| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/06402/И |
| Дугаар | 102/ШШ2024/04812 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/04812
| 2024 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/04812 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ын хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Л, А ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1.Миний бие "А" ХХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Хасбаатар гудамжны 0 дугаар байрны 0 тоот орон сууцанд гэм хор учруулсны төлбөр 30.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хандахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00 дугаартай Шийдвэрээр 12.686.227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч шүүхийн журмаар шинжээч томилуулах ажиллагаа хийлгэж шинжээчийн дүгнэлт гаруулсан бөгөөд ажлын хөлсөнд би 452,850 төгрөгийг төлсөн.
Дээрх шинжээчийн ажлыг хөлстэй холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлээгүй учраас тусдаа нэхэмжлэл гарган нэхэмжлэхээр "А" ХХК-ийн хаяг Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Баян-Монгол хороололын 0 дугаар байрны 0 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, байрладаггүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул А ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.О-т итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний үйлчилгээнд төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Хариуцагчаас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсны төлбөрийг нэхэмжлэхээр шүүхэд хандахад хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, бүртгэлгүй үндэслэлээр хэргийг болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тодорхойлов.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч А ХХК-д холбогдуулан 452.850 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
6.Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А ХХК мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож хаана үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
7.А ХХК Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Баян-Монгол хороололын 0 дугаар байрны 0 тоот гэх мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан А ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түмэнцаст даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА