| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00013/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 17
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Хохирогч: Б.С ,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,
Шүүгдэгч: Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хороо овогт Чулууны Ч т холбогдох 1726001960005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хороо овогт Ч.Ч
Шүүгдэгч Ч.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Замын булгын эх” гэх газар Б.С ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Замын булгийн эх” гэдэг газар Б.С тай хөдөө таарч малын бэлчээрээс болж маргаж улмаар суманд цагаан тос хагалсан түрийлж явсан хутгаараа бүлж биед нь гэмтэл учруулсан. Б.С Өвөрхангай аймгийн Бүрд сумаас 200 гаруй тооны үхэр авчираад хариулж байгаа бөгөөд тэдний үхэр манай хотонд ирээд ямаа мал гишгэчээд байдаг. Хохирогчид 1500000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би үхрээ туугаад явж байтал Ч гуай надтай ирж уулзаад миний хүзүүн дундуур хоёр удаа шилбүүрдээд нэг удаа хутгалсан. Миний гарын бугалга хэсгээр цаанаа өвчтэй хүнд юм өргөж болохгүй байгаа. Манайх Ч ынхаас 1 км зайтай байдаг. Одоогоор гомдол саналгүй. Цаашид эмчилгээний зардал гарвал нэхэмжилнэ гэв.
Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ 12 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багт байдаг хөдөө гэртээ байж байгаад 16 цагийн үед манайд ирсэн Г.Сумъяатай хамт үхрээ цуглуулах гэж мотоцикльтой явсан. Бид 2 сумын 2 дугаар баг “Замын булгийн эх” гэх газарт Ч.Ч ын гэрийн зүүн хойд талд очсон. Тэнд манай үхэрнүүд байхаар нь эргүүлээд явж байтал Ч.Ч морьтой явж байгаад Г.С бид 2 дээр ирсэн. Ч.Ч чи яаж дээрэлхээд байна, та нар ер нь яах гээд байгаа юм бэ? гээд барьж явсан шилбүүрээрээ 2 удаа цохьсон. Би мотоцикльтойгоо уначихаад босоод иртэл Ч.Ч мориноосоо бууж ирээд намайг бариад авахаар нь гараараа түлхтэл гуталныхаа түрийнээс улаан даавуугаар боосон хутга гаргаж ирээд над руу дайраад миний баруун гарын дээд булчин хэсэгт нэг удаа хутгалсан. Би Ч.Ч т та намайг хутгалчихлаа гэж хэлтэл Ч.Ч хутгаа аваад холдсон. Би мотоциклийн цаагуур орсон. Миний баруун гар даагдахгүй болж цус гарч байсан. Тэгээд Г.С мотоцикль унаад би араар нь суугаад гэр рүүгээ явсан. Манайд хүний өөрийн нийлсэн 200 гаран үхэр байгаа бөгөөд манай үхэр Ч.Ч ын зүүн талын дэрсэнд байдаг бэлчээр рүү нь орчихоод байгаа юм. Харин Ч.Ч намайг чи үхрээ манай бэлчээр рүү оруулж болохгүй шүү гэж өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. Тэр өдөр манай үхэр бас тэр бэлчээр рүү нь орчихсон. Харин Ч.Ч намайг үхрээ манай бэлчээр рүү орууллаа гэж уурлаад намайг хутгалсан. Миний биеийн байдал гайгүй болж байгаа. Сумын эрүүл мэндийн төвд эмчилгээ боолт хийлгэсэн. Эмчилгээний зардалд 1500000 төгрөг авсан. Цаашид хутгалснаас үүдэлтэй эрсдэл гарвал эмчилгээний зардал нэхэмжилнэ. /хх-ийн 11-12, 14-15 хуудас/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар баг “Баруун цагаан булан” гэх газар Б.С тай 16 цагийн үед мотоцикльтой үхрэнд явсан. Бид 2 хөдөө хээр үхэр дээрээ очсон. Ч.Ч морьтой ирсэн. Ч мэнд мэдчихээд Б.С т би чамд юу гэж хэлвэл чи ойлгох юм бэ? гэж хэлээд барьж явсан шилбүүр модоороо Б.С ын гар руу нь 2-3 удаа цохиж авсан. Харин Б.С мотоциклиосоо бууж ирээд тэр 2 барилцаад авсан. Тэгтэл Ч.Ч гуталныхаа түрийнээс ягаан даавуунд боосон хутга гаргаж ирээд Б.С ын баруун гарын булчинд нь нэг удаа хутгалсан. Харин Б.С та намайг хутгалчихлаа шүү дээ гэхэд Ч.Ч ах нь хутгалсан, ах нь хэргээ хүлээнэ гэж хэлсэн. Харин Б.С ын гарыг нь дагаад цус гарч байсан. Би Б.С ыг мотоцикль дээр сундлаад гэрт нь хүргэж өгсөн. Б.С ын цус нь тогтохгүй байхаар нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй эмч цагдаа нар ирээд аваад явсан. /хх-ийн 18 хуудас/,
Гэрч П.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед манай эмнэлэг дээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар баг “Замын булгийн эх” гэх газар хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсэн. Би уг дуудлаганд очоод Б.С гэх залууг авч ирсэн. Б.С нь баруун гарынхаа гадна булчин тус газраа хутгалуулсан шархтай байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. Б.С т яаралтай тусламжийн дусал хийж, шарханд нь 5 ширхэг оёдол тавьж, боолт хийж хяналтанд байлгаж 2 хоносон. /хх-ийн 24 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №28 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.С ын биед баруун гарын бугалганы дээд хэсэгт ташуу байрлалтай шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27 хуудас/,
Хохирол хүлээн авсан тухай баримт /хх-ийн 9 хуудас/,
Шүүгдэгч Ч.Ч ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 36 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-43 хуудас/,
Шүүгдэгч Ч.Ч ын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Замын булгийн эх” гэх газар хохирогч Б.С тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гаран тус газар нь хутгалж хохирогч Б.С ын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.С ын Ч гуай надтай ирж уулзаад миний хүзүүн дундуур хоёр удаа шилбүүрдээд баруун гар руу нэг удаа хутгалсан гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.С ын би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багт байдаг хөдөө гэртээ байж байгаад 16 цагийн үед Г.Сумъяатай хамт үхрээ цуглуулах гэж мотоцикльтой явсан. Бид хоёр сумын 2 дугаар баг “Замын булгийн эх” гэх газарт Ч.Ч ын гэрийн зүүн хойд талд очсон. Тэнд манай үхэрнүүд байхаар нь эргүүлээд явж байтал Ч.Ч Г.Сумъяа бид хоёр дээр ирээд чи яаж дээрэлхээд байна, та нар ер нь яах гээд байгаа юм бэ? гээд барьж явсан шилбүүрээрээ 2 удаа цохьсон. Би мотоцикльтойгоо уначихаад босоод иртэл Ч.Ч мориноосоо бууж ирээд намайг бариад авахаар нь гараараа түлхтэл гуталныхаа түрийнээс улаан даавуугаар боосон хутга гаргаж ирээд над руу дайраад миний баруун гарын дээд булчин хэсэгт нэг удаа хутгалсан. Манайд хүний өөрийн нийлсэн 200 гаран үхэр байгаа бөгөөд манай үхэр Ч.Ч ын зүүн талын дэрсэнд байдаг бэлчээр рүү нь орчихоод байгаа юм. Харин Ч.Ч намайг чи үхрээ манай бэлчээр рүү оруулж болохгүй шүү гэж өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. Тэр өдөр манай үхэр бас тэр бэлчээр рүү нь орчихсон. Харин Ч.Ч намайг үхрээ манай бэлчээр рүү орууллаа гэж уурлаад намайг хутгалсан. Гэрч Г.Сумъяагийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар баг “Баруун цагаан булан” гэх газар Б.С тай 16 цагийн үед мотоцикльтой үхрэнд явсан. Бид 2 хөдөө хээр үхэр дээрээ очсон. Тэгтэл Ч.Ч ирээд Б.С т би чамд юу гэж хэлвэл чи ойлгох юм бэ? гэж хэлээд барьж явсан шилбүүр модоороо Б.С ын гар руу нь 2-3 удаа цохиж аваад гуталныхаа түрийнээс ягаан даавуунд боосон хутга гаргаж ирээд Б.С ын баруун гарын булчинд нь нэг удаа хутгалсан. Б.С ын гарыг нь дагаад цус гарч байсан. Гэрч П.Мөнхсайханы 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед манай эмнэлэг дээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар баг “Замын булгийн эх” гэх газар хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсэн. Би уг дуудлаганд очоод Б.С гэх залууг авч ирсэн. Б.С нь баруун гарынхаа гадна булчин тус газраа хутгалуулсан шархтай байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №28 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирол хүлээн авсан тухай баримтаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ч.Ч т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ч.Ч ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Ч.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор судалтай даавуугаар ишийг нь ороосон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.С нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хороо овогт Ч.Ч ыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор судалтай даавуугаар ишийг нь ороосон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ