Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 36

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Э.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Г-т холбогдох 1712002940023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Э. Г  

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Г нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, тоотод өөрийн эхнэр Г.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1712002940023 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Г.Дгийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар 14-ний өдөр манай нөхрийн ажлын шинэ жил Арвис бааранд болсон юм. Тэгээд 00 цагийн үед манай нөхөр өөрийнхөө найзын хамтаар баарнаас гараад архи авч ирнэ гээд явсан. Тэгээд манай нөхөр Г ирэх үедээ ганцаараа ирсэн бөгөөд хамт явсан найз нь цагдаа дээр эрүүлжүүлэгдсэн гэж байсан. Тухайн үед манай нөхөр найзтайгаа хамт өөр баарнаас архи авах үедээ баарны хүнтэй маргалдаад хамт явсан найзыг нь цагдаа нар аваад явсан байсан. Тэгээд бид 2 гэртээ 00-01 цагийн орчимд баарнаас гарах үедээ манай нөхөр цагдаа нартай баарны гадаа маргалдаад байхаар нь нөхрөө загнаад машинд суулгаад гэртээ ирсэн. Тэгээд би гэртээ ирээд өөрийнхөө нөхөр Гт хандаж чи архи дарс уугаад хүн амьтантай хэрүүл маргаан хийж хамт явсан найзыгаа эрүүлжүүлэхэд хүртэл оруулаад хаяад ирсэн байна гээд жаахан уурлаад хэдэн юм хэлсэн чинь манай нөхөр би найзыгаа хаяж яваагүй гэх мэтээр өөрийгөө өмөөрч надтай хэрүүл маргаан хийсэн, тэгээд маргалдаж байгаад манай нөхөр гэнэт уурлаад миний хамар нүд орчимд нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний хамраас цус их гарсан, тухай үедээ нүд шууд хавдаж юм харахаа больсон. Тэр үед би цагдаад дуудлага өгсөн чинь манай нөхөр гэрээс гараад зугтаагаад явчихсан. Тэгээд би маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь нүдний эмч нь байхгүй, яаралтай үзүүлэх шаардлагатай гэхээр нь би цагдаагаар очилгүй шууд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод хувийн эмнэлгээр үзүүлж эмчилгээ хийлгэж 1-р эмнэлэг дээр хагалгаанд ороод хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад Архангай аймагт ирсэн. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзээд цагдаад дахиж хандаагүй Улаанбаатар хотод очсон байх үед над руу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Б утсаар залгаж дуудаж байсан. Би тэр үед эмчилгээ хийлгэж байсан тул хэзээ хэрхэн эмчилгээ дуусах талаар мэдэхгүй байсан учир эргэж холбогдож цагдаа дээр очоогүй байж байгаад Архангай аймагт ирэх үед цагдаа нар манай гэрээр ирж надтай уулзаж намайг цагдаа дээр авч ирсэн. Миний хувьд одоо өөрийн нөхөр Гт гомдол саналгүй, бид 2 хүүхдийн хамт амьдардаг. Тухайн үед Г намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны үл ойлголцох жаахан асуудлаас болж маргалдан улмаар манай нөхөр намайг нэг удаа гараараа миний зүүн нүд, хамар орчимд цохиж, надад гэмтэл учруулсан. Миний хамрын гадна болон дотор талын таславч хугарсан, зүүн нүдний дотор талын ухархайн яс хугарсан гэмтлүүд учирсан. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Э.Г гараараа нэг удаа цохиж учруулсан. Тухайн үед манай нөхөр Э.Г архи уусан байсан бөгөөд бага зэрэг халамцуу байсан. Тухайн үед манай гэрт манай нөхөр Э.Гийн найз Б эхнэрийнхээ хамтаар байсан. Манай нөхөр Э.Г нь анх удаа л надад гар хүрч намайг цохиж, зодож байгаа юм. Урьд өмнө намайг ямар нэгэн байдлаар цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэлд оруулж байгаагүй. Манай нөхөр Э.Г нь түргэн ууртай, архи дарс их хэрэглэдэггүй, эрүүл үедээ томоотой тайван байдаг хүн байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/

 

Гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын дундуур намайг Ихтамир суманд байх үед манай охин Г.Д над руу утсаар залгаж та манайд хүрээд ирээч, миний нүд эвгүй байна, эмнэлгээр үзүүлье гэж хэлэхээр нь би Ихтамир сумаас Архангай аймагт өөрийн охин Г.Д дээр ирэх үед манай охины зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар нь хавдсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад манай нөхөр зодчихсон гэж хэлж байсан. Тэр үед Г өөрөө хамт байсан. Г тухайн үедээ би өөрөө сайн мэдэхгүй байна, би буруу зүйл хийсэн байна, намайг уучлаарай гэж хэлж байсан. Би тэр үед нь хүүхдүүддээ хандаж, та нар юмыг аль болох зөв талаас нь харж, зөв үйлдэл хийж бай гэж хэлсэн. Тэгээд Г.Дг эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу очиж үзүүлэх хэрэгтэй гээд Улаанбаатар хот руу манай охин явсан. Э.Г ямар шалтгааны улмаас манай охиныг зодох болсон талаар би сайн мэдэхгүй байна, манай 2 хоорондоо эвтэй л байдаг юм. ...Манай охин надад хэлэхдээ Э.Г намайг гараараа нэг удаа цохисон гэж хэлж байсан. ...Дгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг манай хүргэн Э.Г гараараа нэг удаа хамар, нүд орчимд цохиж учруулсан. Э.Г нь архи, дарс нэг их уудаггүй, төлөв даруу зантай, ажилсаг, нөхөрсөг, хүнтэй эвтэй сайн залуу байгаа юм. Сүүлд нь гэж хэлэхэд гэр бүлд хааяа нэг иймэрхүү асуудал байж л байдаг шүү дээ, миний хүргэн дахин ийм асуудал гаргахгүй гэдэгт итгэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Гэрч Г.Аын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын дундуур би өдрийг нь санахгүй байна, манай дүү Г.Д над руу утсаар залгаж миний нүд юм харахгүй байна, та хүрээд ирээч гэж хэлэхээр нь би гэрт нь яваад очтол Г.Дгийн зүүн нүд болон хамар нь хавдсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад Э.Г согтуу байх үедээ гараараа цохиж зодсон гэж хэлж байсан. Тухайн үед нөхөр нь гэртээ байгаагүй. Би дараа нь Э.Гтой уулзаж асуухад намайг уучлаарай, би архи уугаад тасарчихсан байх үедээ цохичихжээ гэж хэлж байсан. ...Г.Дгийн биед учирсан гэмтлийг Г учруулсан. Г нэг их архи уугаад байдаггүй, уг нь их даруухан залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.Г өөрийн эхнэр Г.Дгийн хамтаар шинэ жилд орно гээд орой эхнэр бид хоёрыг ирж аваарай гэж хэлж байсан юм. Үүний дагуу 23 цагийн орчимд би өөрийн эхнэр Лгийн хамтаар Арвис бааранд ирж авахад Г, Д 2 хоорондоо маргалдаад байсан. Д өөрийн нөхөр Э.Гийг чи хамт ууж идсэн найзыгаа цагдаад өгчихөөд өөрөө хүрээд ирсэн байна гэх мэтээр маргаад байсан чинь Г уурлаад Г.Дг гараараа нэг удаа хамар зүүн нүдний орчимд цохисон. Тэгээд Э.Г гэрээсээ гараад явчихсан буцаж орж ирээгүй. Тухайн үед Дгийн хамар бага зэрэг мурийсан бөгөөд нүд нь хавдаж хөхөрсөн. Тэр хоёр хоорондоо гэр бүлийн жаахан асуудлаас болж маргалдаад байсан. Тэгээд л Г уурлаад гэнэт л Дг цохичихсон. ...Г.Дгийн биед учирсан гэмтлийг Э.Г гараараа цохиж учруулсан. Э.Г төлөв даруу зантай, хүнд тусархуу, нөхөрсөг, архи дарс нэг их уугаад байдаггүй гайгүй залуу байгаа юм. Амьдрал ахуй дажгүй боломжийн, эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Э.Г том тэрэг барьж тээвэрт явдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Гэрч Ө.Лгийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 15-ны орой манай нөхрийг Э.Г дуудаад шинэ жилд орж байгаа, архи уусан байна, ирээд машин бариад өгөөч гэхээр нь би тухайн үед хамт очсон юм. Тэгээд Арвис баарны гадаа очоод Д, Г хоёрыг аваад гэрт нь авчирсан бөгөөд гэртээ орж ирээд Д, Г 2 хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд байж байсан чинь гэнэт Г уурлаад Дг гараараа нүүр, нүд, хамар орчимд нэг удаа цохисон. Тэгээд Г гэрээс гараад явчихсан. Тэр  үед Дгийн нүд, хамар хавдаж улайсан, хамар нь бага зэрэг мурийсан байсан. Тухайн үед Г Дг ямар шалтгааны улмаас зодох болсон талаар мэдэхгүй юм. ...Дгийн биед учирсан гэмтлийг Э.Г гараараа цохиж учруулсан. Э.Г нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, амьдрал ахуй боломжийн ба том тэрэг барьж ачаа ачдаг юм. Зан байдлын хувьд гайгүй залуу шиг санагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Яллагдагч Э.Гийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө уг асуудал болсон юм. Би өөрийн найзын хамтаар Улаанбаатар хотоос барилгын материал татаж авчирч зарж борлуулдаг бөгөөд доороо хэдэн ажилтантай байдаг юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой Арвис нэртэй бааранд манайхан шинэ жилээ тэмдэглэсэн. Тэгээд Арвис бааранд байж байгаад би архи олж ирэхээр өөрийн нэг найзынхаа хамтаар гарч яваад Бамбар нэртэй буудалд очоод манай найз архи авах гээд буудлын хүнтэй маргалдсан юм. Тэгсэн чинь тэр буудлын хүмүүс цагдаа дуудсан байсан бөгөөд цагдаа ирээд манай найзыг бариад авчихсан юм. Тэгээд би эргэж Арвис бааранд очоод болсон асуудлын талаар ярьсан чинь манай ажлынхан нэг их удалгүй тарцгаасан. Би тухайн үед нилээн их согтсон байсан тул Б гэх найзыгаа дуудаж машинаа жолоодуулаад гэр рүүгээ  явсан, гэр рүү явах замд манай эхнэр Д чи хамт явсан найзыгаа цагдаад өгөөд явуулчихсан гээд надад уурлаад намайг загнаад байхаар нь би өөрийгөө өмөөрч маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад миний уур хүрээд өөрийн эхнэр Г.Дг нэг удаа гараараа нүүр, нүд орчимд нь цохичихоод гэрээс гараад явсан. Би нилээд их согтуу байсан байна лээ. Тухайн үед бид үл ойлголцох байдлаас маргалдаж байгаад л уурлаад эхнэр Г.Дг гараараа нэг удаа цохичихсон юм. Би урьд өмнө нь өөрийн эхнэр Г.Дг ямар нэгэн байдлаар цохиж, зодож байгаагүй, бид 2 гэр бүл болоод 4 жил болж байгаа, 2 хүүхэдтэй. Би тухайн үед нилээн их согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Дгийн биед гэмтэл учирчээ. 2. Г.Дгийн биед хамрын ясны зүүн талд зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирсан байна. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд байх бөгөөд хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31-32 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,, тоотод өөрийн эхнэр Г.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,,тоотод өөрийн эхнэр Г.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Г.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ”тэгээд маргалдаж байгаад манай нөхөр гэнэт уурлаад миний хамар нүд орчимд нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06/, гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Ихтамир сумаас Архангай аймагт өөрийн охин Г.Д дээр ирэх үед манай охины зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар нь хавдсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад манай нөхөр зодчихсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/, гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай дүү Г.Д над руу утсаар залгаж миний нүд юм харахгүй байна, та хүрээд ирээч гэж хэлэхээр нь би гэрт нь яваад очтол Г.Д-гийн зүүн нүд болон хамар нь хавдсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад Э.Г согтуу байх үедээ гараараа цохиж зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, гэрч Э.Б-ийн мөрдөн  байцаалтын шатанд мэдүүлсэн “Д өөрийн нөхөр Э.Гийг чи хамт ууж идсэн найзыгаа цагдаад өгчихөөд өөрөө хүрээд ирсэн байна гэх мэтээр маргаад байсан чинь Г уурлаад Г.Д-г гараараа нэг удаа хамар зүүн нүдний орчимд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Ө.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэнэт Г уурлаад Д-г гараараа нүүр, нүд, хамар орчимд нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би тухайн үед нилээн их согтсон байсан тул Б гэх найзыгаа дуудаж машинаа жолоодуулаад гэр рүүгээ  явсан бөгөөд гэр рүү явах замд манай эхнэр Д чи хамт явсан найзыгаа цагдаад өгөөд явуулчихсан гээд надад уурлаад намайг загнаад байхаар нь би өөрийгөө өмөөрч маргалдаж байгаад миний уур хүрээд өөрийн эхнэр Г.Дг нэг удаа гараараа нүүр, нүд орчимд нь цохичихоод гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, хохирогч Г.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Б овогт Э-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ