| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 151/2019/00311/И |
| Дугаар | 223/МА2019/00022 |
| Огноо | 2019-09-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 223/МА2019/00022
Хас банк ХХК нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 151/ШШ2019/00626 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг 71,448,460 төгрөг болон 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзаяа, Г.Юнжирмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.
Нэхэмжлэгч “Хасбанк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хан-Үнэлэмж” ХХК-ийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тоот үнэлгээний тайлбантай танилцаад дараах үндэслэлээр дүгнэлтийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 151/ШШ2017/00962 дугаар захирамжийн дагуу хариуцагч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нараас зээлийн төлбөрт нийт 57,688,795 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
“Хасбанк” ХХК хүсэлт гаргасны дагуу Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3/270 дугаартай албан тоотоор төлбөр авагч “Хасбанк” ХХК-д хандаж шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст дурдсан Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхийн орон сууцны үнэлгээг мэдэгдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан борлуулах хөрөнгийн үнэлгээнд 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Хан-Үнэлэмж” ХХК дүгнэлт гаргаж Г.Дуламжавын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцны үнэлгээг 71,448,460 төгрөг гэж гаргасан байна.
“Хан-Үнэлэмж” ХХК нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жил байгуулах элэгдлийн хэмжээг тооцохгүй, хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа 1980 он байхад тухайн хөрөнгийг бусад этгээдээс худалдан авч өмчлөх эрхээ 2010 онд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснийг үндэслэсэн нь буруу байна. Тухай хөрөнгийг хэзээ худалдан авч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн нь уг хөрөнгийн ашиглалтад орсон хугацааг илтгэхгүй бөгөөд анх ашиглалтад орсон буюу 1980 оноос элэгдэл хорогдлыг тооцно. Нөгөөтэйгүүр үнэлгээний байгууллага нь хөрөнгийн талбайн хэмжээ улсын бүртгэлийн гэрчилгээнд 27,7 ам метр гэж заасан байхад нь түүнийг 63,49 мкв талбайтай гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрүүтэйгүүр үнэлсэн ба үнэлгээг хэрхэн, яаж хийсэн нь тодорхойгүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт дээгүүр үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Дуламжавын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцны үнэлгээг 71,448,460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, мөн “Хан Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээчин нь хуульд заасан үндэслэл бүрдээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эсхүл шүүхээс “Хан Үнэлэмж” ХХК-ийн 3 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, үнэлгээ хийх цаг хугацаа дуусан байхад өөрийн санаачлагаар хөрөнгийг дахин үнэлж, үнэлэгдсэн хөрөнгийн нийт үнэ цэнийг 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 68,569,200 төгрөгөөр тодорхойлсон... Иймд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Дуламжавын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэдэг бөгөөд томилогдсон шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлангаа гаргадаг. Иймд Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх зарчмын дагуу төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын барьцаа хөрөнгөнд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/01 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн тайланг талуудад хуулийн хугацаанд танилцуулсан. Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд манай байгууллага өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд шинжээч нь өөрийн гаргасан үнэлгээний тайлангаа үнэн зөв бодитой эсэхийг өөрөө бүрэн хариуцах учир манай байгууллага нь үнэлүүлсэн хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаар оролцох ёсгүй гэж үзэж байна. “Хасбанк” ХХК нь нэхэмжлэлдээ Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-8 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 метр кв талбай бүхий орон сууцыг 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэдэг бөгөөд томилогдсон шинжээч нь хөндлөнгийн нөлөөнд автахгүй, хөрөнгийн чанар байдлыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан бие даан тайлангаа гаргадаг.
Иймд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх зарчмын дагуу төлбөр төлөгч Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын барьцаа хөрөнгөнд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/01 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэн тайланг талуудад хуулийн хугацаанд танилцуулсан.2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэнг гэрчээр оролцуулахад Адъяасүрэн нь техникийн алдаагаа засан дахин үнэлгээ хийгээд 68,569,200 төгрөг болгож алдаагаа зассан гэж тайлбарласан байдаг. “Хан-Үнэлэмж” ХХК-ийн шинжээч Ч.Адъяасүрэн нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай газарт үнэлгээний тайлангаа ирүүлэхдээ 68,569,200 төгрөг болгон өөрчлөн ирүүлсэн бөгөөд тус газар нь хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн. Цаашид дээрх үнэлгээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болно. Иймд “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд Г.Дуламжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа “2010 онд 23,000,000 төгрөгөөр худалдаж аваад 16,000,000 төгрөгийг банкнаас ипотекийн зээлээр авч байсан. 4 жилийн дараа бизнесээ өргөжүүлээд өөр дэлгүүр, хоршоо нээх шаардлагатай болоод зээл хүсэхэд “Хасбанк” ХХК нь анх 40,000,000 төгрөгийн бэлнээр олгосон. Манай байрыг тухайн үед 60-65 сая төгрөгөөр үнэлж байсан. Бусад зээлүүдэд 53,000,000 төгрөгөөр үнэлсэн. Миний байрыг 53 саядаа аваад зээлийг хаагаад өгөөч гэсэн банк зөвшөөрөөгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод, 1 дүгээр баг, 17 дугаар байр, 1-08 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1427000140 дугаартай, 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 71,448,460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 68,569,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д буцаан олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 00626 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй хэт нэг талын хүсэлт шаардлагад хөтлөгдөж өмчлөгч өмчлөлийн зүйлээ үнэлэх эрхэд хэт халдаж нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх боломж олгохгүйгээр зөвхөн нэг үнэлгээчиний анхны гаргасан үнэлгээнд хийсэн нь төлбөр төлөгчийг хэт хохироосон.төлбөр авагчид хэт ашигтай шийдвэр болсон.
Гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцсон Дуламжав, Дэмбэрэлдулам нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Зуунмод 1-р баг 17 дугаар байр 1-08 тоотод байрлах, Улсын бүртгэлийн ү-1427000140 27.7 ам метр талбай бүхий орон сууцыг битүүмжилж хураасан бөгөөд уг эд хөрөнгийг төлбөр авагч Хас банк 30,000.000 төгрөгөөр авахаар, төлбөр төлөгч Г.Дуламжав 90 000.000 төгрөгөөр үнэлж, үнийн талаар талууд тохиролцоонд хүрээгүй юм.
Нэхэмжлэгч Хас банк нь 2015 оны 09 сарын 07-ны өдөр Г.Дуламжавын Тэгш оргилуун ХХК-нд 10,000,000 төгрөгний зэзл олгохдоо Барьцаа хөрөнгөнд уг орон сууцыг 53,000,000 төгрөгөнд үнэлж тавьж байсан.
2016 оны 02 сарын 05-ны өдөр Г.Дуламжавт 26,000,000 төгрөгний зээл олгохдоо мөн дээрх орон сууцыг барьцаа хөрөнгөнд 53,000,000 төгрөгөөр үнэлж тавьсан байдаг.
Гэтэл одоо төлбөрт авах болохоороо 30,000,000 төгрөгөнд авах гээд байгаа нь хүний өмчлөлийн зүйлийг зах зээлийн үнээс хэт доогуур авах гэсэн санаа гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч юуг үндэслэн 30,000,000 төгрөгөөр хоёр өрөө байрыг төлбөрт авах талаар нотлох баримт өгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй хэрэгт энэ талаар хангалттай баримт байхгүй байхад шүүх шинжээчийн үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байна
Хас банк Г.Дуламжав С.Дэмбэрэлдулам нарт 2014 оны 10 сарын 03-ны өдөр 36-н сарын хугацаатай 40,000,000 төгрөгийг 24%-ийн хүүтэй, 2015 оны 03 сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийг 25,2% ийн хүүтэй 36-н сараар 2016 оны 02 сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөгийг 25,2%-ийн хүүтэй 36-н сарын хугацаатай зээлүүлж байсан. Нэг зээлийн хугацаа дуусаагүй байхад дараагийн зээлийг Зээлийн барьцаа болгонд дээрх орон сууцыг 53,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалж байсан байдаг. Дээрх зээлүүд нь нийт 81,000,000 төгрөг болсон бөгөөд эдгээрийг хүүгийнн хамт төлөөд нийт 56,000,000 төгрөг үлдсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдаа явуулж анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд оролцоогүй бол хоёр дахи дуудлага худалдаа явуулж үнийг бууруулах эрхтэй.
ШШГБ-нь үнэлгээг төлбөр авагчаас зөвшөөрөөгүй учир шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргуулсан.
Шинжээч Ч.Адъяасүрэн 2006 оны Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар бүх талбайг 63,49 мкв-аар хэмждэг болсон. Шинэ дүрэм журмаар ор,00-ийн өрөө, харанхуй өрөө, болокон,гал тогоо зэргийг мкв -т оруулж тооцдогийн учир урьдах 27 мкв-т өөрчлөгдсөн гэж шинжээч хэлсэн. Мөн шинжээчээс асуусан асуултанд танай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол хаана хэнд хандах вэ? асуусан асуултанд Мэргэжлийн үнэлгээчдийн инстутид хандаж гомдол гаргана энэ байгууллага миний гаргасан үнэлгээнд өөрчлөлт оруулж хүчингүй болгоно гэж хариулсан байдаг. Нэхэмжлэгч энэ байгууллагад гомдол гаргаагүй байдаг.
Үнэлгээч хүний эд зүйлийг үнэлж байгаа болохоор эзнээс худалдаж авснаас хойш ямар хөрөнгө оруулалт хийсэн түүнийг лавлах эрхтэй. Мөн хэмжилт хийхдээ үнэлгээчин нь байж эндээс энэ хүртэл хэмж гэж зааж зөвлөсөний дагуу Г.Дуламжав хэмжилт хийж түүнийг үнэлгээчин харж байж баталгаажуулсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа биш гэж үзэж байна
Манай байранд манайхаас муу байр 65,000,000 төгрөгөнд зарагдсан. Төв аймагт 1 өрөө байр /хуучины/ 45,000,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Үнэлгээчин зах зээлийн жишиг үнэд тулгуурлан үнэлгээ гаргасан. Урьд гаргасан үнэлгээгээ зассан явдлын хувьд техникийн найруулгын алдаа байсан учраас Хас банкны хүсэлтээр зассан гэдэг Үнэлгээч байранд засвар хийж хөрөнгө оруулсан нь үнэлгээний зах зээлийн үнэд нь шингэж орно, Одоо байрны зах зээлийн үнэ мкв -т нь 850,000- 1 250,000 байгаа юм.
Анхан шатны шүүх шинжээчийн гаргасан үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй учир хүчингүй болгосон. Иймд үнэлгээг дахин өөр үнэлгээчнээр хийлгэх үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин шинжээч томилон өөр шинжээчээр дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгаж өгч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Тэгэхгүй бол зөвхөн төлбөр авагчийн хүсэлтээр байр зах зээлийн үнээс доогуур 30.000,000 төгрөгөөр хураагдах болоод байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үүссэн маргааныг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Хасбанк ХХКомпани нь шүүхэд хандаж Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн Төв аймаг, Зуун мод 1-р баг, 17-р байр, 1-08 тоотод байрлах 27,7 ам метр талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 71 448 460 төгрөгөөр , 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эс зөвшөөрч, хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийгдсэн, хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 962 дугаар захирамжаар Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нар 56 967 799 төгрөгийг “Хасбанк” ХХК-д төлөх үүрэг хүлээж, уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Дээрхи захирамжийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, барьцааны эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тухай тогтоол гаргасан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож тогтоодог бөгөөд тэд тохиролцож чадаагүйн улмаас хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор Хан-үлэмж ХХКомпанийн ажилтан Ч.Адъяасүрэнг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгожээ.
Шинжээч Ч.Адъяасүрэн нь дээрх тогтоолын дагуу Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн 27,7 ам метр талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайлангаар 71 448 460 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч дахин орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар 68 569 200 төгрөгөөр үнэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Дээрх үнэлгээнүүд нь талуудын маргааны зүйл болсон байна.
Маргааны үйл баримт, зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шинжээч Ч.Адъяасүрэнгийн төлбөр төлөгч нарын орон сууцыг 71 448 460 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчинтэй гэж үзэх боломжгүй байна.
Учир нь дээрх үнэлгээний тайланг шинжээч Ч.Адъяасүрэн нь нэхэмжлэгч Хасбанкны хүсэлтийн дагуу дахин нягтлан хянаад найруулгын алдааг зассан болон зах зээлийн хандлагаар шинэчилсэн хувилбараар орон сууцны үнэлгээг 68 569 200 төгрөг болгож өөрчилсөн байх тул уг үнэлгээний тайланг хүчинтэй үнэлгээ гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх орон сууцыг 71 448 460 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайлангийн талаар эрх зүйн дүгнэлт тодорхой хийгээгүйн дээр түүнийг хүчингүй болгох шаардлагагүй, эрх зүйн үр дагавар үүсээгүй болохыг анхаараагүй нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүхээс шинжээчийн орон сууцыг 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан шаардлагад нийцээгүй, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан зарчмыг баримтлаагүй талаархи хийсэн эрх зүйн дүгнэлт болон хариуцагч шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтүүд хийжээ.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан нэхэмжлэгч Хасбанк ХХКомпаний төлбөр төлөгчийн орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 71 448 460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд 70 200 төгрөгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдах эсэхээс шалтгаан шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэдэг.
Гэтэл нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд нийт 140 400 төгрөг төлсөн байх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэснийг залруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 151/ШШ2019/00626 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч Хасбанк ХХКомпаний “Г.Дуламжав, С.Дэмбэрэлдулам нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод 1-р баг, 17-р байр, 1-08 тоотод байрлах 27,7 ам метр талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 71 448 460 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 68 569 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай “ гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон төрийн сангаас тус бүр 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХХКомпанид олгосугай. ”гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ӨРНӨДЭЛГЭР
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Т.ЭНХМАА