Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/633

 

   

 

2023            6              14                                       2023/ДШМ/633           

 

 

С.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргил, Д.Болормаа,  

            нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Бат-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Од холбогдох эрүүгийн 2205016612175 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Даруу овгийн С.О, 1972 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт улсын байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.........................../;

Шүүгдэгч С.О нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 51 тоот байранд “Аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Цийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Даруу овогт С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Од сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэж, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Од авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Шүүх С.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үнэн эсэх нь эргэлзээтэй хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг болон хохирогчийн охин болох гэрч Т.Бийн мэдүүлэгт зөв дүгнэлт хийгээгүй бөгөөд хохирогч Б.Ц, гэрч Т.Б нарын мэдүүлгүүд бусад гэрч /А.О, Б, Аажимаа/ нарын мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байхад хэт нэг талыг барьж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, хохирогч Цийн "орцны үүднээс эхэлж цохиж зодсоор гэрт орж ирж Б.Цийг том өрөөнд байрлах сейфээс эд зүйлс авах хүртэл үргэлжлүүлэн зодсоор байсан" бөгөөд энэ нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг болно. Гэрч О.Бийн "С.Оаас архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй тэр хоёр хүн хоорондоо үсдэж зууралдсан гэж байсан. Тэрнээс өөр зүйл яриагүй” гэсэн нь Б.Цийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа болно. Гэрч АА нь “Цийг хаалга нүдэхэд онгойлгож өгсөн, түүний араас С.О нөхрийн хамт орж ирсэн" гэж баттай мэдүүлснийг шүүх зөв үнэлээгүй болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7243 дугаар шинжээчийн дүгнэлт хэрэг маргаан болсон гэх өдрөөс хойш 5 хоногийн дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдсэн бөгөөд тархи доргилтын шинж арилсан байх хугацаа өнгөрсөн атал 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр "тархи доргилт" гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт гаргуулахаас өмнө хохирогч Б.Ц нь өөр гэмтэл, мэдрэлийн гэх мэт нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн, оношлуулсан нэг ч баримт байгаагүй болно. Дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг урд нь хийгдсэн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хүлээн аваагүй бөгөөд харин С.Оын биед учирсан гэмтэлтэй холбогдолтой эмнэлгийн нотлох баримтыг мөрдөгч шинжилгээний байгууллагад хүргүүлээгүйгээс С.Оын биед Б.Цийн үйлдлээс учирсан гэмтлийн дүгнэлт үндэслэлгүй гарсан тул дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авч прокурорт даалгавар бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар шүүгчийн захирамж гарсан болно. Уг захирамжийн дагуу хийсэн ажиллагаагаар "С.Оын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон шинжээчийн 218 дугаартай дүгнэлт /2хх 134-136/ гарсан. Гэвч шүүх өөрийн захирамжаар хийлгэсэн ажиллагааны нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаагүй нь С.Оын эрхийг зөрчсөн болно. Хэрэг бүртгэлийн нэг дугаартай хэргийн харилцан хамаарал бүхий нотлох баримтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх ёстой атал хэт нэг талыг барьж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгч С.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч С.О давж заалдах гомдолдоо: “...Намайг анхан шатны шүүхээс эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахдаа, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байсаар атал үүнийг анзаарахгүй, шууд буруутгаж байна. 2022 оны 5 дугаар сарын 13-ны шөнө миний аавын гэрт гарсан маргаан юунаас болж үүссэн, миний бие бусдын биед гэмтэл үүсэх хэмжээний халдсан эсэхийг харж байсан 4 гэрч байдаг. Энэ 4 гэрчийн мэдүүлгээс шүүх зөвхөн 1 гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж намайг буруутгаж байгаа нь прокурор болон анхан шатны шүүх дан ганц яллах талын нотлох баримтыг үндэслэл болгосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлгээс дараах байдлаар зөрүүтэй, эргэлзээтэй байсан. Хохирогч Б.Цийн /1хх 8-12, 46-47, 101-102/, гэрч Т.Бийн /1хх 20-22, 66-68, 98-100/, гэрч А.Оийн /1хх 62-63/, гэрч А.Тийн /2хх 103-104/, гэрч Агийн /1хх 136-139/, гэрч Бгийн /1хх 17-19, 57-59/, гэрч О.Бийн /1хх 133-134/ мэдүүлгүүд зэргээс үзвэл хохирогч Б.Ц, гэрч Г.Бнарын мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байх бөгөөд хохирогч болон түүний охин Б намайг зодож, цохисон гэх зүйлийг өөр өөрөөр зохиож мэдүүлэг өгч байгааг тодорхой харж болохоор байна. Гэрч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх огт анзаарч хараагүй. С.О намайг шууд хүний биед халдсан, гэмтэл учруулсан гэж дүгнэлт хийсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Хууль зүйн сайд, Эрүүл сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 216/422 дугаар “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрөв долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан ...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.Цийн биед учирсан тархи доргилт, хүзүү, шилбэний цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 7243 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хийж С.О намайг буруутгасан болно. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь, шинжээч эмч Н.Туяа нь Б.Цийн биед маргаан болсон хугацаанаас хойш 84 цагийг дараа үзлэг хийж, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд Б.Цийн биед “тархи доргилт”-ын онош илэрсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Дээрх байдлаар дүгнэлт гаргахдаа шинжээч эмч Н.Туяа нь /1хх 101/ Б.Цийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19:59 цагт хийсэн компьютер томографын шинжилгээний дүгнэлтийг үндэслэл болгосон. Гэтэл тус компьютер томографын шинжилгээгээр Б.Цийн толгойд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй. Өөрөөр хэлбэл шинжээч эмч техникийн тусламжтайгаар хийсэн шинжилгээний баримтыг үндэслэл болгоогүй, өөрийн субьектив байдлаар хийсэн үзлэг, Б.Цийн худал мэдүүлэгт илүүтэйгээр үндэслэл болгож шинжээчийн дүгнэлт гаргасан. Тодруулбал, /1хх 101/ Б.Цийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19:59 цагт хийсэн компьютерт томографын шинжилгээгээр Б.Цийн толгойд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй байгаа нь баримтаас тодорхой харагдана. Мөн шинжээч эмч Н.Туяа нь Б.Цийн биед 202 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14:25 цагт үзлэг хийснээс хойш Б.Ц нь 19:59 цагт толгойн КТГ зураг авхуулсан байх бөгөөд шинжээч эмч нь Б.Цийн биед үзлэг хийх үед түүний компьютер томографын шинжилгээ ирээгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв гэдэг талаас огт дүгнэлт хийхгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргаж С.Оыг намайг буруутгаж байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч нараас авсан мэдүүлгээр шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг, тайлбараас үзвэл шинжээч өөрийн субьектив байдлаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн тус өдрийн шүүх хуралд шинжээч эмч Б.Даваасүрэн, Н.Туяа нар оролцсон бөгөөд 2 шинжээч эмчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй байдаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: Та ямар шинжээр нь тархи доргилт байна гэж үзсэн бэ гэхэд

Шинжээч эмч Н.Туяа: БЦийн хувьд тухайн өдөр ирж үзүүлэхдээ толгой өвдөнө, дотор муухайрна, хүзүү хөдөлж болохгүй огиулна гэсэн зовуурьтай байсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: Зовуурь гэдэгт нь толгой өвдөнө, хүзүү хөшнө хоёр нүдний ухархайгаар хатгаж өвдөнө гэсэн зовуурь хэлсэн байна гэхэд,

Шинжээч эмч Б.Даваасүрэн: Даралт ихтэй байсан юм болов уу гэх гэх тайлбарыг хийсэн байдаг.

Энэхүү тайлбараас үзвэл, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б.Ц биеийн байдлыг амаараа илэрхийлсэн шинж тэмдгийг шинжээч эмч Н.Туяа нь өөрийн субьектив байдлаар шууд дүгнэж, “тархи доргилт” гэсэн оношийг тавьж байна. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн тайлбараар энэ зовуурь нь “даралт ихсэх” өвчний шинж тэмдэг байх боломжтой байна. Миний бие 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинжээч эмчид үзүүлэхдээ Б.Цтэй яг ижил шинж тэмдэг хэлсэн ч шинжээч эмч Б.Даваасүрэн тархи доргилт гэж үзэхгүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан. Харин С.О миний тус гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх Б.Даваасүрэн эмчийн дүгнэлтийн эмчийн үзлэг дээр нэмж толгойн компьютер томограф, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тархи доргилт гэх, осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудас, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тархи доргилт гэх Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэг онош, Амбулаториор эмчлүүлэгсдийн картаас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн мэдрэлийн эмчийн онош зэрэг нэмэлт баримтаар өөрчлөлт орж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 281 дүгээр дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг гарч өөрчлөгдсөн. Тэгэхээр шинжээч эмчийн өөрийн субьектив байдлаар гаргаж буй онош нь техник тоног төхөөрөмжийн шинжилгээ болон бусад нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтээр батлагдаж байж шинжээчийн дүгнэлт баттай үндэслэл бүхий болохоор байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралд миний бие болон өмгөөлөгч нар шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7243 тоот дүгнэлт нь эргэлзээ бүхий байх тул Б.Цийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч хариуцсан мөрдөгч, хяналтын прокурор, анхан шатны шүүхийн шүүгч нар уг хүсэлтийг огт авч хэлэлцээгүй, үргэлж татгалзаж байсан нь нэг талыг барьсан нотлох баримтыг бүрдүүлсэн гэж үзэхээр байдаг.

Мөн анхан шатны шүүх шинжээч эмч Н.Туяа нь 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 16:51 цагт Б.Цийн биед үзлэг хийж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8352 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ийг гаргасан. Тус дүгнэлтээр Б.Цийн биед гэмтлийн зэрэг илрээгүй гэх дүгнэлтийг гаргасан. Шинжээч эмч Н.Туяагийн тус 7243 дугаар дүгнэлт гарснаас даруй 18 хоногийн дараа өөрийн гаргасан дүгнэлтээс эсрэг өөр хоорондоо нийцэхгүй 8352 дугаар дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх анзаарч үзээгүй байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14 дэх талд “... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүсэх эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасантай огт нийцэхгүй байна. Б.Ц нь дөрвөн долоо хоног буюу 30 хоногоор эрүүл мэнд нь саринах бус харин ч 18 хоногийн дараа огт гэмтэлгүй болж хувирч байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7243 дугаар дүгнэлт нь шууд С.О намайг буруутгах хөтөлшгүй баттай баримт болж чадаагүй байхад намайг буруутгасан. Анхан шатны шүүх шударга ёсны зарчимд огт нийцэхгүй, илтэд нэг талыг барьсан нотлох баримтыг бүрдүүлсэн прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахгүй С.О миний эрүүл мэндтэй холбоотой баримт материалыг дарж, хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх боломжийг хааж, хувийн өс хонзон авах гэсэн Б.Цийн өөрийгөө хамгаалсан мэдээлэлд үндэслэж өөрийн субьектив байдлаар дүгнэсэн шинжээч эмчийн дүгнэлтийг шууд үндэслэл болгож ял оногдуулж буй анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.О намайг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, миний бие өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргасан. Уг маргаан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон. Миний эцэг тархиндаа гүн харвалт аваад эмнэлэгт ухаангүй 18 хоног хэвтэж байгаад нас барсан. Тухайн үед цар тахлын улмаас засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу би уртасгасан цагаар ажиллаж байгаад гэртээ орж ирэх үед аавын минь бие муудсан талаар хэл ирсэн. Тухайн өдөр би аавынхаа хамтран амьдрагч Б.Ц эгчтэй маргалдсан болохоос биш түүнийг цохиж, ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй. Миний хувьд Б.Ц эгчийн биед яагаад гэмтэл учирсан гэдгийг одоо болтол мэдээгүй явна. Би төрийн байгууллагад 40 гаруй жил ажилласан бөгөөд төрийн албанд ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар хууль, дүрэм, журам зөрчиж шийтгэл хүлээж байгаагүй. Албан үүргээ өнөөдрийг хүртэл нэр төртэй гүйцэтгээд явж байна. Харин анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь дүгнэлгүй намайг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Д.Бат-Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Ц болон гэрч Т.Б, Э.Б, А.Т, А.О, Ч.А, О.Бэ нарын мэдүүлгүүд нь хоорондоо ноцтой зөрүүтэй, эргэлзээтэй байсаар байтал анхан шатны шүүх нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийн ноцтой зөрүүг арилгах, харьцуулан судлах арга хэмжээ авалгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оноож байгаа явдал нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар нотлох баримтыг шалгана...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хохирогч Б.Ц болон түүний охин болох гэрч Т.Б нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Гэтэл тэдний мэдүүлгүүд нь өөр хоорондоо, мөн бусад гэрчүүдийн мэдүүлгүүдтэй ч ноцтой зөрүүтэй байна.

1. Хохирогч Б.Цийн мэдүүлгүүдийн өөр хоорондоо зөрүүтэй байдлын талаар: Б.Ц нь нийт 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэг өгөх бүрдээ өөрийгөө шүүгдэгчид зодуулсан гэх газар болон 51 тоот байр руу орсон талаараа өөр өөрөөр мэдүүлсэн байдаг.  /1хх 8-12, 46-47/, мөн 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн мэдүүлэг.

2. Гэрч Т.Бийн мэдүүлгүүдийн өөр хоорондоо зөрүүтэй байдлын талаар: Т.Б нь 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр Б.Ц, С.Оыг хэн салгасан, тэд нарыг гэрт маргалдах үед өөрийгөө хаана байсан талаар зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. /1хх 20-22, 66-68/ мөн 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн мэдүүлэг.

3. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлын талаар:

Гэрийн хаалга онгойлгож өгсөн талаар: Гэрч Т.Б “коридорт хүмүүс орилолдоод байхаар нь би хаалга онгойлгосон. Гэрч А.О “эхлээд Б.Ц, дараа нь С.О, Э.Б нарыг ирэхэд Аажимаа эгч хаалга онгойлгож өгсөн. Гэрч Ч.А “Ц хаалга нүдэхээр нь би онгойлгож өгсөн. Харин араас нь С.О нөхрийнхөө хамт орж ирсэн. Гэрч Э.Б “С.О бид хоёрыг гэрт ирэхэд Ч.А эгч хаалга онгойлгож өгсөн.

Ц, О нарыг зууралдаж байхад нь салгасан талаар: Гэрч  Т.Б “О нь ээж болон С.О гэх эмэгтэй хоёрыг салгасан. Би дундуур нь орж салгах гэтэл салахгүй зууралдсаар гэр рүү зууралдаж орсон. Гэрч А.О “Ц, С.О нарыг хоорондоо зодолдож цохилцохыг би хараагүй, тэр хоёрыг би салгасан үйл явдал болоогүй.  Гэрч Ч.А “С.Оыг Б.Ц цохиж байсан. Би харж байхад бол тэр хоёр нэгнийгээ зодож цохиод байсан зүйл бол байхгүй. Гэрч О.Бэ “тэр 2 хүн хоорондоо үсдэж зулгаалцсан гэж байсан. Тэрнээс өөр зүйл бол яриагүй. 

Оын зүгээс Б цохих гэж дайрсан талаар: Гэрч Т.Б “С.О нь орж ирэнгүүтээ намайг хэл амар доромжлоод цохих гэж дайрсан. О холдуулж байсан. Гэрч А.О “С.О нь Т.Бийг цохих гэж дайрсан, тэгэхэд нь би салгасан үйл явдал болоогүй гэх мэдүүлгүүд,  

4. С.Оын зүгээс Б.Цийн биед халдаж зодоогүй болохыг нотолсон цагаатгах талын нотлох баримтын талаар: Гэрч Э.Бгийн /1хх 55-59/, гэрч А.Оийн /1хх 62-63/, гэрч Ч.Агийн /1хх 136-139/, гэрч О.Бийн /1хх 133-135/, гэрч А.Тийн мэдүүлгүүд. Дээр дурдсан байдлаар С.Од холбогдох 2205016612175 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч С.Оын зүгээс хохирогч Б.Цийн биед халдаж зодсон гэх үйлдэл нь бүрэн нотлогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ үүсгэж байгаа юм. Тухайлбал хохирогч Б.Ц болон түүний охин Т.Б нарын зүгээс шүүгдэгчийг хохирогчийн биед халдаж, зодсон гэдэг боловч тэдний мэдүүлгүүд нь өөр хоорондо ноцтой зөрүүтэй. Зодуулсан гэх газар, 51 тоот байранд орж ирсэн гэх, тэднийг маргалдаад зууралдаж байхад хэн салгасан гэх зэрэг асуудлаар дандаа зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байна.

Шүүгдэгч болон гэрч Э.Бгийн зүгээс Б.Цийг том өрөөний сейфийг онгойлгоод эд зүйлс цүнхэндээ хийж байсан гэж мэдүүлдэг. Харин Б.Ц нь өөрөө болохоор том өрөөний сейфийг онгойлгоод юм хийж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч Т.Бийн мэдүүлгээр тухайн нөхцөл байдалд Б.Ц нь том өрөөнд ороод сейф онгойлгоод юм хийж байх ямар ч завдал болоогүй, тийм боломжгүй байсан болох нь харагдана. Эндээс дүгнэж үзвэл 51 тоот байранд Б.Ц түрүүлж ирсэн бөгөөд тэр үед С.О, Э.Б нар ирээгүй байсан тул Б.Ц том өрөөнд орж, сейф онгойлгоод байж болох нь тогтоогдож байгаа юм. Түүнээс гадна гэрч Э.Б, Ч.А, А.О, А.Т нарын зүгээс шүүгдэгчийг хохирогчийн биед халдаж, зодоогүй гэдгийг гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд болон цагаатгах талын нотлох баримтуудыг бодитой үнэлэхгүй орхигдуулж, зөвхөн яллах талын нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож буйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Д.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бат-Оргил өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч С.Оын гаргасан давж заалдах гомдолд тодруулга хэлэхэд “Тухайн үед буюу 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуудлагаар ирсэн мөрдөгч н.Мөнх-Эрдэний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Мөрдөгч н.Мөнх-Эрдэнэ “тухайн үед Б.Ц, С.О нарын хооронд ямар нэгэн зодоо хийсэн асуудал гараагүй” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс шинжээч эмч Н.Туяагийн “7243” дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл шинжээч нь тухайн маргаан болсноос 84 цагийн дараа хохирогчийн биед үзлэг хийсэн байхад мөрдөгч хохирогчийн тухайн маргаан гарснаас хойш хаагуур явсан маршрутыг тогтоогоогүй. Иймд С.Оын үйлдлийн улмаас Б.Цийн биед гэмтэл учирсан уу, эсвэл өөр үйлдлийн улмаас Б.Цийн биед гэмтэл учирсан уу гэдэг нь хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Мөн шинжээч эмч Н.Туяа шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөх үед өмгөөлөгч Э.Ганбатын зүгээс “Та ямар шинжээр нь тархи доргилт байна гэж үзсэн бэ гэж асуухад, шинжээч эмч Н.Туяа: Б.Цийн хувьд тухайн өдөр ирж үзүүлэхдээ толгой өвдөнө, дотор муухайрна, хүзүү хөдөлж болохгүй огиулна гэсэн зовуурьтай байсан” гэдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас дахин “Зовуурь гэдэгт нь толгой өвдөнө, хүзүү хөшнө хоёр нүдний ухархайгаар хатгаж өвдөнө гэсэн зовуурь хэлсэн байна гэхэд, шинжээч эмч Б.Даваасүрэнгээс “Даралт ихтэй байсан юм болов уу” гэх  тайлбарыг хийсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл буюу 80 гаруй цагийн дараа хохирогчийн биед үзлэг хийхэд хохирогч тархи доргилт хэвийн байдалдаа орох боломжтой юу гэж асуухад, шинжээч эмч Н.Туяагаас: “Тэрийг сайн мэдэхгүй. Маршрутыг тогтоох шаардлагатай байх” гэсэн хариу хэлдэг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад даргалагчаас: Та дүгнэлтээ ямар баримтад үндэслэж гаргасан бэ гэж асуухад, шинжээч эмч Н.Туяагаас: Толгойн томографын шинжилгээнд үндэслэж гаргасан гэх боловч нөгөөтээгүүр томографын шинжилгээ нь тархины доргилтыг тогтоох боломжгүй. Би үзлэгээр тогтооно” гэж мэдүүлсэн нь өөрийн гаргасан дүгнэлтээ батлаж чадаагүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хуралдаанд хоёр шинжээч эмч оролцохдоо тархи доргилтыг өөрөөр тайлбарласан. Тийм учраас хохирогчийн биед гэмтэл учирсан эсэхийг нарийн тогтоож чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Мөн шинжээч эмч Н.Туяа дүгнэлт гаргахдаа 18 хоногийн өмнө гаргасан өөрийн дүгнэлтээсээ эсрэг дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмтлийн хөнгөн зэргийг гаргахад тухайн гэмтлийг 30-с доошгүй хоногт авсан” байхыг шаарддаг. Гэтэл хохирогчид 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 50 минутад гэмтэл учирсан гэдэг үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байна” гэсэн дахин шинжээчийн дүгнэлт гаргасан. Тэгэхээр 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийн биед гэмтэл учирсан нь тодорхой бус болж гэмтлийн зэрэг тогтоогдсоноос хойш дахин дүгнэлт гаргахад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 16.3 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс нотолбол зохих нотлох баримтыг хавтаст хэргийн хүрээнд бүрэн нотлоогүй байхад шүүгдэгчийг шууд буруутгаж байгаа нь үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.О бид хоёрын хувьд тухайн үед маргалдсан зүйл байгаа. Учир нь, тухай өдөр манай хүн нас бараад бид хоёр хоёул сэтгэл санааны гүн хямралд орсон байсан учраас маргалдсан. Би цүнхэндээ тухайн бөгжийг нь хийсэн байсан гэдэг нь үнэн. Би өмнө аваарт орсон учраас миний толгойд гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтэл нь одоо болтол арилаагүй. Миний хүсэж байгаа зүйл бол бид нэг гэр бүлийн хүмүүс учир цаашид ийм байдалтай явахад хэцүү байх тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль зүйн яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайд нарын хамтран баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох журмын 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар буюу 28 хоногоос дээшгүй хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар заасан. Тухайн хэрэг нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон. Харин хохирогч Б.Цийн биед хөнгөн гэмтэл тогтоосон шинжээчийн дүгнэлт 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр буюу дээрх журамд заасан хугацаанд гарсан. Шүүх шинжилгээний Ерөнхий газраас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтээр “С.Оын биед тархи доргилт, баруун зүүн бугалга, зүүн гуяд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн” талаар тусгасан. Тухайн хэрэг болох үед хохирогч, шүүгдэгч нарын биед харилцан адил гэмтэл учирсан бөгөөд эдгээр хүмүүс нь эд хөрөнгийн маргаанаас үүдэж харилцан бие биедээ гэмтэл учруулсан нь тогтоогддог. Хохирогч Б.Цээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт янз бүрээр асуулт асуусан байх тул харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хохирогч нь шүүгдэгч С.О өөрийнх нь биед халдсан талаар тогтвортой мэдүүлж ирсэн. Мөн хохирогч, шүүгдэгч нар нь эмнэлгийн байгууллагаас эхлэн бүрлээчийн гэрт очих хүртэл маргалдсан нь хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог учир гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нь хангалттай тогтоогдсон. 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхийг даалгасныг прокурор хүлээн авч 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энэ хэргийн хохирогч Б.Цийг яллагдагчаар татсан талаарх мэдээллийг авсан. Дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллагдагч, хохирогч нар тохиролцсон. Мөн хэрэгт өмнө дүгнэлт гаргасан шинжээч дахин дүгнэлт гаргах нь хуулиар хориотой учир ийм зүйл болоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Отгонжаргалд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Энэ хэргийн хохирогч Б.Ц-ийн 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд, хохирогч Б.Ц-ийн “...С.О цахилгаан шатнаас бууж ирээд, над руу хүрч ирснээ гартаа барьж явсан өөрийнхөө хар өнгийн цүнхээр толгой руу 2-3 удаа цохисон, үргэлжлүүлэн миний хөл гуя, шилбэ рүү хөлөөрөө өшиглөж, гараараа миний толгой, нуруу руу маш олон удаа цохисон, мөн миний толгойны дагз руу гараараа хоёр удаа цохих үед цагдаа орж ирж бид хоёрыг салгаад цагдаагийн газар луу авч явсан. ...” /2хх 101/, гэрч                А.Б-ийн “...С.О цүнх дотор чинь юу байна гээд булааж авах гэхэд өгөхгүй байсан. Б.Ц нь тэр цүнхээрээ манай эхнэрийг цохиж аваад, үснээс нь үсдэж зулгаагаад өшиглөж, гараараа цохиж байсан. Энэ хоёр хоорондоо зууралдаж муудалцсан асуудал бол байгаа. Тэрнээс айхтар зодолдсон зүйл бол байхгүй. ...” /1хх 57-59/, гэрч Т.Б-ийн “...С.О гэх хүн ээжийг үстэж аваад цохиж өшиглөж ширээ рүү хүртэл өшиглөж байсан. Мөн манай ээж Ц-ийн толгойг доош нь дарчихсан гараараа толгойных нь дагз, хүзүү хэсэг рүү нь 3-4 удаа цохихсон....” /2хх 97-99/, гэрч Ч.А-ийн “...цүнхээрээ С.О-ыг Б.Ц нь цохиж байсан. Би харж байхад тэр хоёр нэгнийгээ зодож цохиод байсан зүйл бол байхгүй. Б.Ц С.О-ыг цүнхээрээ цохиж байсан. ...” /1хх 134-139/, шүүгдэгч С.О-ын яллагдагчаар өгсөн: “...Б.Ц сейфэн дотор байгаа эд зүйлүүдийг ялгаад өөрийнхөө цүнхэнд хийгээд сууж байхаар нь чи наа цүнх дотор байгаа зүйлүүдээ гаргаж тавь, миний эцэг, эхийн босгосон эд зүйлүүдийг аваад гарах гэж байна гэж хэлэхэд надад цүнхээ өгөхгүйгээр намайг цүнхээрээ ороолгоод цохиж, зодож байсан. Тухайн үед миний хамраас цус гарсан. ...” /1хх 96-97/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8352 дугаар “...Б.Ц-ийн биед бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” /1хх 71-72/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаар “...Б.Ц-ийн биед тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх хүзүү, шилбэний цус хуралт, тархи доргилт гэмтлүүд нь шинэ гэмтэл бусад гэмтэл нь хуучин гэмтэл байна. ...” /1хх 82-83/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

Улмаар прокуророос С.О-ыг  2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 51 тоот байранд “аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Ц-ийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох С.О нь “Аавын эд зүйлийг авсан” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Ц, шүүгдэгч С.О нар хэн хэн рүүгээ дайрч, үсдэлцсэн, хэрэлдэж маргалдсан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх болсон үйл баримт, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбооны талаарх нөхцөл байдлыг тогтоож, түүнд эрх зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт холбогдсон хүн, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн үйлдэл, үр дагаварын үндсэн шинж, шалтгаант холбоо, тэдгээрийн талаарх нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, хавтаст хэрэгт шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай “...Б.Ц-ийн биед тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 82-83/, шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8352 дугаартай “...Б.Ц-ийн биед бугалага, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /1хх 71-72/ гэсэн дүгнэлтүүд авагджээ.

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Ц-ийн биед шинжилгээ хийлгэхээр /1хх 30/ мөрдөгч санал гаргасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаар прокурорын зөвшөөрөл олгож /1хх 29/ Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /1хх 74/ мөрдөгчийн тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Б.Ц-ийн биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. /1хх 82-83/

Прокурорын яллах дүгнэлтээр С.О нь хохирогч Б.Ц-ийн биед гэмтэл учруулсан үйлдлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэж бичсэн байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны 7243 дугаартай дүгнэлтэд тухайн хэргийн үйл баримтыг 2022 оны 5 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн байдлаар бичиж, дүгнэлтээр Б.Ц-ийн биед хэсэг газрын үзлэгээр хөхрөлт, цус хуралттай гэж гарсан байх бөгөөд уг дүгнэлтэнд 2022 оны 5 дугаар сарын 17-ны КТГ-д гавал ясны хугаралгүй ... хамар яс, баруун нүдний ухархайн доторх хана хуучин хугаралтай... тархины эдэд голомтот өөрчлөлтгүй ... эмч П.Ундармаа гэсэн байх бөгөөд Б.Ц-ийн биед тархи доргилт үүссэн гэж ямар үндэслэлээр хэрхэн яаж дүгнэсэн баримт хэрэгт байхгүй байна. Мөн хүзүү, ар нуруу, гуя шилбэний цус хуралттай гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэг болох, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүдсэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош сарниулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7243 дугаартай дүгнэлт нь хэрэг гарсан цаг хугацаа үйл баримтын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа 2022 оны 5 дугаар сарын 13, 14, 17-ны алинд нь үйлдэгдсэн болох нь тодорхойгүй баримт хэрэгт хавсаргагдсан анхан шатны шүүх харилцан зөрүүтэй нөхцөл байдлуудыг алийг нь хүлээн авсан, алийг нь үгүйсгэсэн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Ц нь С.О-д зодуулсан гэх болсон хэргийн товч утгын дагуу дүгнэлт гаргасан нь Б.Ц-ийн биед гэмтэл тогтоогдоогүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй, харин хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, С.О-ын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас Б.Ц-ийн эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт  бүхий гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.О нь Б.Ц-ийн эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, ар нуруу, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу прокуророос С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Отгонжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Отгонжаргалыг цагаатгасугай.

2. С.О-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                    Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ