| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/04677/И |
| Дугаар | 101/ШШ2024/05376 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2024/05376
| 2024 11 15 | 101/ШШ2024/05376 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц*******гийн Г******* /ИБД:1*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******,
Хариуцагч: Б*******д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөн бичилт хийхийг даалгаж, 3,798,666 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн ******* хорооны иргэн Ц.Г******* нь Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-т 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс хойш ачигчаар ажиллаж байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 6 сарын 21-ний өдрийн 72 тогтоолыг үндэслэн 2023 оны 10 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар мэдэгдэл өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ, холбогдох бичиг баримтыг өгөөгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024-02-28-ны өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр гардан авсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч БЗДИХАШ-ийн шүүгчийн 2024 оны 03-р сарын 25-ны өдрийн 101/Ш32024/08409 дугаартай захирамжаар "...Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтаас үзвэл, Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТУТ-т ажиллаж байгаад гарсан, уг газар нь тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцахаар байх ба нэхэмжлэгч нь Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТУГ-т хандсан эсэх, ямар хариу өгсөн талаар тодорхойгүй гэжээ.
Мөн шимтгэлийг нөхөн төлөөгүй талаарх гомдлоо Нийгмийн датгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн эсэх, ямар хариу өгсөн талаар тодорхойгүй" гэжээ.
Ажил олгогч БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний *******" ОНӨААТУГ нь татан буугдсан бөгөөд одоо ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд үүнийг баталгаажуулан ажил олгогч БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний *******" ОНӨААТУТ-ын 2024 оны 02-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр "одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй" тухайгаа БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.
Мөн ажил олгогч БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ийн 2024 оны 04-р сарын 02-ны өдрийн БЗДИХАШШ-д гаргасан тайлбарт Нийтлэг үйлчилгээний газар гурав ОНӨАТҮГ-ын үйл ажиллагааг зогссонтой холбоотой санхүүжилт олгохоо больсон тул ХХБ-ний 2611181207 тоот данс болон Голомт банкны 3055128534 дансанд хог хаягдлын хураамж төвлөрүүлэх данс зэргийг битүүмжлэн татан буугдах үйл ажиллагаа явагдаж байна. гэсэн байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д "Иргэдийн
төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна", мөн зүйлийн 2 дахь хэсэг "Орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн хурал дараахь бүрэн эрхтэй-ийн 4-д "орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих" гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу БЗД-ийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд БЗДЗДТГ-ын 2023 оны 12-р сарын 19-ний өдрийн 02/3515 дугаартай албан бичгээр хариу өгсөн болно.
Мөн БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2024 оны 03-р сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/08409 дугаартай захирамжаар БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газрыг хамтад нь хариуцагчаар татсан үндэслэл тодорхойгүй, 2 шаардлагыг ямар учраас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал болон Засаг даргад холбогдуулж гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой дурдаагүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.
БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ын 2024 оны 02-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичигт одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэснээс дүгнэхэд татан буугдаж байгаа нь батлагдаж байгаа болно.
Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас татан буугдаж байгаа БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ- ыг хариуцагчаар татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн зүйлиийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй- ийн 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах' гэж Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу ХАРИУЦАГЧ-аар ажил олгогч БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан" БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн Засаг дарга нарыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын тэтгэмжийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 4 жил ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д зааснаар 2 сараар тэтгэмжийг нэхэмжилсэн болно. Ц.Г******* нь 2019 оны 07 сарын 02-ны өдөр ажилд орж 2023 оны 10 сарын 10-ны өдөр ажлаас гарсан, 4 жил 3 сарын хугацаанд нэхэмжлэлийн дүн 1,899,333 төгрөгийг 2 дахин 3,798,666 төгрөг.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ын жолоочоор ажиллаж байсан Ц.Г*******ын 2022 оны 11-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 3,798,666 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Жич:БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 2024 оны 02-р сарын 28-ний өдрийн тэмдэглэлийг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр гардан авсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан хугацаа 2024 оны 03-р сарын 18-ны өдөр дуусах байсан бөгөөд тухайн өдөрт шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2024 оны 03-р сарын 25-ны өдрийн 101/Ш32024/08409 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг бүрдүүлбэр хангаад дахин нэхэмжлэл гаргасан болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний ******* ОНӨААТҮГ-ын ачигчаар ажиллаж байсан Ц.Г*******ын 2022 оны 11-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 3,798,666 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1-19 дүгээр талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нар хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г******* нь хариуцагч Б*******, Б*******д тус тус холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 3,798,666 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх иргэний хэрэг үүсгэн хариуцагч Б*******, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2024 оны 05 дугаар сарын 29, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбарыг 14 хоногийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийн захирамж гарсныг дурдав.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний *******, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ачигчийн албан тушаалаас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгоогүй, мөн 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийгээгүй тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах гэж тодорхойлсон.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлэхээр заасан.
Нэхэмжлэгч Ц.Г******* нь хөдөлмөрийн эрхийн тус асуудлаар Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлага нь үндэслэлтэй гэж үзсэн болох нь хэрэгт авагдсан тус хорооны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзнэ.
6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасан үйл баримтад талууд маргаагүй, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нийтэд илэрхий гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 дугаар тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Г*******ыг тус газрын ачигчийн ажлаас чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдал, хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдолд дурдагдсан байна.
7. Б******* нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар-ыг тус тус татан буулгасан байх боловч уг тогтоолоос үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй байна.
Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 3.6, 3.7 дахь хэсэгт тус тус зааснаар Засаг дарга нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцаж, газрын дарга нь Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнадаг байх тул татан буугдсан Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтанд олгох тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүргийг хариуцагч Б******* хамтран хариуцахаар байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан.
Тодруулбал, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмжийг ажилтанд олгох үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч Ц.Г******* нь Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 4 жил 4 сар ажилласан байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт зааснаар 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй тул уг тэтгэмжийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 2023 оны 7-9 дугаар сарын цалингаар тооцоход дундаж цалин 1,899,333 төгрөг гарч байх бөгөөд үүнийг 2 сараар тооцож, хариуцагч нараас 3,798,666 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд ажил олгогч нь зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилтийг хийгээгүй байх тул хариуцагч нарт зохих шимтгэлийг тухайн хугацаанд төлж, бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 146,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б*******, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 3,798,666 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г*******од олгож, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 146,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ