Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2019/00029

 

Б.Сүрэнхорын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00811 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Сүрэнхорын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сүрэнхор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Сүрэнхор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Сүрэнхор миний бие 1987 оны 02 дугаар сарын 23-ны нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор авч ажиллуулав тушаал, Хажуу улааны нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1987 оны 02 дугаар сарын 23-ны 31 тоот тушаал гаргаагүй, 1988 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлж, цэцэрлэгт шилжүүлэв 33 тоот тушаалын хуулбарууд архиваас гараагүй, 1988 оны 12 дугаар сарын 01-ний Хажуу улааны цэцэрлэгт угаагчаар авч ажиллуулав гэсэн 42 тоот тушаал архиваас гараагүй одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байгаа учир ажиллаж байсан байсныг минь тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсныг Даваасүрэн, Наранцэцэг нар гэрчлэх болно.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Балжиннямын Сүрэнхорын ажиллаж байсан байдалд тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Сүрэнхор давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуулын шийдсэн “ажилласан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай үндсэн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Сүрэнхор би нотлох баримтаар хөдөлмөрийн дэвтэр, гишүүний бат илэрхийлэх, ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлөх тушаал, иргэний үнэмлэхний лавлагаа болон бусад баримтууд хавсарган өгсөн юм.

  1. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, гадаад

пасспорт, гэрлэлтийн баталгаа болон бусад бүх баримт бичгүүд Балжинням овогтой Сүрэнхор гэсэн овог нэрээр явдаг юм. Гэтэл 280489 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэр дээр Балжиннямын Сүрэнхорлоо гэж буруу бичигдсэн байгааг анхан шатны шүүхээр зөвтгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлээгүй, хууль бус шийдвэр гаргасанд нэхэмжлэгч би гомдолтой байна.

            Тухайн үеийн худалдаа бэлтгэлийн ангийн удирдлага, нягтлан няравуудын хариуцлагагүй байдлаас миний хөдөлмөрийн дэвтрийн овог нэр буруу бичигдсэн байна. Монгол улсад хамгийн чухал үүрэгтэй албан ёсны баримт бичиг бол иргэний үнэмлэх байх учиртай. Тийм ч учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Балжиннямын Сүрэнхор болгон өөрчилж өгнө үү гэхэд шүүгч Д.Алтантуул “... та нэрээ Сүрэнхорлоо болохоо хүлээн зөвшөөрвөл би ажилласан жилийг чинь тогтоож өгнө...” гэж хэлсэн. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй болохоор хэргийг минь хэрэгсэхгүй болгосон байна.

  1.  Би Дорноговь аймгийн Хажуу улаан сумын худалдаа бэлтгэлийн ангид 1987

оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №31 тоот тушаалаар нийтийн аж ахуйн үйчилгээний оёдолчноор ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №33 тоот тушаалаар цэцэрлэгт угаагч, тогоочоор 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр чухам ямар үндэслэлээр миний ажилласан жилийг тогтоохгүй хэрэгсэхгүй болгосон талаар огт дурдаагүй байна. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн овог нэрний талаар бичигдэж явсаар дууссан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ байхаа.

Шүүхийн энэхүү эргэлзээтэй, үндэслэлгүй, зөрчилтэй дүгнэлтүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн үйлдлүүдээс шүүх шийдвэрийг миний эрх ашгийг хохироосон. Мөн би дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна.

Иймд  Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00811 дугаартай шийдвэрийг Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шүүх хуралд би оролцох болно.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөв хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Давж заалдах шатны шүүх  өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн Б.Сүрэнхорын хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Б.Сүрэнхор нь 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны  өдөр хүртэл Дорноговь аймгийн Хажуу-Улаан сумын худалдаа бэлтгэлийн ангид Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Балжинням овогтой Сүрэнхорлоо гэсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох хүсэлт тус тус гаргажээ.

            Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай албан бичигт “Тус архивт Хажуу-Улаан уурхайн Нийтийн аж ахуйн үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэгийн архивын баримт шилжиж ирээгүй тул Балжинямын Сүрэнхорлоод холбогдох лавлагааг олгох боломжгүй болно”  гэжээ./хх-ийн 6-р тал/

            Б. Сүрэнхор нь 1964 оны 05 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотын Ажилчны районд төрсөн, эцэг Наваан овогтой Балжинням, эх Намжил овогтой Магван 0447735 Г-731 дугаар төрсний гэрчилгээг Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлээс олгосон байна./хх-ийн 9-р тал/

            Б.Сүрэнхор нь эхээрээ овоглон Магваны Сүрэнхор гэж байгаад Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221 дүгээр захирамжаар эцгээрээ овоглож Балжиннямын Сүрэнхор болж овгоо өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103/017320 дугаартай лавлагаагаар тогтоогджээ./хх-ийн 28-р тал/

            Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03-8/2737 дугаартай лавлагаанд “Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 123 дугаар хуудсанд: Дорноговь аймгийн Хажуу-Улаан сумын оршин суугч: өрхийн тэргүүн Навааны Балжинням эрэгтэй, 62 настай, эхнэр Намжилын Магван 56 настай, эх Авирын Долгор 84 настай, охин Балжиннямын Сүрэнхорлоо 24 настай, охин Балжиннямын Ариунцэцэг 4 настай, охин Балжиннямын Өлзийхутаг 18 настай, Өлзийхутагийн Ууганбаяр эрэгтэй, 2 настай, охин Балжиннямын Өлзийбаяр 15 настай, хүү Балжиннямын Төмөрбаатар 22 настай гэж бүртгэгдсэн байна” гэжээ./хх-ийн 30-р тал/

            Хэргийн 3-р талд авагдсан иргэний үнэмлэхний хуулбарт “Боржигон овогт Балжиннямын Сүрэнхор 1964 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ЕТ64051205” гэж бичигдсэн, цахим машинаас авсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд нөхөр РД:МТ55071311, Тайж овогт Пүрэвдоржийн Сайнням, эхнэр РД:ЕТ64051205, Боржигон овогт Балжннямын Сүрэнхор,  гэрлэлт анхны, 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Заамар сумын 17-рт 2002 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн” гэсэн байна. /хх-ийн31-р тал/

            Хэргийн 32 дугаар талд байгаа охин Боржигон овогт Зоригтбаатарын Ариунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбарт эхийн РД:ЕТ64051205 Балжинням овогтой Сүрэнхор гэж бичигджээ.

Харин 1988 онд олгосон, 280489 дугаартай,   хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтэрт “Овог Балжинням ,нэр Сүрэнхорлоо, төрсөн он 1964 оны 05 дугаар сарын 12” гэж бичигдсэн байна.

Дээрх нотлох баримтыг харьцуулан үзэхэд Б.Сүрэнхор нь хүн амын тооллогын бүртгэл болон хөдөлмөрийн дэвтэр зэрэг зарим баримтад “Б.Сүрэнхорлоо” гэж бичигдсэн байх боломжтой байна.

           Б.Сүрэнхорлоо гэх нэрээр 1988 онд олгогдсон, 280489 дугаартай, хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн “ овог Балжинням, төрсөн он 1964.05.12”  гэсэн үйл баримтууд нь дээр дурдсан иргэний бичиг баримтуудтай Б.Сүрэнхорын овог, төрсөн он, сар, өдөр зэргээр  тохирч байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Б.Сүрэнхор болох нь тогтоогдож байна гэж үзэх   үндэслэлтэй.

Дээрх  хөдөлмөрийн дэвтрийн 3-рт “1987.02.23. Нийтийн  ахуй үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулав.  Хажуу-Улааны Нийтийн аж ахуйн үйлчилгээний 1987-02-23-ны 31 тоот тушаалаар”, 4-рт 1988.11.30. оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлж Хажуу-Улааны цэцэрлэгт шилжүүлэв. НААҮ-ний төвийн захиргааны 1988-11-29-ны 33 тоот тушаалаар” гэсэн  бичилт, тамга бүхий тэмдэглэгээ болон хамт ажиллаж байсан гэрч С.Дуламжавын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хүсэлт гаргагч Б.Сүрэнхорын ажиллаж байсан тухай хууль зүйн фактыг тогтоож буй нөхцөл байдал гэж үзэж нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2019/00811 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ ... Боржигон овогт Балжиннямын Сүрэнхорын ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “ ....Боржигон овогт Балжиннямын Сүрэнхор нь  “Балжиннямын Сүрэнхорлоо” гэх нэрээр 1988 онд олгогдсон, 280489 дугаартай, хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож, Б.Сүрэнхорыг 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1/нэг/ жил, 09 /есөн/ сар, 07/долоо/ хоног Дорноговь аймгийн Хажуу-Улааны уурхайн Нийтийн ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан хугацааг шүүхийн журмаар сэргээн тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР