Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 313/ШШ2025/00054

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр Дугаар 313/ШШ2025/00054 Даланзадгад сум

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* /РД: 3616398/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Далан, Батмөнх даян хааны өргөн чөлөө-2, 218 тоот

 

Хариуцагч: ******* *******, Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2 дугаар баг, Бортээг гэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* // шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч ******* 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд Эм зүйч мэргэжлээр 5 жилийн хугацаатай суралцах зорилгоор Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулан 2 200 000 төгрөгийг сургалтын төлбөрийн зээл авсан.

Тус гэрээний 4.4-т зааснаар сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн.

Гэвч ******* зээлээ төл гэж шаардахад би зээл төлөх үүрэггүй гэх үндэслэлгүй тайлбар өгч манай байгууллагыг хохироосоор байна.

Иймд хариуцагч ******* зээлийн төлбөр 2 200 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 1 100 000, нийт 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь Хөгжил хөрөнгө оруулалтын газар-аас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хүүхэд өвчтэй шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлтэй байна. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хүсэлтүүдийг гаргаж оролцох болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 3 300 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулан 2 200 000 төгрөгийг сургалтын төлбөрийн зээл авсан. Тус гэрээний 4.4-т зааснаар сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэвч ******* зээлээ төл гэж шаардахад би зээл төлөх үүрэггүй гэх үндэслэлгүй тайлбар өгч манай байгууллагыг хохироосоор байна гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргадаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч *******ын сургалтын төлбөр 2 200 000 төгрөгийг Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд талууд уг мөнгийг шилжүүлсэн шилжүүлээгүй тал дээр маргадаггүй.

 

5. Хариуцагч ******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газрын захиргаанд хүсэлт гаргасан.

Хөгжил хөрөнгө оруулалтын газрын захирлын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тушаалд иргэдийн боловсролыг дэмжих үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу хавсралтаар нэр бүхий 10 оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгож, зохих дансанд шилжүүлэхийг нягтлан бодогч О.Амарзаяад даалгасугай гээд хавсралтын 8.******* Эм зүйн шинжлэх ухааны их сургууль 2 200 000 төгрөг гэж бичигдсэн байна.

******* болон ******* нар нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 39.1-д заасан хэлцэл байгуулагдсан байх бөгөөд хариуцагч ******* нь *******-аас сургалтын төлбөрийн дэмжлэг авах тухай хүсэлтийг гаргаж улмаар гэрээ байгуулах саналыг гаргаж ******* гэрээний гол нөхцөлийг биелүүлэн мөнгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* нь сургалтын төлбөр болох 2 200 000 төгрөгийг хариуцагч *******ын Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн 468011389 дугаартай данс руу шилжүүлсэн ******* дээрх мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий болон тусгай гэж ангилагддаг. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэнээс хамаардаг байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг бөгөөд тус гэрээ нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол энэ зүйлд заасан хугацаа үйлчилнэ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болдог.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журам зохицуулагдсан байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч *******-ын шаардах эрх нь шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолдог бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж заажээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэжээ.

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай итгэмжлэлд *******-ын нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх тул хуулийн этгээдээс бичгээр олгох итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангажээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заажээ.

Уг итгэмжлэлд ...*******-ын нэхэмжлэлтэй *******д холбогдох дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээний төлбөр 2 200 000 төгрөг, алданги 1 100 000 төгрөг нийт 33 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөн .... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгож байна гэж бичигдсэн байна.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ заажээ.

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0033 дугаартай итгэмжлэлийг ******* нь олгожээ. ******* нь Өмнөговь аймаг, Хөгжил хөрөнгө оруулалтын газар нэхэмжлэлтэй *******д холбогдох гэрээний үүрэгт 3 300 000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөх эрхийг олгожээ.

Тус хэрэг маргаан нь ******* нэхэмжлэлтэй *******д холбогдох 3 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг байх тул Н.Гарьдхүү нь *******-ыг төлөөлөх эрхгүй байна. Мөн И.Оюунгэрэл нь хариуцагч *******ыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Түвшинжаргалд болон хариуцагч ******* нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх тул талуудыг эзгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******-ын нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ