| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2024/0003/З |
| Дугаар | 117/ШШ2024/0007 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 117/ШШ2024/0007
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав би, “*******” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэй...
Гэтэл хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” ******* дугаартай захирамж гаргаж, Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд захирамж гарсан өдрөөс эхлэн сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаа үйлчилгээний газруудад худалдан борлуулахыг хоригложээ. Дээрх шийдвэр гарснаар үүдэн импортоор авах бүтээгдэхүүний тоо хэмжээг багасгах, орлогын хэмжээ буурах гэх мэт сөрөг нөлөөллийг үзүүлж байгаагаас гадна Дундговь аймгийн нутаг дэвсгэрт бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, ашиг орлого олох нэхэмжлэгчийн эрх ашиг шууд зөрчигдөж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр, гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг”, 37.7-д зааснаар нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно. Гэвч маргаан бүхий засаг даргын захирамж нь “Дундговь аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг шийдвэр гарсан өдрөөс хориглосон” агуулгатай тул нэг удаагийн тохиолдлыг зохицуулаагүйгээс гадна нийтлэг шинжээр тодорхойлогдох боломжгүй, тодорхойгүй тооны этгээдүүдэд чиглэсэн тул захиргааны актад хамаарахгүй юм. Тодруулбал электрон тамхи нь Тамхины хяналтын тухай хуулийн үйлчлэлд хамаардаггүй тул электрон тамхийг худалдаалахад аливаа тусгай болон энгийн зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэн ч электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн нь нийтлэг шинжээр тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасны дагуу Дундговь аймгийн Засаг даргад уг захирамжийг гаргах эрхийг хуулиар тусгайлан олгосон байхаас бусад захиргааны хэм хэмжээний актын шинжүүдийг дараах байдлаар агуулж байх тул маргаан бүхий актыг “захиргааны хэм хэмжээний акт” гэж үзэж байгаа болно...
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд электрон тамхийг хязгаарлах, хориглох зохицуулалт байхгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ захирамж гаргах эрхтэй ч хуулиар хориглоогүй үйл ажиллагааг аймгийнхаа хэмжээнд хориглож болох эрх тусгайлан олгогдоогүй юм...
Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг, 3.1.2. “утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг; хэлнэ гэж тус тус зохицуулсан. Дээрх зохицуулалтаас үзвэл электрон тамхи нь тухайн хуулиар тодорхойлсон тамхин бүтээгдэхүүн эсвэл утаат тамхи гэсэн ойлголтод хамаарахгүй. Учир нь тамхины навчийг түүхий эд болгон үйлдвэрлээгүй, тухайн бүтээгдэхүүнээс хамаарч 0-5 хувь никотины хэмжээ агуулах боловч бохь агуулаагүй, уур гаргадаг цахилгаан төхөөрөмж юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.” гэж товч бөгөөд тодорхой зохицуулсан. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай байх бөгөөд төрийн эрх барих дээд байгууллагуудаас гаргасан шийдвэр бүх шатандаа хэлбэрэлтгүй хэрэгжих ёстой. Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулах, хэрэглэхийг хориглох талаар ямарваа шийдвэр гаргаагүй байхад хариуцагч нь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргаснаараа Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх Үндсэн хуулийн зарчим, заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;” үйл ажиллагаа явуулахыг төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагад хориглосон. Электрон тамхины импорт, худалдааг хориглосон шийдвэрийг Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагуудаас гаргаагүй. Харин ч эсрэгээрээ өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аймгуудын Засаг дарга нарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, электрон тамхины худалдааг хориглохгүй байхад анхаарах тухай зөвлөмж, чиглэл өгсөөр байхад хариуцагч маргаан бүхий акт гаргасан нь хууль бус гэж бид үзэж байна.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хугацааны талаар:
Дээрх захирамж нь манай компанийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсний үндсэн дээр орлого олох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарласан, нөгөө талаар электрон тамхи хэрэглэгч иргэдийн хэрэглээг хориглосон хууль бус шийдвэр гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргад гомдол гаргасан.
Гомдлын хариуд Дундговь аймгийн Засаг даргын зүгээс 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/348 тоот албан бичгээр “...захирамжийг хүчингүй болгох боломжгүй” гэсэн хариуг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баталгаат шуудангаар хүлээн авч, хариуг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасан 30 хоногийн хугацаанд багтаан шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Дундговь аймагт бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг талаар:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дундговь аймаг дахь салбар харилцагчдад бэлэн төлөлтөөр борлуулалт хийж зарлагын баримтын дагуу тооцоо нийлдэг. Харилцагчид бүтээгдэхүүн нийлүүлсэн зарлагын баримтуудыг нотлох баримтаар хавсарган өгч байна.
Иймд, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.
2024 оны 05 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлсэн нэхэмжлэлдээ: 1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд зааснаар:
- 82190 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Электрон тамхи худалдаалах үйл ажиллагаа нь манай компанийн үйл ажиллагааны чиглэлийн “46100 төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа” чиглэлд хамаарна.
1.2. Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг, 3.1.2-т “утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг хэлнэ гэж тус тус зохицуулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хууль болон бусад хууль тогтоомжид “тамхи”, “тамхин бүтээгдэхүүн” гэх нэр томьёо, Тамхины хяналтын тухай хуулийн үйлчлэлд Монгол Улсад худалдаалагдаж буй электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүд хамаардаггүй. Учир нь, электрон тамхи нь тамхины навчийг түүхий эд болгон үйлдвэрлээгүй, бүтээгдэхүүний онцлогоос хамаарч 0-5 хувь никотины хэмжээ агуулах боловч бохь агуулаагүй, уур гаргадаг, цэнэглэж хэрэглэдэг цахилгаан төхөөрөмж юм.
1.3. Зөвшөөрлийн тухай хууль /2022 он/-ийн 2.1 дүгээр зааснаар зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл гэж 2 ангилдаг. Тус хуулийн 12.2, ‘2.3-д зааснаар тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих, тамхи импортлох тусгай зөвшөөрлийг Засгийн газар, 11.6-д заасан тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгохоор тус тус зохицуулсан. Электрон тамхийг Монгол Улсад импортлоход Зөвшөөрлийн тухай хуульд заасан дээрх зөвшөөрлүүдийг шаардаагүй бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/300 дугаар тушаалаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-д электрон тамхийг 2404.11.10, 8543.40.00 кодоор тус тус ангилж бүртгэн гаалийн татвар ногдуулж байна. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь уламжлалт утаат болон янжуур тамхины худалдаа эрхэлдэггүй, импортлодоггүй зөвхөн электрон тамхины худалдаа эрхэлдэг учраас уг үйл ажиллагаа нь тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа биш юм.
1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, “*******” ХХК-ийн дүрмийн 3.1, 3.2-д заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэй учраас төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй гэж үзэж байна.
Хоёр. Маргаан бүхий акт захиргааны хэм хэмжээний акт болох тухайд
Гурав. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2024 оны ******* дугаартай “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” захирамжийг Монгол Улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи буюу электрон никотин дамжуулах системийн хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, никотины донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоосонтой холбоотойгоор өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах зорилгоор электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан.
Электрон тамхины хэрэглээний талаарх судалгааг Дундговь аймгийн Ерөнхий боловсролын 19 сургуулийн 12-18 нас буюу өсвөр насны 1335 сурагчаас санамсаргүй түүврийн аргаар Google forms ашиглан электрон тамхитай холбоотой 11 асуулт боловсруулан судалгаа авсан.
Судалгааны үр дүнгээс харахад өсвөр насны хүүхдүүдийн 87% нь электрон тамхины тухай сонсож, тухайн мэдээллийг ойр дотны хүмүүсээс 14%, найз нөхдөөсөө 15%, цахим орчноос 71% нь мэдээлэл авдаг талаар хариулсан нь өсвөр насны хүүхдүүд электрон тамхины тухай ойлголт мэдлэгтэй, энэхүү мэдээллийг цахим орчноос илүүтэйгээр авч байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Мөн өсвөр насны хүүхдүүдийн гэр бүл ойр дотны хүмүүс нь электрон тамхи хэрэглэдэг талаар тодруулахад 68% нь үгүй, 32% нь тийм гэсэн хариултыг өгсөн бөгөөд гэр бүлийн гишүүд ойр дотны хүмүүсээс илүү үе тэнгийн найз нөхөд хэрэглэдэг гэж судалгаанд оролцогчдын 63% нь тийм гэсэн хариултыг өгсөн байна.
Энэхүү судалгааны үр дүнгээс харахад насанд хүрэгчдээс илүү хүүхэд электрон тамхийг илүү хэрэглэж байна.Тухайн захирамж нь зөвхөн электрон тамхины “MOTI” брэндийн бүтээгдэхүүнийг хориглоогүй ба Монгол Улсын хилээр орж ирж зах зээлд борлуулагдаж байгаа бүх төрлийн электрон тамхийг худалдан борлуулахыг хориглосон шийдвэр юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 2-т /эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй/, 19 дүгээр зүйлийн З-т /Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй/ гэж заасан заалтыг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зүгээс электрон тамхийг худалдаалахгүй байх талаар цахим хуудсаар аян өрнүүлж байгаа зэргээс шалтгаалан өсвөр үе, ард иргэдийнхээ эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлээс сэргийлэх үүднээс дээрх захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна.
Иймд аймгийн Засаг даргын 2024 оны ******* дугаар захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 09 сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...хариуцагчийн зүгээс дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгож, электрон тамхи хэрэглэгчдийн насны хязгаарыг зааж дахин захирамж гаргахаар болсон.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг[1] тус шүүхэд гаргасан байна.
2. Аймгийн засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар[2] “...1.Харьяалах нутаг дэвсгэрийн хүрээнд сордог электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаа үйлчилгээний газруудад худалдахыг хориглосугай...” гэж зохицуулсан байсан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч засаг даргын дээрх захирамжид өөрчлөлт оруулах, нэхэмжлэгч талаас өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх гэх зэргээр хариуцагчийн зөвшөөрлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[3] тогтоогдож байна.
4. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг[4] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.
5. Энэ хэргийн бусад оролцогчид буюу гуравдагч этгээдээр тухайн компаниас бараа бүтээгдэхүүнийг гэрээгээр хүлээн авч худалдан борлуулж буй этгээдийг хамааруулах хийгээд тус аймагт Номингийн салбар дэлгүүрээр нэг удаа худалдаалсан гэхдээ гэрээ байгуулаагүй шууд борлуулалт хийгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбараар гуравдагч этгээд татан оролцуулаагүй хийгээд эрх ашиг сонирхол нь давхар хөндөгдсөн этгээд өөрөөр байхгүй гэж шүүх үзсэн болно.
6. Хариуцагчаас олгосон 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 01/1135 дугаартай итгэмжлэлд[5] хариуцагчийн төлөөлөгчид хуульд заасанчлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан зөвшөөрлийг хариуцагчийн нэгэн адил ойлгож хэрэглэнэ.
7. Ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаа болон саналыг[6] шүүхээс нэмж цуглуулж авсан хийгээд цаашид хэдийгээр нас зааж борлуулах боломжтой гэж үзэх хэдий ч ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд буюу 500 метрээс дотогш худалдан борлуулах үйл ажиллагаанд анхаарал хандуулах зохих дүрэм журмыг баримтлахыг холбогдох байгууллагуудад сайтар зөвлөж анхааруулж ажиллахыг хариуцагчид шүүхээс мэдэгдэх нь зүйтэй.
8. Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж[7], энэ тухай баримтжуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн “Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох тухай” ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ