.Б**********-р дамжуулж гардан аваад 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Д.Уртбаяраар гомдол гаргуулсан. Шүүх 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаатай бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож өмгөөлөгч Д.Уртбаярт мэдэгдсэн. Н********** ХХК бүрдүүлбэрийг хангаж 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
4.Гомдол гаргагч Н********** ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон Н********** ХХК-ийн захирал Н.П********** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
4.2.Н********** ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 5 давхар орон сууцны барилгыг барьж 2021 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, улсын комисс ажиллаж барилгыг хүлээж авсан.
4.3.Гэтэл Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М**********-ийн 2438000755 дугаартай зөрчлийн хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0078428 дугаартай шийтгэлийн хуудсаар Н********** ХХК-ийн захирал Н.П********** ийн Мөрөн сумын 8 дугаар багт барьж ашиглалтад оруулсан 5 давхар барилгын ашиглалтын явцад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа. Н********** ХХК нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсгийн 7.2, 7.4 дэх хэсэгт заасны дагуу 5000 /таван мянга/-н нэгжээр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор арилгах, чиг үүргээ хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
4.4.Мөн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М**********-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0078429 дугаартай шийтгэлийн хуудсаар Н********** ХХК-ийн захирал Н.П********** ийн Мөрөн сумын 8 дугаар багт барьж ашиглалтад оруулсан 5 давхар барилгын ашиглалтын явцад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа, Н********** ХХК нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсгийн 5.1, 5.2 дэх хэсэгт заасны дагуу 5000 /таван мянга/-н нэгжээр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор арилгах, чиг үүргээ хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан.
4.5.Эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасны дагуу аль шатны шүүхэд гомдол гаргах талаар тодорхой дурдаагүй байгаа нь оролцогчийн эрхийг зөрчсөн.
4.6.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсгийн 5.1, 5.2 дахь хэсэгт зааснаар Н********** ХХК нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх байдал нь нотлох баримтаар тогтоогдож байгаа гэх боловч Барилгын тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтын ямар заалтыг зөрчсөн байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй.
4.7.Уг байдлыг тогтоохын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дэх зүйлийн 4.11 дэх хэсгийн 4 дэх хэсэгт заасны дагуу Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадлагаа гаргаж болно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Үүний улмаас Н********** ХХК-ийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх байдлыг тогтоох боломжгүй.
4.8.Мөн Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлд Барилга, байгууламжийн техникийн улсын хяналтыг хуульчлан тогтоосон. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.11-д барилга байгууламжийн зүгшрүүлэх, тохируулах болон эдэлгээний хугацаанд гарсан зөрчилд Төрийн хяналт шалгалтын нийтлэг журмын дагуу хяналт шалгалтыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийн арилгах талаар барилгын техникийн хяналтын улсын байцаагч шаардлага хүргүүлж, шаардлагын мөрөөр зохион байгуулсан ажлын үр дүнг тооцож хариуцлага тооцох атал энэ үйл ажиллагаа явагдаагүй.
4.9.Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх заалтыг хэрэгжүүлээгүй байдлыг харгалзаж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн.
4.10.Н********** ХХК-ийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй улмаас ямар хохирол учирсан, ямар этгээдэд нөхөн төлбөр төлөх нь тодорхойгүй.
4.11.2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын А/641 дүгээр захирамжаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ББКД-67-72/21 дугаартай дүгнэлтийг гаргаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 5 давхар орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан.
4.12.Зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан барилга байгууламжийг хүлээн авах улсын комисст ажиллаж уг барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан атал, өөрийн зөвшөөрөл олгосон нөхцөл байдлыг зөрчилд тооцож хариуцлага тооцож байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа нөхцөл байдлыг агуулж байна.
4.13.Нөгөөтээгүүр зөрчилд холбогдогч Н********** ХХК-ийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоох, нотлох баримтжуулаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тул эрх бүхий албан тушаалтан, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, зөрчилд холбогдогчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлэлгүй, хууль бусаар компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна.
4.14.Иймд Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М**********-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0078428, 0078429 дугаартай шийтгэлийн хуудсаар Н********** ХХК-нд оногдуулсан торгох шийтгэлийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
4.15.Эрх бүхийн албан тушаалтан Д.М********** нь намайг 2024 оны 07 дугаар сарын 1-ний өдөр дуудаж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа хамт ажилладаг хүний хамт хажууд нь мэдүүлэг авсан. Надад өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг хэлээгүй. 324 дүгээр байрны хүмүүс өргөдөл өгсний дагуу шалгалт хийсэн гэж хэлсэн.
4.16.Манайх өөрийн байгаа хаяг дээрээ 12 жил болж байгаа. Манайд үзлэг шалгалт хийхдээ огт мэдэгдээгүй. Надад болон манай хүмүүст мэдэгдэж хяналт шалгалт хийсэн талаар тэмдэглэл танилцуулаагүй.
4.17.2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн албан шаардлага, албан бичиг манайд ирээгүй, миний гарын үсэг ч зурагдаагүй. Зуны улиралд хөдөө явдаг учир миний утас холбогдохгүй байж болно гэхдээ би залгасан үед нь очиж уулзаж байсан.
4.18.Манай байгууллагын буруутай байдал тогтоогдвол түүнийг төлж барагдуулна. Манайд энэ хугацаанд нэг ч гомдол ирж байгаагүй. Манай компани тус барилгын захиалагч, гүйцэтгэгчээр ажилласан.
4.19.Манайх 3 жилийн гэрээ байгуулсан. Иргэдтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, ашиглагч нар барилгад хамтарсан үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй.
4.20.Улсын байцаагч Д.М**********-с манай компанид албан шаардлага өгчих л дөө, бид барилгад хийх ёстой зүйлээ хийе гэж гуйсан боловч албан шаардлагаа өгөөгүй. Танайхыг заавал торгоно гэж хэлээд торгосон.
4.21.Барилгын иж бүрэн зургийн 2024 оны 9 дүгээр сард аймгийн Архивд манай хүү хүлээлгэн өгсөн. Шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
5.1.Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Хөвсгөл аймгийн 8 дугаар багийн 324 дүгээр байрын оршин суугчдаас 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүсэлт гаргасан. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт явуулсан байдаг. Шалгалтыг явуулахдаа гомдол мэдээлэл хүлээн аваад 5 хоног дотор явуулах ёстой атал 20 хоногийн дараа шалгалт явуулсан байдаг.
5.2.Тухайн шалгалт бол удирдамж төлөвлөгөөний дагуу явагдах ёстой. Шалгалт явагдсан тухай асуудал 2438000755 хэрэгт байдаггүй. Тухайн хүсэлт гаргасан 324 дүгээр байрны оршин суугч иргэдийн хүсэлт байхгүй.
5.3.2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Д.М********** прокурорын газраас дугаар аваад зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Ямар зөрчилд хэрэг нээгээд шалгасан бэ гэдэг тодорхой бус байдаг.
5.4.Хохирогч, гэрч нараас мэдүүлэг аваагүй атал 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр холбогдогчоос юу тодруулах гэж байгаа нь тодорхойгүйгээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа миний үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар эрх бүхий албан тушаалтан өмгөөлөгч авах ёстой гэх эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй.
5.5.Хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авч байгаа нөхцөлд Улсын ерөнхий прокуророос 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А57 дугаар тушаалаар баталсан мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагын дагуу Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдүүлэг авах өрөө гээд зөвшөөрөл олгосон шаардлага хангасан өрөөнд мэдүүлэг авах ёстой. Эрх бүхий албан тушаалтан өөрийн ажлын байр, ажлын өрөөний тасалгаандаа, хөндлөнгийн хүний хажууд мэдүүлэг авч байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй юм.
5.6.Хохирогчоор тогтоосон иргэд 324 дүгээр байрын оршин суугчид мөн юм уу? 243800755 хэрэгт 324 дүгээр байрны оршин суугч мөн эсэхийг тогтоосон талаар байхгүй. Эдгээр хүмүүсийг тус байрны оршин суугчид гэдгийг ямар нэгэн байдлаар тогтоох ёстой.
5.7.Хохирогч ямар хохирол учирсан эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар хавтаст хэрэгт байхгүй. Хүсэлтэд гомдол гаргаж буй олон хүн байгаа Энх-амгалан, Нансалмаа, Отгонбилэг гэх хүмүүсээс хохирогчийн мэдүүлэг авсан. Гэтэл эдгээр хүмүүс аль тоотод оршин суудаг талаар тодорхой байдаггүй.
5.8.Миний үйлчлүүлэгчид шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулаад гардуулж өгөөгүй атлаа шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 561 дугаартай албан бичгээр захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 574 дугаартай албан бичгээр шийтгэлийн хуудсыг Н.П********** ид хүргүүллээ гэдэг. Өнөөдрийн байдлаар тус албан бичиг Н********** ХХК-д ирээгүй юм.
5.9.Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг гардуулж өгөөд тайлбар, холбогдох материалыг ирүүлэхийг мэдэгдэхэд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 619 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай албан бичгээр 2438000755 дугаартай зөрчлийн хэргийг ирүүлж байгаа нь шүүхэд нотлох баримтаа ирүүлсэн юм уу? шүүхэд өөр байдлаар хандаад байгаа юм уу? гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.
5.10.Ашиг сонирхлын асуудал ярьж байгаа. Д.М********** гэдэг хүн Улсын комисс ажиллахад өөрөө ажилласан. Хохирогчоор тогтоогдсон Э.Т**********-р гэх хүнтэй нэг газарт ажилладаг.
5.11.Зөрчлийг шалган шийдвэрлэхдээ түүнийг бүрэн тогтоогоогүй хохирогч тус бүрд хэдэн төгрөгийн хохирол нөхөн төлбөр учирсан талаар байхгүй. Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокуророос баталсан байдаг.
5.12.Монгол улсын зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох, хүн хуулийн этгээд төр нийтийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахад оршино. Зөрчлийн улмаас учирсан хохирол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох тооцохтой холбогдсон харилцааг уг журмаар зохицуулна гэсэн байдаг.
5.13.Хохирол гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн засаг болон, эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаанд төр нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг хэлнэ.
5.14.Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас үүссэн хохирол, хор уршиг холбогдох дүрэм, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуу тогтоосон татвар шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө түүнчлэн хорогдсон, үрэгдсэн ан амьтан, байгаль орчны өртөг үнэлэмж, үнэлгээг хэлнэ. Уг журмын 3 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын 3.1 дахь хэсэгт Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг уг журамд заасны дагуу тогтоох арга хэмжээг авна.
5.15.Эрх бүхий албан тушаалтан Мягмарсүрэнгийн шийтгэл оногдуулсан 12.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 7.2 дахь хэсгүүдэд учирсан хохирол нөхөн төлбөрийг нөхөн төлүүлж гээд түүний дараа уг хүнд шийтгэл оногдуулна гэж заасан. Хохирол нөхөн төлбөр нь тодорхой бус, төлүүлсэн арга хэмжээ байхгүй.
5.16.Мөн хариуцагчийн хариу тайлбартаа энэ бол зөрчил биш юм, гэмт хэрэг юм гэсэн байдаг. Түүнд тийм эрх байхгүй. Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байвал хуулийн дагуу, харьяаллын дагуу шилжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл бусдад давуу байдал олгоод шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчиж байгаа юм.
5.17.Эрх бүхий байгууллага албан тушаалтан зөрчлийн хэргийн улмаас хохирсон хүн хуулийн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч төрийн байгууллагаас нэхэмжлэл, нөхөн төлбөр төлүүлэх хүсэлт, учирсан хохирлыг тооцохтой холбоотой баримт, бичгийг гаргуулан авах, учирсан хохирлын үнэлгээг тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, шүүх шинжилгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тухай хууль, болон бусад хуульд заасан бусад ажил арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн байдаг ч энэ ажиллагаа 243800755 дугаартай хэрэгт огт хийгдээгүй.
5.18.Гэтэл яагаад Н********** компанийн захирлыг зөрчил үйлдсэнд тооцоод байгаа нь ойлгомжгүй.
5.19.Эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийж гаргасан магадалгааг зөрчлийн холбогдогч тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулна. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт, шинжилгээний хуудас огт байхгүй. Тийм учраас бид нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
5.20.Хохирол хор уршгийн шинжилгээ хийхтэй холбоотой шинжээчийн зардал, хохирол төлбөрийг тооцохдоо холбоотой зардлыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн хүн, хуулийн этгээдээс холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж заасан. Эдгээр ажиллагаа бол огт хийгдээгүй юм. Эрх бүхий албан тушаалтан магадалгаа гаргаад явах эрхтэй гэвч хэрэгт магадалгаа байхгүй. Тийм учраас нэхэмжлэлдээ дурдсан.
5.21.Шийтгэл оногдуулсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шүүхэд хандах юм бэ гэдгийг миний үйлчлүүлэгчид эрх бүхий албан тушаалтан энэ талаар эрүүгийн хэргийн шүүхэд хандаарай гэсэн байдаг. 324 дүгээр байрны 4 хүнийг хохирогчоор тогтоож байцаалт авсан байдаг тэгэхээр үлдсэн хүн нь хохироогүй юм уу, эдгээр 4 хүн яаж үлдсэн хүмүүсийг төлөөлсөн бэ, итгэмжлэлтэй юм уу? гэдэг байдал тодорхой бус байдаг.
5.22.Өнөөдрийг хүртэл өмгөөлөгч, холбогдогчийг хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй. Хэрэгтэй танилцах талаар албан бичиг ирээгүй. Эрх бүхий албан тушаалтны үүрэг тодорхой хэмжээнд зөрчил үйлдсэн зөрчлийг нотлох үүрэгтэй. Эрх бүхий албан тушаалтны тайлбарт улсын байцаагчийн шаардлагыг хүргүүлсэн шаардлагыг аваагүй тул зөрчлийн хэрэг нээж байгаа гэдэг.
5.23.Захиргааны ерөнхий хуулиар шаардлага бол захиргааны акт юм. Захиргааны актыг хүргүүлэх мэдэгдэх журам байгаа. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тухайн захиргааны актыг гаргасан бол хүргүүлэх ёстой байсан. Мөн хүргүүлэхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой.
5.24.Гэтэл 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр мэдээлээд танилцуулаагүй байж зөрчлийн хэрэг үүсгэсэн. Шаардлага гэдэг зүйлийг шүүхэд ирсний дараа танилцсан.
5.25.Шаардлагын мөрөөр 7 дугаар сарын 10-ны дотор ажил арга хэмжээг зохион байгуулах ёстой. Гэтэл хугацаа дуусаагүй байхад зөрчлийн хэрэг нээсэн.
5.26.Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар 5.1.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй, 5.2.чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 5.3.барилга байгууламжийн хамгаалалтын горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 7.2.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй; 7.3.барилгын ажлын талбайд тавих шаардлагыг хангаагүй, 7.4.чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан атал хохирол нөхөн төлбөрийг тооцоогүй байж торгуул оногдуулсан.
5.27.Гэтэл эрх бүхий албан тушаалтан үүргээ хэрэгжүүлээгүй байж хууль ёсны эрх ашигт халдсан. Хариуцагч тайлбарлах байх, шүүх мөн шийдвэр гаргахдаа энэ байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэв.
6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
6.1.Зөрчлийн 2438000755 дугаартай хэргийн материалын Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл үйлдэх явцад холбогдогчийн эрх, үүргийг хуулийн зүйл, заалтаас иш татан тодорхой танилцуулсан, мөн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 7.2, 7.4 заалтуудыг биечлэн танилцуулж /уншуулсан/, улмаар гомдол гаргах эрхийг нь холбогдогч Н.П********** ид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлээс өөрийн биеэр уншиж танилцуулсан.
6.2.Холбогдогч Н.П********** ид 2024-06-27-ны өдөр 99389948 дугаарт нь залгаж Мөрөн сумын 324 дүгээр байрны нэр бүхий иргэдээс гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийгдсэн, улсын байцаагчийн албан шаардлага үйлдэгдсэн талаар мэдэгдэж, ирж танилцахыг дуулгасан болно.
6.3.Холбогдогч Н.П********** тухайн өдрийн үдээс өмнө улсын байцаагчийн шалгалтын материалтай танилцаж гар утсаараа өөрт хэрэгтэй материалыг фото хэлбэрээр буулган авсан боловч улсын байцаагчийн албан шаардлагыг авахаас татгалзсан.
6.4.Мөн өдрийн 15 цаг 17 минутад холбогдогчийн 99389948 дугаарт дахин залгаж зөрчлийн гомдол мэдээлэл, улсын байцаагчийн хяналт шалгалтын материал аймгийн прокурорын газар танилцуулагдаад улмаар Зөрчлийн хэрэг нээх шатанд хүрлээ яаралтай ирж улсын байцаагчийн албан шаардлагыг ирж авахыг дуулгахад Би хүлээн зөвшөөрөхгүй, чи намайг цагдаа, прокуророор айлгалаа, чи чанаргүй барилга бариулдаг, чамайг өөрийг чинь шалгуулна ... гэх зэрэг зүй бусаар эрх бүхий албан тушаалтныг заналхийлсэн хандлага гаргасныг Зөрчлийн хэргийн 1 дүгээр хуудсанд тэмдэглэн баримтжуулсан.
6.5.Мөрөн сумын 324 дүгээр байрны иргэдийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн улсын байцаагчийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалтын явцад тус орон сууцны оршин суугч Г.Э********** , түүний гэр бүлийн хүн, оршин суугчийн төлөөлөл 4 иргэн байлцсан бөгөөд шалгалтын тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.
6.6.Мөрөн сумын 324 дүгээр байрны ашиглал, чанар байдалд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-33-01-104/03 дугаартай дүгнэлт гаргаж оршин суугч иргэдийн төлөөлөлд /иргэн Г.Э********** д/ гардуулан өгсөн.
6.7.Мөн барилгын ажил гүйцэтгэгч Н********** ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-33-01-104/13 дугаартай албан шаардлага, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 524 тоот албан бичгийн хамт үйлдэгдсэн.
6.8.Улсын байцаагчийн зүгээс гаргасан дээрх шийдвэрийг хүлээн авахыг холбогдогч Н.П********** хүлээн авахаас эрс татгалзсаар байсан бөгөөд улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчийг элдвээр дарамтлах хандлага гаргасаар байсан. /Жишээлбэл ямар ч шалтгаангүйгээр чамайг авлигатай тэмцэх газар өгч шалгуулна гэх зэргээр үйлдсэн зөрчлөө илт булзааруулах хандлага гаргаж байсан/
6.9.Н********** ХХК, Н.П********** нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь орон сууцны барилгад үзлэг шалгалт хийсэн улсын байцаагчийн шалгалтын материал, иргэдээс ирүүлсэн гомдол, хохирогч, холбогдогч, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар бүрэн нотлогдоно.
6.10.Шаардлагатай тохиолдолд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс холбогдох шатны мэргэжлийн байгууллага, аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж Хяналт шалгалтын баг томилуулан нэмэлт үзлэгээр тогтоолгох боломжтой.
6.11.Үзлэг шалгалт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хэлбэрээр явагдаж орон сууцны барилгад улсын байцаагчийн дүгнэлт, Н********** ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага тус тус гарсан.
6.12.Харамсалтай нь холбогдогч Н.П********** улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан /ойлгохыг ч хүсээгүй/-ы улмаас Зөрчлийн хэрэг нээх шийдэлд хүрсэн.
6.13.2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-33-01-104/13 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан эрх, үүргийнхээ хүрээнд гаргаж Н********** ХХК, Н.П********** ид хандсан боловч хүлээн аваагүй.
6.14.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дүгээр зүйл, 40.1.8, 37.1.14 дүгээр зүйлүүдэд зүгшрүүлэх, тохируулах болон хэвийн ашиглалтын хугацаанд гарсан чанарын зөрчлийг хэн хариуцахыг тодорхой тусгасан байдаг.
6.15.Энэ талаар улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагуудад тодорхой тусгасан. Н********** ХХК-ийн учирсан чанарын зөрчлийг бүрэн арилгах, гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй.
6.16.Н********** ХХК, Н.П********** нь улсын байцаагчийн хяналт шалгалтын явц, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эхнээс дуусах үе хүртэл хугацаанд ямар хандлагатай оролцсон нь ашиглалтын буюу чанарын баталгаат хугацааны талаар огт мэдлэггүй байгаа нь энэ байдлаар тодорхойлогдоно.
6.17.Ашиг сонирхлын зөрчилтэй гэх тухайд энэ бол туйлын харамсалтай буруу ойлголт, улсын байцаагч хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа болон шинээр баригдаж байгаа бүх төрлийн барилга байгууламжид хяналт тавих эрхтэй байдаг. Тухайн асуудал нь оршин суугч иргэдийн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа гэдэг талаас нь ойлгоогүй байна.
6.18.Тус орон сууцны барилгад улсын комисс ажилласан гэх боловч барилгатай холбогдох иж бүрэн зураг төсөл, баримт материал эх хувиараа одоо болтол бүрдээгүй, аймгийн архивт одоо болтол хүлээлгэн өгөөгүй байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх явцад тухайн үед хуралдсан улсын комиссын хурлын тэмдэглэл, комиссын гишүүн тус бүрээс өгсөн үүрэг даалгаврын жагсаалт, биелэлт, захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн төрийн байгууллагын гэрээ, гэрээ дүгнэсэн баримт зэрэг чухал баримт материалууд одоо болтол байхгүй байгаа нь тус комиссыг захирамж гаргасан, зохион байгуулсан төрийн байгууллагууд комиссыг хууль бусаар ажиллуулсан гэх ойлголтыг өгч байна.
6.19.Тухайлбал улсын комиссыг тухайн үед хариуцан ажилласан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий мэргэжилтнүүд Засаг даргын А/641 дугаартай захирамжийн 2-5 дугаар хэсгийн биелэлтийг огт хангаагүй нь авилга, ашиг сонирхлын шинжтэй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн Төрийн байгууллагын албан тушаалтан нь тус орон сууцны барилгын гүйцэтгэгчээр ажилласан байдаг.
6.20.Улсын байцаагч миний хувьд тус Н********** ХХК-тай ашиг сонирхлын зөрчил байхгүй бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу эрх, үүргийнхээ хүрээнд ажилласан болно.
6.21.Энэ байдалд улсын комисст оролцсон Төрийн байгууллагууд, бүх албан тушаалтнуудыг, улмаар барилгын үйл ажиллагаанд оролцсон бүх аж ахуйн нэгж, иргэдийг Авлигатай тэмцэх газарт хандан шалгуулж, эзэн холбогдогчийг эцэслэн тогтоолгож шийдвэрлэж болно.
6.22.Улсын байцаагчийн зүгээс тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах оролдлого огт гаргаагүй.
6.23.Н********** ХХК-ийн эрх, ашигт улсын байцаагч ямар байдлаар халдсаныг холбогдогчоос баримтаар гаргуулах авах саналтай байна.
6.24.Барилгын ажил гүйцэтгэж, улмаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр иргэдийг хохироож байгаа байдлыг таслан зогсоож, торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авч байгаа нь хууль тогтоомжид нийцсэн зөв шийдвэр гэж үзэж байна.
6.25.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч Д.М********** миний бие 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 324 дүгээр байрын оршин суугчдын хүсэлтийг байгууллагын даргын цохолтоор хүлээн авсан. Би тухайн үед Улаанбаатар хотод ажлаар явж байсан тул оройтож ирсэн.
6.26.2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийсэн. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн даргын тушаалаар 01/10401 дугаартай төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийг баримталсан байдаг.
6.27.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэсэн байдаг. Би хяналт шалгалтыг явуулахдаа хуулийн хүрээнд явуулсан.
6.28.Нөхөн төлбөрийг иргэд өөрсдөө тогтоох ямар ч боломжгүй. Мэдлэг чадвар хүрэхгүй, мэргэжлийн бус, өөр мэргэжлийн хүн гэх мэт шалтгааны улмаас өөрсдөө тогтоох ямар ч боломжгүй учраас нөхөн төлбөрийг тооцох боломжгүй байсан. Хэрэв тухайн айл тодорхой хэмжээний засвар үйлчилгээг өөрсдийн хөрөнгөөр хийсэн бол тухайн хохирлыг тооцох боломжтой юм.
6.29.Баталгаат хугацаа дуустал энэ барилга, байгууламж бол компанийн өмч. Хэдийгээр өмчлөгч, эзэмшигч нь эзэмшиж байгаа хэдий ч 3 жилийн гэрээтэй бөгөөд тус компанийн өмч. Айл цонхоо өөрийнхөө дураар өөрчлөх боломжгүй хэрэв өөрчилбөл Н********** ХХК-ийн эрхэнд халдаж байгаа гэсэн ойлголт юм. Тийм учраас тусгай мэргэжил, мэдлэг бүхий хүмүүсээр засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай ба Н********** ХХК өөрсдөө засах зайлшгүй шаардлагатай.
6.30.Үүссэн зөрчлийг яагаад тухай бүрд нь арилгаад явж болохгүй байгаа юм. Иргэдэд би та нарт гоё байшин барьж өгнө, та нар урьдчилгаа мөнгөө өг гэж мөнгийг нь авчхаад чанаргүй байшин барьсан. Иргэдийн зүгээс чанарын шаардлага тавихаар тоодоггүй, хэл амаар доромжилдог гэж байгаа. Энэ талаар зөрчлийн хэрэгт гэрчийн мэдүүлэгт байгаа.
6.31.Өвлийн улиралд 5 дугаар давхрын айлууд маш их даардаг, цонх нь мөстдөг, шороо тоос ордог, хажуу талын айлтайгаа гар барилцдаг ийм байшин барьсан атлаа өнөөдөр ийм зүйл ярьж байгаа нь харамсалтай байна.
6.32.Иргэн бол энэ компанийн үйлчлүүлэгч юм. Гэтэл үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг уландаа гишгэж байна.
6.33.Би үзлэг шалгалт хийхдээ 6 иргэнээс мэдүүлэг авсан нь хууль тогтоомж зөрчөөгүй. Тус байранд бүр оршин суудаг, түр оршин суудгаас хамаарахгүйгээр тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бол хохирогч гэж үзнэ. Гомдол гаргасан нийт иргэдээс мэдүүлэг авахад цаг хугацаа их орох байсан. Хөдөө байгаа хүмүүсийг дуудаад ирэхийг нь хүлээх байсан
6.34.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ашиг сонирхлын талаар ярьсан. Би Н.П********** захирлыг танина гэхдээ өгөх, авах, ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Зөвхөн чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийх явцдаа шаардлага тавьдаг.
6.35.Барилгын иж бүрэн зураг улсын архивт байхгүй энэ бол том зөрчил юм.
6.36.Би зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бол заавал барилгын бичиг баримтыг үздэг, шаарддаг түүнээс маш их мэдээлэл авдаг. Гэтэл уг компаниас иж бүрэн мэдээлэл ирээгүй.
6.37.Бид ажлын өрөөндөө дуудаж мэдүүлэг авдаг. Прокуророос мэдүүлгийг тусгай өрөөнд авахыг шаарддаггүй.
6.38.Энэ хэрэгт анхнаасаа өмгөөлөгч оролцоогүй юм. Нэхэмжлэгчид эрх, үүрэг танилцуулсан.
6.39.Хэрэв албан шаардлагатай танилцаад авсан бол байдал өөрөөр эргэхийг би үгүйсгэхгүй. Албан шаардлагадаа хугацаа заагаад зөрчлийг арилгуулж болох байсан бид ихэвчлэн тэгж явдаг.
6.40.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дугаар зүйлийг баримталсан бол тус байрны 60 айлын иргэний эрх ашиг зөрчигдөнө. Акт тогтоовол тус барилгын ашиглалт зогсох юм. Бид өгсөн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8 дахь заалтыг баримталдаг. Энэ бол албан шаардлага юм. Зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуй нэгж иргэн, албан тушаалтанд шаардлага тавьсан боловч шаардлагыг аваагүй.
6.41.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
7.Гэрч Б.Б********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
7.1.2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргах нь гэсний ард хавсаргасан Мөрөн сумын 8-р багт байрлах Даваадоржийн байр, 324-ийн 2 орон сууцны оршин суугчдын гарын үсэг гэсэн баримт нь Сууц өмчлөгчдийн холбоо байгуулахыг дэмжсэн манай байрны иргэдийн гарын үсэг юм.
7.2.Энэ баримтад зурагдсан 34 тоот Б.Б********** гэсэн гарын үсэг бол миний гарын үсэг мөн бөгөөд манай байрныхан сууц өмчлөгчдийн холбоотой болохыг дэмжиж зурсан гарын үсэг. Тухайн үед ямар ч бичиггүй, толгойгүй хуудаст гарын үсэг зуруулсан. Би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд хандаж өргөдөл гаргаж байгаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
8.Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагч Н********** ХХК-ийн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М********** холбогдуулан гаргасан 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0078428, 0078429 дугаартай шийтгэлийн хуудсаар Н********** ХХК-д оногдуулсан торгох шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
9.Н********** ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 324/2 тоот орон сууцыг барьж 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ББКД-67-72/21 тоот дүгнэлтээр нотлогдоно.
10.Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно. Барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно гэж заасны дагуу Н********** ХХК нь Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 324/2 тоот орон сууцны захиалагч болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
11.Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй: 40.1.1.барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих; 40.1.18.барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах гэж заасны дагуу уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Н********** ХХК ажилласан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно.
12.Тодруулбал Н********** ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 324/2 тоот орон сууцны захиалагч бөгөөд гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлжээ.
13.Мөрөн сумын 8 дугаар багийн 324/2 орон сууцны оршин суугчид Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан Н********** ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, барилгын тухай холбогдох хууль, хот тохижилтын тухай холбогдох хууль зэргийг биелүүлээгүйн улмаас оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор олон жилээр зөрчигдөж байх тул тус компаниар улсын комиссын гишүүд ажлын даалгавраар хийлгэх ёстой ажлуудаа шаардаж хийлгэн оршин суугчдыг хохирол болгож өгөхийг хүсэж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргажээ.
14.Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М********** өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулаад 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 02-33-01-104/13 тоот албан шаардлага, 02-33-01-104/03 тоот дүгнэлт гаргаж Н********** ХХК-ийн захирал Н.П********** болон Мөрөн сумын 8 дугаар багийн 324-2 дугаар байрны оршин суугч иргэдэд өгчээ.
15.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.Улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 10.9.8.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасан тул улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан гэж үзнэ.
16.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад Н********** ХХК нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 46 дугаар зүйлийн 46.3-т Хөрөнгө оруулагч, захиалагч ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын явцад захиалагч, зохиогч, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чанар, аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт, ашиглалтад оруулсан баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох төрийн архивд шилжүүлнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогджээ.
17.Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан баримт бичгийг Н********** ХХК 2024 оны 09 дүгээр сард төрийн архивд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/1191 тоот албан бичгээр тогтоогдож байна.
18.Төлөвлөгөөт бус хяналтын шалгалтын хүрээнд улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 02-33-01-104/13 тоот албан шаардлагаар барилгын ашиглалтын явцад үүссэн чанарын зөрчлийг бүрэн арилгаж Барилгын тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, улмаар Барилгын тухай хуулийн 37.1.14, 40.1.8, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 дугаар заалтуудын шаардлагыг хэрэгжүүлж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлэн албан шаардлагыг хэрхэн биелүүлсэн тухайгаа 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт албан ёсоор ирүүлэхийг Н********** ХХК захирал Н.П********** ид мэдэгдэж, албан шаардлагыг биелүүлээгүй, хариу ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 12.1.5, 12.1.7, 15.2 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авахыг анхааруулжээ.
19.Барилгын техникийн хяналтын Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-33-01-104/03 тоот дүгнэлт, 02-33-01-104/13 тоот албан шаардлагыг Н********** ХХК-ийн захирал Н.П********** ид гардуулахаар эрх бүхий албан тушаалтан түүнийг утсаар дуудсан боловч тэрээр хүлээн авахаас татгалзжээ.
20.Н********** ХХК-ийн захирал Н.П********** улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 7.2, 7.4, 15.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дугаар зүйлийг зөрчсөн зөрчил үйлдсэнийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутад илрүүлж, Эрх бүхий албан тушаалтны 2438000755 дугаар тогтоолоор Н********** ХХК-ийн барилгын чанарын баталгаат хугацаанд үүссэн чанар, эрүүл ахуйн зөрчлийг арилгах арга хэмжээ огт аваагүй, барилгын иж бүрэн баримт материалыг улсын архивд хүлээлгэн өгөөгүй, улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авахгүй, чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 7.2, 7.4-д зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.
21.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.9.12.хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: ... 6.38.барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 12.1, ... дугаар зүйл, .... хэсэгт заасан зөрчил, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйл.Барилгын тухай хууль зөрчих гэж тус тус заасан тул барилгын техникийн хяналтын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах бүрэн эрхтэй.
22.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-д Барилгын ажлын захиалагч хуульд заасан: 5.1.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй; 5.2.чиг үүргээ хэрэгжүүлээгүй ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., 7-д Барилгын ажлын гүйцэтгэгч: 7.2.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй; 7.4.чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан.
23.Н********** ХХК Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 46 дугаар зүйлийн 46.3-т Хөрөнгө оруулагч, захиалагч ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын явцад захиалагч, зохиогч, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чанар, аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт, ашиглалтад оруулсан баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох төрийн архивт шилжүүлнэ гэснийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
24.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг ойлгоно, 14 дүгээр зүйлийн 14.3-д Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна, 14.4-т Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ, 14.5-т Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно гэж заасан.
25.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасанчлан Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 324/2 дугаар байрны гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэх, тэмдэглэлийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
26.Барилгын зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэж, уг зөрчлүүдийг арилгаснаар барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусгавар болно.
27.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байх юм.
28.Иймд Н********** ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 324/2 дугаар байрны ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусаагүй байна.
29.Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусгавар болоогүй байхад иргэдээс гаргасан гомдолд захиалагч бөгөөд гүйцэтгэгч Н********** ХХК татгалзсан хариу өгч, гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй болох нь гэрч Т.Отгонбилэгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан иргэдийн өргөдөл, түүнд хавсаргасан гэрэл зураг, улсын байцаагчийн хяналт шалгалтын тэмдэглэл, дүгнэлтээр нотлогдоно.
30.Н********** ХХК барилгын иж бүрэн зургийг архивд хүлээлгэн өгөөгүй, хариуцагч Д.М********** зөрчлийг барилгын иж бүрэн зурагтай тулган шалгах боломжгүйн улмаас хохирлыг тооцох боломжгүй, хохирогч, гэрчээс мэдүүлэг авч, газар дээр нь үзлэг шалгалт хийж тэмдэглэл үйлдсэнийг буруутгахгүй.
31.Н********** ХХК нь барилгыг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах үүрэгтэй.
32.Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан хохирлыг захиалагч, гүйцэтгэгч хариуцахыг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: ... 37.1.14.барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах, 40 дүгээр зүйлийн 40.1-д Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй: 40.1.8.барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах гэж заасан байна.
33.Гомдол гаргагч Н********** ХХК Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 02-33-01-104/13 тоот албан шаардлага, 02-33-01-104/03 тоот дүгнэлттэй маргаагүй.
34.Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.М********** Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 7.2, 7.4-д зааснаар Н********** ХХК-д шийтгэл оногдуулах бодит үндэслэл байсан болох нь хэрэгт авагдсан Улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 02-33-01-104/13 тоот албан шаардлага, 02-33-01-104/03 тоот дүгнэлт, гэрч Т.Отгонбилэгийн мэдүүлэг, аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/1191 тоот албан бичиг, иргэдийн өргөдөл, түүнд хавсаргасан гэрэл зургууд, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хяналт шалгалтын тэмдэглэлээр тус тус нотлогдоно.
35.Гэсэн хэдий ч эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул түүний оногдуулсан шийтгэлийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
36.Эрх бүхий албан тушаалтан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52-д заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад Барилгын тухай хууль зөрчсөн зөрчил илрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна: 1.1.хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэж зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна.
37.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор, 3.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ, 4-т Хохирогч дараах үүрэгтэй: ... 4.3.зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх гэж тус тус заасан.
38.Эрх бүхий албан тушаалтан тус байрны оршин суугч Г.Э********** , Э.Т********** , Л.Н********** , Ж.Г********** , Д.Н********** , Б.О********** нарын зургаан хүнийг хохирогчоор асууж, зөрчлийн хэргийн талаар мэдүүлэг авчээ.
39.Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийн арын хуудаст Мөрөн сумын 8 дугаар багийн 324/2 дугаар байрны 24 айлын гарын үсэг зурагдсан байна. Энэ 24 айл нь бүгд хохирогч эсэх, эсхүл зөрчлийн талаар гомдол, мэдээлэл гаргагч эсэх нь тодорхойгүй.
40.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээд хэд байгааг тогтоож, хохирогчдоос мэдүүлэг авч зөрчлийн талаар бүрэн бодитой тогтоох үүрэгтэй.
41.Гэрч Б.Б********** шүүх мэдүүлэхдээ 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргах нь гэсний ард хавсаргасан Мөрөн сумын 8-р багт байрлах Даваадоржийн байр, 324-ийн 2 орон сууцны оршин суугчдын гарын үсэг гэсэн баримт нь Сууц өмчлөгчдийн холбоо байгуулахыг дэмжсэн манай байрны иргэдийн гарын үсэг юм. Энэ баримтад зурагдсан 34 тоот Баяр-Эрдэнэ гэсэн гарын үсэг бол миний гарын үсэг мөн бөгөөд манай байрныхан сууц өмчлөгчдийн холбоотой болохыг дэмжиж зурсан гарын үсэг. Тухайн үед ямар ч бичиггүй, толгойгүй хуудаст гарын үсэг зуруулсан. Би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд хандаж өргөдөл гаргаж байгаагүй гэв.
42.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2-т Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна гэж заасан.
43.Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан хэдэн хүн гомдол, мэдээлэл гаргасан нь тодорхойгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчдыг бүрэн тогтоож, мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
44.Н********** ХХК-ийн захирал Н.П********** шүүх хуралдаанд тайлбарлахдаа улсын байцаагч Д.М**********-с манай компанид албан шаардлага өгчих л дөө, бид барилгад хийх ёстой зүйлээ хийе гэж гуйсан боловч албан шаардлагаа өгөөгүй. Танайхыг заавал торгоно гэж хэлээд торгосон гэж, хариуцагч Д.М********** улсын байцаагчийн албан шаардлагыг биечлэн танилцуулсан, гардуулах гэтэл хүнээс асууж байж больё гэж хэлээд гараад явсан, тэгээд утсаар залгаад албан шаардлага ав гэхэд авахгүй гээд хэл амаар доромжилсон гэж тус тус тайлбарласан.
45.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-т Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана гэж заасан.
46.Н********** ХХК-ийн захирал Н.П********** ид улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-33-01-104/13 тоот албан шаардлагыг гардуулах талаар утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүлээн авахаас татгалзсан болох нь хариуцагчийн тайлбар, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлээр нотлогдож байна.
47.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас эрх бүхий албан тушаалтан Н********** ХХК-нд хяналт шалгалтын талаар урьдчилан мэдэгдээгүй, удирдамжгүй хяналт шалгалт хийсэн гэж маргаж байгаа боловч энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас тусдаа хэрэг болох тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.
48.Н********** ХХК Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-33-01-104/13 албан шаардлагатай маргаагүй, албан шаардлага хүчин төгөлдөр байна.
49.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос мэдүүлэг авахдаа эрх, үүргийг танилцуулсан болох нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд холбогдогч Н.П********** гарын үсэг зурсан байгаагаар нотлогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 7.2, 7.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н********** ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0078428, 0078429 дүгээр шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н********** ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ