| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00770/И |
| Дугаар | 102/ШШ2022/01434 |
| Огноо | 2022-04-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2022/01434
2022 оны 04 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2022/01434 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Т ,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, А ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь 2,625,000 төгрөг, охин А.Э ын хуваарьт хөрөнгөөс авсан 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Т ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар,
Хариуцагч Б.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Б.А тэй 2013 онд танилцаж, 2014 оноос хамт амьдарсан. 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр охин А.Э , 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү А.Т нар мэндэлсэн. Хамтран амьдрах хугацаанд өмнө нь амьдралтай байсан тухайгаа нууж байсан. Цалин орлогоо маш их нуудаг, 700,000-800,000 төгрөг гэж хэлдэг байсан боловч үнэндээ 1,200,000 төгрөг байсан, худалч, хэлсэн ярьсан зүйлээ биелүүлдэггүй, 2015 оноос хойш байнгын архи дарс ууж, согтуу ирдэг, ингэхдээ маргалдаж муудалцдаг болсон. 2015 онд найзуудтайгаа уулзаж шөнө ирэхдээ бэлгийн замаар дамжиж халдварлах өвчин авсан байсан. Энэ явдлаас нь анх гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг, намайг араар тавьдаг болохыг мэдсэн. Энэ хугацаанд архи ууж ирж, зодож цохих асуудал үүсгэсэнтэй холбогдуулж миний зүгээс өөрийн 000 дугаараас Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэст гомдол мэдүүлж дуудлага өгч байсан. Миний хувьд 2016 онд Солонгос улс руу ажиллахаар яваад 2017 онд ирсэн. Намайг ирснийг найзуудаараа тэмдэглээд харих замд нөхөр намайг маш хүчтэй зодож эхэлсэн. Гэрийн гадаа ирээд таксины мөнгө төлж байх хооронд би зугтаж гэрт ороод хаалга түгжсэн боловч бэр дүү нөхрийг оруулж ирсэн, намайг зодсон учир цагдаа дуудаж, цагдаа баривчилж аваад явсан. 2021 оны 6 дугаар сард нөхөр яаралтай Ковидын шинжилгээ өгөхөөр явсан боловч гэртээ ирэлгүй тэр чигтээ ирэлгүй өнөөдрийг хүрч байна. 2021 оны 8 дугаар сард согтуу утсаар ярьж уйлан би их өрөнд орж байна, чи надад тусламж дэмжлэг үзүүлдэггүй, намайг боддоггүй, тийм болохоор би явсан гэх зүйлүүдийг ярьсан. Миний зүгээс нээрээ ч тийм юмуу гэж бодоод нөхрийн ажилдаг Галт суман мөндөр ХХК-ийн данс руу 7,000,000 төгрөгийг нөхрийн өрийг дарах зорилгоор дунд охин А.Э ын Хаан банкны 000 тоот данснаас компанийнх нь захирал Мөнхбаярын данс руу шилжүүлсэн. Гэтэл өрийг нь төлөөд эргээд нөхөртэй холбогдох гэсэн боловч утсаа огт аваагүй, фейсбүүкээр блок хийсэн байсан. Миний хувьд амьдралаа бүтэн байлгах, үр хүүхдүүдээ аавтай нь байлгах гэсэндээ л гэрээсээ яваад ирэхгүй байхад нь ирчих юм болов уу гээд уйлж гуйсан гуйлтыг нь биеүүлж байхад тэр хүний хувьд зүгээр л надаар өрөө төлүүлэх гэж холбогдсон байсан. Үүнд нь маш их гомдолтой байна. 2021 оны 9 дүгээр сард нэг удаа ирж хүүхдүүдтэйгээ уулзсан. Байнга орхиж явдаг, анхаарч хайхардаггүй учир хүүхдүүд ч аавыгаа тоодоггүй. Бид 2018 оны намар 0000 УНБ улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг 3,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Иймд Б.А гээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээн, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн дундын эд хөрөнгө болох Приус-11 машиныг анх авсан 3,500,000 төгрөгөөр тооцож, өөрт болон 2 хүүхдэд ногдох 2,625,000 төгрөгийг гаргуулах, охин А.Э ын хадгаламжийн данснаас буюу хуваарьт хөрөнгөөс авсан 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь охин А.Э ын хуваарьт хөрөнгөөс авсан учир буцаан шилжүүлэх үүрэгтэй. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын хоорондох хугацааны 6,360,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн байсан нь цаг хугацааны хувьд гэрлэгчид хамт амьдарч байх хугацаанд хийгдсэн байдаг. Харин 2021 оны 8 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан учир энэ хугацаанд 7,000,000 төгрөгийг өмнөөс нь төлөхөд гэр бүлийн харилцаа дуусгавар болсон байсан. Хүүхдүүдтэй уулзуулахыг хүсэхгүй байгаа ч журам тогтоохыг зөвшөөрч байна...гэв.
2.Хариуцагч Б.Азжаргал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 онд А.Т тай танилцаж гэр бүл болон амьдарсан. 2014 оноос хамтран амьдарч эхлэн, миний ганц цалингаар амьдарч байсан. Цалин бага байсан ч хүүхдүүдээ боломжийн өсгөсөн. Хамт амьдрах хугацаанд үр хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн төлөө амьдралаа тогтвортой сайхан байлгахыг бид хоёр ярилцаж хичээж ажиллаж хөдөлмөрлөж сайхан байсан үе байгаа. Эхнэр маань 2016 онд Солонгос улс руу ажиллахаар явж ирснээс хойш зан ааш нь илтэд өөрчлөгдөж, намайг төдийгүй гэр бүл, аав ээж, ах дүүс, найз нөхөд, ажлын хамт олон руу хүртэл элдэв муухай үгээр хэлэх, хэл амаар доромжлох зэргээр авирладаг болсон. Би дандаа архи ууж агсам согтуу тавьдаггүй. Хамт амьдардаг байхдаа олсон орлогоо нууж байгаагүй. Тэгэхдээ надад дутагдал байсан. Тэсвэрлэхийн аргагүй үг хэл доромжлолынх нь эсрэг буруу үйлдэл гаргаж цагдаагийн байгууллагаар торгуулсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшдэг. Би хоёр хүүхдээ маш их санадаг. Бас хоёр хүүхдийнхээ өмнө уучлалт гуйхыг хүсдэг. Би эхнэр А.Т тай цаашид хамтран амьдрах боломжгүй гэж хэлж байгааг ойлгож, гэрлэлтээ цуцлуулан, охин А.Э , хүү А.Т нарт хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Харин хоёр хүүхэдтэйгээ уулзаж эцэг хүний ёсоор тусалж дэмжиж уулзуулж байхыг хүсэж байна. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Учир нь анх учирсан цагаас өдийг хүртэл намайг дэндүү их харддаг байсан. Янз бүрийн хүмүүстэй харддаг байсан. Сард 1-2 удаа ажлынхантай ууж идэх юм байна. Охин А.Э маань бидний амьдралыг өнөөдрийг хүртэл байлгасан. Намайг зайл, яв, гуйлгачин гэдэг байсан. Сүүлдээ ээж нь хүртэл тэгэж хэлдэг болсон. Намайг нийгмийн сүлжээгээр маш их мэдээллэсэн. Олон группт миний зургийг ч тавьж байсан. Би хүүхдүүдээ маш их санаж байна. Охиныхоо хоолойг сонсох гэж олон залгаж байж ярьсан. Компанийнхаа өрийг дарчих юмсан гээд явж байна. Машин авахдаа компанийн захирлаас зээлж аваад, 10 хувийг төлж машин авч байсан. Эхнэр сугалаагаар 4 машин хожсон. Маш их монетон ээмэг бөгж хожиж байсан. Юм хожих бүрт татварын 10 хувийг би төлдөг байсан. Хүүхдүүддээ тансаг юм авч өгдөг байсан. Энэ 7,000,000 төгрөг бол компанийн орлогоос бэлэн борлуулалттай байхад тэр хонжворынх нь татварын мөнгөнд компаниасаа авч өгсөн. Тиймээс 7,000,000 төгрөгийг би хариуцахгүй. Миний тухай нийгмийн сүлжээгээр цацсанаас болоод би нутагтаа ч очих нүүргүй болсон. Би борлуулагч, түгээгч хийдэг хүн. Надад үнэхээр хайргүй байсан юм байна. Дундын хөрөнгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч өдөрт 100 гаруй мессеж бичиж дарамталдаг. Хүүхдүүдтэйгээ уулзах журам тогтоолгомоор байна. Долоо хоног бүр уулзаж баймаар байна...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-6/, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа тухай Өрхийн эмчийн тодорхойлолт /хх-7-8/, охин А.Э ын суралцаж буй Ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-9/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-10-11/, фото зураг /хх-12/, Цагдаагийн ерөнхий газар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 утсанд А.Т ын 000 дугаарын утаснаас бүртгэгдсэн дуудлагын лавлагаа, хавсралтын хамт /хх-13-17/, охин А.Э ын Хаан банк дахь 000 тоот хүүхдийн харилцах дансны хуулга /хх-36/, А.Т ын Хаан банк дахь 0000 тоот харилцах дансны хуулга /хх-65-81/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч Б.А татгалзлаа нотлохоор өөрийн Хаан банк дахь 0000 тоот харилцах дансны хуулга /хх-45-47/, өөрийн ажил олгогч Галт суман мөндөр ХХК-ийн тодорхойлолт /хх-48/ зэргийг баримтаар өгсөн.
5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/04488 дугаар захирамжаар шаардсаны дагуу Авто тээврийн үндэсний төвөөс гэрлэгчдийн дундын хөрөнгө гэх 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-38, 59-60/-г нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ гэр бүлийн хүчирхийллийн улмаас болон хариуцагчийн архи согтууруулах зүйлийн хэрэглээ, худал хэлэх, гэр бүлээс гадуур бусадтай дотно харилцаа үүсгэх зэрэг хүчин зүйлсийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг шаардах, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох тээврийн хэрэгслээс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, мөн тусдаа амьдарснаас хойш охин А.Э ын хадгаламжийн данснаас буюу хуваарьт хөрөнгөөс нь 7,000,000 төгрөг гаргуулан хариуцагч өрөө төлүүлсэн учир буцаан гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах болон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бол, 7,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...энэ мөнгө нь нэхэмжлэгч А.Т ын сугалаанд хожиход татварын 10 хувийн төлбөрт төлөхөөр миний ажил олгогчоосоо зээлж авсан мөнгийг буцааж төлсөн, нэхэмжлэгчийн зарцуулсан мөнгө гэж үзэх учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн №0000103771 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэгчдийн дундаас төрсөн, насанд хүрээгүй охин А.Э ын 1119001171 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ, хүү А.Төгсжаргалын №1119850045 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ, хүүхдүүд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолт, мөн охин А.Э ын суралцаж буй сургуулийн тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагаа, фото зургууд, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрлэгчдийн болон охин А.Э ын банк дахь харилцах дансны хуулга, Б.А гийн ажил олгогчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Гэрлэгчид 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдраад, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон ба тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр охин А.Э , 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү А.Т нар төрсөн байна.
4.2.А.Т , Б.А нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 8 дугаар сараас тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй учир хэн аль нь гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдүүд болох А.Э , А.Т нарыг нэхэмжлэгч А.Т ын асрамжинд үлдээн, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгон, эцэг Б.А тэжээн тэтгэхээр харилцан тохиролцсон.
4.3.Гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 0000 УНБ улсын дугаартай, Тоёота Приус-11 маркын тээврийн хэрэгсэл хариуцагч Б.А гийн ажил олгогч Галт суман мөндөр ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд тухайн хөрөнгийг зохигчид 3,500,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгч А.Т болон хоёр хүүхдэд ногдох хувь 2,625,000 /гэр бүлийн нэг гишүүнд ногдох хувь 875,000 төгрөг/ төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх, тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд үлдээхээр тохиролцож байна.
4.4.Хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэгч гэр бүлийн хүчирхийллийн улмаас цагдаагийн тусгай дугаарын 102 утсанд дуудлага өгч 7 удаагийн дуудлага бүртгэгдсэний 3 нь хариуцагч Б.А тэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага байх ба 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 100,000 төгрөгөөр торгуулсан болно гэх тайлбар бүхий 2 ширхэг фото зургийг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.
5.Зохигчдын маргааны зүйл нь нэхэмжлэгч хариуцагчаас 7,000,000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх байсан бол нэхэмжлэлийн бусад шаардлага болох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах зэрэг нэхэмжлэлийн хүрээнд зохигчид маргаагүй байна.
6.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад хариуцагчид холбогдуулан олон удаагийн дуудлага өгч арга хэмжээ авч байсан, мөн нэхэмжлэлд хүчирхийллийн улмаас бие махбодид хохирол үүссэн байх боломжтой фото зургууд зэргийг нэхэмжлэлд хавсаргасан учир шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийн энэхүү үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэхгүй, хоорондын таарамжгүй харилцаа байсан, тодорхой хэмжээнд хүчирхийлэл үзүүлж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан, гэрлэгчид хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг хүсэж байгаа тул эдгээр үндэслэлээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
7.Гэрлэгчдийн хүүхдүүд А.Э , А.Т нар эцэг эх нь тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжид байсан бөгөөд хариуцагч хүүхдүүдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар маргаагүй тул хүүхдүүдийг эх А.Т ын асрамжид үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг Б.А гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
8.Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгахын зэрэгцээ шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоохдоо хариуцагч Б.А нь хүүхдүүдтэй долоо хоног бүрийн Бямба гарагт өдрийн цагаар уулзаж байхаар тогтоосныг баталгаажуулах нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэгч А.Т нь гэр бүлийн дундын өмч болох Тоёота Приус маркын автомашиныг анх худалдаж авсан 3,500,000 төгрөгөөр үнэлж, гэр бүлийн гишүүн тус бүрт ногдох хувийг 875,000 төгрөгөөр тооцон, өөрт болон хоёр хүүхдэд ногдох хувь 2,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тухайн хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд үлдээх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болно. Хэдийгээр нэхэмжлэлд дурдсан хөрөнгө нь хариуцагчийн ажил олгогч гэх Галт суман мөндөр ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь эрх бүхий бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдох боловч зохигчдын тайлбараар тухайн хөрөнгийг хариуцагч эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс А.Т болон хоёр хүүхдэд ногдох хувь 2,625,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэсэнтэй нийцэж байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.
10.Нэхэмжлэлийн сүүлийн шаардлага болох охин А.Э ын хуваарьт хөрөнгө болох Банк дахь хадгаламжийн данснаас хариуцагчийн өр төлбөрт төлсөн гэх 7,000,000 төгрөгийг Б.А гээс гаргуулах шаардлагын хувьд А.Т ын сугалаагаар хожсон зүйлсийн 10 хувийн татварын төлбөрийг төлөхөөр ажил олгогчоос зээлж авсан өр төлбөрийг буцаан төлсөн гэх үндэслэлээр хариуцагч эс зөвшөөрч маргасан бол нэхэмжлэгчийн зүгээс Б.А г 2021 оны 6 дугаар сараас гэр бүлээсээ тусдаа амьдарсан, энэ хугацаанаас өмнөх зээл болон бусад төлбөрийн асуудал гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан, харин тусдаа амьдарч байхад буюу 2021 оны 8 дугаар сард хүүхдийн данснаас мөнгө гаргуулж бусдад төлүүлсэн учир өхүүхдийн хуваарьт хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлан шаардаж байна.
11.Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт зааснаар охин А.Э /7 настай/ нь иргэний эрх зүйн зарим чадамжтай бөгөөд түүний өмнөөс хууль ёсны төлөөлөгч нь аливаа хэлцэл хийж эрх зүйн харилцаанд оролцохоор хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу охин А.Э ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх/ шүүхэд төлөөлнө.
Нэхэмжлэгч А.Т нь охин А.Э ын банк дахь харилцах данснаас хариуцагч Б.А гийн ажил олгогчийн гэх данс руу 2021 оны 8 дугаар сард шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өөрт олгуулахаар шаардсан ба уг шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 рдахь хэсэгт заасан охин А.Э ын хуваарьт хөрөнгө бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасантай хамааруулан тайлбарлах боловч уг мөнгийг А.Э д бус А.Т д олгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал: Тухайн 7,000,000 төгрөгийг А.Э ын данснаас бусдад шилжүүлсэн гэдэгт зохигчид маргахгүй. Тиймээс уг данс охин А.Э ын хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь түүний хууль ёсны төлөөлөгч мөн боловч А.Э ын хуваарьт хөрөнгийг А.Т өөрт олгуулахаар шаардах эрхгүй.
12.Түүнчлэн, охин А.Э ын хуваарьт хөрөнгөөс 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч захиран зарцуулсан, гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа тусдаа амьдарснаар тодорхойлогдохгүй ба 2021 оны 5 дугаар сард хариуцагчийн ажил олгогчоос зээлж авсан мөнгө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан байхад 2021 оны 8 дугаар сард хийгдсэн төлбөр гэр бүлийн хэрэгцээнд тооцогдохгүй гэх үндэслэл ойлгомжгүй байна. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчдын дансны хуулгаас хариуцагчийн ажил олгогчоос зээлж авсан мөнгийг хариуцагч хүлээн авч, нэхэмжлэгчид шилжүүлдэг байсан байна. Тиймээс Б.А гээс 7,000,000 төгрөг гаргуулах тухай А.Т ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13.Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 197,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн Т /0000 /, Монгол улсын иргэн А /000 / нарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин А.Э , 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү А.Т нарыг эх А.Т ын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу А.Э /7 настай/, А.Т /4 настай/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.А гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх Тоёота Приус-11 маркын 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Б.А гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч А.Т , охин А.Э , хүү А.Т нарт ногдох хувь болох 2,625,000 төгрөгийг хариуцагч Б.А гээс гаргуулан нэхэмжлэгч А.Т д олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар охин А.Э , хүү А.Т нартай эцэг Б.А нь долоо хоног бүрийн Бямба гарагт өдрийн цагаар уулзаж байхаар зохигчид тогтоосныг баталж, А.Т болон Б.А нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай..
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА