Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 151/2018/00833/И |
Дугаар | 223/МА2019/00027 |
Огноо | 2019-09-25 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 223/МА2019/00027
Ж.Ганхуягийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 151/ШШ2019/00736 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Ганхуягийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Төв аймаг, Зуунмод сум, Хот тохижуулах газарт холбогдох,
Хот тохижуулах газрын ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4.985.952 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 1993 онд Төв аймгийн Хот тохижуулах газрын хогийн сахиулаар ажилд орсон. Одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 5 дугаар сарын 28-нд банкнаас намайг зээл дутуу төлсөн байна гээд ярьсан. Яагаад дутуу орсон юм бол гээд Б.Мөнхзаяа нягтлан дээр орсон чинь би сайн мэдэхгүй даргаас асуу гэсэн. Би дарга дээр орсон чинь намайг “чи ямар ажил хийдэг гуйлгачин биш” гэсэн. Тэгэхээр нь би “яахаараа ажил хийдэггүй юм” гэсэн намайг өрөөнөөсөө чирээд гаргасан. Цагдаа дуудаад намайг цагдаа аваад явсан. 2018 дугаар 5 дугаар сарын 28-нд намайг халлаа гэсэн. Тэгэхээр нь би нягтлан бодогч Б.Мөнхзаяагаас намайг ажлаас халсан уу гэхэд таныг халсан байхаа гэсэн. Тэгэхээр нь би шүүхээр оръё. Зүгээр байж байгаад халагдахгүй. Иймд хогийн сахиулчны ажилд эргүүлэн тогтоон өгч, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4.985.952 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Шаравсамбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Удаа дараа байгууллагын дарга дээр Ж.Ганхуяг ах ажлаа хийхгүй байна, ажилдаа ирэхгүй байна гэдэг. Хамт ажиллаж байсан ачигч нь ганцаараа ачиж байна хүн өгөөч гэдэг байсан. Ж.Ганхуяг хаачсан юм гэхээр ирээгүй гэдэг. Ингээд ирэхээр нь надад хэлчихээрэй гэхээр ирээгүй гэдэг. Ер нь яг ярьвал Адъяа хүү Ганхуягаас 1.000.000 төгрөг зээлсэн байсан байлээ. Тэгээд Ж.Ганхуягт сайн болох гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Мэдэхийн дээдээр мэдэж байсан тэгсэн мөртлөө Ж.Ганхуягаас 1.000.000 төгрөг зээлчихсэн байсан учраас худлаа мэдүүлэг өгсөн. Ажилд халсан шалтгаан нь манай дотоод журманд 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалвал ажлаас чөлөөлдөг. Ж.Ганхуяг ажил тасалдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, удаа дараа дуудаад ирдэггүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 2, 3, 9, 10, 16-ны өдрүүдэд ажил тасалсан. Үүрэг даалгавар удаа дараа зөрчсөн, биелүүлдэггүй. Өөр дээр нь сахилгын арга хэмжээ авагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ний Б/16 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Цалинг бол хасаагүй. Дахиад зөрчил нь давтагдсан. Би ажилласан гэдэг. Хамт ажиллаж байгаа хүмүүс нь хүртэл хэлдэг. Баярсайхан гэдэг хүнээр олон дуудуулсан. Адъяа олон удаа дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ганхуягийн Хот тохижуулах газрын ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4.985.952 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ганхуяг болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 985 952 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил тасалдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй дуудахад ирээгүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг үндэслэлээр мөн 2018 оны 05 сарын 02, 03, 09, 10, 16-нд ажил тасалсан, сахилгын арга хэмжээ авч байсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил тасалсан тухайд нотлох баримтаар тогтоогдоогүй, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Ж.Ганхуягтай хамт ажиллаж байсан Баярсайханыг жолооч болгож ажилд дэвшүүлэн ажиллуулж худал мэдүүлэг өгүүлсэн. Анх шүүх хурал болоход үнэнийг яриулах гэж хүсэлт тавиад шүүхэд ирээгүй. Хурал болсон өдөр тэр нарийн бичгийн даргатай уулзаад явж байсан. Шаравнямбуу хуралд оролцуулаагүй. Өмгөөлөгч би түүнтэй очиж гэрийн хашааны гадаа уулзахад би ажил тасалсан гэж хэлээгүй дарга гарын үсэг зур гэхэд нь зурсан та нар өөрсдөө учраа ол гэсэн учир хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцуулаагүй юм. Шаравнямбуу өөрийн сэтгэлд таараагүй хүнийг шахан ажлаас үндэслэлгүй халж, хохироож байна. Ж.Ганхуягийн даргатайгаа муудалцаж гол шалтгаан бол та намын харъяаллаар өндөр настны тэтгэвэрт гарсан дарга намайг ажлаас шилжүүлж, өндөр настан Чулуунцэцэгийг миний ажилд авсан гэж үнэнийг хэлж маргалдсанаас болсон. Анх сахиурын ажлаас шилжүүлэхдээ хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн. Тэгээд ажлаас үндэслэлгүй халсан. Иймд ажилд эргүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 4 985 952 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Ганхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын мэтгэлзэх эрхийг хязгаарласан зөрчил үгүй байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлага агуулгаа “Төв аймгийн Хот тохижуулах газрын хог ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4 985 952 төгрөг гаргуулах“ гэж тодорхойлж, шаардлага тавьсныг хариуцагч болох Төв аймгийн Хот тохижуулах газар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Ганхуягийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын дарга 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын зохих заалтуудыг үндэслэн “...ажлын цаг баримтлахгүй, ажил тасалж, ажлыг чанаргүй хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хэрүүл маргаан үүсгэх зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргаж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэж үзэж, үүрэгт ажлаас нь халсан байна.
Үүнээс үзвэл захиргааны зүгээс ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзжээ.
Ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар төвлөрсөн хогийн цэгийн сахиулын /диспетчер/ ажил эрхэлж байсан Ж.Ганхуягийг ачигчаар шилжүүлэн ажилуулахдаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар байгуулага дотор дагаж мөрдүүлж байгаа хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ажил олгогчийн шийдвэрийн дагуу Ж.Ганхуяг ачигчаар ажиллаж байх хугацаандаа “ажлын хариуцлага алдсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, захирагдах ёсыг удаа дараалан зөрчсөн, хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн“ гэсэн үндэслэлээр түүнд Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын дарга 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Энэхүү сахилгын сануулах шийтгэл хүлээлгэсэн тушаал хүчин төгөлдөр байгаагаас гадна ажилтны хувьд эсэргүүцэж гомдол, санал гаргаагүй байх бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хот тохижуулах газрын бүх ажилчдын хурлын тэмдэглэлд “сахилгын сануулах шийтгэл оногдуулах” болсон үндэслэлийн талаар, хөдөлмөрийн дотоод журам, сахилгын зөрчлийг ямар байдлаар гаргасан, үүрэг даалгавар хэрхэн биелүүлэхгүй байгаа талаар тэмдэглэгдсэн байх тул хариуцагчийн дээрх тушаалаар ажилтанд сахилгын сануулах шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
2 дахь зөрчлийн хувьд тушаалд “...ажлыг чанаргүй хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хэрүүл маргаан үүсгэх“ зэргээр зөрчлүүдийг ерөнхийлөн заасан байгаагаас гадна ажилтан ямар ажлыг хэрхэн яаж чанаргүй хийж гүйцэтгэсэн болох, удирдлагаас ажилтанд хэдийд ямар үүрэг даалгавар өгснийг биелүүлэхгүйгээр хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг нь өөрөө тодорхойгүй байна. Гэхдээ энэ нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Учир нь ажилтныг ажлаас халах болсон нэг гол үндэслэлийн талаар тушаалд “ажлын цаг баримтлахгүй ажил тасалж” гэсэн байх ба ажилтан Ж.Ганхуяг нь 2018 оны 05 дугаар сарын 02, 03, 09, 14, 16, 19-ний өдрүүдэд ажил тасалсан болох нь гэрч Б.Мөнхзаяа, гэрч А.Баярсайхан, гэрч Б.Батхишиг нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажилтанд ажлын 23 хоног тооцохоос 17 хоног тооцож цалин хөлс 272 662 төгрөг олгосон талаарх Төв аймгийн Хот тохижуулах газрын бүх ажилтнуудын 2018 оны 05 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын дотоод журмын 6.3.2-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийн бүртгэлээс тооцоход 3-аас дээш хоногоор ажил тасалсан” бол арга хэмжээ авах болон ажлаас халах үндэслэл болно гэж заасан байх тул хариуцагчийг байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1, 6.3.2-д заасан заалтыг үндэслэж тушаалаа гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн хүрээнд үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүх үгүйсгэх боломжгүй байна.
Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2019/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ганхуяг, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Т.ЭНХМАА