| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 151/2019/00201/И |
| Дугаар | 223/МА2019/00020 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 223/МА2019/00020
П.Цэлмэгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00423 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч П.Цэлмэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдох,
2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 9.322.424 төгрөг нөхөн гаргуулах,, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Цэлмэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.
П.Цэлмэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаар тогтоолоор тус тус тогтоон П.Цэлмэг намайг ажлаас чөлөөлсөн Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, П.Цэлмэгийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгон шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн П.Цэлмэгийг эгүүлэн томилох тухай Б/03 тоот захирамжаар Зуунмод сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилогдож 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 7.711.740 төгрөг авч нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар нөхөн бичилт хийсэн. Миний бие хариуцагчийн дээрх хууль бус тушаалын уршгаар 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 17 сар ажилгүй байсан. Энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж олох ёстой байсан орлого 17.034.164 төгрөг байтал хариуцагч зөвхөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр хязгаарлан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгоогүй, мөн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхгүй байна. Засаг дарга нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрт тусгагдсан мөнгийг олгон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болно гэдэг хариуг бичгээр өгсөн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 9.322.424 төгрөг нөхөн гаргуулах, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон П.Цэлмэгийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний олговор 7.711.740 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Зуунмод сумын Засаг даргад даалгасугай гэснийг үндэслэн нэхэмжлэгч П.Цэлмэгт олговол зохих мөнгийг олгосон. Нэхэмжлэгч П.Цэлмэгт холбогдох хэрэг нь хяналтын шатны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. 2018 оны 06 сарын 11-ны өдрийн Б/03 тоот тушаал гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд нь эргүүлэн томилж, ажиллаж байх хугацаанд нь Төв аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлагдаж, тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг томилж, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 тоот захирамжаар Цэлмэгийг чөлөөлсөн болно. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд хандаж 2017 оны 08 сарын 31-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 9.322.424 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байгаа. П.Цэлмэг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсний олговрыг үндэслэхдээ хуульд заасан хэмжээг хэтрүүлсэн гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ хугацааны цалин хөлсний олговрыг ажил олгогч нь мэдээгүй байсан гэж үзэж байгаа. Эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрийг ажилдаа эргэн орсон өдөр болох 2018 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1.-д тус тус заасны үндэслэн нэхэмжлэгч П.Цэлмэгийн Төв аймаг Зуунмод сумын засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9.322.424 төгрөг гаргуулах, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч П.Цэлмэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.Цэлмэг давж заалдах гомдолдоо ... “Миний бие П. Цэлмэг нь Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Зуунмод сумын Засаг дарга Г. Мөнхбадралын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 221/MA2017/0833 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 3 сарын 05-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор тус тус тогтоон П.Цэлмэг намайг ажлаас чөлөөлсөн Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 6/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, П.Цэлмэгийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгон шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн "П.Цэлмэгийг эгүүлэн томилох тухай" Б/03 тоот захирамжаар Зуунмод сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилогдож 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 7 711 740 төгрөг авч нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт 2017 оны 8 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар нөхөн бичилт хийсэн.
Хариуцагчийн хууль бус тушаалын уршгаар 2017 оны 1 сарын 9-ны өдрөөс 2018 оны 6 сарын 1-г хүртэл нийт 17 cap ажилгүй байсан. Хариуцагч 2017 оны 8 сарын 30-ны өдрөөр хязгаарлан 2017 оны 8 сарын 31-ны өдрөөс 2018 оны 6 сарын 1-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгоогүй, мөн хугацаанд хамаарах Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсанаа 2019 оны 1 сарын 14-ний өдөр надад бичгээр мэдэгдсэн.
Миний бие өмгөөлөгч С.Мөнхцэцэгээр дамжуулан 2018 оны 6 сарын 18-ны өдөр хариуцагчид хандан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг зохих ёсоор тооцон олгохыг хүсхэд "за удахгүй олгоно, 2018 оны 12 сард багтаан олгоно" гэж хойшлуулж байсан бөгөөд 2018 оны 11 сард миний бие дахин өөрийн биеэр хүсэлтээ гаргахад хариуцагч өргөдлийн минь дагуу шийдэж олгохыг нягтланд үүрэг болгосон. Ийнхүү Засаг дарга Г.Мөнхбадралыг шийдэж өгөх гэж байна гэж хүлээж байтал 2018 оны 12 сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөнгөний үлдэгдлийг л төлсөн бөгөөд миний өргөдлийн хариуг 2019 оны 1 сарын 14-ны өдөр 7 711 740 төгрөгийг олгосон хариуг өгч мөн уг өдөр ажлаас чөлөөлсөн.
Энэхүү өдөр миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгохоос татгалзсаныг мэдсэн өдөр бөгөөд энэ өдөр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан эрх зөрчигдсөн өдөр байсан.
Гэтэл шүүх 2018 оны 6 сарын 11-ний өдрийг эрх зөрчигдсөн өдөр гэж үзэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Эрх зөрчигдсөн гэдгийг миний хуулиар хамгаалагдсан эрх хэрэгжих боломжгүй болсныг илтгэх өдөр. Хариуцагч байнга удахгүй шийдэж өгнө, энэ оны төгсгөлөөр шийдэж өгнө гэж амаар хариулж байсныг шүүхэд мэдүүлсэн бөгөөд 2018 оны 6 сарын 18 болон 2018 оны 11 сард өгсөн өргөдөлийг бүртгэж хөтөлсөн өргөдөл гомдлын бүртгэлийн карт болон надад албан ёсоор хариу мэдэгдсэн 2019 оны 1 сарын 14-ний өдрийн албан тоотуудаар 2019 оны 1 сарын 14-ний өдөр миний эрх зөрчигдсөн эхний өдөр болох нь хангалттай нотлогдож байхад баримтаар нотлогдоогүй гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байгааг хянан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж
2017 оны 8 сарын 31-ны өдрөос 2018 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 9 322 423 /Есөн сая гурван зуун хорин хоёр тогрог дорвон зуун хорин гурван/ төгрөг нөхөн гаргуулах,
2017 оны 8 сарын 31-ны өдрөөс 2018 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэрлээгүй байх ба маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, маргааны үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн , нотлох баримт үнэлсэн байдал нь хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч П.Цэлмэг нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн хугацаанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх 191 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 9 322 424 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсний олговор гаргуулах нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа хэтрүүлж 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан байна” гэж маргажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 172 дугаар тогтоол зэргийг үндэслэн Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар П.Цэлмэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх ба шүүхийн шийдвэрт тусгагдсан 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 711 740 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 2, 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.
Дээрхи хуулийн зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэрээр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон нэхэмжлэгч П.Цэлмэг нь ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан цалин хөлсийг авах эрхтэй, харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаар ажил олгогч буюу хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга нь нэхэмжлэгч П.Цэлмэгийг ажил, албан тушаалд нь эгүүлэн авах болон түүнийг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон захирамж гаргасан өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгох үүрэгтэй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй бол ажилгүй байсан бүх хугацааны олговрыг ажил олгогч төлнө.
Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан цалин хөлс олговорын талаарх шаардлагад хамааруулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой П.Цэлмэг, түүний өмгөөлөгч С.Мөнхцэцэг нарын “...ажилд орох хүртэлх хугцааны цалин хөлс, олговорыг олгож өгөх”-ийг хүссэн 2018 оны 6 дугаар сарын 18, 11 дүгээр сарын 27-ны өдрийн хариуцагчид хандсан бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байхад /хх-7-8, 58 тал/ шүүхээс “..өөрийн зөрчигдсөн эрхийн талаар гомдол гаргасан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд” гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн байна.
Дээрхи тогтоогдсон нөхцөл байдлуудад тулгуурлан давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний эрх зүйн үнэлэлтийг залруулах боломжтой байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно” гэж заажээ.
Үүний дагуу хэрэгт авагдсан /хх-5 талын ар талд/ нэхэмжлэгчийн 2017 оны нийгмийн даатгалын дэвтэр дээрх цалин хөлсний бичилтийг үндэслэн сарын дундаж цалин хөлс 990714 төгрөг, өдрийн цалин 46 079 төгрөг, /990714 төгрөг : 21,5 хоног/ ажилгүй байсан хугацаа 191 хоногоор тооцоход 8 801 089 төгрөгийн /46079 төгрөг х 191 хоног/ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргаас гаргуулж, үлдэх 521 335 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжтай холбогдуулан зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг” Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 801 226 төгрөгийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч П.Цэлмэгт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 521 335 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас 155 767 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Т.ЭНХМАА
.