| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00006/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.5.2., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 04
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,
Шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөр овогт Төмөр-Отгоны Г ад холбогдох 1726001720003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэнулсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Өндөр овогт Т.Г
Шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 50-12 тоотод хамтран амьдрагч Б.Н хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Б.Н бид хоёр дэлгүүр түрээслэж ажиллуулж байгаад тухайн өдөр түрээсээ зогсоож үлдсэн бараагаа савлаж зөөгөөд завгүй байсан. Би бага зэрэг архи уусан байсан тул Б.Н уурлаад намайг шалны модоор цохих гэхээр нь барьж аваад буцаагаад хойноос нь шидсэн. Тэгтэл Б.Н гарч яваад цагдаа дагуулаад ороод ирсэн. Гэр бүлийн гишүүдийн хувьд хохирол төлбөрийн асуудлаар тохиролцсон. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би өөрийн нөхөр Т.Г тай 2016 онд танилцаж гэр бүл болсон. Тэрнээс хойш нэг гэрт хамтдаа амьдарч байгаа. Одоогоор албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд ямар нэгэн хүүхэдгүй. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр хороонд байдаг “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэж ажиллуулдаг ба тухайн өдөр түрээсийн хугацаа дуусаад би дэлгүүртээ бараа эд зүйлээ гэр рүүгээ зөөгөөд байж байтал Т.Г ирээд дэлгүүр дотор архи уугаад байхаар нь юмаа зөөмөөр байна, битгий архи уугаад бай гээд уурлаад Т.Г ыг загнасан. Тэгээд л би Т.Г руу дайраад өмнөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Т.Г уурандаа шалны модоор миний толгой хэсэг рүү нэг удаа цохьчихсон. Тэгэхээр нь би гарч гүйгээд цагдаа дуудчихсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 19-20 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Н ын биед тархи доргилт, толгойн хэсэгт шарх, баруун хөлөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29 хуудас/,
Шүүгдэгч Т.Г ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Шүүгдэгч Т.Г ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1129 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38, 43 хуудас/,
Шүүгдэгч Т.Г ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 50-12 тоотод хамтран амьдрагч Б.Н тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар нь шалны модоор нэг удаа цохиж хохирогч Б.Н ын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Н ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай түрээслэдэг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр хороонд байдаг “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрт бараа эд зүйлээ гэр рүүгээ зөөгөөд байж байтал Т.Г ирээд дэлгүүр дотор архи уугаад байхаар нь би юмаа зөөмөөр байна, битгий архи уугаад бай гээд уурлаад Т.Г ыг загнаж дайраад өмнөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Т.Г уурандаа шалны модоор миний толгой хэсэг рүү нэг удаа цохьчихсон гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Г ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Т.Г ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Т.Г ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өндөр овогт Т.Г ыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г ад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ