| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/06909/И |
| Дугаар | 101/ШШ2024/05412 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/05412
| 2024 11 18 | 101/ШШ2024/05412 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д*******ын Н******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д*******гийн Э******* /рд:*******/-д холбогдох,
Орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Н*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*******,
Хариуцагч Д.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Н.Б******* гэх хүнээс 146 сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд түүнийгээ авахын тулд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2023-10202-ны өдрийн 01-180/ тоот Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Н.Бийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс Д.Н******* миний нэр дээр шилжүүлэн ******* дугаартай гэрчилгээ олгосон. Н.Б******* нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон надад хэлэхдээ тус байранд хүн түрээслэн амьдарч байгаа бөгөөд удахгүй гарна гэж хэлсэн тул Д.Н******* миний бие өөөрийн нэр дээр гэрчилгээ гарсны дараа тус байранд амьдарч буй Д.Э*******д байрнаас гарахыг мэдэгдсэн боловч Д.Э******* нь тус байрыг худалдан авсан гэх шалтгаанаар байрнаас гарахгүй гэсэн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байр албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу ажиллагаа явагдаж байх үед Д.Э******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024-03-25-ны өдрийн 101/ШТ2024/00152 тоот тогтооол гаргаж Д.Н******* миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2024-06-03-ны өдөр 128/ШЗ2024/4746 тоот захирамж гаргаж Д.Э*******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Н******* миний нэр дээрх ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Э*******гаас албадан чөлөөлүүлж өгнө үү.
Орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан, энэ байрыг Н.Б******* гэх хүнээс өрөндөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авч өмчлөгч болсон. Хариуцагч энэ байрны өмчлөгч биш тул чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч Д.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг миний бие Д.Э******* нь Баяжих овогг Намжилдоржийн Б******* \ЧП82122300\-аас Д.Н*******ын өмчлөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр шилжихээс нь нэг жил гаруй хугацааны өмнө буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 85,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан авсан. Хамгийн гол нь Н.Б******* нь гэрээний үүргээ үл биелүүлж, цаг хугацаа алдан улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхгүй байснаас шалтгаалан өнөөдрийн эрсдэл бүхий нөхцөл байдлыг бий болгожээ.
Миний хувьд Н.Б*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний биелэлтээ хангуулж, өөрийн худалдан авсан орон сууцандаа үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй. Тэгээд ч Иргэний хуулийн 250 дугаар зүйлд худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрх"-ийн талаар хуульчилсан байх бөгөөд миний хувьд уг үл эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан байх тул Д.Н*******ын маргаж буй дээрх хүсэл зориг бодит байдал дээр биелэгдэх боломжгүй байна. Харин Д.Н******* болон Н.Б******* нар нь өөрсдийн хууль бус үйлдлээ нуун хаацайлахын тулд ийнхүү башир арга заль хэрэглэн шүүх эрх мэдлийн байгууллагыг төөрөгдүүлж байгааг үнэн зөвөөр нь дэнсэлж шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
Тодруулбал, нэхэмжлэгч гэгдээд байгаа Д.Н******* нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Биар дамжуулан улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд авилга, хээл хахууль өгөх замаар Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр олгогдож байсан зам болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад нэг жилийн 3-8 хувийн хүүтэй, нууцын зэрэглэлтэй олгогдох их хэмжээний зээл авахаар санаархан, завдсан үйлдлээ хууль хяналтын байгууллагаас нуун дарагдуулахыг хичээн, хохирогч мэтээр аягласан нь илчлэгдсэн. Тэрээр хахууль болгон 183,540,000 төгрөгийг Н.Б*******д өгсөн байдаг. Харин энэхүү өгсөн мөнгөнийхөө эргэлтийг орон сууц болгон хувиргаад, гэмт үйлдэл хийж байгааг ойлгохгүй байна. Одоог хүртэл Д.Н*******ын энэхүү бусдад хахууль өгөхийг завдсан үйлдэл хууль хяналтын байгууллагаар шалгагдалгүй байсаар байх тул миний бие Авлигатай тэмцэх газарт тухайн асуудлаар нь өргөдөл гомдол гарган шалгуулах болно. Уг үйл баримт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023\ШЦТ\1236 дугаартай шийтгэх тогтоолд тодорхой дурдагдсан байгаа.
Иймд миний хувьд иргэн Н.Б*******тай хийсэн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б******* гэдэг хүнээс уг байрыг 85 сая төгрөгөөр авсан, гэрчилгээг болон байрыг үзээд урьдчилгаа 22 сая төгрөг өгөөд ХХАГ байгуулж нотариатчаар гэрчлүүлж татвараа төлж авсан тул байрыг чөлөөлөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3, 5-21 дэх хуудас дахь баримтууд болох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, маргаан бүхий Д.Н*******ын өмчлөлийн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Намсрайжаьын иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Хөрөнгийн эрх сэргээх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол, хөрөнгийн эрх сэргээх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, НШШГ-т Н.Бийн гаргасан хүсэлт, Гомдол шийдвэрлэх тухай тус шүүхийн тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,
Хариуцагчаас хавтаст хэргийн 36, 65-66 дах хуудас дахь баримтууд болох Д.Э*******гийн оршин суух хаягийн талаарх Засаг даргын тодорхойлолт, Н.Б*******, Д.Э******* нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Н.Бийн өмчлөлийн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудын хуулбар хх-85-180 дах хуудас дахь баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд бүрдүүлж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Н******* нь хариуцагч Д.Э*******д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 85б байр 2 тоот хаягт байршилтай, 52.4 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Н.Баас шүүхийн шийдвэрийн дагуу авах авлага тооцон уг орон сууцны өмчлөгч болсон тул хариуцагч Д.Э*******гийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Э******* нь уг орон сууцыг Н.Биас 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 85,000,000 төгрөгөөр худалдан авч, гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00007 захирамжаар, Д.Н*******ын нэхэмжлэлтэй, Н.Б*******д холбогдох 183,540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 37,540,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх шаардлага болох 146,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б******* төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-147-152/
Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр тус шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явагдсан байна. /хх-146, 158/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Д.Н*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 10 сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болсон байна. /86-88/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1236 шийтгэх тогтоолоор шүүгчдэгч Баяжих овогт Намжилдоржийн Б******* бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Уг тогтоолд шүүгчдэгч Н.Б******* нь хохирол төлөх асуудлаар завсарлага авсан хугацаанд хэрэгт болон шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд хохирогч Д.Н*******т хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж дууссан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй... гэж дүгнэжээ. /хх-128-145/
Дээрх үйл баримтыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгч Д.Н******* нь Н.Баас шүүхийн шийдвэрийн дагуу авах төлбөрт маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, эрүүгийн хэрэгт ял шийтгэл оногдуулахаас өмнө уг төлбөрийг төлж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.
Хэргийн дээрх баримт, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Д.Н******* нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 85б байр 2 тоот хаягт байршилтай, 52.4 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байна. /хх-5/
Харин хариуцагч Д.Э*******гийн хувьд хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Д.Э******* нь Н.Б******* нар дээрх орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан.
Хариуцагч уг гэрээг байгуулахдаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар харж, гэрээг байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ улсын бүртгэлд бүргэгдээгүй тул хариуцагчийн өмчлөх эрх баталгаажаагүй байна.
Хариуцагч Д.Э*******гийн хувьд уг орон сууцыг ээмшилдээ авсан боловч түүнийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл хуулиар үгүйсгэгдэж байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх боловч эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гуравдагч этгээдийн өмнө эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдохгүй талаар мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заажээ.
Иймээс хариуцагч Д.Э******* нь хэдийгээр орон сууцыг Н.Баас 85,000,000 төгрөгөөр худалдан авч өөрийн эзэмшилдээ авсан боловч гуравдагч этгээд болох уг орон сууцыг өмчлөх эрхтэй болсон нэхэмжлэгч Д.Н*******ын өмнө түүний эзэмшил хууль бус болж байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь Н.Б*******д залилуулсан гэх хэргийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэх ба өөрт учирсан хохирлоо Н.Баас зохих журмаар шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 85б байр 2 тоот хаягт байршилтай, 52.4 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Д.Э*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 85б байр 2 тоот хаягт байршилтай, 52.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Э*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ