Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 07

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Ш.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Барган овогт Ш.Ц т холбогдох 1726001780004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Барган овогт Ш.Ц т

Шүүгдэгч Ш.Ц  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Яншиа” гэх газар байх өөрийн гэртээ Х.-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дэ-н хамт адууны эрэлд явж байгаад О-д орсон. Намар нь саахалтын хүмүүс танай хонинд О-н мал байсан гэж ярьсан байсан тул О-д орохдоо энэ талаар хэлтэл маргааш өглөө нь О  манайд орж ирээд та хонь алга болчихлоо гэж юу яриад байгаа юм бэ? гэж хэлсэнээс болж бид маргалдсан. Улмаар бид хоёр ноцолдоод нэг нэгнийхээ энгэрээс заамдалцаад О  намайг орны урд руу тийрээд унагаасан. Тэгэхэд нь би хутга байхаар нь барьж автал О  над руу дайрсан. Тэгтэл хутга гарын шуу руу нь орсон байсан. Би тухайн үед О ыг хутгалсанаа мэдээгүй. О  ч хутгалуулснаа мэдээгүй гэр рүүгээ давхиад өгсөн. Тэгээд би маргааш нь найзтайгаа адуугаа эрэхээр явж байтал манай эхнэр надтай яриад чамайг хүн хутгалсан байна, хүрээд ир гэж сумын цагдаа хэллээ гэхээр нь би сум орж хэсгийн байцаагч дээр очсон. Тэр өдрийн урьд шөнө нь өвлийн идшээ хийсэн айлуудаар орж ганц нэг тагш архи уусан байсан. Тэгээд О ынд 1 шил архи, гэртээ найзтайгаа архи тус тус уучихаад шөнө 03 цагийн үед унтсан. Маргааш өглөө нь нь би эрүүл байсан. Болсон явдлыг мэдэж байсан. Тухайн үед намайг О  орны хөл рүү тийрээд унагахаар нь би уурлаад тогооны саван дээр байсан махтай түмпэнгээс хутга аваад дүрчихсэн байсан. Хохирогчид хохиролд 993000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч Х.О  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ц  гэх хүн намайг хутгалж гэмтээсэн. Тухайн өдрийн урд өдөр нь Ц  Тарагт сумын Д хамт манайд шөнийн 00 цагийн орчимд ирээд архи гаргаж ирээд тойруулаад өгөөч гэхээр нь би архийг нь аягалж өгөөд сууж байхад Ц  чи манай хониноос туугаад явсан гэж Шар яриад байна лээ гээд байхаар нь би та юу яриад байна, согтуугаараа янз бүрийн юм яриад яахав маргааш өглөө учраа олъё гээд гэрээсээ гаргасан. Тэгтэл Ц  гэрээс гарчихаад манайх хонио наашаа туухаа больсон, наашаа туухаар хонь алга болоод байгаа юм гэж хэлж байгаад яваад өгсөн. Тэгэхээр нь би учрыг нь олъё гэж бодоод маргааш нь өглөө эрт 09 цаг дөнгөж өнгөрч байхад ганцаараа Ц ын гэрт очсон. Тэгтэл Ц  надаас Далай ирэх гэнэ үү? гэж асуухаар нь би та өчигдөр согтуудаа юу яриад байгаа юм бэ? та өчигдөр намайг танай хонийг туугаад явсан гэж Шар хэлсэн гээд байсан биз дээ гэхэд Ц  хонь нийлсэн гэж л хэлсэн биз дээ гэхэд хажуугаас эхнэр нь аашлаад байсан. Тэгтэл Ц  тэгээд чи юу гээд байгаа юм бэ? намайг дарамтлах гээд байгаа юм уу? гээд босоод ирэхээр нь би боссон. Тэгтэл Ц  миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд заамдаж барьж аваад цохих гэтэл эхнэр нь намайг барьж аваад би Ц ыг цохиж чадаагүй. Сүүлд нь л нэг цохьсон. Тэгтэл Ц  гэрээс гараад намайг дуудахаар нь гартал манай хонь дутуу байгаа, чи тоол гэхээр нь би танайхыг хэдэн хоньтойг би яаж мэдэх вэ. идэшэндээ хэдийг ч хэрэглэсэн юм билээ гэхэд эхнэр нь Ц ыг загнаад байсан. Тэгээд бид 2 гэрт буцаж ороод би түрүүлээд гэрийн баруун талын сандал дээр суухад Ц  араас орж ирээд гэрийн зүүн талаар тойрч очоод эргэнэгээс хутга аваад над руу дайрсан. Тэгтэл эхнэр нь бид хоёрын дундуур орсон. Тэгэхээр нь би хөлөөрөө тийртэл Ц  хойшоо болсон. Эхнэр нь ч бид хоёрын дунд орсон хэвээрээ зогсож байтал гэнэт Ц  хутгаа барьсан чигээрээ ороод ирэхээр нь би зүүн гараараа хаасан. Тэгээд хартал дээл цоорсон байхаар нь гайгүй биз гэж бодоод Ц ын гэрээс гарч ирээд мотоцикль дээрээ мордох үед миний гарын шуу дагаад цус гоожоод эхэлсэн. Тэгээд хутгалуулсан гэдгээ мэдээд намайг дүрчихсэн байна шүү дээ гэхэд Ц  дүрээгүй байхад дүрсэн гээд байна, муу пиздаг дүрээд алаад хаячихъя гээд эхнэртэйгээ хөөцөлдөөд гэртээ орчихоор нь би гэрийнх нь гаднаас мотоциклио өнхөрүүлж асаагаад хөдөлсөн. Гэртээ очоод эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Ц аас хохирол төлбөрт нийт 993000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 17-22 хуудас/,

Гэрч А.Х  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Яншиа” гэх газар оршин суудаг. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхөр Өвөрхангай аймгийн Тарагт сумаас ирсэн найз Д тэй хамт адууны эрэлд яваад шөнийн 01 цагийн орчимд гэртээ ирэхдээ хоёулаа архи уучихсан халамцуу ирцгээсэн. Гэрт байсан Харзтай нэртэй 2 ширхэг архийг хувааж уучихаад амарсан. Өглөө босоод цай чанаж байтал саахалт айлын залуу О  ганцаараа мотоцикльтой ирсэн. Гэрт орж ирээд цай хийж өгөөд сууж байтал О  манай нөхөрт та урьд шөнө юу яриад байгаа юм бэ? гээд чигтэйхэн уурлахад тэгтэл юу юугүй л манай нөхөр Ц  О  хоёр хоорондоо барилцаад авсан. Манай нөхөр юу юугүй хаанаас ч авсан юм хутга бариад босч ирээд О  руу дайрсан. Тэгтэл юу юугүй л хутга үсрээд газар ойччихсон. Манайд байсан залуу болох Д  О ыг чи яв, согтуу хүнтэй яах гээд байгаа юм гээд гэрээс аваад гарсан. Манай хүний архи нь сайн гараагүй байсан. Тэгээд О  гэрийн гаднаас хөдлөөд явсан. О , Ц  2 хониноос болж маргалдсан. О ын зүүн гарынх нь дээлний ханцуй нь цоорчихсон байсан. Тэгээд байж бай үзье гэхийн зуур л хөдлөөд явсан. Зүүн гарын дээлний ханцуй хэсэгт цоорчихсон байсан. Дээлтэй байсан болохоор цус гарч байсныг нь мэдээгүй. О  тухайн үед эрүүл явж байсан. /хх-ийн 23-24 хуудас/,

Гэрч Б.Д  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Хэрэг гардаг өдрийн урьд өдөр нь би Ц ынд хонь мал тавих талаар ярьсан байсан болохоор тэр ажлаа ярих болон адуу хайх ажлаар Ц ын гэрт очсон. Тэгээд тэнд очоод малаа тавъя гэхэд Ц  энд мал тавиад нэмэргүй ээ, хонь мал дутаад байгаа, би авахгүй гэхээр нь би адуунд хамт явалцаадах гэхэд тэгье гээд хамт явсан. Тэгээд бид хоёр манай адууг хайж явж байгаад шөнөдөө буцаж ирсэн. Замаараа О ынх гэх айлаар орсон. Тэнд очоод миний өвөрт байсан нэг шил архийг уусан. О  бол архи уугаагүй. Архи ууж байх үед Ц , О  хоёр хоорондоо хонь малны тухай яриад байсан. Би тэр яриаг нь бол нэг их тоогоогүй. Тэднийд очихдоо Ц  бид хоёр хоёулаа согтуу байсан. Тэднийхээс гарахдаа нилээд согтуу байсан. Тэгээд тэндээс гараад шууд Ц ынд очоод дахиад нэг шил архи уусан. Тэгээд шөнийн 01-02 цагийн үед унтаж амарсан. Маргааш өглөө нь Ц ын авгай босоод цайгаа чанаад өргөл өргөж байх үед О  ирж байна гэж байсан. О  удалгүй ороод ирсэн. О  орж ирээд цай ч уулгүй шахуу Ц тай маргалдаж байснаа барилцаад авсан. Тэр үед Ц  гэрийн хоймор сууж байхад нь барьж аваад ноцолдсон. Тэрний дараахан Ц  миний хэвтэж байсан орны өмнө өнхөрөөд ойчиж байсан. Тэгтэл Ц  хутга барьчихсан байгаа харагдсан. Тэр үед эхнэр нь дундуур нь орж байгаа харагдсан. Тэгтэл хутга нь газар унаж байгаа харагдсан. О  гараараа хаачих шиг болсон. Тэгээд л О ыг би бид хоёр согтуугаараа хоносон, чи одоо яв гэж хэлээд явуулсан. О  ч яваад өгсөн. Тэгээд бид хоёр манай адуу руу явсан. Тэгээд явж байтал суман дээр цагдаа дуудаад байна гэж Ц ын авгай нь утсаар ярьж хэлсэн. Тэгээд Ц  бид хоёр шууд Зүүнбаян-Улаан сумын төв орсон. Ц  цагдаа орсон. Би адуугаа авахаар буцаад явсан. Тэр үед миний архи гараагүй согтуу байсан болохоор зарим зүйлийг мэдээгүй байж магадгүй. Ямарч байсан л эхнэр нь хүүе гээд тэр хоёрын дундуур орох үед Ц  хутга барьчихсан байж байсныг нь л санаад байна. Тэр үед би орноос босоод хувцасласан. Тэрнээс өмнө оронд хэвтэж байсан. Ц  хутга барьчихсан байсан. Сумын төв дээр ирээд л О ыг хутгалуулсан байна гэж мэдсэн. Ц ынд ирэх үедээ О  зүгээр орж ирсэн. Тэрнээс хойш л гэмтсэн байна гэж мэдэгдсэн. Ц  согтуу байсан. /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Х.Б  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Дуудлага дуудсан cap өдрийг нь санахгүй байна. Өглөө 10 цагийн үед О  гэж хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсний дагуу тэр айлд очсон. Очихдоо 2 цагдаагийн хамт очсон. Тэгээд очоод үзэхэд зүүн гарын шууны гадна дээд гуравны нэг хэсэгт цустай марлиар гараа боочихсон байдалтай байсан. Боолтыг нь авч үзэхэд ойролцоогоор 4 см орчим хэмжээний газарт арьсан давхарга болон өөхөн эд зүсэгдсэн байдалтай шархтай байсан. Боолтыг сольж шархыг нь цэвэрлэж ариун боолт хийж, өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд цусыг нь тогтоох зорилгоор чангалуур боолт хийгээд өвчтөнг тээвэрлэж сумын эмнэлэг дээр авч ирсэн. Эмнэлэгт ирээд шарханд нь 6 оёдол тавьсан. Судас нэлээн дайрсан байсан учир цус их гарсан, 150-200 мл орчим хэмжээний цус гарсан байх. Шингэн сэлбэх, цус тогтоох шингэн хийсэн. Тэгээд тухайн өвчтөнд анхны үзлэгийн тэмдэглэл бичиж өгч хэсгийн төлөөлөгч рүү явуулсан. Тэрнээс хойш тэр хүн дахиж ирж үзүүлээгүй. Хаана яагаад гэмтсэн талаар асуухад хүн хутга далайхаар нь   гараараа хаагаад түлхсэн, тухайн үед хутгалуулсан талаараа мэдээгүй байж байгаад гэнэт нойтон оргиод явчихаар нь хутгалуулснаа мэдсэн гэж ярьж байсан. Тэр үед нэг хүний нэр хэлээд байсан. Одоо би тэр хүний  нэрийг  нь сайн санахгүй  байна. Тухайн  үедээ өвчтөний биеийн байдал хөнгөн, орчиндоо харьцаатай, ухаан саруул, зүсэгдсэн шархнаас өөр ил харагдах гэмтэл бэртэлгүй байдалтай байсан. Биед нь өөр өвдөж байгаа зүйл байгаа эсэхийг лавлаж асуухад гарнаас өөр зүйл өвдөөгүй гайгүй байна гэж байсан. /хх-ийн 37-39 хуудас/,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг нутгийнхан Шар гэж дууддаг. О , Ц  нарыг танина. Манайхтай саахалт нутагладаг хүмүүс байгаа юм. Би Ц т О ын талаар юм ярьж байгаагүй. Би О  танай хонийг туугаад явсан гэж Ц т яриагүй. Ц  л тэр хэрэг гарахаас 10-аад хоногийн өмнө манай хонинд нийлсэн байсан 4 хонь, 1 ямаагаа ялгаж авч байсан. Тууж авч явж байгаад манай баруун ууланд нөгөө хэдийгээ алдчихаж байгаа харагдсан. Маргааш нь Ц  утсаар надтай яриад танайхаас ялгаж авсан хонь, ямаа танайд буцаж очиж уу? гэж асууж байсан. Тэр үед нь би ирээгүй байна гэж хэлээд л утсаа тасалсан. Тэрнээс өөр зүйл Ц  бид хоёрын хооронд болоогүй. /хх-ийн 29-30 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №464 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Х.О ын биед зүүн гарын шууны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 43 хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 81, 94-104 хуудас/,

Шүүгдэгч Ш.Ц ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59, 63 хуудас/,

Шүүгдэгч Ш.Ц ын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.Ц  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Яншиа” гэх газар байх гэртээ хохирогч Х.О тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар түүний зүүн гарын шуун тус газар нь хутгалж, хохирогч Х.О ын эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Ц ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Х.О ын би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг дөнгөж өнгөрч байхад ганцаараа Ц ын гэрт очиж та өчигдөр согтуудаа юу яриад байгаа юм бэ? та өчигдөр намайг танай хонийг туугаад явсан гэж Шар хэлсэн гээд байсан биз дээ гэхэд Ц  хонь нийлсэн гэж л хэлсэн биз дээ гэхэд хажуугаас эхнэр нь аашлаад байсан. Тэгтэл Ц  тэгээд чи юу гээд байгаа юм бэ? намайг дарамтлах гээд байгаа юм уу? гээд босоод ирэхээр нь би боссон. Тэгтэл Ц  гэрээс гараад намайг дуудахаар нь гартал манай хонь дутуу байгаа, чи тоол гэхээр нь би танайхыг хэдэн хоньтойг би яаж мэдэх вэ. идэшэндээ хэдийг ч хэрэглэсэн юм билээ гэхэд эхнэр нь Ц ыг загнаад байсан. Тэгээд бид 2 гэрт буцаж ороод би түрүүлээд гэрийн баруун талын сандал дээр суухад Ц  араас орж ирээд гэрийн зүүн талаар тойрч очоод эргэнэгээс хутга аваад над руу дайрсан. Тэгтэл эхнэр нь бид хоёрын дундуур орсон. Гэнэт Ц  хутгаа барьсан чигээрээ ороод ирэхээр нь би зүүн гараараа хаасан. Тэгээд хартал дээл цоорсон байхаар нь гайгүй биз гэж бодоод Ц ын гэрээс гарч ирээд мотоцикль дээрээ мордох үед миний гарын шуу дагаад цус гоожоод эхэлсэн. Тэгээд хутгалуулсан гэдгээ мэдсэн. Гэрч А.Х гийн намайг өглөө босоод цай чанаж байтал саахалт айлын залуу болох О  ганцаараа мотоцикльтой ирээд гэрт орж ирээд цай хийж өгөөд сууж байтал О  манай нөхөрт та урьд шөнө юу яриад байгаа юм бэ? гээд чигтэйхэн уурлахад тэгтэл юу юугүй л манай нөхөр Ц  О  хоёр хоорондоо барилцаад авсан. Манай нөхөр юу юугүй хаанаас ч авсан юм хутга бариад босч ирээд О  руу дайрсан. Тэгтэл юу юугүй л хутга үсрээд газар ойччихсон. О , Ц  2 хониноос болж маргалдсан. О ын зүүн гарынх нь дээлний ханцуй нь цоорчихсон байсан. Дээлтэй байсан болохоор цус гарч байсныг нь мэдээгүй. Гэрч Б.Д гийн О  орж ирээд цай ч уулгүй шахуу Ц тай маргалдаж байснаа барилцаад авсан. Тэр үед Ц  гэрийн хоймор сууж байхад нь барьж аваад ноцолдсон. Тэрний дараахан Ц  миний хэвтэж байсан орны өмнө өнхөрөөд ойчиж байсан. Тэгтэл Ц  хутга барьчихсан байгаа харагдсан. Тэр үед эхнэр нь дундуур нь орж байгаа харагдсан. Тэгтэл хутга нь газар унаж байгаа харагдсан. О  гараараа хаачих шиг болсон. Тэгээд бид хоёр манай адуу руу явж байтал суман дээр цагдаа дуудаад байна гэж Ц ын авгай нь утсаар ярьж хэлсэн. Тэгээд Ц  бид хоёр шууд Зүүнбаян-Улаан сумын төв орсон. Сумын төв дээр ирээд л О ыг хутгалуулсан байна гэж мэдсэн. Ц ынд ирэх үедээ О  зүгээр орж ирсэн. Гэрч Х.Б ын дуудлага дуудсан cap өдрийг нь санахгүй байна. Өглөө 10 цагийн үед О  гэж хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсний дагуу тэр айлд очоод үзэхэд зүүн гарын шууны гадна дээд гуравны нэг хэсэгт цустай марлиар гараа боочихсон байдалтай байсан. Боолтыг нь авч үзэхэд ойролцоогоор 4 см орчим хэмжээний газарт арьсан давхарга болон өөхөн эд зүсэгдсэн байдалтай шархтай байсан. Эмнэлэгт ирээд шарханд нь 6 оёдол тавьсан. Хаана яагаад гэмтсэн талаар асуухад хүн хутга далайхаар нь гараараа хаагаад түлхсэн, тухайн үед хутгалуулсан талаараа мэдээгүй байж байгаад гэнэт нойтон оргиод явчихаар нь хутгалуулснаа мэдсэн гэж ярьж байсан. Гэрч Б.Сундуйжавын намайг нутгийнхан Шар гэж дууддаг. Би Ц т О ын талаар юм ярьж байгаагүй. Би О  танай хонийг туугаад явсан гэж Ц т яриагүй гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №464 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ш.Ц т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгч Ш.Ц  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ш.Ц ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Ш.Ц  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Ш.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 993000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар алаг өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Барган овогт Ш.Ц ыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц т 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Ш.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 993000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар алаг өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ