Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00141

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00141

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж ,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Ө овогт Э-гийн У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 320/2025/00166/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.У- нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, түүнд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг 100 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Гэтэл Э.У- нь зээлийн гэрээний хугацаанд огт төлбөр төлөөгүй байна.

Иймд Э.У-гаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х тайлбартаа: Миний бие Э.Х нь Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.У-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хариуцагч Э.У- нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Э.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.У- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х /төсвийн байгууллага/-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу хариуцагч Э.У-гаас нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х-ын нэхэмжлэлтэй хариуцагч Э.У-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.У- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.У-гаас улсын тэмдэгтийн хураамжид 31,475 (гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН