Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 33

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Н.А 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-гийн А-т холбогдох 1812000370026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Н. А 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.А нь 2018 оны 01 дүгээр саырн 12-ны оройн 21 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,,тоотод оршин суух иргэн Б.С-ын гэрт Ө.Т-тэй маргалдаж улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000370026 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Ө.Тийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 30 минутын үед миний утас руу манай найз С гэх залуу залгаад завтай байна уу, манай гэрт А хөдөөнөөс ирчихсэн бид хоёр сууж байна гэж хэлсэн. Тэгээд би Сын гэрт яваад очсон юм. Бид 3 мах чанаж идэх гээд ууж байсан чинь С халаасаа ухаад 4000 төгрөг гаргаж ирээд Ат өгөөд нэг шил архи авах уу гээд А бид хоёр дэлгүүр орж 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи авсан. Тэгээд гэрт орж махаа идэж, архиа уучихаад дахиад С 15.000 төгрөг гаргаж ирээд А бид хоёр явж архи авч, гэрт орж авсан архиа ууж дуусчихаад А бид хоёр зүгээр юм ярьж байгаад маргалдаад, А бид хоёр барьцалдаад авсан чинь С босч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би гэрийн үүдэнд зогсож байсан чинь А босч ирээд 0.75 граммын шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд С босч ирээд Аыг цааш нь түлхээд одоо больцгоо гээд би гараад гэртээ харихаар явсан. Тэгээд гэртээ хариад түргэн дуудаад үзүүлсэн. Миний биед учирсан гэмтлийг А шилээр толгойн хэсэгт нэг удаа цохиж учруулсан. Энэ хоёр бүлэглэн цохиж зодсон асуудал байхгүй. ...Өмнө нь А намайг 2015 онд зүүн гуянд нэг удаа хутгалж байсан. Манай найз С, А бид гурав байсан, өөр харсан хүн байхгүй. Хувийн таарамжгүй харилцааны улмаас болж намайг цохиж зодсон. Намайг цохисон архины шил одоо байхгүй, С гаргаад хаячихсан гэсэн. Би гомдолтой байна. миний толгой эргэж өвдөөд байна. Эмнэлэгт нарийн шинжилгээ яаралтай өгөх хэрэгтэй байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

 

Гэрч Б.Сын мэдүүлсэн: ...Тухайн өдөр би гадуур явж байгаад Дэлгэрбулаг дэлгүүрийн хажуугийн тоглоомын саадны тэр хавьд Ттэй таарсан юм. Ттэй мэнд усаа мэдчихээд гэртээ харьсан юм. Би Аыг гэртээ дуудаад гутал өгөх ёстой байсан юм. Тэгээд А бид хоёр Тийг би утсаараа манай гэрт хүрээд ир А ирчихсэн байна гэж хэлсэн. Т удалгүй манай гэрт ирээд би 4000 төгрөг гаргаж өгөөд А Т хоёр архинд явж 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи авчираад бид гурав хувааж уучихаад, дахиад Т, А хоёр дэлгүүрээс 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи авчираад тэрийгээ ууж дуусчихаад байж байсан чинь А, Т хоёр маргалдаад барьцалдаж авахаар нь би босч салгаад сандал дээр сууж байсан чинь А дахиж босч ирээд архины шилээр толгойн хэсэгт нь нэг удаа цохичихсон юм. Тэгээд Т гараад явчихсан, би Атай гэрт үлдсэн байсан. Т гайгүй, их согтоогүй байсан, харин А нилээн согтсон байсан. Тухайн үед А, Т бид гурав байсан, өөр хүн байгаагүй. Яг ямар шалтгааны улмаас цохиж, зодсон болохыг мэдэхгүй байна. Би тухайн үед гэрээ цэвэрлээд тухайн архины шилийг хаячихсан, одоо байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/

 

Гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...Манай дүү А нь даруу төлөв зантай, бүрэг дуу цөөтэй хүн байгаа юм. Өмнө нь хүнтэй хэрүүл маргаан хийж архи дарс уулаа гэж сонсогдож байгаагүй. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай дүү А хуримаа хийж гэр бүлтэй болоод саяхан сарын өмнө анхны хүүхдээ өлгийдөн аваад амьдрах гээд явж байгаа залуу гэр бүл байгаа юм. Миний дүү А нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг Хануйн гол гэх газарт мал маллаж амьдарч байгаа. Айлын том хүүхэд бөгөөд доороо 4 дүүтэй хүн байгаа юм. 130 гаруй тооны мал малтай, нутаг усандаа нэр хүндтэй тийм л хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Яллагдагч Н.Аын мэдүүлсэн: ...Хэрэг болдог өдөр би орой 18:00 цаг өнгөрч байхад өөрийн найз Стой уулзсан юм. Соос би нэг гутал авах ёстой байсан юм. Тэгээд Сын гэрт бид хоёр очоод мах чанаж идэнгээ ганц нэг шил архи уух уу гэж хоорондоо ярьж байгаад С Тийг дуудъя, энэ хавьд явж байсан гэртээ байгаа байх гэхээр нь тэг тэг гээд Тийг дуудаад Сын гэрт мах чанаж байх хооронд Т бид хоёр дэлгүүр явж 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи аваад С, Т бид гурав хувааж уучихаад, дахиад нэг шил архи авъя гээд би Ттэй хамт дэлгүүр явж 0.75 граммын нэг шил архи авч уугаад бид гурав нилээн согтсон байсан. Тэгээд Т бид хоёр маргалдаж эхэлсэн, яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, бид хоёр барьцалдаж аваад Т намайг 2-3 удаа цохих шиг болсон. Тэгээд би гэрт байсан архины шил аваад Тийн толгой хэсэгт нь 1 удаа цохичихсон юм. Тэгээд Т гэртээ харьлаа гээд явчихсан. Тийн биед учирсан гэмтлийг би архины шилээр толгойн хэсэгт нь нэг удаа цохиж учруулсан. С бид хоёр бүлэглэн цохиж, зодсон асуудал байхгүй. Би өмнө нь Тийг 2015 онд зүүн гуянд нь нэг удаа хутгалж байсан. Миний найз С, Т, бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. ...Миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан архины шил одоо байхгүй, С тухайн үед гаргаад хаячихсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ө.Тийн биед тархи доргилт, зулайн хуйханд жижиг шарх, зулгаралт, хуйхны зөөлөн эдэд няцралт, цээжний баруун ар хэсэгт жижиг, жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх 2-3 удаагийн үйлчлэлээр 1 цаг хугацаанд үүснэ. 3. Тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, нүүр, цээжний баруун ар хэсгийн жижиг зулгаралтууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31-32 хуу/ 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 35 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 01 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 10-20 тоотод оршин суух иргэн Б.Сын гэрт Ө.Ттэй маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохиж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, тоотод оршин суух иргэн Б.Сын гэрт Ө.Ттэй маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохиж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ө.Тийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би гэрийн үүдэнд зогсож байсан чинь А босч ирээд 0.75 граммын шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А, Т хоёр маргалдаад барьцалдаж авахаар нь би босч салгаад сандал дээр сууж байсан чинь А дахиж босч ирээд архины шилээр толгойн хэсэгт нь нэг удаа цохичихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 08/, Н.Аын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “би гэрт байсан архины шил аваад Тийн толгой хэсэгт нь 1 удаа цохичихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогч Ө.Тийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

            Иймд шүүгдэгч Б овогт Нгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ