| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07011/И |
| Дугаар | 102/ШШ2024/05303 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/05303
| 2024 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/05303 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ө ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
3. Нэхэмжлэгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Миний бие өндөр насны тэтгэвэрт гаргах гэхээр 1986-1993 он хүртэл А үйлдвэрийн механикийн цехэд өрмийн слесариар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал олдоогүй тул тухайн цагт ажиллаж байсан хугацаа тооцогдахгүйд хүрээд байгаа тул намайг 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл А үйлдвэрт өрмийн слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэв.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Үндэсний төв архивын тодорхойлт, А үйлдвэрийн даргын тушаал, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа А үйлдвэрлэлийн нэгдлийн даргын тушаал, хавсралт, Б.Ө-ын хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн тодорхойлолт, хамт олны гэрэл зургийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Ө нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхээр ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа бөгөөд архивын газарт хандахаар байхгүй гэсэн хариу өгсөн тул ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна гэж тайлбарлав.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.Ө А үйлдвэрийн механикийн цехэд өрмийн ачигч, өрмийн слесариар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хцралдаанд гаргасан тайлбар, А үйлдвэрийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаартай Тушаалаар нэхэмжлэгчийг механикийн хэсэгт ачигчаар ажилд авч, 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаартай Тушаалаар ээлжийн амралт олгож, 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 0 дугаартай Хөдлөмөрийн дэвтэр нээсэн нь бичгийн баримтаар тогтоогдож мөн ажлаас гарсан, орсон тушаалуудыг тухайн байгууллага архивт хадгалуулж хадгаламжийн нэгж үүсгээгүйн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолтууд, гэрч Н.Н-н Миний бие тэр үед ачигч, токаьрчин хийж байхад Б.Ө засварчин, токарьчин мэргэжилтэй орж хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, хамт олны гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ө-н А үйлдвэрт 1986 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч, өрмийн слесариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА