| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/03303/И |
| Дугаар | 101/ШШ2024/05572 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/05572
| 2024 11 25 | 101/ШШ2024/05572 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В******* Б******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ТББ /рд:*******/-д холбогдох,
Ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В******* Б******* миний бие 1992-2002 онд Булган аймгийн Булган сумын 10 жилийн 1-р дунд сургууль, 2004 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2004-2010 онд Оросын Холбооны Улсын Липецк хотын ЛГПУ Багшийн их сургуульд "Биеийн тамирын мэргэжилтэн мэргэжлээр бакалавр ВСГ *******, 2010-2013 онд Оросын Холбооны Улсын Липецк хотын ЛГПУ Багшийн их сургуулийг Биеийн тамирын арга зүйн магистр зэрэгтэйгээр төгссөн.
2020 оны 01 дүгээр сараас Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ баг (М*******)-ийн Пара хөнгөн атлетикийн шидэлтийн төрлийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Үндэсний шигшээ багийн Пара хөнгөн атлетикийн шидэлтийн төрлийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил болон хувь хүний ёс суртахуунтай холбоотой ажлын хариуцлага, ёс зүйн зөрчил, ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно.
2023 оны 10 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан Азийн 4 дүгээр наадамд шигшээ багийн 5 тамирчин болон залуучуудын шигшээ багийн 4 тамирчин нийт 9 тамирчныг хариуцан авч явж оролцсон. Миний өөрийн хариуцан дасгалжуулж байсан 4 тамирчны нэг болох F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд тамирчин Ц.Б******* 3-р байр эзэлж хүрэл медаль (манай улсаас энэ төрөлд анхны эрэгтэй медаль хүртсэн тамирчин), мөн Э. F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6-р байр, зээрэнцэг шидэлтийн төрөлд 7-р байр, Г.Д F37 ангиллын 1500 м төрөлд 6-р байр, Б.А F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 8-р байрт тус тус шалгарсан амжилт гаргаж эх орондоо ирсэн.
Дээрх амжилтыг маань 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Б, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Б******* нар үнэлж Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан байдаг.
-Ийнхүү тамирчидтайгаа дараа дараагийн тэмцээн уралдаан, 2024 онд болох:
Итали улсын Жесоло Гран-При Олимпын эрхийн /2024 оны 03 сарын 22/ Япон улсын Кобе дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2024 оны 05 сарын 17-25/ наадмын
Франц улсын Парис хотод зохион байгуулагдах Олимпын эрхийн тэмцээн бэлтгэл 2024 оны 06 сарын 13-17/ зохион байгуулагдах Олимпын Франц Улсад сургуулилтаа хийгээд ажиллаж байтал 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр М*******ны Ерөнхийлөгч Б.Б надтай уулзах санал тавьсны дагуу очиж уулзсан.
Түүнтэй уулзахад 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан "Монголын үндэсний шигшээ багаас дасгалжуулагч чөлөөлөх тухай 04 дүгээр тушаалыг надад өгч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдсэн. Яагаад ингэсэн талаар тодруулахад удирдах зөвлөл хуралдаад ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн.
Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.23 заалтыг тусгасан байсан бөгөөд тухайн заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Мөн М*******ны тэргүүлэгч гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байсан.
Мөн тус тушаалын 1 дэх хэсэгт "Ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-д заасныг зөрчсөн тул ажлын хариуцлага хүлээлгэж гэрээний дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэсэн байна. Ёс зүйн дүрмийг Б.Б ерөнхийлөгчөөс авах гээд нэхсэн боловч надад өгөөгүй тул ямар заалт зөрчсөн талаар одоогоор мэдээлэлгүй байна.
Миний бие М*******ны ерөнхийлөгч Б.Бтой 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай "Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчтай байгуулах гэрээ-г 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байдаг.
Гэтэл гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл бүрдээгүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн М*******ны тэргүүлэгч гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн болон 2024 оны 01 сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байсан бөгөөд тус хурлын тэмдэглэл, холбогдох мэдээлэлтэй миний бие танилцаагүй бөгөөд, надаас тайлбар, мэдээлэл аваагүй. Тухайн хуралд тамирчдын эрх ашгийг хэлэлцсэн байхад яагаад гэнэт миний талаарх асуудал оруулах, миний хариуцсан тамирчдаас нэгийг ч оролцуулж тайлбар мэдээлэл аваагүй, мөн энэ холбоонд ажиллаж байх хугацаандаа надтай нэг ч удаа таарч байгаагүй, танихгүй хүмүүс хэлэлцсэн байгааг гайхаж байна.
Мөн дээрх 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тушаалын 2 дахь хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эрхэлж байсан ажлыг маань дуусгавар болгосон мөртлөө 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цалингаа хэвийн олгож (2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,208,750 төгрөгийн цалинг олгосон байдаг), миний бие үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж, тамирчидтайгаа бэлтгэл сургуулилтаа хийж байсан.
Миний бие шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хийлгэж байсан.
Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тайлбарт: "" ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил, үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана гэж тайлбарласан байдаг.
М*******ны Ерөнхийлөгч Б.Бтой 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01 дугаартай "Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчтай байгуулах гэрээ-ний 6 дугаар зүйлд Гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар тусгасан байдаг бөгөөд дээрх 2023 оны 04 дүгээр тушаалд энэ талаар тусгаагүй байдаг бөгөөд миний бие тийм зөрчил гаргаагүй болно.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, ямар нэг тэмдэглэл үйлдэж, баталгаажуулаагүй. Дээрх тушаалд ноцтой зөрчлийн талаар тусгаагүй бөгөөд тийм нөхцөл үүсээгүй байхад дур мэдэн тушаал гаргасан, тухайн тушаал нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байна.
Тушаал нь байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын үйл ажиллагаaг хангах зорилгоор батлан гаргасан барим бичиг бөгөөд уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагатай байдаг. Дээрх тушаал нь энэхүү шаардлагыг ханаагүй байна.
Мөн намайг ажлаас чөлөөлсний дараа Б.Б нь холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгч, миний өмнө нь эрхэлж байсан Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч (МҮПХАХ-ны Ерөнхийлөгчийн 2024 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тушаалаар)-аар томилогдсон нь анхнаасаа намайг ажлаас хууль бусаар үндэслэлгүй чөлөөлж, өөрөө 2024 онд Франц Улсын Парис хотод зохион байгуулагдах зуны олимпод олимпын эрх авсан, олон жил бэлтгэгдсэн тамирчдыг дасгалжуулсан нэрээр авч явах, өөрийн нэр хүндээ өсгөх зэрэг ёс зүйгүй, хувиа хичээсэн, увайгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна.
1. Дээрх хууль бус шийдвэртэй нь холбогдуулан Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах хороонд миний бие 2024 оны 02 дугаар сарын 28- ны өдөр гомдол гаргасан бөгөөд тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар хэлэлцсэн. Дээрх шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.01- ний өдрийн 181/Ш32024/06720 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам хангаагүй, нотолсон баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаагүй, хаягаа буруу тодорхойлсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд миний бие харьяаллыг зөвтгөн, холбогдох баримтыг хавсарган М*******ны Ерөнхийлөгчийн 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн Монголын үндэсний дасгалжуулагч ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна.гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
1. Манай холбооноос Үндэсний шигшээ багт гэрээгээр 5 тамирчин 1 дасгалжуулагч ажилладаг байсан бөгөөд залуучуудын шигшээ баг гэж байхгүй. Мөн ахлах дасгалжуулагч гэсэн орон тоо байгаагүй тул өөрийн албан тушаалаа ойлгоогүй явсан байна.
2. В.Б******* нэхэмжлэлдээ 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл шидэлтийн төрлийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан гэж бичсэн байна.
Манай холбоонд бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б. Э ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр "Ханжоу-2023 Азийн наадмын дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. В. Б*******ыг Ахлах дасгалжуулагчаар томилсон тухай тушаал огт гарч байгаагүй болно.
3. "Ханжоу-2023" Азийн наадмын ёсны багийн багийн албан ахлагч, дасгалжуулагчаар Тухайн үеийн ерөнхийлөгч Б. Б ахалж явсан бөгөөд Т- 53 ангиллын тамирчин ОУХМ П. Э, /Монгол Улсын рекорд амжилт шинэчлэн тогтоосон/ F-57 ангиллын тамирчин СМ Т. М, Т-46 ангиллын тамирчин ОУХМ Б. Г нарыг зэрэг унаган шавь нараа дасгалжуулж уг тэмцээнд оролцсон. Гавьяат дасгалжуулагч Б. Э F-40 ангиллын тамирчин ОУХМ Д. Сийг дасгалжуулж оролцсон. /Уг наадмаас Мөнгөн медаль хүртсэн./Гэрээний 6.5.2 үзнэ үү./
4. Дээрх шигшээ багийн 5 дахь тамирчин нь Э. юм. Э. нь өмнөх Азийн наадамд Мөнгөн медаль хүртэхэд нь Гавьяат дасгалжуулагч Б. Э дасгалжуулж байсан сайн тамирчин байсан бөгөөд В. Б******* багш дээр ирээд амжилт нь тогтмол буурч эцэст нь шигшээ багаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн болно. /Дасгалжуулагчтай хийсэн гэрээний 3.2.18, 6.6.13 үзнэ үү. /
5. Гомдолд дурдаж буй бусад тамирчид нь В. Б******* багшийн албан ёсоор
хариуцаж цалин авч байгаа гэрээ хийсэн тамирчид биш юм.
6. Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол, тэмдгийг анхан шатны байгууллага болох Холбооноос тодорхойлон зохих дээд шатны төрийн байгууллагад уламжлан олгодог бөгөөд В. Б******* багш чухам ямар аргаар энэ эрхэм цол авсан нь холбоо мэдэхгүй байна.
7. Холбооны удирдлага уламжлал ёсоор Азийн наадмын дараа буюу 2023 оны 11 сарын 05-ны өдөр шигшээ багийн тамирчин дасгалжуулагч нарыг цуглуулан хуралдаж тэмцээнд сайн оролцсон тамирчдыг сайшаан, муу оролцсон тамирчин дасгалжуулагч нарыг журмын дагуу ажлаас чөлөөлсөн. Хурлын /тэмдэглэл, тушаалыг хүргүүлсэн. /Энэ тухай хурлын тэмдэглэл, шийдвэр, холбогдох баримтуудыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүргүүлсэн байгаа тул танай шүүх байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд татан авч танилцахыг хичээнгүйлэн хүсье.
8. Дасгалжуулагчаар ажиллаж байсан В. Б******* халагдсан даруй ажлаа хаяж явахыг хүссэн ба амьдрал хэцүү байгаа тухай учирласан тул дараагийн дасгалжуулагч авах хүртэл түр тушаал гарган цалинг хэвээр олгож байсан. /Тушаалыг мөн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүргүүлсэн болно./
9. Дасгалжуулагч В.Б*******ын талаар холбооны удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн сануулах арга хэмжээг удаа дараа авч байсан ба гэрээ сунгуулах талаар үүрэг өгсөн боловч үүрэг даалгавар биелүүлээгүй, ба тамирчдын гэрээг ч сунгуулаагүй болно.
10. В. Б*******ыг ажлаас чөлөөлсөн нь Б. Бтой огт хамаагүй бөгөөд Тэрээр өөрийн унаган шавь нараа урд өмнө нь ч одоо ч дасгалжуулсаар байгаа. В. Б*******ын оронд Д. Ма багшийг ажилд томилсон нь баримтаар нотлогдоно. /Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүргүүлсэн тогтоолтой танилцана уу.
11. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дуудсан хугацаанд Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Бийг гурван удаа очиход тус шүүхээс хуулийн хүрээнд холбоог төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзээд буцаасан тул одоогийн гүйцэтгэх захирал Б.И тэргүүлэгч гишүүн Б.Вт итгэмжлэл гаргаж өгч уг ажлыг хариуцуулсан болно.
12. Монгол Улсын Спортын түүхэнд урд өмнө нь ч одоо ч Аливаа уралдаан тэмцээнд өөр хүний бэлтгэсэн тамирчныг хэн нэгэн дасгалжуулагч хүндэтгэх шалтгаангүй л бол авч явж байсан түүх байхгүй бөгөөд Улс орны нэр хүндтэй холбоотой нэн хариуцлагатай тэмцээнд босоо бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд тамирчин нэр зарлагдан ирвэл одоогийн дасгалжуулагч Д.Ма явах шийдвэр аль хэдийнээ гарсан байгаа билээ. Тиймээс тэргэнцэртэй гүйлт, гүйлт, суугаа шидэлт хариуцсан дасгалжуулагч Б.Бийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан үйлдэл гаргасан иргэн Б.Б*******од гүнээ харамсаж байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна.гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В.Б*******ын нэхэмжлэлтэй Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоонд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л******* би нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаар Монголын үндэсний шигшээ багаас дасгалжуулагч чөлөөлөх тухай тушаалаар дасгалжуулагч В.Б******* нь ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд В.Б******* нь Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-т зөрчлийг удаа дараа гаргасан тул ажлаас чөлөөлсөн болно.
Тодруулбал холбооны ёс зүйн дүрмийн 2.5-д . хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дээд шатны байгууллага албан тушаалтны талаар үндэслэлгүй нотлох баримтгүйгээр бусдын нэр хүндэд халдах явдал гаргахгүй байх гэж заасан зөрчлийг гаргасан буюу олон Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбооны болон албан тушаалтны талаар үндэслэлгүй нотлох баримтгүйгээр үндэслэлгүй худал тайлбарын шинж чанартай Ярилцлага өгсөн байдаг. Мөн ёс зүйн дүрмийн 2.6-д заасан ...дасгалжуулагч тамирчдыг өөрийн үйл ажиллагаандаа ялгаварлан гадуурхах, үйл хөдлөл үг хэлээр дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуульд холбогдохгүй байх..." гэж заасан байтал В.Б******* нь өөрийн хариуцсан тамирчин болох Э.тай ёс зүйгүй харьцах, ялгаварлан гадуурхах, үйл хөдлөл үг хэлээр дарамтлах шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлсэн, мөн холбооны ёс зүйн дүрмийн 2.9-т заасан хамт олн үймээн бутаргах ажиллагааг зохион байгуулсан зэрэг хууль бус үйлдэл гаргасан болох нь тамирчин Э.гийн өөрийн гар өргөдөл болон холбооны ерөнхийлөгч асан Б.Бид хувь чатаар В.Б******* дасгалжуулагчтай холбоотой гомдол мэдээлэл ирдэг байсан болно. В.Б*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал дээр бичигдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйл, заалтын тухайд хүчингүй болсон хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталж ажлаас чөлөөлөөгүй буюу техник, шивэлтийн шинжтэй алдаа гарсан болно. Уг тушаалын агуулгаас харахад холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10- тус тус заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг удаа дараа гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ".. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан ..." гэж заасныг баримталсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл №15, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоол, хавсралт, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04, 06 дугаар тушаал, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдэгийн үнэмлэх,
Нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувиуд-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчтай байгуулах гэрээ, тамирчдын амжилт үзүүлсэн медаль бүхий зураг, шагналын бичиг, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөл, үндэсний шигшээ багийн 2023 оны 11 дүгээр сарын 05, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлж өгсөн,
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлээс татгалзсан баримт, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04, 06 дугаар тушаалын хуулбар, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ёс зүйн дүрэм /шинэчилсэн найруулга/, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөл, үндэсний шигшээ багийн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчтай байгуулах гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн,
Шүүхийн журмаар Э., Д.С, Т.М, Д.Ж нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч В.Б******* нь хариуцагч М*******нд холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 9,954,572 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, шүүх хуралдаанд ажилгүй байсан нийт хугацаандаа цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарлаж байна.
3. Хариуцагч М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч В.Б******* нь тус холбооны дасгалжуулагчаар ажиллаж байхдаа М*******ны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргаж байна.
4. М*******ны Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21.23, М*******ны тэргүүлэгч гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ванчиг овогтой Б*******ыг холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-ийг тус тус зөрчсөн тул ажлын хариуцлага хүлээлгэж гэрээний дагуу гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-92/
Мөн холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тушаалаар В.Б*******ыг Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилон сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэжээ. /хх-91/
Дээрх 2 тушаалд В.Б*******ыг ажлаас чөлөөлөх үндэслэлийг Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ёс зүйн дүрмийн
2.5. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дээд шатны байгууллагад ярилцлага, мэдээлэл өгөхдөө байгууллага, албан тушаалтны талаар үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр бусдын нэр хүндэд халдах явдал гаргахгүй байх,
2.6. Дасгалжуулагч нь тамирчдыг өөрийн үйл ажиллагаандаа ялгаварлан гадуурхах, үйл хөдлөл, үг хэлээр дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил, авилга хээл хахуульд холбогдохгүй байх,
2.9. Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байх, хамт олны үймээн бутаргах ажиллагааг зохион байгуулсан, бусдыг турхирсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдэх, удирдлагад үйл хөдлөл, үг хэлээр дарамт шахалт үзүүлсэн нь баримтаар нотлогдох юм бол ажил олгогч тал шууд үүрэгт ажлаас чөлөөлнө,
2.10. Дасгалжуулагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хариуцсан тамирчид /аль нэг нь/ зохих бэлтгэлээ хийгээгүй, уралдаан тэмцээнд ороогүй гэрээ гомдол гаргаж батлагдсан тохиолдолд тухайн Олимпын жилийн нийт цугларалт тэмцээний зардлын 50 хувийг нөхөн төлөх ёс зүйн хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.
5. Тушаалд заасан дээрх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон эсэхэд шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
5.1. Нэхэмжлэгч В.Б******* Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны шидэлтийн төрлийн дасгалжуулагчаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллаж, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчтай 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг байгуулж, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уг ажлаас чөлөөлсөн байна.
Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурдсан үйл баримтууд хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Б.Боос 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал үгүйсгээгүй.
Нэхэмжлэгч нь тушаалыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргаж, хариуцагч тал В.Б*******ын гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн тул 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлээр хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан, уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан захирамж, шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг хэргийн баримтаар тогтоогдож байна.
Иймд дээрх ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцэж байна гэж үзлээ.
5.2. Нэхэмжлэгч В.Б*******ыг ажлаас чөлөөлөхдөө Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчтай байгуулсан гэрээг дүгнээгүй харин М*******ны тэргүүлэгч гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн байна.
Уг хуралд Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн дарга, гишүүд, шигшээ багийн дасгалжуулагч В.Б*******, тамирчин П.Э, Д.С, З., Т.М нар оролцож, хурлаар Ханжоу-2023 Азийн наадмын тайланг ҮШБ-ийн дасгалжуулагч В.Б******* танилцуулах, тайлантай холбоотой асуултыг удирдах зөвлөлийн гишүүд асууж хариулт авах, Үндэсний шигшээ багийн 2023 оны ажлын товч тайланг дасгалжуулагч В.Б******* танилцуулах, шигшээ багийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэх, өргөжүүлэх асуудлын талаар холбооны удирдах зөвлөлд санал оруулах, шигшээ багийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар тамирчдын үг, саналыг сонсох, хурал завсарлаж удирдах зөвлөлийн гишүүд дангаар хуралдах, удирдах зөвлөлийн шийдвэрийг шигшээ багийн тамирчин дасгалжуулагчдад танилцуулах асуудлыг хэлэлцэхээр тусгажээ. /хх-95-100/
Уг хурлаас Монголын үндэсний шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Э.г өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж түүний оронд Пара азийн дөрөвдүгээр наадмаас хүрэл медаль хүртсэн холбооны F-40 ангиллын тамирчин Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулгыг Үндэсний шигшээ багийн тамирчнаар элсүүлэх, дасгалжуулагч В.Б*******ыг Холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-ийг тус тус зөрчсөн, багийн эв нэгдлийг хангаж ажиллаагүй, хичээллэгч тамирчны гомдол зэргийг үндэслэн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, ... шийдвэрлэсэн байна.
5.3.Хариуцагч тал нэхэмжлэгчийг ёс зүйн дүрмийг зөрчсөн удаа дараагийн үйлдэл гаргасан гэдэгт хэвлэл мэдээлэлд Ханжоугийн азийн наадамд явсан албаны болон өөр дасгалжуулагч нарын нэрсийг дурдаагүй өөрөө ганцаараа дасгалжуулагчаар явсан мэт ярилцлага өгсөн, багш дасгалжуулагч таарамж муутай, цалингаар боож хаадаг байсан гэдэг нь тамирчин Э.гийн өргөдөл, холбооны удирдлагатай харилцсан чат, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог, гадаадад тэмцээнд явахдаа 300,000 төгрөг дутаасан түүнийгээ данс руу хийсэн гэж худлаа хэлсэн гэх зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Биеийн тамир спортын улсын хорооны хэвлэл мэдээллийн ажилтан Д.Жгийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт 2023 оны 10 сарын 24-ний өдөр Азийн зуны спортын пара наадмын үеэр В.Б******* дасгалжуулагчаас мэдээлэл, тодруулга авсан, тухайн мэдээлэл Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо ТББ-ын нэр хүндэд халдахаар зүйл байхгүй гэж бодож байна, Би он удаан жилийн хугацаанд сэтгүүлчээр ажиллаж байх хугацаандаа дасгалжуулагч, тамирчдаас тэмцээний талаар мэдээлэл авч оруулдаг, түүнээс албаны хүмүүсийн мэдээлэл оруулдаггүй гэснээс үзэхэд хариуцагчийн татгалзалд дурдсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбооны болон албан тушаалтны талаар үндэслэлгүй нотлох баримтгүйгээр худал тайлбарын шинж чанартай ярилцлага өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн дүрмийн 2.6. Дасгалжуулагч нь тамирчдыг өөрийн үйл ажиллагаандаа ялгаварлан гадуурхах, үйл хөдлөл, үг хэлээр дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуульд холбогдохгүй байх, 2.9. Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байх, хамт олны үймээн бутаргах ажиллагааг зохион байгуулсан, бусдыг турхирсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдэх, удирдлагад үйл хөдлөл, үг хэлээр дарамт шахалт үзүүлсэн нь баримтаар нотлогдох юм бол ажил олгогч тал шууд үүрэгт ажлаас чөлөөлнө, 2.10. Дасгалжуулагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хариуцсан тамирчид /аль нэг нь/ зохих бэлтгэлээ хийгээгүй, уралдаан тэмцээнд ороогүй гэрээ гомдол гаргаж батлагдсан тохиолдолд тухайн Олимпын жилийн нийт цугларалт тэмцээний зардлын 50 хувийг нөхөн төлөх ёс зүйн хариуцлага хүлээнэ гэх зөрчлүүдийн тухайд;
Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоонд 2023 оны 11 дүгээр сарын 21-нд шигшээ багийн тамирчин Э.гийн гаргасан шигшээ багаас гарах өргөдөл, тамирчнаас холбооны удирдлагад ирүүлсэн чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э., Д.С, Т.М нарын мэдүүлгээс үзэхэд дасгалжуулагч В.Б*******ын талаар ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гадаадад тэмцээнд явахад 300,000 төгрөг дутаасан гэх үйлдлийн тухайд тухайн байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн баримтаар тогтоогдоогүй, гэрч Т.Мгийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг мөнгө дутаасан гэж дүгнэх боломжгүй байна.
Үүнээс гадна хариуцагч нь тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.23 гэсэн заалтыг баримталсан нь андуурч гаргасан гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байгаа боловч энэ үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх ойлголт нь өмнөх зөрчилд арга хэмжээ авагдсан байхыг ойлгох ба нэг дор хэд хэдэн зөрчилд арга хэмжээг авахыг давтан гаргасан гэж үзэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч В.Б*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Нэхэмжлэгч В.Б*******ыг Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 10 сар ажлын 15 өдрийн хугацаагаар тооцон өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нэг сард 1,500,000 төгрөгөөр тооцож, 16,022,727 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалыг суутган, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,022,727 төгрөгт ногдох 238,064 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Б*******ыг Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,022,727 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалыг суутган, холбогдох бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоонд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,064 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ