Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01158

 

О.Мартын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэр,        

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00007 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч О.Мартын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Цалингийн зөрүү 1 919 088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Р.Гүлстаны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2007 оноос англи хэлний багшаар ажиллаж байна. 4 хүүхэдтэй, бага хүү 1 нас 8 сартай. Намайг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн англи хэлний багшаар томилсон боловч 11 дүгээр сарын цалин гаргахдаа цагийн багшийн цалингаар тооцож 96 000, 12 дугаар сард 180 000 төгрөгийн цалин хөлс олгосон. Иймд 2015 оны 11 дүгээр сард миний цалинг 394 000 төгрөг, 12 дугаар сард 310 000 төгрөгөөр тус тус дутуу гаргаж намайг 704 000 төгрөгөөр хохироосон. Хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын цалин 394 000 төгрөг, 12 дугаар сарын цалин 310 000 төгрөг бүгд 704 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2015 оны 11 дүгээр сарын цалингийн зөрүү 381 000 төгрөг, 12 дугаар сарын цалингийн зөрүү 216 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын цалингийн зөрүү 450 000 төгрөг, 2 дугаар сарын цалингийн зөрүү 302 800 төгрөг, нийт 1349 000 төгрөг гаргуулж өгнө үү. ...Мөн нэхэмжлэлийн шаардлагыг 2 дахь удаагаа ихэсгэж, хариуцагчаас нийт 1 919 088 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий эрдмийн 20, мэргэжлийн 46 багштай сургалтын үйл ажиллагаа явуулсан. 2014 онд 954 сурагчтай байсан. 2015-2016 оны хичээлийн жилд элсэлт багасч, 809 хүүхэд суралцаж байна. Нэг багшид 15-18 сурагчаар дундаж төсвийн коэффициентийг тооцож өгсөн. Үүнд, а) 809/15=53,9 б) 809/18=44 гэсэн үг. Сургалтыг кредитээр тооцох Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар тушаал, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/258 дугаар тушаалаар баталсан журмын дагуу багшийн ажлын нормыг тооцдог. О.Март багш 45х=765-774 цагийн гүйцэтгэлтэй байж үндсэн багш болох ёстой. О.Мартад 414 цаг ноогдож байгаа. О.Март багшаас гадна 6 багш цагийн багш болж байгаа учраас зохицуулалт хийж түүнийг үндсэн багш болгох боломжгүй. Нэхэмжлэлд хавсаргасан 96 тоот тушаал албан ёсны биш болох нь 2015 оны 73 дугаар тушаал, бүтэц, орон тоог батлах тухай 78 дугаар тушаалаар тус тус батлагдана.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар нэхэмжлэгч О.Мартын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс цалингийн зөрүү 1 919 028 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Мартын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 315 төгрөгийг улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 16 661 төгрөгийг төрийн сангийн ХААН банкин дахь 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч О.Мартад буцаан олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00007 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч О.Мартад буцаан олгожээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхийн 212/МА2016/00007 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэгэнт өөрийн шаардлагын хүрээнд нотлох баримтаа бүрдүүлсэн байсан юм. Харин анхан шатны шүүх уг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүй болох нь тогтоогдсон тул хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгч О.Мартын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө тодруулж шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй. Иймээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн 212/МА2016/00007 дугаартай магадлал нь үндэслэлгүй болжээ....Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын гаргасан тушаал болон бусад эрхийн актуудад байгууллагын тамгыг, санхүүгийн баримтуудад Ерөнхий нягтлан бодогчийн “Санхүү” гэсэн тэмдгийг дарж баталгаажуулах юм. Хавтаст хэрэгт авагдсан цалингийн тооцооны хүснэгт буюу санхүүгийн баримтуудад тухайн байгууллагын санхүүгийн тэмдэгийг дарж “хуулбар үнэн” гэж баталгаажуулсан нь нотлох баримтын шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд тухайн санхүүгийн баримтуудад “санхүү” гэсэн улаан тэмдэг дарагдсан ба “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдаагүй болно. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээр анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэж, тухайн шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар давж заалдах шатны шүүхийн 212/МА2016/00007 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримт хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн шаардлага хангаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар шүүх хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилж байгаа тохиолдол бүрт ийнхүү өөрчлөгдсөн, нэмэгдсэн шаардлагын талаар хариуцагч талд танилцуулах,  тайлбар гаргах, хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах үндэслэлээ нотлох боломжийг олгох, шүүхийн нотлогооны үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нь шүүхийн үүрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас гаргуулсан зарим бичмэл нотлох баримтын хуулбарыг хариуцагч тал өөрөө үнэн зөв гэж батлан ирүүлснийг шүүх хянаагүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна. Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах тухай мөн зүйлийн 44.4.-т заасан зохицуулалт хэргийн оролцогчдын нотлох баримт гаргах явдалд хамаарахгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2016/00007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН