| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/06363/И |
| Дугаар | 101/ШШ2024/05540 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/05540
| 2024 11 25 | 101/ШШ2024/05540 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Де******* ХХК /рд:*******/-д холбогдох,
6,611,228 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Т******* ХХК нь Де******* ХХК-тай 2023 оны 01-р сарын 24-ний өдөр нэхэмжпэгчийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг ******* Hot Pot ресторанд хамаарах рестораны хоол хүргэлтийн гэрээг, 2023 оны 01-р сарын 18-ны өдөр Н******* ресторанд рестораны хоол хүргэлтийн гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу хүргэгч буюу хариуцагч нь өөрийн songo.mn сайт болон бусад цахим хаягаар үйлчлэгчийн /захиалагчийн/ захиалгыг хүлээн авч ресторан буюу нэхэмжлэгчийн өмнөөс захиалгын хоолны хүргэлтийг хийх үүргийг хүлээсэн бол ресторан нь хүргэгчид захиалга бүрийн үнийн дүнгийн 18 хувьтай тэнцэх төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Хүргэгч тал нь захиалагчаас захиалгын төлбөрийг өөрийн дансанд хүлээн авах бөгөөд үйлчилгээний төлбөр болох 18 хувийн шимтгэлийг суутган авч, үлдсэн дүнг ресторанд тухайн сарын 25-30-ны хооронд төлөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч нь Н******* 1 ресторанаас 2023 оны 4-р сарын 03-ны өдрөөс 5-р сарын 13-ны өдрийн хооронд 12 удаагийн захиалгаар нийт 1,773,300 төгрөгийн хоолны захиалгыг, Н******* 2 ресторанаас 2023 оны 3-р сарын 26-ны өдрөөс 2023 оны 5-р сарын 7-ны өдрийн хооронд 9 удаагийн захиалгаар нийт 525,614 төгрөгийн хоолны захиалгыг, МЖ Хот Пот Галлериа ресторанаас 2023 оны 3-р сарын 28-ны өдрөөс 2023 оны 5-р сарын 02-ны өдрийн хооронд 8 удаагийн захиалгаар нийт 677,100 төгрөгийн хоолны захиалгыг, МЖ Хот Пот Home Plaza ресторанаас 2023 оны 4-р сарын 05-наас 2023 оны 4-р сарын 29-ний өдрийн хооронд 5 удаагийн захиалгаар нийт 329,600 төгрөгийн хоолны захиалгыг тус тус ресторанаас хүлээн авч, захиалагчид хүргэн өгч төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан боловч ресторанд үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй болно.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан рестораны хоол хүргэлтийн гэрээний 5.3-т Талууд сар бүр тухайн сард хүргэгдсэн захиалгат хоолны үнийг тооцоо нийлэн баталгаажуулах бөгөөд хүргэгч тал баталгаажсан нийт үнийн дүнгээс гэрээний 5.1-т заасан шимтгэлийг суутган авч зохих төлбөрийг сар бүрийн 25-30-ны хооронд төлнө' гэж заасныг удаа дараа зөрчиж нийт 3,305,614 төгрөгийн захиалгын төлбөрийг шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 5.6-д Хүргэгч тал гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлээгүй бол ресторан нь хүргэгч талын тухайн төлбөрийн нийт үнийн дүнд өдрийн 0.5 хувийн алданги тооцох эрхтэй гэж заасны дагуу дээрх захиалгуудын төлбөрийн хамтаар 3,305,614 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.
Т******* ХХК нь Ж******* ХХК-ийн 2023 оны 6-р сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 04/05 тоот шийдвэрээр тус компанид нэгтгэгдсэн тул тус Т******* ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлага хуулийн дагуу Ж******* ХХК-д шилжсэн болно.
Иймд хариуцагч Де******* ХХК-аас нь 3,305,614 төгрөгийг захиалгын төлбөрт, 3,305,614 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн алдангид тооцож нийт 6,611,228 төгрөгийг Ж******* ХХК-д гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Ж******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, Ж******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж******* ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Таван богд грилл ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Рестораны хоол хүргэлтийн гэрээ, төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч тал хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч Де******* ХХК-д холбогдуулан 6,611,228 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн дүнг бууруулж, гэрээний үүрэгт 3,305,614 төгрөг, алданги 1,652,807 төгрөг, нийт 4,958,421 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2. Шүүх иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарыг 14 хоногийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Де******* ХХК, Таван богд Монгол грилл ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Рестораны хоол хүргэлтийн гэрээгээр, хүргэгч тал Деливо Техноложис ХХК ресторан Таван Богд Монгол Грилл ХХК-ийн Н******* ресторанаар Н******* 1, Н******* 2 салбараар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өөрийн өмч болох Songo.mn Facebook page болон бусад суваг, өөрийн утсанд ирсэн үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг Даваа, Ням гаригуудад 11.30-21.00 цагийн хооронд захиалгын дагуу үйлчлүүлэгчдийн хаягаар хүргэж өгнө, Ресторан нь тус аппликейшн, веб сайт болон утсанд ирсэн хоолны захиалгыг бэлтгэн Хүргэгч талаар хүргүүлэх бөгөөд Хүргэгч талын үйлчилгээний хөлсөнд энэхүү Гэрээнд заасан шимтгэлийг Хүргэгч талд төлөхөөр гэрээний агуулгыг тохирчээ.
Уг гэрээний үүргийн дагуу талууд хоол хүргэлт хийж 3,305,614 төгрөгийн тооцооны үлдэгдэл үүссэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Ж******* ХХК-ийн Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Таван Богд Монгол Грилл ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан баримтаар тогтоогдож байна.
Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.6 Хүргэгч тал төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлээгүй бол Ресторан нь хүргэгч талын тухайн төлбөрийн нийт үнийн дүнд өдрийн 0.5%-ийн алданги тооцох эрхтэй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 3,305,614 төгрөгөөс хоног тутамд 0.5%-ийн алданги тооцох эрхтэй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 1,652,807 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Таван Богд Монгол Грилл ХХК нь Ж******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09/05 дугаар Компани нэгтгэж авах тухай шийдвэрээр тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Таван Богд Трейд ХХК-ийн 100%-ийн хувьцааг нь эзэмшдэг Таван Богд Трейд ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлагыг Ж******* ХХК-д 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэхээр шийдвэрлэжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасан үүргийн харилцаа үүссэн байх тул Ж******* ХХК нь дээрх гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Деливо Техноложис ХХК-иас гэрээний үндсэн төлбөрт 3,305,614 төгрөг, алданги 1,652,807 төгрөг, нийт 4,958,421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,652,807 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 120,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүн 4,958,421 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,285 төгрөгийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Деливо техниложис ХХК-иас гэрээний үүрэгт 3,305,614 төгрөг, алданги 1,652,807 төгрөг, нийт 4,958,421 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ