| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/06427/И |
| Дугаар | 102/ШШ2024/05279 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/05279
| 2024 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/05279 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэлийн шаардлага: 15.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2022 оны 12 дугаар сарны 02-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах R гэх компани дээр очоод Э.О-тай уулзахад манайх Солонгос улс руу гэрээгээр 7 төрлийн салбарын чиглэлээр явуулдаг, эхнэр нөхрийг хамтад нь нэг үйлдвэрлэл рүү явуулах боломжтой ба 2023 он гарахаас өмнө сургалтанд хамруулж, бичиг баримтыг бүрдүүлээд явуулна, зуучлалын хөлсөнд нэг хүний 8.000.000 төгрөг болно гэж хэлсэн.
Ингээд миний бие 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны 0 дугаартай данснаас "Р" ХХК-ийн Г банк ХХК-ийн 0 дугаартай дансанд 16.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэтэл түүнээс хойш Э.О огт холбогдоогүй байж байгаад 2023 оны 02 дугаар сард утсаар ярихдаа 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хороонд Солонгос руу явуулахаар болсон гэсэн боловч янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар Солонгос руу явуулах ямар ч арга хэмжээ аваагүй тул 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Н.О Р ХХК-аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 15.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Э.О хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.О-ийн нэхэмжлэлийн шаардлага 15.000.000 төгрөгийг хариуцагч Э.О төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н.О Р ХХК-аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 15.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Э.О 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 148.975 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 148.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА