| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/04147/И |
| Дугаар | 101/ШШ2024/05410 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/05410
| 2024 11 18 | 101/ШШ2024/05410 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ану ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Бараа материал нийлүүлэх гэрээ болон материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 214,223,527.5 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 114,903,264 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ану ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ану Сервис ХХК нь Ц******* Хаус ХХК-тай дараах гэрээг байгуулж, бараа материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсарч өгсөн. Үүнд:
1. 2022 оны 02 сарын 08-ны өдөр Материал нийлуулж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх тухай" 22/01 тоот гэрээг байгуулж, тус компанид 2021 онд нийлүүлсэн, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Прометей 1000 кВт-ийн 2ш зуух, ялтсан бойлерийг угсрах, түүнийг угсрахад шаардлагатай бараа материалыг нийлүүлэх ажлыг нийт 152,718,949 төгрөгөөр хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөөр болсон. Манай компани ажпыг бүрэн хийж гүйцэтгэн, 1 зууханд галлагааг хийж, 72 цагийн туршилтыг хийж дуусган, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулсан акт үйлдэж хүлээлгэн өгсөн.
2. 2022 оны 3 сарын 14-ний өдөр Бараа материал нийлүүлэх тухай 21/27 тоот гэрээ байгуулж, Чех улсын 0РА2С1Е фирмийн 125 л хэрэглээний халуун усны эзэлхүүнт бойлер 1ш 1,750,000 төгрөг, нийт 60ш бойлер 105,000,000 төгрөгөөр нийлүүлж, 60ш бойлерийг 2022 оны 04 сарын 29-ны өдөр зарлагийн баримтаар Ц******* Хаус ХХК-д хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээний төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцон гэрээг байгуулсан.
Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсарх ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.1- д зааснаар гэрээний үнийг 152,718,949 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд уг үнэд Х******* Вилла 2 амины орон сууцны хотхонд халаалтын зуух, ялтсан дулаан солилцуур бүхий 1, 2 дугаар хэлхээний цогц төхөөрөмжийн угсралтын зарим /гэрээний хавсралтад заасан/ материалыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгэх зардал багтсан. Гэрээний үнийг гэрээ байгуулахад урьдчилгаа 70% буюу 106,903,264 төгрөг, угсралтын ажлыг дуусган актаар хүлээлгэн өгч, туршилтийн 72 цаг дуусахад гэрээний үлдсэн 30 хувь буюу 45,815,685 төгрөгийг төлөхөөр Гэрээний 3 дугаар зүйлд тохиролцсон.
Гэвч Ц******* Хаус ХХК нь гэрээний үнийг гэрээнд заасан нөхцөл, хэмжээгээр төлөлгүй хэсэгчлэн төлж байсан. Ц******* Хаус ХХК-ийн төлсөн төлбөрийн дэлгэрэнгүй тооцоог нэхэмжлэлдээ хавсаргав.
Одоо Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээний үнийн үлдэгдэл 37,815,685 төгрөг байгаа ба гэрээний 6.3-т ..Захиалагч нь ажлыг хүлээн авсанаас хойш төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө .. гэж заасан. Захиалагч Ц******* Хаус" ХХК нь гэрээний дагуу үнийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 232.3, 232.6 дугаар заалтыг тус тус үндэслэн төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 37,815,685 төгрөгийн 50% буюу 18,907,842.50 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилнэ.
Бараа материал нийлүүлэх" гэрээний үнэ 105,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд сайн дураар төлж барагдуулахгүй байх тул Бараа материал нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 7-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс тооцох алданги 0,5 хувь, гэрээний ерөнхий нөхцөлийн 5.2 дугаар зүйлд захиалагч нь төлбөр төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэх алданги нь гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Иймд Иргэний хуулийн 232.3, 232.6 дугаар заалтыг үндэслэн гэрээний төлбөр 105,000,000 төгрөгийн 50% буюу 52,500,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.
Талуудын хооронд 2022 оны 02 сарын 08-ний өдөр байгуулагдсан 'Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх 22/01 тоот гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 37,815,685 төгрөг, алдангид 18,907,842.50 төгрөг, нийт 56,723,527.50 төгрөг, талуудын хооронд 2022 оны 03 сарын 14-ний өдөр байгуулагдсан Бараа материал нийлүүлэх 21/27 тоот гэрээний дагуу гэрээний үнэ 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг нийт 157,000,000 төгрөг буюу нийт 214,223,527.50 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд Ц******* Хаус ХХК-иас дээрх гэрээнүүдийн дагуу ажил гүйцэтгэж, бараа материал нийлүүлсний төлбөр болон төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алдангид нийт 214,223,527.50 төгрөгийг гаргуулж, манай Ану Сервис ХХК-д олгож, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ц******* ******* ХХК-аас 2022 оны 02 сарын 08-ны өдрийн материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх тухай 22/01 дугаартай гэрээний дагуу тус гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 37,815,685 төгрөг, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги 18,907,841 төгрөг, 2022 оны 3 сарын 14-ний өдрийн 60 ширхэг бойлуур нийлүүлсэн гэрээний үнэ болох 105,000,000 төгрөг, түүнээс огт төлөлт хийгээгүй учир 105,000,000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 52,500,000 төгрөг, нийт 214,223,527 төгрөгийн нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг товч хэлэх юм бол хариуцагч компани нь Х******* *******-2 гэх орон сууцны зориулалттай хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Тухайн орон сууцандаа нийт 8 халаалтын зуух угсрахаар төлөвлөсөн байдаг боловч зөвхөн тухайн хотхоныг 2 уурын зуухаар халааж байгаа. Энэ 2 уурын зуухыг 2021 оны 7 сарын 05-ны өдрийн гэрээгээр Ану ******* ХХК-аас худалдаж авсан. Энэ уурын зуух нь 1 дүгээр хэлхээ гэж тооцож явдаг, яг 2 дугаар хэлхээ буюу айл өрхүүдэд түгээж дамжуулах, ажиллуулахтай холбоотой тоног төхөөрөмжийг 2022 оны 02 сарын 08-ны өдрийн материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх тухай гэрээгээр авч өмнө нь худалдан авсан байсан 2 зуухыг ажиллагаанд оруулсан. Мөн айл өрхүүдийн дотор суурилуулах 60 ширхэг бойлуурыг худалдан авсан боловч гэрээний мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөөгүй шалтгаанаа өмнө нь суурилуулсан уурын зуух нь гэрээнд заасан 1000 м.квт гэх хүчин чадалдаа хүрэхгүй байгаа гэх асуудлыг тавьж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч талаас харж байгаагаар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар уурын зуух нь доголдолтой байсан гэх нотлох баримт байхгүй. Харин хариуцагч талын барьж ашиглалтад оруулсан орон сууц нь дулаан алдалт маш их байдаг тул орон сууцанд халаалт хангалтгүй байна гэх гомдлыг оршин суугчид хүргүүлсэн байдаг юм байна лээ. Энэ гомдолтой нь холбоотойгоор Ану ******* ХХК-ийн нийлүүлсэн зуух нь доголдолтой байсан гэх асуудлыг тавьж манай гэрээний мөнгийг төлөхгүйгээр, маш удаан хугацаанд сунжруулж хохироож байна. Гэтэл тус уурын зуухыг 2021 онд авч, 2022 онд суурилуулж нийт 3 өвөл буюу 3 дах жилдээ ашиглаж байгаа. Мөн гэрээгээр нийлүүлсэн бараа материалыг хүлээн аваад бүх техникийн баримт, паспорттой нь хүлээн авч, хүлээн авсан акт үйлдсэн байдаг. Иймд хариуцагчийн зүгээс гэрээний мөнгийг төлөхгүй байх шалтгаан байхгүй тул гэрээнд заасан 214,223,527 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч Ц******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд Ану Сервис ХХК нь Ц******* ******* ХХК-д холбогдуулан 214,223,527.5 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ану Сервис ХХК нь Ц******* ******* ХХК-тай 2022.02.09-ний өдөр байгуулсан №22/01 тоот материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд Х******* ******* 2 амины орон сууцны хотхонд 2022 оны намар буюу халаалтын улирал эхлэхээс өмнө халаалтын зуух, ялтсан дулаан солилцуур бүхий 1, 2 дугаар хэлхээний цогц төхөөрөмжийн материалыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Уг угсралтын ажил дууссаны дараа Ану Сервис ХХК-ийн инженер, мэргэжилтнүүд туршилт тохируулга хийж, 2022.10.15-ны өдрөөс халаалтыг эхлүүлж, 2023.05.31-ний өдөр хүртэл дулаан өгч зогсоосон. Хэдийгээр К ХХК-ийн боловсруулсан ЕГ шифр:CEE2003-HP-DM зураг төслийн дагуу халаалтын зуухны цогц төхөөрөмжийг суурьлуулж, хүрэн нүүрс түлшиндээ ашигласан боловч уг зураг төсөлд тооцоолж, төлөвлөсөн техникийн үзүүлэлт болох Дулаан зөөгч 1-р хэлхээнд 115/700C, 2-р хэлхээнд 95/700C хэмтэй ус байна-д хүрч ажиллаж чадаагүй болно. 2022-2023 оны халаалтын жилд Х******* 2 хотхонд 85 айл халаалт өгсөн ба 1 айлыг 9квт гэж тооцвол 765 квт болно. Гэтэл суурьлагдсан 1000 квт-ын хүчин чадалтай 2 ш зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулахад 1-р контурын өгөх усны температур 700С-с дээш, 2-р контурын өгөх усны температур 580С дээш гараагүй тул шаардлагатай дулаан үйлдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Манай компани энэ асуудлаар хэд хэдэн удаа гомдол гаргаж Ану Сервис ХХК-д хандаж мэргэжлийн хүнээр туршилт тохируулга хийлгэхэд дээрх бодит тоон утгаас дээш гаргаж чадаагүй болно. Халаалтын зуух нь чанарын шаардлага хангаагүй байдлаас болж Х******* ******* 2 хотхон өвлийн улиралд хөлдсөн ба оршин суугч айлуудад сэтгэл ханамжгүй, тав тухгүй байдал үүсгэж, өвдөж цаашлаад бизнесийн нэр хүнд болон борлуулалт, компанийн үнэ цэн зэрэгт муугаар нөлөөлөх шалтгаан болсон. Мөн тус зуухыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа тул стандарт, шаардлага хангасан зуухаар солиулах шаардлагатай эсхүл өөр төрлийн зуухыг дахин шинээр авахаас аргагүй байдалтай байна гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь уг маргаан бүхий угсралт хийсэн зуух нь хүчин чадалдаа хүрч ажиллаагүй, үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч талд удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан, энэ нь нотлогдож байгаа. Уг ажлыг гүйцэтгэх болсон зуух нь доголдолтой байсан тул, манай талаас доголдолтой байсантай холбоотой, хүчин чадалдаа хүрч ажиллахгүй байсан тул уг угсралтын ажлыг хийхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5. Хариуцагч Ц******* Хаус ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Ану Сервис ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22/01 дугаартай Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрт 114,903,264 төгрөгийг төлсөн ба гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нь доголдолтой байсан тул үлдэх төлбөрийг төлөөгүй болно. Гүйцэтгэгч нь Х******* ******* 2 амины орон сууцны хотхонд халаалтын зуух, ялтсан дулаан солилцуур бүхий 1,2 дугаар хэлхээний хгц төхөөрөмжийн материалыг нийлүүлж, угсралтын ажпыг гүйцэтгэсэн.
Үүний дагуу 2022 оны 10 сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд халаалтыг эхлүүлж, дуусгасан бөгөөд энэ өвлийн хугацаанд уурын зуух байнгын доголдол үүсгэж, хүрэх ёстой темпертуртаа хүрээгүйгээс Х******* *******-2 хотхоны оршин суугчид амьдрах боломжгүй болж айлууд нийлж байнга гомдол гаргаж, хүнд өвлийг давсан. Энэхүү асуудлын талаар 2023 оны 01 сараас эхлэн та бүхэнд мэдэгдсэн боловч зохих үр дүнд хүрээгүйн дээр танай байгууллагын мэргэжилтнүүд ирж үзээд ч үр дүнд хүрээгүй болно. Анх гэрээ байгуулахдаа Х******* ******* 2 төсөлд бүхэлд нь ашиглах зорилгоор авсан боловч энэ өвөл 35 айлд халаалт өгсөн ба 1 айлыг 9кВт гэж тооцход 765 кВт болно. Гэтэл манай дээр 1000 кВт- ын 2ш зуух нийлүүлж, суурьлуулсан. 1000кВт-ын чадалтай 2ш зуухыг бүрэн хүчин чадлаар ажлуулахад 1-р контурын усны температур 700С дээш гардаггүй 2-р контурын температур хамгийн ихдээ 580С гарахгүй шаардлагатай дулаан үйлдвэрлэж чадахгүй байгаа. Хэрэв хотхоныг эхний ээлжинд 106 айл, 8 автомашины зогсоол, 8 түрээсийн барилга ашиглалтад орохоор одоо байгаа 2000 квт-ын зуух нь бүрэн чадлаа гаргаж чадахгүй халаалтын систем нэмж доголдохоор байна. Өөрөөр хэлбэл зориулалтын дагуу ажиллахгүй, цаашид ч боломжгүй, доголдол үүссэн.
Энэхүү доголдлыг засварлах боломжит хугацааг Ану Сервис ХХК-д олгож байсан нь үр дүнд хүрээгүй. Иймд тус компанитай байгуулсан. Уурын зуух нийлүүлэх гэрээнээс татгалзсан. Халаалтын зуух нь чанарын шаардлага хангаагүй байдлаас болж Х******* ******* 2 он өвлийн улиралд хөлдсөн ба оршин суугч айлуудад сэтгэл ханамжгүй, тав тухгүй байдал, цаашлаад бизнесийн нэр хүнд болон борлуулалт, компанийн үнэ цэнэ зэрэгт нөлөөлөх шалтгаан болсон.
Мөн зуухыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа тул стандартын шаардлага хангасан зуухаар солиулах шаардлагатай эсхүл өөр төрлийн зуухыг дахин шинээр тавиулах тухай Ану Сервис ХХК-д удаа мэдэгдэж байсан боловч өдийг хүртэл үр дүнд хүрээгүй. Ийнхүү гэрээнээс татгалзаж, бид шинээр зуух захиалсан. Үүнээс болж гэрээний дагуу төлбөрийг төлөх боломжгүйн дээр бид төлсөн 114,903,264 төгрөгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хохирол хүлээсэн.
Иймд Ану Сервис ХХК-иас 114,903,264 төгрөгийн хохирлыг гаргуулж Ц Хаус ХХК-д олгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Ану Сервис ХХК нь Прометей халаалтын зуухыг Монгол улсын Нийслэлийн болон орон нутгийн төвийн дулааны шугамд холбогдох боломжгүй барилга байшинг халаах зориулалтаар нийлүүлээд даруй 10 жил болж, энэ хугацаанд хот, хөдөөгийн нийт 20 гаруй иргэн, аж ахуй нэгжид тус халаалтын зуухыг нийлүүлсэн байна.
2021 оны 06 сарын үед Ц******* ХХК-ийн захирал буюу хувьцаа эзэмшигч Ц.Б нь манай ажил дээр анх ирж уулзан, бид нараас халаалтын зуухын талаар танилцуулга, үзүүлэлт холбогдох мэдээллийг аваад явсан. Өөрсдийн хэрэгжүүлж байгаа Х******* Вилла 2, 3-р төсөл дээр манай компанийн худалдан борлуулж буй халаалтын зуухыг суурьлуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Хэд хэдэн удаа ирж уулзсаны эцэст танайхаас өөр манай төсөлд таарч тохирох халаалтын зуух байхгүй юм байна, танайхаас халаалтын зуух авч, угсарч суурилуулах ажлыг хийлгэе гэсэн хүсэлт тавьсан юм.
Манай компани Ц******* ******* ХХК-д халаалтын зуух, угсралт суурьлуулалтын үнийн саналыг гаргаж өгөхдөө Улаанбаатар хотын агаарын чанарын бүсэд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж, байгууллага нь нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэр гарсан гэж хэлж хааруулсан. Гэтэл Ц.Б захирал газын болон бусад эх үүсвэр судлаар танай төсөл тохирох нь танайхаас өөр байхгүй юм байна гээд гэрээ байгуулахаар ирсэн.
Ану Сервис ХХК нь Ц******* *******" ХХК-тай 2021, 2022 онд дараах 3 гэрээг байгуулж, Х******* ******* 2 төсөлд халаалтын зуух нийлүүлж, угсарч суурьлуулсан, мөн халуун усны бойлерыг нийлүүлсэн юм. Үүнд:
1.2021 оны 7-р сарын 5-ны өдөр 21/08 тоот Бараа материал нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, гэрээний тусгай нөхцөлийн 1-т заасны дагуу Прометей 1000 кВт халаалтын зуух 2 ширхэг, яндан 2 ком, аваарын клапан 2 ширхэгийг нийт 281,062,000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцсон.
Манай компани дээрх гэрээний дагуу 2021.11.15-ны өдөр 1-р ком янданг, 2021.11.17-ны өдөр 2-р ком янданг, 2021.12.01-ний өдөр 2 ширхэг халаалтын зуухыг тус тус нийлүүлж, Ц******* ******* ХХК-ийн ажилтнуудад хүлээлгэн өгөн баримт үйлдэж баталгаажуулсан.
2. 2022 оны 2-р сарын 8-ны өдөр 22/01 тоот Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, дээрх гэрээний дагуу нийлүүлсэн 2 ширхэг халаалтын зуух, яндан, аваарын клапан зэргийг угсарч суурьлуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг нийлүүлж, угсарч суурьлуулах ажлыг хийж гүйцэтгэх ажпыг нийт 152,718,949 төгрөгөөр хийж өгөхөөр харилцан тохиролцсон.
Ц******* ******* ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй Х******* Вилла -2 төслийн халаалтын зуухны зураг төслийг К энержи инженеринг" ХХК-аар хийлгэсэн байсан. Манай компанид уг зураг төслийн хуулбарыг ирүүлснийг үндэслэн түүнд нийцүүлэн халаалтын зуухыг угсарч суурьлуулах ажпыг хийж гүйцэтгэсэн.
Улмаар угсралт, суурьлуулалтын ажпыг хийж дууссаны дараа 72 цагийн туршилт тохируулгын ажлыг хийж, 2022 оны 4-р сарын 26-ны өдөр 22/01 тоот Халаалтын тогоо, түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан сорилтоор шалгасан акт" болон 22/02 тоот Тоног төхөөрөмж угсарч, туршилт хийсэн акт" үйлдэн Ц******* ******* ХХК-д хүлээлгэж өгсөн.
3. Мөн 2022 оны 3-р сарын 14-ны өдөр 21/27 тоот Бараа материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, Чех улсын Drazcie фирмийн 125л хэрэглээний эзэлхүүнт халуун усны бойлер 60 ширхэгийг, нэг бүрийн үнэ нь 1,750,000 төгрөг буюу нийт 105,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу бүтээгдэхүүнийг 2022.04.29-ны өдөр баримтаар тус тус хүлээлгэж өгсөн.
Өөрөөр хэлбэл Ану Сервис ХХК нь Ц******* *******" ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь, бүрэн хийж гүйцэтгэн, бараа материалаа нийлүүлж хүлээлгэж өгсөн юм. Манай компанийн нийлүүлсэн халаалтын зуух, яндан, аваарын клапан болон эдгээрийг угсарч суурьлуулж өгсөн ажлын гүйцэтгэлд ямар ч гэмтэл, дутагдал, доголдол байхгүй.
Харин Ц******* ******* ХХК нь дээрх гэрээнүүдээр манай компанийн өмнө хүлээсэн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй хугацаа хоцроож, өнөөдрийн байдлаар үндсэн нэхэмжпэлд дурдсанчлан гэрээний үлдэгдэл төлбөр, алдангитай нийлээд нийт 214,223,527.5 төгрөгийг төлөлгүй, үүргээ зөрчиж байгаа ба үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Манай компани 2022 оны 4-р сарын 26-ны өдөр халаалтын зуухны туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөс хойш Ц******* ******* ХХК нь Х******* ******* 2 хотхоны байшингуудыг 2022 оны 6-р сарын 15-ны өдөр хүртэл, 2022 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2023 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд халаасан байдаг.
Халаалтын зуухыг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш Ц******* ******* ХХК-аас 3-4 удаа дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход халаалтын зуухны цэвэрлэгээ арчилгааг зохих журмын дагуу хийгээгүй, үнс нурмыг нь бүрэн аваагүй, цэвэрлээгүй, халаалтын зууханд тохирохгүй түлш түлсэн, мөн цахилгааны хэлбэлзэлээс шалтгаалан давтамж хувиргагч /инвертэр/ тоног төхөөрөмж шатсан байснаас гадна мэргэжлийн бус хүмүүс ажиллуулснаас үүдэлтэй зөрчлүүд илэрсэн.
Эрчим хүчний тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-т Хуулийн этгээдэд дараах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гээд 12.1.2-т Дулаан үйлдвэрлэх, 12.1.7-т Дулаан түгээх, 12.1.9-т Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах гэж, мөн зүйлийн 12.5-т Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахгүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барих, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл Ц******* ******* ХХК нь манай компаниас 1000 МВт-ын хүчин чадалтай халаалалтын зуухыг авч, ажиллуулж байгаа. Энэ тохиолдолд дээрх хуулийн заалтуудын дагуу Эрчим хүчний яамнаас дулаан үйлдвэрлэх, түгээх, эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрлүүдийг тус тус авч, үйл ажиллагаа явуулах байсан ч өнөөдрийг хүртэл зөвшөөрлөө аваагүйгээс гадна мэргэжпийн бус хүмүүсийг халаалтын зуух дээр өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ба 2023 оны .... сараас эхлэх халаалтын зуухны үйл ажиллагааг тус хотхоны СӨХ авч, үйл ажиллагаа явуулж байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн.
Эдгээрийг манай компани дуудлагын дагуу очихдоо тухай бүрт нь Ц******* ******* ХХК-т зөвлөгөө, зөвлөмжийг амаар болон бичгээр өгч ажилласан. Энэ талаарх баримт нь хавтаст хэргийн 17 дахь талд авагдсан Ану Сервис ХХК-аас Ц******* Хаус ХХК-д хүргүүлсэн 2022.12.02-ны өдрийн 22/352 тоот Х******* *******-2 төслийн халаалтын зууханд хийсэн үзлэгийн дагуу өгсөн заавар, зөвлөгөө", хавтаст хэргийг 18-23 дахь талд авагдсан Ану Сервис ХХК-аас Ц******* Хаус ХХК-д хүргүүлсэн 2023.01.31-ний өдрийн 23/36 тоот Халаалтын зууханд хийсэн үйлчилгээний талаар гэх албан бичиг, түүний хавсралтаар тус тус нотлогдно.
Ц******* ******* ХХК-аас дуудлага ирсэн тухай бүрт нь Инженер, техникийн ажилчдаа томилон яаралтай явуулж, үзлэг оношлогоог хийж, албан тоотоор авсан арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах заавар зөвлөгөөг өгч байнгын эргэх холбоотой ажилласан. Ц******* ******* ХХК-ийн өгсөн дуудлагын дагуу очиж ажиллахад ихэнх зөрчил нь дээр дурдсан халаалтын зуухыг технологийн горимоор нь ажиллуулаагүй буюу таарч тохирохгүй түлш түлсэн, дутуу шатаасан, цэвэрлэгээ арчилгааг дутуу хийсэн, үнс нурмыг дутуу авсан гэх зэрэг 100 хувь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй асуудлууд гарсан байсан.
Харин халаалтын зуух болон түүний иж бүрдэлийн үндсэн хийц, бүтээц, хүчин чадал, угсралт, суурьлуулалттай холбоотой ямарваа нэгэн гэмтэл, доголдол огт гараагүйг энд дурдах нь зүйтэй.
Өмнө нь дурдсанчлан манай компани Прометей 1000 кВт халаалтын зуухыг 20 гаруй аж ахуй нэгж, байгууллагад нийлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч доголдолгүйгээр ажиллаж, шаардлагатай дулаанаа үйлдвэрлэж байгаа талаар худалдан авагч нар маань хэлдэг, энэ талаар ам сайтай байдаг. Мөн шаардлагатай үедээ манайд дуудлага ирүүлж, шаардлагатай урсгал засвар үйлчилгээгээ хийлгүүлж, ямар ч саадгүйгээр ашигласаар байгаа юм. Энэ талаархи баримтыг тайлбартаа хавсаргав.
Ц******* ******* ХХК нь манай компанитай гэрээ байгуулахдаа хэрэгжүүлж байгаа Х******* 2, 3 төсөл нь нийт 238 *******, 18 гараж, түрээсийн байр, 30 ресорт ******* ашиглалтад орохоос эхний ээлжийнд 106 *******, 9 граж, түрээсийн байр, 15 ресорт ******* ашиглалтад орох тул санхүүгийн боломжиндоо тулгуурлан халаалтын зуухыг 2 үе шаттай хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд 1000 кВт-ын 2 зуух, 3000 кВт-ын ялтсан дулаан солилцуурыг суурьлуулуулсан. Төсөл бүтэн хэрэгжвэл зураг төсөлд зааснаар 1000 квт-ын 4 зуух, 4000 квт-ын ялтас суурилагдах байсан. Нийт төслийн хэрэгцээг эзлэхүүний аргаар тооцвол 3733.84 квт байсан ба эхний ээлжийн төсөл 1724.73 квт байхаар тухайн үед тооцоог манай компанид өгч байсан.
Хэрэв үндсэн нэхэмжпэлийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан нийт 765 квт-ын хэрэглээ байгаа бол халаалтын зуух, ялтсан дулаан солилцуурын хүчин чадал аль ч талаас нь харсан хүрэлцээтэй харагдаж байна.
Энэхүү Прометей зуухыг манай байгууллага оруулж ирж нутагшуулад 10 жил орчим болж байгаа бөгөөд танайхаас бусад газраас ямар нэг гомдол санал гараагүйн дээр хэвийн ажиллаж ирсэн болно. Зөвхөн танай байгууллага дээр асуудал үүсээд байгаа бөгөөд дараах хүчин зүйлүүдээс хамаарч байна гэж үзэж байна. Үүнд:
1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, мэргэжлийн ИТА-д байхгүйгаар халаалтын зуух ажиллуулж байгаа нь зуухыг горимын дагуу ажиллуулж чадахгүй, эвдрэл гэмтэл үүсгэж байгаа гол шалтгаан, хүчин зүйл болж байна. Тухайлбал хамгийн уртдаа 10-14 хоногт зуухны халах гадаргуу, утаа сорогч, ул ширэмийг цэвэрлэх ёстой атал хийдэггүй. Нэгдүгээр зуухны утаа сорогчын сэнс хавирч, дуу орж зогсоосон гэсэн дуудлагаар очиж үзэхэд, утаа сорогчийн сэнсний хэсэгт үнс их хэмжээгээр хуримтлагдсанаас ажиллагааны явцад сэнсний гол боолт суларч, сэнс наашаа гарч, хавирсан байсан. Бид, үнсийг цэвэрлэн, боолтыг чангалж, тосолгоо үйлчилгээ хийж, хэвийн ажиллагаанд оруулж өгч байсан.
2. Мэргэжлийн инженер, техникчид байхгүйн улмаас технологийн горим барьж ажиллуулахгүй, зууханд тогтмол хийж байх шаардлагатай үзлэг, үйлчилгээг хийдэггүй, хүчдэлийн хэлбэлзэл байгааг хэлсээр байтал үл хайхарч, тогтмол шалгадаггүйгээс халаалтын зуухны цахилгаан тоног төхөөрөмжүүдэд гэмтэл гарч байна.
3.Ажпын байранд тогтмол цэвэрлэгээ хийдэггүй тул бүх тоног төхөөрөмж, шугам хоолой, удирдлагын самбарууд тоосжилт ихтэй орчинд ажиллаж байгаа бөгөөд энэ нь манай ИТА-аас иүүлсэн мэдээлэл, ажпын байранд авсан зургаас харагдаж байна. /Фото зураг хавсаргав./ Үүний улмаас ялангуяа цахилгааны шит, тоног төхөөрөмжид соронзон орон үүсч, хүчдэл унах, салж, нийлэх, автомат удирдлагуудын мэдрэгч эвдрэх магадлал өндөр байдаг.
Ц******* ******* ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу тухай бүрд нь үйлчилгээ үзүүлж ирсэн. Хоёрдугаар хэлхээний насос ажиллахгүй байна гэсний дагуу үзлэг хийхэд 22 квт-ын хөдөлгүүр хүчдэлийн хэлбэлзлийн улмаас шатсан байсан тул ороолгож, хэвийн болгох зөвлөмж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа оршин суугчдаас гаргасан шаардлагыг хавсаргасан гэсэн байгаа боловч тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгуй баримт гэж үзэж байна. Учир нь тухайн шаардлагад шаардлага гаргасан хүний гарын үсэг байхгуй, гарын үсгээр баталгаажуулаагүй, хэзээ хэнд хүлээлгэж өгсөн, авсан талаар дурдаагүй, холбогдох баримтууд нь хавсаргагдаагүй байгаагаас харж болохоор байна. Ийм баримт бичгийг хэн ч үйлдэх боломжтой бөгөөд оршин суугчид тухайн шаардлагыг гаргасан эсэх нь туйлын эргэлзээтэй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байна.
ИХШХШ тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээдэг ч Ц******* ******* ХХК нь энэ үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Энэхүү нөхцөл байдлаас нь шалтгаалан огт үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжпэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориудаар саад учруулж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулах, гэрээний үлдэгдэл үнийг төлөх хугацааг хойшлуулах арга хэрэглэж байна гэж үзэхэд хүргэж байна. Х******* *******-2 төсөлд халаалтын зуух нийлүүлж, хүлээлгэн өгсөн 2022.04.26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хэвийн ашиглаж, халаалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сүүлд Ц******* Хаус" ХХК-ийн зүгээс 2023 оны 11 сарын 06-ны өдөр Х******* 2 хорооллын СӨХ-ийн дарга н.Олончимэг халаалтын 2 зуухны хүрдний давтамж хувиргагч, хөдөлгүүр ажиллахгүй, шатсан гэсэн дуудлага ирүүлсний дагуу манай цахилгааны инженер Ё.Т очиж ажилласан. Дуудлагын дагуу очиж хүчдэлийг хэмжиж үзэхэд 238-240Вт байсан ба хүчдэлийн хэлбэлзлийн улмаас цахилгаанаар ажилладаг хөдөлгүүр, давтамж хувиргагч шатсан болох нь тогтоогдсон. Мөн өөрсдөө 380 Вт-ын давтамж хувиргагч тавиад, 220 Вт-д холбож ажиллуулан шатаасан байсан. Тиймээс СӨХ-өөс нь тавьсан хүсэлтийн дагуу 2 зуухны хүрдийг давтамж хувиргагчгүй болгож, удирдлагын самбарт дулааны реле, соронзон пускатель, хугацааны реле тавьж, өөрсдөө авсан шинэ хөдөлгүүрийг нь угсран, ажилд залган, тохиргоо хийж өгсөн. Энэ үед хоёрдугаар хэлхээний температур 58-60 градус болж өссөн, Цаашид галлагааны явцад хүрдний тохиргоог хийж явах, хүчдэлийн хэлбэлзлийг шийдэх, байнга хэмжилт хийж, хянаж байх шаардлагатай талаар зөвлөгөө өгсөн болно.
Дээр дурдсанчлан Ц******* ******* ХХК-ийн гаргасан гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлага нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй, түүнийг хангаж шийдвэрлэх ямар ч боломжгүй.
Иймд Ц******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчээс Ану ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №22/01 тоот гэрээ, халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан сорилтоор шалгасан 2022 оны 04 сарын 26-ны өдрийн акт, Х******* *******-2 төсөлд тавигдсан тоног төхөөрөмжийн бичиг баримт хүлээлцсэн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн акт, тоног төхөөрөмж угсарч, туршилт хийсэн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 22/02 тоот акт, Ану ******* ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Бараа материал нийлүүлэх 2022 оны 03 сарын 14-ний өдрийн гэрээ, хавсралт, 105,000,000 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн баримт, Ану ******* ХХК-иас Ц******* ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг 22/352, 23/36, цахилгааны шитний зураг 5 хуудас, Ану ******* ХХК-иас Ц******* ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг 23/49, 23/91, Бараа материал нийлүүлэх 2021 оны 7 сарын 05-ны өдрийн гэрээ, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн сургуулийн зуухны туршилт, судалгааны төвийн Прометей автомат маягийн ус халаах зуухны туршилтын үр дүнгийн талаарх тодорхойлолт, туршилтын ажлын тайлан, халаалтын зуух, яндан, клапан хүлээлгэж өгсөн баримт, Ц******* ******* ХХК-ийн албан бичиг, Ану ******* ХХК-иас Ц******* ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2023 оны 11 сарын 06-ны өдрийн дуудлагын тэмдэглэл, үзлэгийн акт, Ц******* ******* ХХК-д үзүүлсэн үйлчилгээ, заавар зөвлөгөө, Ану ******* ХХК-иас Прометей маркийн 600-1000 квт халаалтын зуух гэрээгээр худалдан авсан компаниудын зуухны ашиглалт, үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, Ану ******* ХХК-иас Ц******* ******* ХХК-ийн 2023 оны 11 сарын 05-ны өдөр дуудлагаар очиж засвар үйлчилгээ хийсэн ажлын фото зураг, Х******* *******-2 СӨХ-ноос Ану ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг, мөн СӨХ-ноос Ц******* ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг, Ану ******* ХХК-иас Х******* *******-2 СӨХ-д хандсан албан бичиг, Х******* *******-2 СӨХ-ийн хариу албан бичиг, Ану ******* ХХК, Х******* *******-2 СӨХ-ны хооронд байгуулсан Ашиглалтын гэрээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, /Х******* ******* СӨХ-ийн гэрчилгээ-/нотлох баримтын шаардлага хангаагүй/ /
Хариуцагчаас Ц******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээтэй холбоотой баримтууд 1-р хх-ийн 60-84 хуудас, Ц******* ******* ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргасан цахим шуудангаар ирүүлсэн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ану ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, шинэ уурын зуух захиалсан тухай Худалдааны гэрээ, Ц******* ******* ХХК-д оршин суугчдаас ирүүлсэн шаардлага, Ц******* ******* ХХК-д Баатархүүгээр ахлуулсан ашиглалтыг зүгшрүүлэх, тохируулах ажлыг хариуцсан багийг солих тухай шаардлага хүргүүлэх тухай оршин суугчдын шаардлага баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн,
Шүүхийн журмаар хаягт үзлэг хийсэн боловч бүх зурвасууд устсан тул үзлэг хийгээгүй тухай тэмдэглэл, цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан емайл зэрэг нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ану ******* ХХК нь хариуцагч Ц******* ******* ХХК-д холбогдуулан Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээ болон бараа материал нийлүүлэх гэрээний төлбөрт нийт 214,223,527.5 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж,
Хариуцагч Ц******* ******* ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, гэрээний төлбөрт төлсөн 114,903,264 төгрөгийг нэхэмжлэгч Ану ******* ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Гүйцэтгэгч Ану ******* ХХК, захиалагч Ц******* ******* ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №22/01 тоот Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 20-р хороонд байршилтай, Х******* Вилла 2 амины орон сууцны хотхонд халаалтын зуух, ялтсан дулаан солилцуур бүхий 1, 2 дугаар хэлхээний цогц төхөөрөмжийн материалыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгэх /Гэрээний хавсралт-1/ хугацааг тохирох, ажлын нийт өртөг 152,718,949 төгрөг, гэрээ байгуулахад гэрээний үнээс урьдчилан 70 хувь буюу 106,903,264 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, угсралтын ажлыг дуусган актаар хүлээлгэн өгч, туршилтын 72 цаг дуусахад гэрээний үлдсэн 3 хувь буюу 45,815,685 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохирчээ.
Дээрх дурдсан Х******* ******* 2 төсөлд нийлүүлсэн халаалтын зуух, ялтсан дулаан солилцуур, насос дагалдах тоног төхөөрөмжийг угсрахад шаардлагатай шугам хоолой, таслах хаалт, хэмжих, хянах хэрэгслийг нийлүүлж, угсрах ажилд нийт 9 нэр төрлийн материалыг тоо хэмжээ, нэг бүрийн үнэ, нийт үнэ, тайлбар, тээвэр, машин механизм, ажлын хөлс зэргийг талууд үнийн санал бүхий жагсаалтаар гэрээний хавсралтад тусгасан байна. /1-р хх-6-7/ Үүнд:
1.Сүмбэ, 450 ширхэг, нэг бүрийн үнэ 43,100 төгрөг, нийт үнэ 19,395,000 төгрөг,
2.Яндангийн каркас хийх материал, иж бүрдэл, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 4,493,400 төгрөг, нийт үнэ 4,493,400 төгрөг,
3.Утаа холбох зориулалттай хар хоолой, холбох хэрэгслийн хамт Ф200-300 мм, иж бүрдэл, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 6,976,040 төгрөг, нийт үнэ 6,976,040 төгрөг,
4.Нэмэлт усны насосны суурь болон холбох материал, иж бүрдэл, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 1,632,730 төгрөг, нийт үнэ 1,632,730 төгрөг,
5. 2-р хэлхээний тэлэлтийн сав 1000 л-ийн холбох хэрэгсэл суурийн хамт, иж бүрдэл, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 671,095 төгрөг, нийт үнэ 671,095 төгрөг,
6. 1-р хэлхээний тэлэлтийн сав 500 л-ийн холбох хэрэгсэл суурийн хамт, иж бүрдэл, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 448,865 төгрөг, нийт үнэ 448,865 төгрөг,
7. 1 ба 2-р хэлхээний шугам сүлжээ, таслах хаалтууд, хамгаалах, тохируулах, хянах хэмжих болон холбох хэрэгсэл, иж бүрдэл, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 62,337,400 төгрөг, нийт үнэ 62,337,400 төгрөг,
8.Туслах материалууд /ус тусгаарлалт, дулаалга, ялтсан дулаан солилцуур, 1 ба 2-р хэлхээний насосоны суурь/, иж бүрдэл, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 5,020,170 төгрөг, нийт үнэ 5,020,170 төгрөг,
9. Угсрагдсан тоног төхөөрөмжийг холбох цахилгааны удирдлагын самбар, кабель, бусад туслах материал, ком, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 9,630,800 төгрөг, нийт үнэ 9,630,800 төгрөг, нийт дүн 110,605,500 төгрөг, тээвэр, машин механизм, ажлын хөлс 42,113,449 төгрөг, бүгд ажлын хөлс 152,718,949 төгрөг байна гэж заажээ.
Уг гэрээний дагуу 67 м2 халаах гадаргуутай, Прометей маркийн 1000 квт усан тогоо, 2 ширхэг тавьж, тогооны өргийг Үйлдвэрлэгч тоосгоор доторлогоо хийж, бэлэн хийн нийлүүлсэн, 3000 квт хүчин чадалтай халаалтын ялтсан эзлэхүүнтэй дулаан солилцуур нэг ширхэгийг тавьж, халаалтын зуух, ялтсан дулаан солилцуурын угсралтыг сайн, стандартын дагуу угсарч суурилуулж, шалгасан тухай захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан сорилтоор шалгаж 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №22/01 акт үйлдсэн байна. /1-р хх-ийн 8/
Мөн өдрийн Х******* ******* 2 төсөлд тавигдсан тоног төхөөрөмжийн бичиг баримтыг хүлээлцсэн актаар,
1.Прометей-1000 халаалтын зуух, 2 ширхэг, иж бүрдэл, дагалдах хавтас, танилцуулга баримт бичгийн тоо-2, зуухны паспорт, дагалдах тоног төхөөрөмжийн гэрчилгээ, ESC удирдлагын холбогч /тохируулагч хийхэд ашиглана/,
2.Удирдлагын самбар, 2 ширхэг, дагалдах хавтас, танилцуулга баримт бичгийн тоо-3, зуухны хүчний цахилгаан, автоматикын бичиг баримт, схем,
3. ДН-8у маркийн зуухны утаа сорогч буюу дымосос 380 V, 2 ширхэг, дагалдах хавтас, танилцуулга баримт бичгийн тоо-6, техникийн болон ашиглалт, угсралтын заавар, дымосос болон хөдөлгүүрийн паспорт,
4.DEE-1t маркийн зуухны хүрд, хүрдний мотор, 2 ширхэг, дагалдах хавтас, танилцуулга баримт бичгийн тоо-4, хүрд болон моторын паспорт,
5.2JET 251T маркийн нэмэлт усны насос, 380V, 1 ширхэг, иж бүрдэл, дагалдах хавтас, танилцуулга баримт бичгийн тоо-2, паспорт, дагалдах бичиг баримт,
6.BPH180/360.80Т маркийн 1-р хэлхээний насос, 220V, 3 ширхэг, иж бүрдэл, дагалдах хавтас, танилцуулга баримт бичгийн тоо-3, паспорт, дагалдах бичиг баримт,
7.NKP-G-50-200/219/22/2 маркийн 2-р хэлхээний насос, 380V, 2 ширхэг, иж бүрдэл, дагалдах хавтас, танилцуулга баримт бичгийн тоо-2, паспорт, дагалдах бичиг баримтын хамт гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгсөн байна. /1-р хх-ийн 9/
Мөн өдрийн Тоног төхөөрөмж угсарч, туршилт хийсэн №22/02 актаар Прометей-1000 усан халаалтын зуух, ялтсан дулаан солилцуур, дагалдах тоног төхөөрөмжийн хамт зуух 2 ширхэг, ялтсан дулаан солилцуур 1 иж бүрдэл, насос 6 иж бүрдэл, 8 тн угсардаг сав, 500 ба 1000 литрийн тэлэлтийн сав, шугам сүлжээний хамт, халаалтын зуух, ялтас, шугам сүлжээнд усан шахалт хийж үзсэн ба 72 цаг ажилд залгахад хэвийн байж, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, угсралтын заавар, техникийн паспорт дагалдах бичиг баримтыг жагсаалтаар хүлээлгэж өгч, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх боломжтой, хэвийн гэж үзэн цаашид захиалагч инженер техникийн ажилчдыг сургаж, дадлагажуулан ашиглалтын үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэсэн тайлбартайгаар хүлээлгэн өгчээ. /1-р хх-ийн 10/
Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №22/01 гэрээний төлбөр 152,718,949 төгрөгөөс хариуцагч Ц******* ******* ХХК нь 2022 оны 03 сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 114,903,264 төгрөг төлж, 37,815,685 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Ану ******* ХХК-ийн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна. /1-р хх-11/
4. Бараа материал нийлүүлэх 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №21/27 гэрээгээр, нийлүүлэгч Ану ******* ХХК нь захиалагч Ц******* ******* ХХК-д хэрэглээний халуун усны 2 ажиллагаатай 125 литр эзлэхүүнт бойлер /гэрээний хавстралт-1/ 60 ширхэг, нэг бүрийн үнэ 1,750,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр, захиалагч Ц******* ******* ХХК нь 2022 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг төлөхөөр тохирчээ. /1-р хх-ийн 12-15/
Энэ гэрээний дагуу 60 ширхэг бойлерыг нэхэмжлэгч Ану ******* ХХК нь нийлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бараа материал хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй болно. /1-р хх-ийн 16/
Дээрх Бараа материал нийлүүлэх 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №21/27 гэрээний төлбөрт 105,000,000 төгрөгийг хариуцагч Ц******* ******* ХХК төлөөгүй байна.
5. Талуудын хооронд байгуулсан Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх, Бараа материал нийлүүлэх гэрээнүүд нь худалдах-худалдан авах гэрээ байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал, Х******* ******* 2 төслийн амины орон сууцны хотхонд халаалтын зуух, ялтсан дулаан солилцуур бүхий 1, 2 дугаар хэлхээний цогц төхөөрөмжийг нийлүүлэх харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна.
Уг гэрээний зүйл болох 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг Чех, Итали, Орос, Хятад, Монгол улсад үйлдвэрлэсэн ба нийлүүлэгч нь төхөөрөмжийг угсарч суурилуулах, хэвийн ажиллагааг хангаж захиалагчид хүлээлгэн өгөх ажиллагаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа боловч худалдах-худалдан авах гэрээний зүйлийн онцлогтой холбоотойгоор үүсч байгаа тул шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн үзэв.
Цаашлаад гэрээний дагуу нийлүүлж байгаа 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэгч үйлдвэрлээгүй, тоног төхөөрөмж суурилснаас хойших ажиллагаатай холбоотой техникийн үзүүлэлтийг гэрээнд тусгаагүй, харин талуудын хооронд Порметей халаалтын зуухны ажиллагаатай холбоотой маргаан өөр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа талаар талуудын хэн аль нь тайлбарлаж байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулан актаар хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч нь худалдан авсан зүйлийн үнийг төлөх үүрэг үүснэ.
Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг төлөхгүй, гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ догодолтой байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, хаалтын зуух хүрэх температурт хүрэхгүй, оршин суугчид хүйтэн байгаа талаар удаа дараа гомдол гаргасан тул гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт өгсөн мөнгөө шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн тухайд, 2022 оны 02 сарын 09-ний өдрийн гэрээ хэрэгжээд дууссан, хариуцагч нь манай нийлүүлсэн 2 зуух доголдолтой байсан гэж байгаа боловч уг гэрээний хавсралт 1-т заасан 9 нэр төрлийн тоног төхөөрөмжид доголдолтой гэх зүйл байхгүй, хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож чадахгүй, хэргийн баримтаар мөн хангалттай тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Х******* ******* 2 хотхоны оршин суугчид Х******* ******* 2 СӨХ байгуулж, улмаар халаалтын зуухны ашиглалтын гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ану ******* ХХК-тай байгуулж халаалтын зуухны ашиглалтыг хариуцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, талуудын тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийг хэлэлцсэний дараа хариуцагч хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.
Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх 2022 оны 02 дугаар сарын 09-ний гэрээгээр 9 нэр төрлийн материалыг Ану ******* ХХК нь нийлүүлж, тээвэр, машин механизм, ажлын хөлсийг гэрээнд тусгаж, баталгаат хугацааг 1 жилээр тогтоож өгсөн байна.
Хариуцагч Ц******* ******* ХХК уурын зуухны ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байгаа боловч гэрээнд уурын зуухны техникийн үзүүлэлтийг заагаагүй, ажлын үр дүнгийн талаар техникийн үзүүлэлтийг тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтуудад захиалагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээнд тусгасан ба талуудын энэ тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэж байгаа тул алданги гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Ану ******* ХХК нь хариуцагч Ц******* ******* ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт шаардаж эрхтэй гэж үзэн үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний үр дүнгийн доголдолтой холбоотой татгалзал үндэслэлгүй, ийнхүү гэрээний зүйл доголдолтой болох нь хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт өгсөн мөнгийг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Ц******* ******* ХХК-иас Материал нийлүүлж, тоног төхөөрөмж угсрах ажил гүйцэтгэх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №22/01 гэрээний үлдэгдэл төлбөр 37,815,685 төгрөг, алданги 18,907,842.50 төгрөг, нийт 56,723,527.50 төгрөг, Бараа материал нийлүүлэх 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №21/27 гэрээний төлбөр 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөг, бүгд нийлээд 214,223,527.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ану ******* ХХК-д олгож, хариуцагч Ц******* ******* ХХК-ийн гаргасан 114,903,264 төгрөгийг нэхэмжлэгч Ану ******* ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Х******* ******* 2 хотхоны оршин суугчид Х******* ******* 2 СӨХ байгуулж, улмаар халаалтын зуухны ашиглалтын гэрээг Ану ******* ХХК-тай байгуулж халаалтын зуухны ашиглалтыг хариуцуулсан байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 1,229,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,229,068 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 732,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц******* ******* ХХК-иас нийт 214,223,527.50 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ану ******* ХХК-д олгож, Ану ******* ХХК-иас 114,903,264 төгрөг гаргуулах Ц******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,229,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,229,068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар уг хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хүчинтэй байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ