Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 27

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Бд холбогдох 1812000000018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Э. Б

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Са Са” вакум цонхны үйлдвэрийн хашаан дахь гэрт иргэн Б.Э-ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000000018 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Б.Эы мэдүүлсэн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оройн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт “Са Са” гэх вакум цонхны үйлчилгээний төвийн хашаан дотор байх монгол гэрт орсон. Намайг тэдний гэрт ороход Б, өөрийн эхнэр Уийн хамт байсан. Тэгээд би тэдний гэрт ороод 4 настай хүү Гийг нь яасан тарган махлаг хүүхэд вэ гэж өхөөрдөөд хэлтэл У нь чи намайг доромжлоод байгаа юм уу, би жаахан тарган л байгаа биз дээ гэсэн. Тэгтэл тэдний нөхөр Б босч ирээд яагаад хүн доромжлоод байна, гэр бүлээр нь доромжлох нь уу гээд намайг шанаа руу 3 удаа цохисон. Тэгээд би цохиулчихаад хэл ам хийгээгүй гарлаа гээд гарахад Б нь гарч ирээд үсдэж дараад, хүзүү рүү 3-5 удаа цохиж, 2 удаа өшиглөсөн. Тэгээд би гэртээ харьсан. Миний тархи доргисон юм шиг байна, зүүн нүд хөхөрсөн, хүзүү хавдсан, чих бага зэрэг хавдсан байна. Би гэмтлийн зэрэг тогтоолгоно. ...Би өөрийн толгойг бариулж байгаа, ойролцоогоор 300.000 төгрөгийн зардал учирах байх, Бөөс мөнгө авсан байгаа. Намайг зодуулж байхыг Бийн эхнэр У харсан. Би гомдолгүй банйа. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/

 

Гэрч Ц.Уийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн төвд би аавын гэрт байж байхад Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Э гэх залуу орж ирсэн. Тэр гэр дотор би өөрийн нөхөр Б, хүү Г нарын хамт байж байхад манай Гийг Э ямар тарган хүүхэд вэ гэсэн. Тэгээд би жаахан мярайлаг болохоор уур хүрээд чи тарган хүн хараагүй юм уу гэхэд би тарган хүн хараагүй гэсэн. Тэгтэл манай нөхөр юу гээд байна гээд босч ирээд, Эыг нүүрэн хэсэгт нь бараг 3 удаа цохисон. Тэгтэл Э гараад явсан. Тэгээд манай нөхөр гадаа гараад Эыг бариад автал Э мөн заамдалцаад авсан. Тэгээд би боль гэтэл салахгүй байсан. Манай нөхөр Эыг унагаагаад хүзүү болон толгой руу нь цохиж зодсон бөгөөд гараараа 2-3 удаа цохиод, хөлөөрөө ганц, нэг удаа өшиглөж зодсон. Тэгээд Э гараад явсан. Э манай нөхрийг зодож цохисон зүйл байхгүй. Э өөрийгөө хамгаалаад заамдалцаж байсан. Би уг зодоонд оролцоогүй. Манай нөхөр 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, даруу, төлөв зантай, өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Дээрх зодооныг би харсан, манай хүү Г харсан, Г хичээл нь амраад Архангай аймгийн Ихтамир сум руу явсан байгаа. Манай нөхөр хүүхэд Гийг тарган гэж хэлэхээр нь уурандаа Эыг цохиж, зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

 

Э.Бийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 24-ний оройн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “Са Са” төвийн хашаанд байх хадамын гэрт би өөрийн эхнэр У, манай бага хүү 4 настай Г бид гурав байсан. Гэтэл манай гэрт Э гэх Ихтамирын гаралтай зүс мэдэх залуу орж ирсэн. Шинэ жилд орох гэж байгаа гэж ярьж байсан. Тэгээд манай хүү Гийг яасан тарган хүүхэд вэ гэсэн, тэгтэл манай эхнэр уурлаад чи бид нарыг тарган туранхайгаар нь дууддаг хэн бэ гэж хэлсэн. Манай эхнэр мөн жаахан тарган хүн байгаа юм. Тэгээд манай эхнэр босч ирээд тарган, туранхай байх чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдсэн. Гэнэт миний дургүй хүрээд, гэр бүлээр нь доромжилж байгаа юм шиг санагдаад, босч ирээд Эыг нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Эыг би хавирч унагаагаад хүзүү болон толгой руу нь бас 2 удаа цохисон. Тэгээд л Э гараад явсан. Манайхыг гэр бүлээр нь доромжилж байгаа юм шиг санагдсан учраас л зодсон. Манай гэрт 4 настай хүү Г, манай эхнэр У нар байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай гэр бүл амьжиргааны түвшин дундуур, өрхийн орлого бага байдаг. Миний нэр дээр бог, бод нийлсэн 80 гаруй толгой мал байдаг. Эмчилгээний зардал гэж 330.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Эы биед тархи доргилт, зүүн чихний хөхлөг сэртэн орчим, баруун зовхинд цус хуралт, хүзүүний булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09 хуу/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 20-21 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 хуу/ 

Хавтаст хэргийг материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27 хуу/ 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 31-32 хуу/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Са Са” вакум цонхны үйлдвэрийн хашаан дахь гэрт иргэн Б.Эы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэгт мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Са Са” вакум цонхны үйлдвэрийн хашаан дахь гэрт иргэн Б.Э-ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Э-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэдний нөхөр Б босч ирээд яагаад хүн доромжлоод байна, гэр бүлээр нь доромжлох нь уу гээд намайг шанаа руу 3 удаа цохисон. Тэгээд би цохиулчихаад хэл ам хийгээгүй гарлаа гээд гарахад Б нь гарч ирээд үсдэж дараад, хүзүү рүү 3-5 удаа цохиж, 2 удаа өшиглөсөн. Миний тархи доргисон юм шиг байна, зүүн нүд хөхөрсөн, хүзүү хавдсан, чих бага зэрэг хавдсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/, гэрч Ц.У-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгтэл манай нөхөр юу гээд байна гээд босч ирээд, Эыг нүүрэн хэсэгт нь бараг 3 удаа цохисон. Манай нөхөр Э-ыг унагаагаад хүзүү болон толгой руу нь цохиж зодсон бөгөөд гараараа 2-3 удаа цохиод, хөлөөрөө ганц, нэг удаа өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “гэнэт миний дургүй хүрээд, гэр бүлээр нь доромжилж байгаа юм шиг санагдаад, босч ирээд Э-ыг нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Эыг би хавирч унагаагаад хүзүү болон толгой руу нь бас 2 удаа цохисон “ гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, Б.Эы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

            Иймд шүүгдэгч Б овогт Э-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

               Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ