| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/04895/И |
| Дугаар | 102/ШШ2024/05370 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/05370
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/05370 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О
Шинжээч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.Т, хариуцагч Н-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2308 дугаартай Шийдвэрээр Т.Б, Г ХХК-аас 594.000.000 төгрөгийг гаргуулж Ч ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлд иргэн П.Т-н өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот, 0 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэр гарсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлбөрт хурааж, худалдан борлуулах үнэлгээ тогтоолгосон ажиллагаа явуулсан. Хариуцагч байгууллагын хувьд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Х ХХК-ийг шинжээч томилж тухайн өдрөө үнэлгээчин Б.Бд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйлийг танилцуулсан байдаг. Уг хуулийн зүйл заалт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй, хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн. Мөн шинжээчид эрх, үүрэг танилцуулсан, шинжээчээр оролцохоос татгалзсан, оролцуулах боломжгүй нөхцөл байдалд байгаа талаар мэдээлэл тодруулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний алдаатай, зөрчилтэй баримтуудыг үйлдсэн байдаг. Шинжээчээр Х ХХК-ийг томилсон боловч үнэлгээчин Б.Бг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан. Шинжээч хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан, хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй эсэх нь тодорхойгүй. Х үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0174 дугаартай Албан бичгээр үнэлгээчин Б.Бд олгосон итгэмжлэл тайлбар өгөх, хуралд оролцох гэсэн төлөөлөх эрх тусгасан байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээчин мэргэжилтний үндсэн дээр оролцуулахаар заасан. Гэтэл тэр талаар байхгүй болон эрх олгогдоогүй этгээдийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаанд оролцуулсан гэж үзэж байна. Шинжээчээр томилсон Х үнэлгээ ХХК 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Албан бичгээр хураагдсан орон сууцыг 103.000.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 17 дугаар хуудсанд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн орлого, өртгийг хандлагын аргаар харьцуулалт хийж үнэлнэ гэж тусгасан боловч орлого болон өртгийн аргаар яаж, хэрхэн аргаар үнэлгээ тогтоосон гэдэг нь тодорхойгүй таамгаар үнэлсэн. Үнэлгээний тайлангийн 12 дугаар зүйлд орлого, өртгийн хандлагын аргыг тайлбарлаж, тусгаагүй, орон сууцыг хэрхэн үнэлсэн үйл явцыг тусгаагүй, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй дүгнэлт гаргасан. Төлбөрт хураагдсан орон сууцыг зах зээлийн хандлагаар үнэлэхдээ орон сууцны харьцуулалт, тохируулга, боломжит үнээс 0.5 хувиар буурч орон сууц зарагдана гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлж үнэлгээний аргачлалыг тогтоосон үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Шинжээчийн үнэлгээ тогтоох үйл явц бодиттой мэдээллийг харьцуулсан гэж үзэхээргүй байна. Зах зээлийн хандлагын аргаар тохируулга хийхдээ орон сууцтай ижил орон сууцуудыг харьцуулсан ба үнэлгээ хийгдсэн орон сууцтай харьцуулж хийгээгүй. Сонгон авсан 3 орон сууц өөр хоорондоо ойролцоо байршилд байгаа хэдий ч үнийн хувьд өөр, нөгөө хоёр орон сууцнаас эрс ялгаатай орон сууцуудыг харьцуулсан тул үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. Хөрөнгийн үнэлгээ бодиттой бус, хууль бус, хуулийн хүчингүй болсон заалтыг барьсан үнэлгээ гаргасан. Энэ нь нэг талаараа төлбөр төлөгчийн хөрөнгө биш гуравдагч этгээдийн хөрөнгө. Гуравдагч этгээд хөрөнгөө бодиттой үнэлүүлэхийг хүсэж байна. Үүнд ямар нэгэн байдлаар хугацаа хожих гэсэн санаа зорилго байхгүй. П.Т гэдэг хүн давхар цаашаа залилуулаад байраа барьцаалсан. Дээрээс нь үндэслэлгүйгээр хөрөнгөө бага үнээр үнэлүүлсэн. Хөрөнгийн үнэлгээ нэг хэвлэмэл маягт дээр нэр, хаягийг өөрчлөөд өгсөн. Олон хүнийг хохироосон сөрөг үр дагавар үүсгэж байна. Иймээс хөрөнгийн үнэлгээ бодиттой баймаар байна. Дараагийн дуудлага худалдаа үнийн өрсөлдөөнгүй, хоёр ченж орж ирээд 100.000 төгрөгөөр өсгөөд авсан нь харагдаж байгаа тул нэхэмжлэлээ дэмжиж байна, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2308 дугаартай Шийдвэрээр Т.Б, Г ХХК-аас 597.494.766 төгрөгийг гаргуулан Ч ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 03 дугар сарын 29-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд төлбөрийг төлөөгүй. Түүнчлэн төлбөр төлөгч Т.Б, Г ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаартай Тогтоолоор битүүмжлж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай мэдэгдлээр талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаартай Тогтоолоор шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнэ 03.667.837 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0 тоот Албан бичгүүдээр мэдэгдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар зах зээлийн үнийн 70 хувиар тооцож 72.567.486 төгрөг буюу дуудлага худалдааны доод үнээр анхны албадан дуудлага худалдаа 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдах талаар өмчлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Албан бичгүүдээр мэдэгдсэн. Анхны албан дуудлага худалдаагаар санал гараагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдах талаар 0 тоот Албан бичгүүдээр талуудад мэдэгдсэн болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууц 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 91.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Энэ талаар өмчлөгч, төлбөр авагч, төлөгч нарт 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Албан бичгүүдээр мэдэгдсэн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн орон сууц 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад ороод 22 жил болсон мөн хуучны 18 метр квадрат талбайтай байрыг шинжээчийн одоогийн үнэлгээгээр 33.5 метр квадрат талбайтай гэж тооцож, 1 метр квадрат талбай үнийг 3.095.000 төгрөгөөр үнэлсэн гэхээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй. Шүүхээс хангалттай хугацаа олгосон, бүхэл бүтэн хоёр жил болсон. Эрх, үүргийг хангалттай тайлбарласан. Нэхэмжлэгчид дуудлага худалдаа болохоос өмнө өөрт нь худалдан борлуулах хугацаа олгосон. 72.000.000 төгрөгөөр дуудлага худалдааг зарлахад 91.500.000 төгрөгөөр зарагдсан, гэжээ.
5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, шинжээч томилсон тогтоол, эд хөрөнгө хураасан тогтоол, шинжээчид эрх, үүрэг тайлбарсан тэмдэглэл, баримт, хөрөнгө үнэлгээний тайлан,
7.Хариуцагчаас хариу тайлбар, О.Од олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/0 дугаартай Тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2022/00 дугаартай Шүүгчийн захирамж, 102/ХГ2022/000 дугаартай гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, төлбөр авагч, төлбөр төлөгч Грийт өүшин пикчерс ХХК, Т.Батзул, өмчлөгч П.Т нарт хүргүүлсэн мэдэгдэл, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүргийг танилцуулсан баримт,шинжээчийн дүгнэлт, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт шинжээчийн дүгнэлт мэдэгдсэн албан мэдэгдлүүд, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, талуудад тогтоолыг мэдэгдсэн албан бичгийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Хөрөнгийн үнэлгээг ямар аргаар тогтоосон нь тодорхойгүй таамгаар үнэлсэн. Орон сууцыг үнэлсэн үйл явцыг тусгаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй дүгнэлт гаргаж, зах зээлийн хандлагаар үнэлэхдээ орон сууцны харьцуулалт, тохируулга хийгээгүй мөн бодиттой мэдээллийг харьцуулж үзээгүй. Сонгон авсан орон сууц өөр хоорондоо ойролцоо байршилд байгаа боловч үнийн хувьд өөр, нөгөө хоёр орон сууцнаас эрс ялгаатай орон сууцуудыг харьцуулсан. Мөн хүчингүй болсон заалтыг барьж үнэлгээ гаргасан гэж тодорхойлов
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Хариуцагч байгууллага төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй учраас шүүхийн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Шинжээч эрх, үүргээ тайлбарлуулж дүгнэлтээ ирүүлж, дүгнэлт хууль зөрчөөгүй. 2002 онд ашиглалтад ороод 22 жил болсон хуучнаар 0 метр квадрат талбайтай байрны үнэлгээг өнөөдрийн байдлаар 0 метр квадрат талбайгаар тооцож, 1 метр квадрат талбай үнийг 3.095.000 төгрөгөөр үнэлж, хоёр дахь дуудлага худалдаагаар орон сууцыг 72.000.000 төгрөгөөр зарлахад 91.500.000 төгрөгөөр зарагдсан гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч Ч банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК, Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Т, Т.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Г ХХК, Т.Б-ас 594.364.991 төгрөгийг гаргуулан Ч банк ХХК-д олгож, төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
6.Дээрх шийдвэрийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/000 дугаартай Тогтоолоор ...бусад аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшиж байгаа Б.Т,Т.Б нарын хувьцаа гэснийг хасаж, хариуцагч Г ХХК, Т.Б нараас 3.200.290 төгрөг гэснийг хариуцагч Г ХХК, Т.Б нараас 3.129.775 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө П.Т-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
8.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу төлбөр төлөгч Г ХХК, Т.Б нар төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар талууд маргаагүй харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.
9.Хариуцагч шүүхийн шийдвэрүүдийн биелэлтийг хангуулахаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд доорхи ажиллагааг явуулжээ. Үүнд:
10.Н-т Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2022/00 дугаартай Шүүгчийн захирамж мөн өдрийн 102/ХГ2022/00дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 0 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Б-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гарсан байна.
11.Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22260516/00 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь тогтоогдож байна.
12.Тодруулбал, дээрх арга хэмжээг авсны дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Г ХХК, Т.Батзул нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан П.Т-ийн өмчлөлийн орон сууцны талаар үнийн саналаа ирүүлэхийг 0 дугаартай мэдэгдлээр хүргүүлэх ажиллагааг явуулсан нь баримтаар нотлогдож байна.
13.Мэдэгдлийн дагуу төлбөр авагч, төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Х үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Б-г томилж, эрх, үүргийг танилцуулан гарын үсгийг зуруулан, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0 дугаартай дүгнэлтийг ирүүлж, Н төлбөр авагчид 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4-0 дугаартай, төлбөр төлөгчид мөн өдрийн 0 дугаартай, П.Т-т 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай мэдэгдлүүдээр П.Т-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот, 18 метр квадрат талбайтай, 0 өрөө, орон сууцны үнэлгээг 103.667.837 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдсэн үйл баримтад нэхэмжлэгч маргахгүй байна.
14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч орон сууцаа худалдан борлуулаагүй учраас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 0 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, орон сууцны доод үнэ 103.667.837 төгрөгийн 70 хувь 72.567.486 төгрөгөөр дуудлага худалдаагаар дуудах үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр авагч,төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн байна.
15.Анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгөд санал ирээгүй тул Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдахыг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 0 дугаартай Тогтоолоор талуудад мэдэгдээд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц 91.500.000 төгрөгөөр зарагдсаныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бд мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна
16.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн маргаан үүсгэж мэтгэлцэж байгаа гол асуудал хариуцагчийг шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтын огноо зөрүүтэй, шинжээч бодит байдалд нийцээгүй хууль зөрчиж дүгнэлт гаргасан, хүчингүй болсон хууль хэрэглэж, зах зээлийн үнээс доогуур орон үнэлсэн гэж маргаж байна.
17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй мөн шинжээч дүгнэлтээ гаргахдаа хүчингүй болсон заалт гэх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл заалтыг баримтлан дүгнэлтэндээ бичээгүй болох нь баримтаар тогтоогдож байна.
18.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр орон сууцаа худалдаж чадаагүй мөн орон сууцыг үнэлсэн үнэлгээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй буюу хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..
19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА