| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 184/2023/04562/И |
| Дугаар | 101/ШШ2024/05411 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/05411
| 2024 11 18 | 101/ШШ2024/05411 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г*******ийн Г******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С*******гийн Б******* /рд:*******/-д холбогдох,
24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г*******,
Хариуцагч С.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Г******* нь хувиараа гадаад худалдаа, авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг тухайн ажлыг 2010 оноос хойш явуулж байгаа бөгөөд хариуцагч С.Б*******тай 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож 50 маркийн ковшийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны хүртэл нэг сарын 8,000,000 төгрөгөөр буюу 3 сарын хугацаатай 24,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон.
Гэтэл хариуцагч нь 2019 оны 08-р сард Г.Г*******ийн ковшийг авч яваад сарын хугацаанд огт түрээсийн мөнгө хийгээгүй гэрээ хийнэ гэж явсаар байгаад хийж чадаагүй, утсаар нь ярихаар одоо удахгүй өгнө гээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй текникийг аваад алга болсон.
Г.Г******* хариуцагч болон техникийг эрэн хайж, ******* аймгийн Б******* суманд Жоншны уурхайд ажиллаж байсан Б*******тай уулзахад Жоншоо олборлоод одоо Чойр руу ачаад явсан одоо удахгүй өгнө гэхээр нь Г.Г******* ковшоо аваад явсан.
Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст С.Б*******д холбогдуулан гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д Хөлслөгч нь дараах үүрэг хүлээнэ: гээд 289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх'' гэж зохицуулсан байна. Иймд С.Б*******ас 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Б******* надтай утсаар ярьж ковшийг түрээслэж, 3 сарын хугацаатай, сард 8 сая төгрөгөөр тохирч түрээсэлсэн, урьдчилгаа Баттулгын данснаас шилжүүлсэн, ковш миний эзэмшлийн гэх баримт, Баттулгын өгнө гэсэн баримтыг бүрдүүлж өгсөн, урьдчилгаанд өгсөн 3,5 саяыг хасч 20,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ асуудал нь анх 5 жилийн өмнө 2018 онд болсон, миний танил ах болох геологич н.Д гэх ахтай 2018 оны өвөл таарч сонин сайхан юу хийж байгаагаа ярилцаж геологич ах олон жил насаараа хүнд ажил хийж орд нээж өгсөн одоо насны бөгсөнд нэг бичил уурхай хийх талаар яриад өнгөрсөн түүнээс хойш зун 6 сард гэнэт залгаж ах нь нөгөө ажил бараг болсон ******* аймагт Говь угтаал суманд уртаашаа 200-300 метр хөөрхөн юмтай газар хоёулаа хамт яваад дээж аваад ирье ах нь бензин тос хийгээд өгье гэж хэлээд анх явсан. Явж ирээд 2 долоо хоног хавьцаа хугацааны дараа дахин залгаж бичиг цаасны ажил бараг болсон 2 гэр бараа түлшний сав ойр зуур юмаа бэлдсэн одоо техник татах тухай ярьж надаас тусламж хэрэгтэй шүү ах нь *******д ажилтай яваад байна. 3-н техник ярьж тохирсон би амжихгүй байж магад зүгээр эзэдтэй нь уулзаад яриад замчилаад ирэхэд болно гэж экскаватор хово ковш мөн ачилтын машин бүгд ярьсан зүгээр эзэдтэй нь уулзаад техникүүд бүрэн ажилд саадгүй гэх зэрэг юм асуухад болно, замын зардал өгнө гэж хэлсэн. Миний хувьд хотод таксинд явдаг тул зөвшөөрч удалгүй ковшны эзэн болох Г.Г******* залгаж өөрөө Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр явдаг 1 урсгалтай зам дээр ирж уулзсан. Надтай анх удаа өөрөө ирж танилцсан ковшоо өгч явуулах тухай ярьж анх харсан тухайн ковш бүрэн бүтэн асуудалгүй ажилд бэлэн эсэх ойр зуур юм асуугаад н.Д гуайн хэлснээр яриа дууссан гэтэл Г.Г******* надаас гэрээ хийх талаар асууж би үүнд хамаа байхгүй зөвхөн ачуулж өгөх үүрэгтэй ийм учиртайг тайлбарлаж очоод түрээслэгч уурхайн эзэнтэй нь гэрээгээ хийгээрэй гэхэд Г.Г******* би одоо авахгүй ээ за тэгвэл ковч өгч явуулж байгаа болохоор хүлээж авсан маягийн юм зуруулж авсан дараа нь нэг очихдоо гэрээ хийнээ гээд ингээд гадаа гудманд 15 минут уулзаж алхсан, үүнээс 2-3 хоног хэн ч надтай яриагүй би ямар ч техник үзээгүй бусад техникч эзэд нь яриагүй байж байтал үл мэдэх дугаар залгаж аль Налайх өнгөрөөд явж байгаагаа ярьсан би ч одоохон гэж шууд гэрээр ч оролгүй гүйцэж очиход ачилтын том машин дээр эксковатор, ковш 2 аль хэдийн ачаад гарсан байсан. Миний бие нь дээрх 3 техник хаанаас хэн яаж ачуулсан эзэн нь хэн болох огт танихгүй бөгөөд бүгд тохироотой мэдээд өөрсдөө гарсан байсан. Би өмнө нь очиж байсан учир шороон зам дээр замчилж аваачсан болно. Тухайн үед эксвататор, ковш хоёрын жолооч том машинд сууж миний хажууд экскаваторын эзэн сууж ******* аймгийн Голь-Угтаал орсон. Миний ажил ердөө ингэж дууссан. За ингээд миний мэдэхээр сар гаруй хугацаа өнгөрч н.Д ахын ажил болохгүй дүгнэлт гэх бичиг хүлээж гарахгүй худлаа болж дээрхи 3 техник 2 сар шахуй зүгээр 1 цаг ч ажиллахгүй бүгд буцсан, эхлээд Хово 7 сард түрээсэлж яваад араас нь ковш 2 сар хүрээгүй буцсан, дараа нь эксковатор яваад бүгд буцаж н.Д ах шатаад дууссан. Үүнээс хойш 5 жил өнгөрч байхад Г.Г******* гэх залуу гэнэт 2022 онд утсаар залгаж ковшны эзэн байнаа, санаж байна уу, 5, 10 сая төгрөгийг хамаагүй өг гэж мөнгө нэхэн гарч ирсэн байдаг, тухайн үед дахин хэлж чи яасан сонин юм бэ хөгшөөн би чамайг уурхайн эзэн түрээслэгчтэй ковш аваад явах гэхэд чинь өөрөө тосож очоод мөн адил эзэнтэй нь уулзуулаа биз дээ гэхэд чамайг олно, ална гэж заналхийлсэн ингээд мөн хэсэг хугацаа өнгөрч 2023 оны хавар Чингэлтэй дүүргийн цагдаад намайг өгсөн байсан, би хариу тайлбар үнэн учираа хэлж хэрэгсэхгүй болсон. Гэтэл дахин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ямар учраас Г.Г******* гэх залуу яагаад надаас мөнгө удаа дараа нэхэж дарамтлаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Миний бие цахилгаан холбооны инженер мэргэжилтэй хүн, уул уурхай битгий хэлж жонш гэж юу байдаг талаар мэдэхгүй, уул уурхай хөдөлгөх тийм мөнгө ч байхгүй, одоо таксинд явж найз нөхөд дээр цахилгааны ажил хийж явна. Миний бие 5 хүүхдийн аав надад хулгай, дээрэм, луйвар, залилан гэмт хэрэг хийж байсан зүйл байхгүй. Дээрх гурван техникээс ганц ковшны эзэн гэх Г.Г******* нь яагаад ямар гэрээ нотолгоо хаанаас хэн анх ярьж холбож өгсөн болоод хэнд түрээсээр явсанг 100 хувь өөрөө мэдэж байгаа. Г.Г******* нь Хово шиг сар хүрэхгүй буцаад аваад явах 100 хувь боломжтой байсан. Хаана ямар аймаг, сум гэж жолооч нь тухайн газар хамт байсан техникээ хараад авч зугтаасан зүйл байхгүй. Миний нэр дээр ямарч компани, уул уурхайн гэрээ түрээслэгч биш болно, товчхондоо хажуу айлын 2 хөгшин мөнгөө өгөөд сүү талханд явуулсантай яг ижил зүйл болсон билээ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Г******* гэж хүн гүтгэж байна. 2018 оны 8 сард болсон асуудал, 8811 дугаараас над руу өөрөө залгаж, ******* аймаг Говь-Угтаал суман дээр Г*******ийн техник очсон. Геологич Д гэх таньдаг хүн байсан, тэр хүн намайг гуйж, Улаанбаатар хотоос эксковатор, ковш, хово ачааны машин, ачааны том тавцан чиргүүл бүгдийг аваад ирээч мөнгө цаасийг ярьчихсан байгаа аваад ирээч, техникийг бүгдийг үзэж хараад дагуулаад аваад ирээч гэж хэлсэн. Энэ хүн над руу өөрөө ярьсан, ковш түрээслэнэ гэж ярьсан байна, урьдчилгаа мөнгө шилжүүл гэсэн юм, урьдчилгаа мөнгийг нь Д миний данс руу хийж би мөнгө шилжүүлсэн сая 3.5 сая гэж байх шиг байна. Би техникийг үзэж харах байсан боловч үзэж хараагүй, би аваачиж өгөх үүрэгтэй байсан.
Хово өөрөө гараад явсан, эксковатор, ковш ачсан машиныг замчилсан. Г******* намайг түрээслэгч гэж яриад байсан, анх гэрээ хийх цаас гаргаж өгсөн эзэнтэй нь хий гэж хэлсэн. Би гэрээ хийгээгүй, 3,5 сая төгрөг шилжүүлсэн нь нотлох баримт гэдгийг би ойлгохгүй байна. Очсоныхоо дараа Дгийн ажил нь болоогүй сар хагас зүв зүгээр зогсож байгаад буцаад явсан. Яагаад 3 сар гэснийг мэдэхгүй байна. Техникийг лацадсан юм байна лээ гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1-9, 100, 120-121-р талд авагдсан баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар хавтаст хэргийн 74-75-р талд авагдсан баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагч С.Б*******д холбогдуулан эд хөрөнгө ашигласны хөлс 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 3,500,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч үлдэх 20,500,000 төгрөг нэхэмжилсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, геологич Д гэх хүний гуйлтаар техникийг уурхайд хүргэж өгсөн, урьдчилгаа 3,500,000 төгрөгийг Д миний данс руу хийж би Г.Г******* руу шилжүүлсэн, би техникийг үзэж харж, уурхайд хүргэж өгөх үүрэгтэй байсан тул мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан Хаан банкин дахь Г.Г*******ийн данс руу 2019 оны 08 сарын 03-ны өдөр 3,500,000 төгрөгийг данснаас, утгатай шилжүүлсэн байна. Утга дээрх дугаар нь хариуцагч С.Баттулгын утасны дугаартай тохирч байна. /хх-100/
Мөн Ковш түрээс 8 сарын 8 наас 11 сарын 8 хүртэл түрээс өгөх болноо нийт түрээс 24 сая төгрөг, таталсан гарын үсэг гэсэн бичвэр бүхий хариуцагч С.Баттулгын бичсэн баримт байна.
Дээрх 2 баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа бол хариуцагч гүйлгээний баримтыг Дгаас мөнгө шилжиж ирээд би Г******* руу шилжүүлсэн, энэ хүний хэлснийг бичсэн, машины хамар дээр тавьж байгаад бичсэн, тухайн үед юу бичсэнээ санахгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч түүний татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Д гэх хүнийг хариуцагч нас барсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн татгалзалд дурдсан техникүүдийг түрээсэлсэн гэх Д гэх хүн нас барсан, мөн ковшийг хэн ямар хугацаагаар ашигласан эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчид хэзээ хүлээлгэн өгсөн, хэзээ буцаж авсан талаар талууд өөр өөрөөр тайлбарлаж, тайлбараа баримтаар нотлоогүй, хэний эзэмшилд байсан талаарх үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч улсын дугаартай, Lishide маркийн CL955А загварын, , 2013 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн техник нь нэхэмжлэгч Г.Г*******ийн нэр дээр бүртгэлтэй талаар Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч татгалзалтайгаа холбоотой баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хэргийн үйл баримтаар техникийг ашигласан, эсхүл ашиглаагүй гэх байдал аль аль нь хангалттай тогтоогдоогүй боловч уул уурхайн хүнд машин мехнизмын хувьд Улаанбаатар хотоос ******* аймаг руу техникүүдийг хүргэж, тодорхой хугацаанд хариуцагчийн мэдэлд байсан тул тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах нь хөлслөгчийн үүрэг тул хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглаагүй нь хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч С.Б*******ас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 20,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүн 20,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 260,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дүгээр зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч С.Б*******ас 20,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г*******өд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/28547 дугаартай захирамжаар авсан арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хон саргийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ