Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

Ү.Гантогоод холбогдох эрүүгийн хэргийн талаар

       Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 С.Ариунаа

Иргэний хариуцагч                                                   Э.Мөнхцэцэг

Өмгөөлөгч                                                                   Т.Энхболд

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ү.Гантогоод холбогдох эрүүгийн 2221004630009 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатгин овогт Үржинхандын Гантогоо, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1979 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖЖ79110710/

Шүүгдэгч Ү.Гантогоо нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг, Дэлгэр гэх газарт 25-94 ДОР улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үед тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэний улмаас тээврийн хэрэгсэл шатан хээрийн түймэр тавьж, түймрийн улмаас 10258 га талбай шатаж байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол, мөн уг түймрийн улмаас иргэн Ш.Зоригтын малын хашаа, саравч, өвсний хашаа зэрэг эд зүйл шатаж 7,139,000 төгрөгийн хохирол нийт 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Гантогоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хатгин овогт Үржинхандын Гантогоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Үржинхандын Гантогоод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ү.Гантогоод тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ү.Гантогоод мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгээс байгаль экологид учирсан гэм хорын хохиролд нийт 18,901,390.8 /арван найман сая есөн зуун нэг мянга гурван зуун ерэн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гантогоогоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 59Б-д байрлах Нуман Алтай ХХК /РД: 5417422/-д олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ү.Гантогоогийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Гантогоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч Э.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: “...Э.Мөнхцэцэгээс шүүгдэгч Ү.Гантогоогийн байгаль орчинд учруулсан 189 013 908 төгрөгийн хохирлыг багасган 10 хувь болох 18 907 390.8 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Э.Мөнхцэцэг миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд нөхөр Т.Мөнхбаатар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, охин Улаанбаатар хотод сурдаг. Миний хувьд нөхрөө байх үеийн амины хэдэн малыг нь хороочилгүй үр хүүхэддээ үлдээх зорилгоор маллан түүндээ нөхрийн танил хүмүүсийн тавиул 200 орчим тооны малыг харж маллан тав арван төгрөг авч, авсан мөнгөө өвс, хадлан тэжээл авах, малын тарилга вакцинжуулалтанд зарцуулах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, оюутан хүүхдийн хичээлийн ном дэвтэр авах хэрэглээний мөнгө өгөх гээд олон зүйлд зарцуулж амьдарч байна. Би Төрийн банкинд зээл төлдөг.

... Шүүх миний ар гэрийн хувийн амьдралын талаарх дээрх нөхцөл байдлуудыг бодитой харгалзан үзэлгүй зөвхөн 608 тооны малтай гэдгээр хохирлын 10 хувийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Намайг төлбөр төлөх чадвартай эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, надад байгаа хөдлөх эд хөрөнгийг үнэн зөв бодитой тооцоогүй шүүх хуралд хэлж ярьсан зүйлд үнэлэлт дүгнэлтийг тал бүрээс  шинжилж үзэлгүй миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түймэр тавьсан Ү.Гантогоо нь надад тус дэм болж хамт амьдардаг бөгөөд албан ёсны бүртгэлээр би охинтойгоо амьдардаг өрх толгойлсон хүн юм.

“Нуман алтай” ХХК-ийн шинжээчдийн нэгдсэн дүгнэлтээр “...хохирлын үнэлгээ 189 013 908 төгрөг түр хугацааны хохирол. Түймэр гарсан нутаг хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж байгаль өөрийгөө бүрэн нөхөн сэргээдэг тул тухай хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна.” гэжээ. Нэхэмжлэгч Гурванзагал сумын Засаг даргын тамгын газар нь учирсан хохирол төлбөр төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдэг.

Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэний хариуцагч Э.Мөнхцэцэг надаас 18 901 390.8 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээг дахин тодорхой хувиар багасгаж өгнө үү. Надад 18 901 390.8 төгрөг төлнө гэдэг үнэхээр хүнд тусч байна.” гэжээ.

Иргэний хариуцагч Э.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би давж заалдах гомдлоо дэмжиж байна. 18 сая төгрөг төлнө гэдэг надад хүндрэлтэй байх тул тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү ...” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, Э.Мөнхцэцэгийн төлбөл зохих хохирлыг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэж хүсч байна. Энэ жил Э.Мөнхцэцэгийн мал нилээн хорогдсон, түймэр гарсан нутаг дэвсгэр үржил шимээ алдаагүй, дахин нөхөн сэргэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан, иргэний нэхэмжлэгч хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн, өрх толгойлсон эмэгтэй гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү, мөн хохирлыг шүүгдэгчээр хамтран төлүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгчийн унаж явсан машин нь Э.Мөнхцэцэгийн нэр дээрх машин байсан учраас Э.Мөнхцэцэг иргэний хариуцагчаар татагдаж хохирлыг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс 180 сая төгрөгийн хохирлоос өөрийн эрх хэмжээний хүрээнд багасгаж 18 сая төгрөг төлүүлэхээр заасан байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн зөрчилгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч Ү.Гантогоо нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг, Дэлгэр гэх газарт 25-94 ДОР улсын дугаартай “Toyota Рrius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үед тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэний улмаас тээврийн хэрэгсэл шатан хээрийн түймэр тавьж, түймрийн улмаас 10258 га талбай шатаж байгаль орчинд 189 013 908 төгрөгийн хохирол, мөн уг түймрийн улмаас иргэн Ш.Зоригтын малын хашаа, саравч, өвсний хашаа зэрэг эд зүйл шатаж 7 139 000 төгрөгийн хохирол, нийт 196 152 908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.Наран-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн: “...Дорнод аймгийн Матад сумын харьяат Ү.Гантогоо нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд Приус-20 маркийн 25-94 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэр” гэх газарт жолоодон явах үед тээврийн хэрэгслээс гал алдаж хээрийн түймэр гарсны улмаас байгаль экологид хохирол учирсан. Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас түймрийг унтраахад бензин шатахуунд зарцуулсан 1 792 780 төгрөгийг Ү.Гантогоо маргааш нь төлж барагдуулсан /хх 61-62 тал/, ... хоол хүнсэнд зарцуулагдсан 259 700 төгрөгийг төлсөн. Шууд бус зардалд гарсан хохирол төлбөр байхгүй. Нуман-Алтай ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр байгаль экологид 189 013 908 төгрөгийн хохирол төлбөр учирсан. Ой хээрийн түймэр гарах үед сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагддаг. Манай ажлын хэсэг хуралдаад байгаль орчинд учирсан хохирол болох 189 013 908 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж шийдвэрлэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 197 тал/,

Хохирогч Ш.Зоригтын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гурванзагал сумын 1 дүгээр баг, Улаан хонхор гэх газарт буюу гэртээ эхнэр Б.Уранбилэгийн хамт байж байхад 16 цагийн орчимд гэрийн хойноос түймрийн утаа ихээр гарч байгаа нь харагдсан. Би гэрээс 2-3 км очиж зүүн хавиргыг нь унтраасан боловч салхи ихтэй өвс урт ургасан байсан тул унтрааж дийлэхгүй болохоор нь 18 цагийн орчим гэртээ ирж эхнэрийн хамт гэрийнхээ доторх юмыг ачааны машиндаа ачиж байхад түймэр гэрийн хаяанд ирсэн байсан. Тэгэхээр нь гэрээ шатаахгүй гэж эхнэрийн хамт унтрааж гэрээ өнгөрөөгөөд хашаа руугаа хартал өвсний хашааны баруун талаас шатаж байсныг унтраах гэсэн боловч дийлдэхгүй хойд саравч малын хашаа өвсний хашааны хамт шатсан. ... нийт 8 994 000 төгрөгийн хохирол учирсан. Би гомдолтой байна, хашааныхаа төлбөрийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 69, 80 тал/,

Гэрч Э.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны орой 16 цагийн орчим Гурванзагал сумын 1 дүгээр баг, Хайчин толгой гэх газар малаа маллаж байхад хойноос түймэр ирсэн. Тэнд олон хүн байсан тул хашаа гэрээ шатаалгүй авч үлдсэн. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны 10 цагийн орчим адуундаа явахад хүрэн азаргатай адууны шаргал халзан гүү, саарал гүү, дух хүрэн байдас, хүрэн унага, хүрэн халзан гүүнүүдийн сүүл, дэл бие нь шатаж шархалсан дэлэнгүүд нь хавдаад унагаа хөхүүлэхгүй байсан. Бусад адуунуудын сүүл нь бага зэрэг шатсан байсан. ...Би тухайн хайрагдсан 8 тооны адууны  дөрвийг нь мөнгөний хэрэг гарсан тул нядалж маханд өгсөн. Хайрагдан үлдсэн 4 адуунд Гантогоо “цагаан тариа” гэх нэртэй эм тариа авч өгөн эмчилгээ хийсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх 77, 79 тал/,

Иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ү.Гантогоо бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчим манай гэрээс баруун зүгт 1 км газарт нутаглах төрсөн дүү Э.Мөнхбаярын гэр рүү өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 25-94 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад Ү.Гантогоогийн хамт усанд явах гээд машинаа асаах гэтэл машин асахгүй байсан тул өөр аккумлятор холбож асаагаад, гэрээс баруун хойш 1 км орчим газарт байрлах худаг дээр очиход тал адуу байсан  бөгөөд тал нь гэрээс урагш 2 км орчимд байхаар нь Ү.Гантогоо машинаа бариад адуун дээр очиход машины урд хэсгээр гал гарч байсан. Бид хоёр машинаа зогсоогоод галын хор болон 5 литрийн ус цацсан боловч унтрааж чадахгүй хээрийн түймэр тавьсан. Тухайн өдөр цаг агаарын хувьд хойноосоо хүчтэй салхитай байсан. ...Ү.Гантогоогийн жолоодон явсан Приус-20 маркийн 25-94 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. Миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 67, 75, 85 тал/,

Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээч Д.Баттулгын 046/20 тоот  “1. ... уг хээрийн гал түймрийн анх үүсвэрлэн гарсан цэг Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг, Дэлгэр гэх газарт Шинь Шинь ХХК-аас Чулуунхороот сум руу явдаг өндөр хүчдэлийн урд талаас үүсвэрлэн гарсан байх боломжтой байна. 2. ... хээрийн гал түймэр гарсан шалтгаан нөхцөл Дорнод аймгийн Матад сумын иргэн Ү.Гантогоогийн хамтран амьдрагч Э.Мөнхцэцэгийн эзэмшлийн 25-94 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүсэж гал түймэр гарсан байх магадлалтай. 3. Э.Мөнхцэцэгийн эзэмшлийн 25-94 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатсаны улмаас хялбар шатах материал буюу өвс шатаж хээрийн гал түймэр гарсан байна.” гэсэн дүгнэлт /хх 76 тал/,

Нуман алтай” ХХК-ний 1/90 тоот шинжээчийн “1. Түймэр эхэлсэн цэг нь Гурванзагал сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км зайд 114056'18.70''E, 49016'2.87''N солбицолд байна. 2. Уг хээрийн түймрийн улмаас 10258 га талбай шатсан байна. 3. Хээрийн түймэрт шатсан 1 га талбайн хохирлыг 614200 төгрөгөөр үнэлсэн. 4. Түймрийн улмаас байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол учирсан байна. Аргачлалын дагуу намрын улирлын түймрийн хохирлыг 0,03-аар үржүүлж эцсийн үнэлгээг гаргасан болно. 5. Дорнод аймгийн Гурванзагал сумын хохирлын акт тогтоох хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №02 дугаартай хохирол тогтоосон акт нь үндэслэлгүй байна. 6. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн дүгнэлт /хх 97-107 тал/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 08 тал/, Э.Энхбаяр, Ш.Зоригт нарын Гурванзагал сумын ЗДТГ-т гаргасан өргөдөл /хх 09-11 тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-19 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-21 тал/, “Дамно” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 115-119 тал/, “Вендо” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 125-132 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Гантогоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж 196 152 908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж тус шүүхээс дүгнэв.

6. Иргэний хариуцагч Э.Мөнхцэцэг нь “... надаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол 18 сая төгрөгөөс дахин багасгаж өгнө үү, мөн энэ хохирлыг зөвхөн надаас биш, шүүгдэгчээс хамтран төлүүлж өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Иргэн байгаль орчныг хамгаалах талаар … өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх үүргийг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж,

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч Ү.Гантогоогийн тээврийн хэрэгслийг ашиглах явцад байгаль орчинд учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн хувиар иргэний хариуцагч Э.Мөнхцэцэг нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

8. Хэрэгт авагдсан “Нуман алтай” ХХК-ийн “Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант 1 дүгээр багийн нутаг, Дэлгэр гэх газарт хээрийн түймэр гарсан 10258 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ”-ний нэгдсэн дүгнэлтэд “...Түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал, илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна.” гэж тусгасан /хх 100 тал/, мөн иргэний нэхэмжлэгчийн байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан зэрэг нөхцөл байдлууд нь хуульд зааснаар иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгийг тухайн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

9. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “Сум дүүгийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргаас иргэний нэхэмжлэгчид хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээс татгалзах эрхийг олгосон тухай баримт /итгэмжлэл/ хэрэгт авагдаагүй байхад иргэний нэхэмжлэгч Э.Наран-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “... тус сумын комисс хуралдаад хохирлыг нэхэмжлэхгүй байхаар шийдсэн.” гэж мэдүүлэн байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан нь дээрх хуулийн  заалттай нийцээгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, өөрийн дотоод итгэлээр иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгийн эд хөрөнгийн байдлыг харгалзан, шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан 189 013 908 төгрөгийн хохирлыг багасгаж, 18 901 390.8 төгрөгийг иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хариуцагч Э.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

                      ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

                                                                 Г.УРТНАСАН