Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/05473

 

 

 

 

 

2024 11 20

101/ШШ2024/05473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  В******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М******* ХХК /рд:*******/-д холбогдох,

16,280,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 10,012,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, Г.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

В******* ХХК нь орчин үеийн загварын ертөнц, загварын чиг хандлагыг тусгасан дижитал сэтгүүл, хэвлэмэл сэтгүүл эрхлэн гаргадаг загварын хэвлэл мэдээллийн компани юм. Манай байгууллага 2023-2024 оны шинэ жилийн баярыг тохиолдуулан V******* хэвлэмэл сэтгүүл оролцуулсан шинэ жилийн бэлгийн багц гаргахаар төлөвлөж, V******* лого бүхий цүнх, мэндчилгээ бичих зориулалт бүхий мэндчилгээний сет, дэгээ, бэлгийн хайрцаг хийлгүүлэхээр М******* ХХК-д хандсан. Ингээд М******* ХХК-тай 2023 оны 11-р сарын 16-ны өдөр 23-11/16-01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан 500 ширхэг манай компанийн нэр бүхий логотой цүнх /V******* логотой цүнх/, 500 ширхэг дэгээ, 500 ширхэг мэндчилгээний сэт захиалсан. Энэхүү гэрээний урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 70% болох 12,950,000 төгрөгийг 2023 оны 11-р сарын 16-ны өдөр "Мотгоо" ХХК-ийн Хас банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. Ахин 2023 оны 1-р сарын 20-ны өдөр 23- 11/20-01 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан 500 ширхэг бэлгийн хайрцаг захиалж, гэрээний урьдчилгаа төлбөр болгож "М******* ХХК-ийн Хас банкны ******* тоот данс руу 70 хувийн урьдчилгаа төлбөр болох 2,625,000 төгрөг шилжүүлсэн буюу бидний зүгээс эдгээр 2 гэрээний үүрэгт нийт 15,750,000 төгрөгийг "М******* ХХК-д шилжүүлсэн байна. Эдгээр гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр шилжүүлж загварын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ жилийн баяртай холбогдуулан хугацаандаа бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь гол нөхцөл байсан. Бидний зүгээс урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлж, мэндчилгээний сетийн загварыг 2023 оны 11-р сарын 24-ний өдөр, V******* цүнхний загварыг 2023 оны 11-р сарын 29-ний өдөр баталгаажуулсан. Ингээд 2023 оны 12-р сарын 18-ны өдөр мэндчилгээний сет, 2023 оны 12-р сарын 19-ны өдөр 500 ширхэг цүнх буусан гэж М******* ХХК-аас мэдэгдсэн. Эдгээр нийлүүлсэн бүтээгдэхүүнээс дэгээ болон том хайрцаг нь шаардлага хангасан тул хүлээн авч, цүнх болон мэндчилгээний сет бүтээгдэхүүн бидний захиалгаас өөр, доголдолтой байсан тул хүлээн авахгүйг мэдэгдэж, 2023 оны 12-р сарын 20-ны өдөр М*******" ХХК-д албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү хүлээн аваагүй цүнх болон мэндчилгээний сетийн урьдчилгаа төлбөр болох 10,825,000 төгрөгийг өнөөг хүртэл "М*******" ХХК-аас бидэнд шилжүүлээгүй. Мөн энэхүү гэрээнээс үүдэн манай байгууллагад учирсан хохирол болон гэрээний дагуу төлөх үүрэгтэй алдангийг нэмж шаардаж байна. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ хүчин т байгуулагдсан гэрээ бөгөөд Иргэний хуулийн 346.1-д зааснаар Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, 351.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж тусгасны дагуу захиалсан загварын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирүүлснээр уг бүтээгдэхүүнийг доголдолгүйд тооцож хүлээн авах, төлбөр шилжүүлэх үүрэг үүсэх юм. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн болох V******* цүнх, мэндчилгээний сетийг хүлээн авахад бидний захиалснаас өөр, доголдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж ирсэн байсан учраас албан бичгээр мэдэгдэж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээс татгалзаж, уг бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахгүй тухайгаа "М******* ХХК-д мэдэгдсэн. Тухайлбал,

1. Логотой цүнхийг бид анх тохиролцохдоо цагаан логотойгоор захиалсан атал саарал логотой, лого нь хазгай бичигдэж ирсэн тул цүнхийг хүлээн авах боломжгүй байсан.

2. Мэндчилгээний сетийг жишээ болгох үүднээс манай ажилтан загвар бүтээгдэхүүнийг "М******* ХХК-ийн оффис дээр аваачиж үзүүлж, харилцан нэг ойлголтод хүрч захиалга өгсөн атал бүтээгдэхүүн бидэнд ирэхдээ буруу цаасан дээр хэвлэгдсэн ирсэн, гялгар бүрэлттэй, мэндчилгээ бичих боломжгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж ирсэн байсан тул хүлээн аваагүй. "М******* ХХК нь хэвлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэл, худалдаа, Ligth box, хаяг реклам үйлдвэрлэх чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж учраас бид уг газарт хандахдаа өөрсдийн хүссэн өнгө загварын бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлж авч чадна гэдэгтээ итгэж захиалга өгсөн. Захиалагч цагаан өнгийн лого хэвлүүлэх хүсэлт тавьсан бол цагаанаар логог тэгшхэн байрлуулах хүсэлтэй байсан бол тэгшхэн хэвлэх үүрэгтэй, матт цаасан дээр мэндчилгээ гаргуулах хүсэлтэй бол уг хүсэлтийн дагуух материал дээр хэвлэх үүрэгтэй буюу энэхүү ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь захиалгын дагуу хийгдсэн, зориулалтаар нь ашиглах, худалдаанд гаргах боломжтой бүтээгдэхүүн хүлээн авах байсан юм.

М******* ХХК-аас 2023 оны 12-р сарын 22-нд ирүүлсэн албан бичгээр доголдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирүүлсэнээ хүлээн зөвшөөрч, цүнхний үнийг бууруулах, мэндчилгээний открыткны цаасыг дахин үйлдвэрлэж ирүүлэх хүсэлт ирүүлсэн боловч цүнхний доголдолтой байдлыг хүлээн зөвшөөрч хүлээн авч болохооргүй доголдолтой, мэндчилгээг шинэ жил өнгөрсөн хойно дахин үйлдвэрлэж ирүүлэх санал тавьсан. "В******* ХХК нь орчин үеийн загварын чиг хандлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани хирнээ хазгай мурий хэвлэгдсэн логотой цүнх, мэндчилгээ хүргэх боломжгүй бүрэлттэй цаастай мэндчилгээний дугтуйг хэрэглэгчдэд худалдаанд гаргах нь хэрхэвч байж боломжгүй. Цүнх болон мэндчилгээний сет нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, үндсэн үүргээ нэгэнт гүйцэтгэх боломжгүй учраас доголдолтой бүтээгдэхүүнд тооцогдоно. Доголдолтой үйлдвэрлэгдэж ирсэн 2 бүтээгдэхүүнгүйгээр шинэ жилийн багц гаргах манай байгууллагын төлөвлөгөө хэрэгжих боломжгүйд хүрч, үүнээс үүдэн шинэ жилийн багцаа гаргаж чадаагүй. Дээр дурьдсанчлан гэрээний нэг гол нөхцөл нь ажлын үр дүн, түүнийг хүлээн авах хугацаа байсан тул М******* ХХК-аар дахин цүнх, мэндчилгээ үйлдвэрлүүлж ирүүлэх, түүнийг нь хүлээн авах хугацаа байгаагүй.

М******* ХХК нь гэрээний агуулга, ажил үүргээ ухамсарлаагүйгээс үүдэн доголдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн учраас бид тухайн цаг үед "М******* ХХК-д Иргэний хуулийн 352.2.1, 352.2.3 дах хэсэгт зааснаар "5,000,000 сая төгрөгт цүнх нийлүүлэх, үлдсэн 5,825,000 төгрөгийг бэлэн авах санал тавихад, биднээс уг доголдлыг арилгахад их зардал гарах учир хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ мэдэгдсэн. Гэрээ нэгэнт цаашид хэрэгжих боломжгүй, хариуцагч тал ноцтой зөрчил гаргасан учраас бид Иргэний хуулийн 355.1-дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан.

"М******* ХХК-ийн гаргасан энэхүү зөрчил нь ялимгүй зөрчил биш, цүнхийг ахин үйлдвэрлэхгүй л бол логог засварлах боломжгүй, цүнхний үнийг бууруулсан ч мурий хэвлэгдсэн логоноос үүдэн баярын бэлэг болгон худалдаанд гаргах нь манай байгууллагын үндсэн зорилгод нийцэхгүй, нэгэнт үйлдвэрлэгдэж ирсэн мэндчилгээний цаасыг ахин засварлах боломжгүй байсан.

Хариуцагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гэрээнд тусгагдсан алданги шаардаж байна. "М******* ХХК-тай 2023 оны 11-р сарын 16-ны өдөр байгуулсан 23-11/16-01 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.2 дах хэсэгт зааснаар 2023 оны 12-р сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 04-р сарын 16-ны өдөр хүртэлх нийт 118 өдрийн алдангид 3,832,050.00 /гурван сая найман зуун гучин хоёр мянга тавь/ төгрөг шаардаж байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч нь өөрт учирсан хохирлоо ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Бидний зүгээс ямар нэгэн доголдолгүй бүтээгдэхүүн "М******* ХХК-аас хүлээн авсан байсан бол гэрээ цуцлах шаардлага үүсэхгүй, захиалсан бүтээгдэхүүнээрээ 200 ширхэг шинэ жилийн багц бүтээгдэхүүнээ худалдаанд амжилттай гаргах байсан. Хариуцагчтай асуудлыг эвээр шийдэх нэгэнт боломжгүй болсон тул бид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч Өмгөөллийн "Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК-тай 2024 оны 04-р сарын 01-ний өдөр ХЗҮҮГ/24/ОЗ тоот гэрээ байгуулж 1,623,750 төгрөгийг өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсөнд төлсөн. Энэхүү төлбөрийг энэхүү гэрээнээс учирсан хохиролд тооцож хариуцагч талаас нэхэмжилж байна.

Иймд "М******* ХХК-аас дэгээ болон том хайрцгийг хүлээн авсан учраас урьдчилгаанд төлсөн 15,575,000.00 төгрөгөөс хүлээн авсан дэгээ, хайрцагны 4,750,000.00 төгрөгийг хасч, 10,825,000.00 /арван сая найман зуун хорин таван мянга/ төгрөг, алдангид 3,832,050.0 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1,623,750 /нэг сая зургаан зуун хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, нийт 16,280,800.00 /арван зургаан сая хоёр зуун наян мянга найман зуу/ төгрөгийг Иргэний хуулийн 343.1, 355.1, 227.3 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна.

"М******* ХХК-аас 16,280,800.00 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тус шүүхэд хянагдаж байгаа Велин ХХК-ийн нэхэмжлэлтэй, М******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт М.Х******* би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.

Нэхэмжлэгч Велин ХХК нь 2023 оны 11 сарын 16-ны өдрийн № 23-11/16-01 тоот болон 2023 оны 11 сарын 20-ны өдрийн №11/20-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 10,025,000 төгрөг, алданги 3,823,050 төгрөг, өмгөөллийн зардалд 1,623,750 төгрөг, нийт 16,280,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар, татгалзлыг гаргаж байна. Үүнд:

М******* ХХК нь Велин ХХК-тай 2023 оны 11 сарын 16-ны өдөр №23-11/16- 01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу М******* ХХК нь V******* цүнх 500 ширхэг, нэг бүрийг нь 14,000 төгрөгөөр, нийт 7,000,000 төгрөгөөр, Дэгээ 500 ширхэг, нэг бүрийг нь 3,000 төгрөгөөр, нийт 1,500,000 төгрөгөөр, хайрцаг сет /дугтуй, мэндчилгээ, хайрцаг/ 500 ширхэг, нэг бүрийг нь 20,000 төгрөгөөр, нийт 10,000,000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэн захиалагч загвар баталгаажуулж, урьдчилгаа төлбөр хийсэн өдрөөс хойш хуанлийн 20-25 хоногийн дотор нийлүүлэх үүргийг хүлээсэн. Гэрээний 2.2-т зааснаар бараа нийлүүлэх хугацааг Захиалагч загвар баталгаажуулж, урьдчилгаа төлбөр хийсэн өдрөөс хойш хуанлийн 20-25 хоног байна гэж заасан бөгөөд Велин ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт нийт ажлын хөлсний 70 хувийг буюу 12,950,000 төгрөгийг 2023 оны 11 сарын 16-ны өдөр төлж, бараа 2023 оны 12 сарын 18-ны өдөр ирсэн буюу бид барааг хугацаанд нь нийлүүлсэн. V******* цүнхний тухайд Велин ХХК нь лого нь саарал өнгөтэй, далий байсан гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь үндэслэлгүй юм. V******* цүнх захиалсан загвараас лого нь ялимгүй, бага зэрэг цагаан саарал өнгөтэй ирсэн болохоос лого нь далий бичигдсэн зүйл байхгүй. Бид V******* цүнхийг хүлээж авахгүй гэхээр нь цүнхний нэгж үнийг бууруулж нийлүүлэх санал хүргүүлсэн боловч Велин ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шууд гэрээгээ цуцална гээд цүнхийг хүлээж аваагүй.

Хайрцагны сет /дугтуй, мэндчилгээ, хайрцаг/-ний тухайд бид гэрээнд заасны дагуу Велин ХХК-ийн өгсөн өнгө загварын дагуу хийж гүйцэтгэсэн. Велин ХХК нь нэхэмжлэлдээ тайлбарлахдаа матт цаасаар хийх ёстой байсан гэж байгаа боловч баталгаажсан захиалгын эх загварт барааны материал дурьдагдаагүй. Түүнчлэн Велин ХХК нь мэндчилгээний цаасыг анх хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа мэндчилгээн дээр үзгэн балаар бичих боломжгүй арилж халтартсан,

мэндчилгээний дугтуй муу материалаар хийгдсэн гэх зэрэг шалтгаан л хэлсэн. Мэндчилгээн дээр үзгэн эсхүл тосон балаар бичих боломжтой. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна. Велин ХХК-иас барааг шууд устгалд оруулах шаардлага тавьсан. Манай компанийн хувьд барааг захиалгын эх загварт нийцүүлж хугацаанд нь нийлүүлэх, БНХАУ-д үйлдвэрлэж, импортоор оруулж ирэхийн тулд тодорхой хэмжээний зардал гаргасан байтал ялимгүй шалтгаанаар барааг хүлээж аваагүйгээс болоод бидэнд хохирол учраад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиалгын эх загварыг баталгаажуулснаас хойш БНХАУ-д үйлдвэрлээд импортоор оруулж ирэхээр болсон. Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлсөн боловч 2023.11.29-нд цүнхний загварыг, 2023.11.24-нд мэндчилгээний загварыг баталгаажуулсан. Манай захиралд таалагдахгүй байна, бараагаа авахгүй 2023.12.21-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, цүнхний лого цагаан биш саарал, далий бичигдсэн байна, мэндчилгээний цаас матт биш гялгар байна, мэндчилгээний дугтуй нимгэн байна гэж хэлсэн. 500 ширхэг цүнхний хэдэн лого нь далий юм гэдэг нь тодорхойгүй, цагаан өнгө нь ясан, сүүн гээд янз бүр байгаа цагаан өнгөний кодыг өгөөгүй. Мэндчилгээний сэтийн хувьд хэрэгт 2 ширхэг мэндчилгээний цаасыг дугтуйтай гаргаж өгсөн, эхний цаас жаахан гялгар цаас байгаа, захиалсан шиг матт гарна гэж байхгүй гэж хэлээд аль болох матт болгож өгөх талаар тохироод явсан. Бид цаасыг дахин хийж өгсөн, анх захиалахдаа ийм олон өнгөн дээр бүрэлт хийгээд танай хэлж байгаа шиг матт гарахгүй гэж хэлэхэд ажилтан нь зөвшөөрөөд явсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой шаардах эрх байна, гэрээ цуцлах урьдчилсан нөхцөл бүрдээгүй. Алданги нэхэмжлэхгүй үндэслэлгүй гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани Велин ХХК-тай 2023 оны 11 сарын 16-ны өдөр болон 2023 оны 11 сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-үүд байгуулж, V******* цүнх 500 ширхэг, дэгээ 500 ширхэг, хайрцаг сет 500 ширхэг, том хайрцаг 500 ширхэгийг тус тус хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн.

Гэрээний 2.2-д зааснаар бараа нийлүүлэх хугацааг захиалагч загвар баталгаажуулж, урьдчилгаа төлбөр хийсэн өдрөөс хойш хуанлийн 20-25 хоног байна гэж заасан.

Велин ХХК нь 2023 оны 11 сарын 23-ны өдөр Том хайрцагны урьдчилгаанд 2,625,000 төгрөг, 2023 оны 11 сарын 16-ны өдөр V******* цүнх, дэгээ, Хайрцаг сетний урьдчилгаанд 12,950,000 төгрөгийг төлсөн.

Хайрцаг сетны эх загварыг 2023 оны 11 сарын 24-ний өдөр, V******* цүнхний эх загварыг 2023 оны 11 сарын 29-ний өдөр баталгаажуулсан бөгөөд том хайрцагийг 2023 оны 12 сарын 20-ны өдөр, харин Хайрцаг сет, V******* цүнх, дэгээг 2023 оны 12 сарын 18-ны өдөр буюу эх загварыг баталгаажуулснаас хойш 24, 25 хоногт буюу гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн.

Гэтэл Велин ХХК-иас Том хайрцаг болон Дэгээ төмрийг хүлээж аваад V******* цүнхийг саарал логотой байна гэж, харин хайрцаг сетийг мэндчилгээний цаас буруу цаасан дээр хэвлэгдсэн байна, балаар бичихээр халтартаад юм бичиж болохгүй байна, мөн дугтуйны материал муу цаасаар хийгдсэн байна гэж буцаасан. Улмаар 2023 оны 12 сарын 21-ний өдөр гэрээг цуцална гэсэн мэдэгдэл өгсөн.

Велин ХХК-иас V******* цүнхийг анх захиалахдаа лого нь цав цагаан өнгөтэй байх талаар манай компанитай тохиролцоогүй. Бид гэрээнд заасан хэмжээ, загварын дагуу V******* цүнхийг хийж хүлээлгэж өгсөн. Гэтэл Велин ХХК-иас лого нь цав цагаан биш гээд хүлээж авахгүй байсан учраас бид хэрэглэгчийнхээ хүсэл, зоригт нь нийцүүлж, тэгвэл цүнхний нэгж үнийг бууруулаад нийлүүлье гэсэн санал гаргахад хүлээж аваагүй. Түүнээс V******* цүнхний захиалгын эх загварыг баталгаажуулахдаа лого нь цав цагаан байна гэсэн зүйл тохиролцоогүй байтал цүнхийг бэлэн болгож, нийлүүлэх гэтэл үндэслэлгүйгээр татгалзаж,шууд л цүнхийг хүлээж авахгүй, төлбөрөө буцааж авна гэсэн шаардлага тавьж, манай компанитай уулзах ч үгүй байсан.

Харин хайрцагны сет /дугтуй, мэндчилгээ, хайрцаг/-ний тухайд мөн л цаасны материал ямар байх талаар огт тохиролцоогүй, гэрээнд тийм зүйл тусгагдаагүй, бид гэрээнд заасны дагуу захиалагчийн өгсөн өнгө загварын дагуу хийж гүйцэтгэсэн учраас гэрээ цуцлах боломжгүй гэсэн боловч Велин ХХК-иас хүлээж аваагүй, шууд л гэрээгээ цуцална, урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авна, та бүхэнтэй ярьж, уулзаад байх шаардлага байхгүй гэсэн юм ярьсан.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт захиалагчийн доголдолтой холбоотой шаардах эрхийн талаар зохицуулсан. Гэтэл захиалагч доголдлыг арилгуулах, үнэ бууруулах зэрэг шаардах эрхээ огт хэрэгжүүлээгүй бөгөөд барааг доголдолтой гэсэн шалтгаанаар шууд гэрээ цуцална гээд бараагаа хүлээн авахаас татгалзсан.

Гэрээ цуцлах тохиолдолд манай компани гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байх ёстой. Бидний хувьд гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй, Хайрцаг сет болон V******* цүнх гэрээнд заасны дагуу хийгдсэн бөгөөд ямар нэгэн доголдолгүй бөгөөд бид захиалагчийн өгсөн өнгө загвараар л хийж гүйцэтгэсэн. Велин" ХХК-иас Хайрцаг сетний цаас ямар байх талаар, V******* цүнхний лого яг ямар цагаан байх талаар захиалгын эх загвар баталгаажуулахдаа бидэнд мэдэгдээгүй, тохиролцоогүй байж барааг хийж гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгөх үед гэрээг цуцална гээд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байж болохгүй.

Манай компанийн хувьд Велин" ХХК-ийн логотой цүнх, мэндчилгээний цаасыг худалдан борлуулах ямар ч боломжгүй. Түүнээс гадна Велин" ХХК-ийн логотой цүнх, мэндчилгээний цаасыг БНХАУ-д үйлдвэрлэж, гаалиар оруулж ирэхэд тодорхой хэмжээний зардал гаргасан. Гэтэл Велин ХХК-иас үндэслэлгүй шаардлага тавьж бараагаа хүлээж авахгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаагаас болж бид хохирч байна.

Велин" ХХК-иас гэрээ цуцалсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2.3 дахь хэсэгт зааснаар Велин" ХХК-ийг барааг хүлээж авсан гэж үзэж байна.

Иймд Велин" ХХК-иас 2023 оны 11 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үлдэгдэл төлбөрт, 1,125,000 төгрөг, 2023 оны 11 сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үлдэгдэл төлбөрт 5,550,000 төгрөг, нийт гэрээний үүрэгт 6,675,000 төгрөг, алданги 3,337,500 төгрөг / алдангийн хэмжээ 50 хувиас хэтэрсэн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно/ нийт 10,012,500 /арван сая арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э******* сөрөг нэхэмжлэлд тайлбартаа:

Хариуцагч талаас 1-т мэндчилгээний цаасыг ийм цаасаар хийж чадахгүй гэж жишээ үзүүлсэн гэж хэлж байна. Тухайн үед манай захирал гадаадад явж байсан, М******* ХХК-ийн зүгээс манайд загварын дээж гэж цүнх, дэгээ, бэлгийн хайрцаг, мэндчилгээний сет зэргийн аль дээр нь ч жишээ загвар хийж үзүүлээгүй. Гэрээ хийгдээд 2023 оны 11 сарын 17-ны өдөр манай дизайнер эцсийн байдлаар бүх загваруудаа батлаад М******* ХХК-д хүлээлгэж өгөөд өөрөө гадагшаа томилолтоор явсан. Тэр үед М******* ХХК-д менежерээр ажиллаж байсан н.А нь В******* ХХК-ийн менежер н.З утсаар холбогдож манайх танай гаргасан загварын зарим детальд өөрчлөлт орохоор болчихлоо, үүнийг чадахгүй байна гэж 2-3 жижиг детальд утсаар ярьж өөрчлөлтийг хамгийн сүүлд 2023 оны 11 сарын 24-ний өдөр М******* ХХК-ийн зүгээс гаргасан саналын дагуу өөрчлөлт орсон. Гэхдээ захиалсан бүтээгдэхүүнүүдийн эх загвар дээр өөрчлөлт ороогүй, зөвхөн өнгөний асуудалд өөрчлөлт орсон. 2-т тухайн 2023 онд манай зүгээс эвлэрэхгүй, бүх барааг устгалд оруулъя гэж эхний байдлаар хэлээгүй, урьдчилгаанд өгсөн 10 гаруй сая төгрөгийн 5 сая төгрөгт бид нар алдаатай хэвлэгдэж ирсэн цүнхээ хүлээн авъя, үлдэгдэл 5,825,000 төгрөгийг данс руу буцаан шилжүүлчих гэх саналыг манай зүгээс гаргаж байсан. Үүнийг М******* ХХК хүлээн аваагүй, н.Т гэх хуульч хөлсөлсөн, манай компанид хуульч байдаггүй, тухайн хариуцаж байсан менежер н.Заяа гэх хүнтэй ярьж бид нар эвлэрэхгүй, та нар шүүхээр яв гэж М******* ХХК-ийн зүгээс өөрсдөө эхэлж гаргасан. Хуанлийн 20-25 хоног гэж хугацаандаа хариуцагч тал хүлээлгэж өгсөн гэж байгаа, 24-ний өдөр биш 2023 оны 11 сарын 17-ны өдөр бид эх загвараа эцсийн байдлаар баталж явуулсан. 2023 оны 12 сарын 19-ний өдөр зурагчид дуудаад бид бэлгийн сетний зураг авах гэж бүх зүйлээ бэлдчихээд байхад дээжээс нь ч ирээгүй, тухайн үед манай менежер байсан н.Заяа очоод авч ирснийг нь задлаад үзэхэд чанарын шаардлага хангаагүй, алдаатай бүтээгдэхүүн ирсэн байсан. 2 ажил гүйцэтгэх гэрээний гадна бэлгийн хайрцгийг бид нар хүлээн авъя, дэгээг хүлээн авъя, цүнх болон мэндчилгээний сет нь ямар ч хүлээн авах боломжгүй, бидний захиалгаас зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй бараа ирсэн байсан. Дугтуйны цаасыг манай үйл ажиллагаа явуулдаг олон улсын дижитал сэтгүүлийн цаас, конвертийг бид үзүүлж байсан, тэрийг М******* ХХК нь бид нар энэн шиг хийж чадахгүй гэж жишээ болгож чадлаараа зузаан хийсэн гэж зөрүүтэй худлаа ярьж байна. Бидэнд ямар ч жишээ, загвар хэвлэж өгөөгүй. Манайх барааг хүлээж аваагүй, бараа бүтээгдэхүүнийг актаар хүлээж авна гэж тохиролцсоны дагуу актанд гарын үсэг зурж хүлээж авсан зүйл байхгүй. Яагаад гэвэл бидний өгсөн захиалгаас зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй, алдаатай бүтээгдэхүүн ирсэн. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, В******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2023 оны 11 сарын 16-ны Ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 11 сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, В******* ХХК-ийн гэрээ цуцлах мэдэгдэл, М******* ХХК-иас ирүүлсэн хариу албан бичиг, В******* ХХК-иас ирүүлсэн хариу албан бичиг, 2,625,000 төгрөг шилжүүлсэн цахим гүйлгээний баримт, гэрээний мэдэгдэл, В******* ХХК-ийн гаргасан захиалгын загвар /78-83/ зэрэг нотлох баримтыг гаргаж, Kate spade брэндийн мэндчилгээний сэт, Vogue логотой цүнхийг биет байдлаар хэрэгт хавсаргахаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас М******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гадаад гуйвуулгын маягт, гэрээний мэдэгдэл, Хас банк ХХК дахь М******* ХХК-ийн дансны хуулга, захиалгын дагуу хийсэн гэх V******* дугтуй, мэндчилгээний цаас, М******* ХХК-иас гаргасан гэрээний өртгийн мэдээлэл баримтуудыг гаргаж өгсөн, шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан зургууд зэрэг баримтууд бүрдсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч В******* ХХК нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан 16,280,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч М******* ХХК нь нэхэмжлэгч В******* ХХК-д холбогдуулан 10,012,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний үр дүн доголдолтой байсны улмаас үлдэгдэл төлбөрийг төлөхгүй татгалзаж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохиролд алданги болон өмгөөлөгчийн зардал гаргуулахаар тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу Велин ХХК-ийн өгсөн өнгө загварын дагуу ажлыг хийж гүйцэтгэн, хугацаанд нь нийлүүлсэн, V******* логотой цүнхний логоны өнгө бага зэрэг цагаан саарал өнгөтэй ирсэн далий бичигдсэн зүйлгүй, цүнхний үнийг бууруулах санал гаргасныг захиалагч хүлээж аваагүй, мэндчилгээний сэтний тухайд мэндчилгээн дээр үзгэн балаар бичих боломжгүй, дугтуй муу материалаар хийгдсэн гэх боловч тосон балаар бичих боломжтой, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж маргажээ.

 

4. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23-11/16-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч М******* ХХК нь захиалагч Велин ХХК-д;

V******* цүнх, 330мм*300мм*450мм хэмжээтэй, 500 ширхэг, нэгж үнэ 14,000 төгрөгөөр, нийт 7,000,000 төгрөгөөр, дэгээ, 40.30мм*80.30мм, 500 ширхэг, нэгж үнэ 3000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгөөр, хайрцаг сет /дугтуй, мэндчилгээ, хайрцаг/, 157мм*120мм*22мм, 500 ширхэг, нэгж үнэ 20,000 төгрөг, нийт үнэ 10,000,000 төгрөгөөр, нийт 18,500,000 төгрөгөөр нийлүүлэхээр бүтээгдэхүүн, хэмжээ, тоо ширхэг, нэгжийн үнэ, нийт үнийг тохирчээ. /хх-10-12/

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23-11/20-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч М******* ХХК нь захиалагч Велин ХХК-д том хайрцаг, 500 ширхэг, нэгж үнэ 7500 төгрөг, нийт 3,750,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирч энэ гэрээний дагуу хэрэгжилтэд талууд маргаагүй байна. /хх-13-14/

 

5. Талууд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23-11/16-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл маргаантай байна.

Уг гэрээгээр гүйцэтгэгч, захиалагч талын эрх үүргийг тодорхойлохдоо бараа нийлүүлэх хугацаа нь захиалагч загвар баталгаажуулж, урьдчилгаа төлбөр хийсэн өдрөөс хойш хуанлийн 20-25 хоног, гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг захиалагчийн өгсөн өнгө, загварын дагуу заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ, захиалгат зүйлийн өнгө загвар, хийц зэргийг тусгасан эх загварыг нийлүүлэгчтэй зөвшилцөн гаргаж баталгаажуулна, батлагдсан эх загварын дагуу нийлүүлэгдсэн бараа материалыг хүлээн авах үүрэг хүлээж, гэрээний хугацаанд бараа нийлүүлэхийг нийлүүлэгч талаас шаардах эрхтэй, ажил гүйцэтгэгчид өгсөн захиалгын дагуу өнгө, загвар, материал нь зохих ёсоор байгаа захиалгын зүйлийг хүлээж, ажил гүйцэтгэгчийн нийлүүлсэн захиалгын зүйлийг актаар хүлээж авахад дутагдал, гологдол, доголдол илэрсэн бол түүнийг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид тэр дор нь буцаах буюу солиулах эрхтэй гэж тус тус заажээ.

Талууд загварыг баталгаажуулахдаа V******* цүнхний загвар хэмжээг тохирсон ба V******* гэх лого, Pass the information, Extend the Knowledge гэх бичвэрийн үсгийн хэмжээг заагаагүй, цүнхний өнгийг color code #53565A, логоны текстийн өнгийг logo, text-WHITE гэж цагаан гэсэн боловч кодлоогүй байна. /хх-80/

Мэндчилгээний сэтний пластик хайрцаг болон цаасан хайрцагны хэмжээг зааж, өнгийг color code-#E67377 гэж, мэндчилгээний цаасны өнгөний код хэмжээг тус тус загвараар баталж, мэндчилгээний цаасны зузаан нимгэн материал болон хэмжээг, дугтуйны цаасны материал, зузаан нимгэн хэмжээг /хэдэн граммын цаас/ загварт баталгаажуулахад талууд тохиролцоогүй байна. /хх-79/

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд байгуулсан 2023 оны 11 сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр, V******* цүнх, Дэгээ, Хайрцаг сэтний (дугтуй, мэндчилгээ, хайрцаг)-ний хэмжээ, тоо ширхэг, нэгж үнэ, нийт үнийг тохирсон байна.

Гэрээнд заасны дагуу захиалагч загвараа гаргаж хариуцагчид танилцуулсан, хариуцагч энэ талаар маргаагүй харин загварын хувьд цүнхний логоны бичвэр далий, үсгийн өнгө өөр гэж байгаа боловч эх загварт цүнхний бичгийг цагаан өнгө гэж заасан боловч кодлоогүй, үсгийн хэмжээг тохироогүй байна.

Мэндчилгээний сэтний хувьд маргаж байгаа нь дугтуйны цаас нимгэн, мэндчилгээний цаас нь гялгар мэндчилгээ бичиж болохгүй гэж байгаа боловч эх загварт дугтуй, мэндчилгээний цаасны хэмжээ, өнгийг тохирсон боловч цаасны чанар байдал, нимгэн зузаан зэргийг тохироогүй, цаасны граммыг заагаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь эх загварыг зургаар өгөөд бодитоор Vogue брэндийн цүнх, kate spade брэндийн мэндчилгээний сэттэй чанар байдлыг нь адилхан хийхээр өгсөн гэх боловч хариуцагч цүнх, мэндчилгээний сэтийг дээрх брэндүүдийнх байсан гэдэгтэй маргаж, олон өнгөтэй дугтуй цаасыг яг адил гарах боломжгүй, дөхүүлж хийнэ гэсэн гэх тайлбар гаргаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Buro брэндийн цаастай адил хийхээр тохирсон гэж дүгнэх боломжгүй юм.

Талууд нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг загвар хийцлэл чанар байдлыг дуурайлгасан байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тохирч байгаа нь хуульд нийцэхгүй, мөн захиалагч, гүйцэтгэгч тал эх загварын зургийг гаргасан боловч эрх бүхий этгээдүүд баталгаажуулаагүй, эх загварт тохироогүй асуудлаар маргаж байгаа тул чанарын доголдолтой асуудлаар мэргэжлийн шинжээч томилох үндэслэл үүсэхгүй гэж үзлээ.

Талуудын эх загвар харилцан тохиролцсонтой холбоотой баримт байгаа эсэхийг тодруулахад захиалагч, гүйцэтгэгч тал зөвхөн уулзаад утсаар яриад тохирсон гэх агуулгаар тайлбар гаргаж байгаа тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч нь хүлээж авсан барааныхаа хувьд хэчнээн нь доголдолтой байсан, хэд нь доголдолгүй байсан талаар акт баримт үйлдээгүй, гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэхдээ энэ талаар тодорхой заагаагүй тул доголдолтой холбоотой гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Гэрээнд болон эх загварт заасан тоо, хэмжээ, чанараас өөрөөр хийсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3-т зааснаар ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Хариуцагчийн хувьд мэндчилгээний цаасыг дахин өөр цаасаар хийж ирүүлсэн нь захиалагчийн хүсэлтээр доголдлыг арилгахтай холбоотой үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр ба өмнө хийсэн дараа хийсэн аль ч мэндчилгээний цаасны чанар буюу цаасны зузаан нимгэн, граммын хэмжээг гэрээгээр болон эх загварын алинаар ч тохироогүй, эх загвар бүтээгдэхүүнтэй адил хийнэ гэж тохирсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймээс талуудын маргаж байгаа ажлын үр дүнгийн талаар Ажил гүйцэтгэх гэрээ болон, эх загварт тусгагдаагүй тул доголдолтой холбоотой гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзэх ба нэхэмжлэгч гэрээ цуцлах санал гаргахдаа ажлын үр дүн үйлдвэрлэгдээд ирсний дараа гаргасан учраас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар цуцлах эрхтэй байсан гэж үзэхгүй, мөн гэрээний ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд; 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн V******* цүнх-500 ширхэг, дэгээ-500 ширхэг, Хайрцаг сэт-500 ширхэгийг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, М******* ХХК-д хадгалагдаж байгаа цүнх, хайрцаг сэтэд үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч буюу захиалагч тал гэрээгээр болон эх загварт тохироогүй бүтээгдэхүүний чанар байдлын талаар маргаж байгаа нь үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан гэрээний үлдэгдэл төлбөр 10,012,500 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тооцооллын хувьд, Ажил гүйцэтгэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөрт 5,550,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний төлбөрт 1,125,000 төгрөг, нийт 6,675,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан В******* ХХК-ийн гаргасан гэрээний мэдээлэл баримтаар тогтоогдож байна. /хх-19/

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 16, 20-ны өдрийн гэрээнүүдийн 7 дугаар зүйлийн 7.1-т Захиалагч төлбөр тооцоогоо хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээхээр заасан тул дээрх 6,675,000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тул алданги 3,337,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэж байна.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 239,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 175,150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч М******* ХХК-д холбогдох 16,280,800 төгрөг гаргуулах Велин ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч В******* ХХК-иас 10,012,500 төгрөг гаргуулж хариуцагч М******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 175,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 175,150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Нэхэмжлэгч В******* ХХК-ийн гаргаж өгсөн Vogue логотой хар цүнх-1 ширхэг, kate spade мэндчилгээний сэт 1 ширхэг, хариуцагч М******* ХХК-иас гаргаж өгсөн V******* логотой хар цүнх-1 ширхэг, V******* логотой мэндчилгээний сэт-1 ширхэгийг хэрэгт хавсаргасныг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ