Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 115/ШШ2024/0021

 

 

    2024      10         09                                        115/ШШ2024/0021          

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн ...,

Хариуцагч: Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын хооронд үүссэн, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга ..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хосбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах.

Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

 

2.1. Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “Албан ажлын зайлшгүй шаардлагаар, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгогдон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ...ыг мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. /Хавтаст хэргийн 11 дэх тал/

 

2.2. Нэхэмжлэгч ... нь, Шүүхийн Тамгын газрын даргын дээрх шийдвэрт холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол гаргаж, холбогдох хариуг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/736 тоот, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/1067 тоот албан бичгээр тус тус хүлээн авч, улмаар  2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /Хавтаст хэргийн 12,15-16 дах тал/

 

Гурав. Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч, ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээс чөлөөлөгдөх хүртлээ тус шүүхэд 8 жил гаруй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах зэрэг албан тушаалд тасралтгүй ажилласан ба төрийн албаны ерөнхий шалгалт, шүүгчийн туслахын албан тушаалд тусгай шалгалт өгч тэнцсэн, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

Миний бие 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл шүүгчийн туслахаар ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас түр чөлөөлөгдсөн. Улмаар эрүүл мэндийн байдал сайжирч ажилдаа эргэн орох тухай хүсэлт тавьж Тамгын газрын даргатай 2023 оны 12 дугаар сарын эхээр уулзахад намайг шүүгчийн туслахаар ажиллуулах боломжгүй талаар дурдсан. Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллах тухай саналыг хэлж байсан. Ингээд Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй тиймээс Б/15 дугаар тушаалыг дараах үндэслэлээр хууль бус эрх зүйн акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалын 1-д “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын зайлшгүй шаардлага, өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй ...ыг... Л-г сэлгэн ажиллах хугацаа дуусах хүртэлх хугацаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэж бичсэн ба ийнхүү томилохдоо Төрийн албаны тухай хуулийн нэг ч зүйл, заалт баримтлаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан, агуулга ойлгомжтой, тодорхой байх хэлбэрийн шаардлагыг хангаагүй, ойлгомжгүй байна.

 Миний тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2, 87.1.5, 87.2, мөн “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.6 дахь заалтыг тус тус заасан нь уг тушаалыг гаргахад үндэслэл болох хуулийн заалт биш.

Мөн захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас 2 хоногийн өмнө ... дарга өрөөндөө дуудаж ирүүлэн ажлаас чөлөөлөх талаар хэлснийг сонсох ажиллагаа гэж үзэх боломжгүй. Учир нь сонсох ажиллагааны мэдэгдэл ирээгүй, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтлөх, тайлбар хэлэх, танилцуулах гэх зэрэг ажиллагааг огт хийгээгүй.

Намайг ажлаас чөлөөлөх тухайн цаг үед Л-ийн сэлгэн ажиллах хугацаа дуусаагүй, мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо байсаар байхад шууд чөлөөлсөн. ... дарга намайг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахаас 2 хоногийн өмнө өрөөндөө дуудан үйлчилгээний хэлтсийн даргын оронд тоонд Д тусгай шалгалт өгч тэнцсэн тул ажилдаа орж байгаа. Н гэх ажилтан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд чиний ажлыг хүлээн авч томилогдоно, харин чи хамгийн сүүлд тушаалаар томилогдсон учраас чамайг чөлөөлөхөөс өөр аргагүй байна гэж хэлсэн. Монгол Улсын ямар ч хууль тогтоомжид хамгийн сүүлд томилогдсон албан хаагчийг ажлаас чөлөөлөх талаарх зохицуулалт байхгүй.

Намайг чөлөөлж, Н гэх ажилтан миний эрхэлж байсан ажлыг хүлээж авах үед шүүх хуралдааны нарийн бичгийн нэг сул орон тоо үлдэж байсан, ажлын ачаалал байсаар байхад намайг чөлөөлөхгүйгээр нарийн бичгийн даргын сул нэг орон тоонд ажиллуулах боломжтой байсан бөгөөд “ажлын зайлшгүй шаардлагаар” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дорноговь аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга нь хууль, журмын зохицуулалтад үндэслээгүй тушаал гарган төрийн жинхэнэ албан хаагч миний хуулийн дагуу хөдөлмөрлөх, төрийн албанд ажиллах боломж нөхцөлийг үгүй болгон миний эрхийг ноцтой зөрчиж улмаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1. “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, ... байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчин ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна.

Би анхнаасаа мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажиллая гэж хэлээгүй. Батбямба гэдэг ажилтныг мэдээлэл, лавлагаа дээр ажиллаж байгаа гэдгийг мэдэж байсан, тусгай шалгалт өгсөн гэдгийг нь ч мэдэж байсан. Тамгын даргаас надад хэлсэн ярьсан зүйл нь юу гэхлээр мэдээлэл, лавлагааны ажилтан  шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг хийх сонирхолтой байх шиг байна. Тийм учраас чи мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажиллавал чамд ачаалал боломжтой, чи өмнө нь хийж байсан учраас ачаалал нь гайгүй, тэгэх боломжгүй юм уу гэж ярилцсан. Тэгэхлээр нь яах вэ, хэрвээ үнэхээр шүүгчийн туслахаар томилогдох боломжгүй, бололцоогүй байх юм бол, мөн боломжтой юмыг л надад ярьж байгаа болов уу гэж би ойлгож хариулсан. Тэгээд би, мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажилласан ч болно, ерөнхийдөө шүүх хуралдааны нарийн бичгээр даргаар ажилласан ч болно, дотоод нөөц бололцоо нь ямар байна, хэрвээ намайг ингээд буцаагаад ажилд аваад ажиллуулахад шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоон дээр ажиллуулсан ч би хийнэ, ямар ч л байсан би буцаад шүүхдээ л ормоор байна, ажилдаа ормоор байна гэсэн. Мөн шүүгчийн туслах М шүүгчийн шалгалт өгч байгаа, хэрэв тэнцээд шүүгч болоод явчих юм бол түүний оронд би түр ч болтугай ажиллаж болно биз дээ гэж  би өөрөө хэлж байсан. Би энэ шүүхэд Тамгын газрын зүгээс тавьсан ямар ч саналыг хүлээн аваад ажиллах боломжтой байсан.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам байгаа. Намайг 1 сарын үед дуудаад нарийн бичгийн орон тоон дээр түр авъя гээд нарийн бичгийн орон тоон дээр түр авах тушаал гарсан. Тухайн үед тушаал гарсан даруйд нь тушаалтайгаа  танилцаагүй, ямар тушаал гарсан юм, үндэслэл нь юу байсан юм, тэрийг бүгдийг харж чадаагүй, үнэхээр л ажилд орчихлоо л гэж бодсон. Тамгын газрын зүгээс зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн буюу хэлтсийн даргын зүгээс ч юм уу ийм тушаал гарлаа, энэ тушаалтайгаа танилц гэж танилцуулсан юм байхгүй. Ерөнхийдөө намайг ажилд томилсон ч гэсэн нэгэнт л Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг бариагүй, зүгээр л Шүүхийн тухай хуулийн Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана, төрийн албан хаагчийг томилно, чөлөөлнө гэсэн ерөнхий заалтуудыг бариад томилсон байгаа. Өөрийн тайлбар дээр төрийн албаны тухай хуульд зохицуулалт байхгүй учраас Төрийн албаны тухай хууль бариагүй гэсэн байна лээ. Хэдийгээр зохицуулалт байхгүй ч байсан нэгэнт л тэр хүнийг томилсон эрх зүйн акт гарсан үр дагавар гарах ёстой. Нэгэнт үр дагавар нь гараад биелэгдчихсэн байх. Тушаалдаа хуулийн үндэслэлийг бариагүйгээр томилсон ч байсан хүнийг цалинжуулаад ажиллуулаад нийгмийн даатгал нь төлөгдөөд, шимтгэл нь төлөгдөөд тэр хүн ажилтай байсан уу, гэдэг нь нотлогдоно. Тиймээс төрийн жинхэнэ албан хаагч миний эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож холбогдох нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 3.2. Хариуцагч, Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон шүүгчийн туслах ...биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө хүсэлт гаргаж, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн. Төрийн жинхэнэ албанаас хуульд заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч тухайн ажлын байрыг хадгалах үүрэг хүлээдэггүй, алба хаагч нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэж, шалтгаан арилмагц ерөнхий шалгалт өгөхгүйгээр сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлж тусгай шалгалт өгч нэр дэвших хуулийн зохицуулалт байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 43.3.4-т заасан үндэслэлээр хамгийн ойрын хамааралтай албан хаагч үндсэн ажлаас үндсэн ажлаас хөндийрөлгүйгээр түр орлон гүйцэтгэх журмаар зохицуулагдсан байдаг боловч энэ нь шүүхийн ажлын онцлогоос шалтгаалан боломжгүй учраас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л-г түүний оронд сэлгэн ажиллуулсан.

2023 оны 11 дүгээр сарын сүүлээр байх ...нь ажилдаа буцаж орох тухай хүсэлтэй байна гэж ирж уулзсан. Аль ч албан тушаалд ажиллах санал хэлээгүй, буцаж ажилдаа орох хүсэлтэй байна л гэж хэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бол төрийн албаны нөөцөд бүртгэгдэж, дахин албан тушаалд томилогдохоор болбол тухайн албан тушаалын тусгай шалгалт өгөх журамтай. Тиймээс шүүгчийн туслахын албан тушаалд томилох боломжгүй юм.

Дараа нь ... ирж уулзахдаа мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажилламаар байна гэсэн. Тухайн үед мэдээлэл, лавлагааны мэргэжилтний албан үүргийг Б түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд тэрээр 11 дүгээр сарын 27-ны өдөр тусгай шалгалт өгч тэнцсэн байсныг мэдээгүй байсан байх. Мөн шүүгчийн туслах М-ийг шүүгч болоод явбал түүний оронд туслах хийж болох уу гэхэд нь одоогоор боломжгүй гэхэд “юу ч гэсэн хүсэлтээ авчирч өгье” гээд явсан. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажилд орох хүсэлт авчирч өгсөн гэтэл тус орон тоо сонгон шалгаруулалтаар дөнгөж нөхөгдөөд байсан. Харин дараа нь ажлын зайлшгүй шаардлагаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон ажиллах боломж гарахад зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр дамжуулан ажиллах боломж байна уу гэж холбогдоход зөвшөөрсөн тул түр томилсон.

Төрийн албаны тухай хуульд сэлгэн ажиллаж байгаа албан тушаалтны оронд нөөцөөс авч ажиллуулах ямар ч зохицуулалт байдаггүй. Харин ажлын залшгүй шаардлагаар түр авч ажиллуулаад, дотоод зохион байгуулалт хийж энэ томилгоог залруулж, түүнийг чөлөөлсөн.

...ын тухайд гэвэл төрийн албанаас өөрийн хүсэлтээр түр чөлөөлөгдсөн, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түр хугацаагаар авч ажиллуулсан, түүний эрх зүйн байдал нь дордоогүй, харин ч 2 сар цалинтай, ажилтай байсан.

Төрийн албаны нөөцөд байгаа хүн хэрвээ шууд томилогдох боломжтой бол ажлын байрыг ажил олгогч хадгална. Төрийн албанаас түр чөлөөлөгдөөд шууд нөөц рүү явчхаж байгаа тохиолдолд ажил олгогч ажлын байрыг хадгалах үүрэггүй. Тэгээд ч эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөөлөгдсөн хүний ерөнхий шалгалт нь тэтгэвэрт гарах насанд хүртлээ хадгалагдана. Ерөнхий шалгалт өгсөн иргэд 3 жилийн хугацаатай ийм онцлог, ялгаатай гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Энэ шүүх хуралдаанаар, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга (цаашид “Тамгын газрын дарга” гэх)-ын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...ыг шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргээс чөлөөлөх тухай” Б/15 дугаар тушаалаар, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2, 87.1.5 дахь заалт “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Албан ажлын зайлшгүй шаардлагаар, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгогдон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан” ...ыг мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. /Хавтаст хэргийн 11 дэх тал/

 

6. Нэхэмжлэгчээс, Тамгын газрын даргын дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “...2015 оноос 2024 он хүртэл  хүртэл 8 жил гаруй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслахаар тасралтгүй ажилласан, төрийн албаны ерөнхий шалгалт, шүүгчийн туслахын тусгай шалгалт өгч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, ... Л-ийн сэлгэн ажиллах хугацаа дуусаагүй, нарийн бичгийн даргын орон тоо байсаар байхад чөлөөлсөн, ... маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хууль баримтлаагүй, үндэслэл болгосон заалтууд нь уг тушаалыг гаргахад үндэслэл болгох заалт биш, ... сонсох ажиллагаа огт хийгээгүй, ... хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх, ... эрхийг зөрчсөн” гэж,

7. Хариуцагч Тамгын газрын даргаас, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “... өөрийн хүсэлтээр түр чөлөөлөгдөн нөөцөд бүртгэлтэй байсан, энэ тохиолдолд ажил олгогч ажлын байрыг хадгалах үүрэггүй, ... мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллах хүсэлт гаргасан, гэвч уг албан тушаал сонгон шалгаруулалтаар нөхөгдсөн байсан тул өөрийнх нь зөвшөөрснөөр, ажлын зайлшгүй шаардлагаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон, ...Төрийн албаны тухай хуульд сэлгэн ажиллаж байгаа албан хаагчийн оронд нөөцөөс авч ажиллуулах зохицуулалт байхгүй тул энэ томилгоог залруулж,түүнийг чөлөөлсөн” гэх агуулгаар тус тус маргасан.

 

8. Маргаан үйл баримт болон түүнд хамаарах хуулийн зохицуулалтын тухайд:

 

8.1. Нэхэмжлэгч ... нь Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт анх 2015 оны 01 дүгээр сарын 26-наас шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж улмаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах зэрэг ажил, албан тушаалыг эрхэлж байгаад Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасныг үндэслэн “Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх шалтгаанаар шүүгчийн туслахын албан тушаалаас түр чөлөөлөгджээ. /Хавтаст хэргийн 9 дэх тал/  

 

8.2. Тэрээр биеийн эрүүл мэндийн байдал нь сайжирсантай холбоотойгоор 2023 оны 12 дугаар сард төрийн албандаа эргэж ажиллах, ингэхдээ мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ч уг албан тушаалын сул орон тоо сонгон шалгаруулалтаар нэгэнт нөхөгдсөн нөхцөлд тэрээр хариуцагчаас санал болгосон дагуу “шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх”-ийг зөвшөөрснөөр, Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын зайлшгүй шаардлага, өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй” гэх үндэслэлээр Л-г сэлгэн ажиллах хугацаа дуусах хүртэлх хугацаанд түүнийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ. /Хавтаст хэргийн 10 дах тал/

 

8.3. Гэвч хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б/15 дугаартай  тушаал гаргаж “Албан ажлын зайлшгүй шаардлагаар, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгогдон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан” гэх агуулгаар түүнийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас шууд чөлөөлсөн /Хавтаст хэргийнх 11 дэх тал/ үйл баримт тогтоогдож байна.

 

8.4.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол … төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 43 дугаар зүйлийн 43.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх; 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлнэ” хэмээн тус тус журамласан байх ба энэхүү журмыг зөрчихийг хуулиар хоригложээ.

 

8.5. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” Б/48 дугаар тушаалаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л-г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, … /-т/ заасныг үндэслэн албан ажлын зайлшгүй шаардлага, өөрийнх нь зөвшөөрснөөр шүүгчийн туслахын албан тушаалд уг сул орон тоог нөхөгдөх хүртэл хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 69 дэх тал/

8.6. Дээр дурдсан тушаалын огноо, дугаар болон нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлсөн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалын 2 дахь заалтад “..., Л нарыг ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлж, холбогдох тооцоог хийж дуусгах …” гэж заасан зэргээс үзэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л-г, нэхэмжлэгч ...ын түр чөлөөлөгдсөн албан тушаал болох шүүгчийн туслахын орон тоонд сэлгэн ажиллуулсан байх ба хэргийн оролцогчид энэхүү нөхцөл байдлын тухайд маргаагүй, нэхэмжлэгч нь түр чөлөөлөгдсөн шүүгчийн туслахын тус албан тушаалд буцаан томилуулах шаардлага гаргаж маргаагүй, зөвхөн түр орлон гүйцэтгэж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардлагаа тодорхойлж маргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

8.7.  Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1-д “Нөөцийн сан нь доор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна: 2.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц;”, 4.2-т “Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно” хэмээн тус тус заасан байх ба хууль, тогтоомжийн эдгээр зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч ... нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдох тухайн үедээ эрх зүйн байдлын хувьд төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байсан нь тогтоогдож байна.

 

8.8. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал нэхэмжлэгч ... нь Төрийн албаны тухай хуулийн 43.3.4-т зааснаар, зөвхөн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулж байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх боломжтой,  харин түүний түр орлон гүйцэтгэж байсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тухайд төрийн албаны нөөцөд байгаа этгээдээр түр орлон гүйцэтгүүлэх боломжгүй тодруулбал, сэлгэн ажиллаж буй албан хаагчийн албан тушаал байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр анхнаасаа томилсон хариуцагчийн үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэх хуулиар шууд хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болжээ гэж дүгнэхээр байна.

 

9. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

9.1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, … бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно”, 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж зааснаар шүүхийн захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь тус хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмын зохицуулалтад хамааралтай. Тодруулбал хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;”,  40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэх зэрэг шаардлагыг хангасан байх учиртай.

 

9.2. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хууль зүйн үндэслэлд нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2. шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх; 87.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх”, 87.2.“Шүүхийн Тамгын газрын бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана” гэх зүйл,заалтыг хэрэглэжээ. Гэтэл энэ нь тухайн албан тушаалтнаас гаргаж болох баримт бичгийн төрөл болон бүрэн эрхийг заасан ерөнхий зохицуулалт байх бөгөөд  маргаан бүхий захиргааны актын тухайд түүнийг гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх  “биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх заалтыг үндэслэсэнтэй нэгэн адил тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргах шаардлага бүхий, бодит нөхцөл (...ыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх болсон үндэслэл, шалтгааныг заасан)-ийг заасан хуулийн зүйл, заалтыг огт хэрэглээгүй нь тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.

 

9.3. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б/23 дугаартай “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаал гарган, өмнө гаргасан маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/47 дугаар тушаалын үндэслэл хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, 46.5 дахь хэсэг”-ийг нэмж өөрчилсөн байх бөгөөд энэ нь маргаан бүхий тухайн захиргааны актыг анх гаргахдаа холбогдох хууль зүйн үндэслэлийг нь заагаагүй гэх дээрх байдлыг нотолж байна.

 

9.4. Улмаар хариуцагч нь дээрх Б/23 дугаартай тушаалыг “...тай утсаар ярьсан тэмдэглэл” гэх баримтын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байх ба гэвч энэ нь уг тушаалыг нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн болохыг нотолж  чадахгүй байна.

 

9.5. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” хэмээн тус тус заасан, гэтэл хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “...тай утсаар ярьсан тэмдэглэл” нь тухайн тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан болон танилцуулсан талаарх баримт бус, харин уг тушаалыг танилцуулах зорилготойгоор өөр этгээдийн утсаар нэхэмжлэгч рүү холбогдож түүнийг шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн агуулгатай баримт байх ба оролцогчид энэ талаар болон уг тушаалын тухайд мөн маргаагүй болно.

 

10. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:

 

10.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгааг төрийн жинхэнэ албан хаагч эдлэхээр заасан ба нэхэмжлэгчийн тухайд уг баталгааг эдлэх эрхийг зөрчсөн хэмээн маргаж байна.

 

10.2. Нэхэмжлэгч ... нь хэдийгээр тус байгууллагад 2015 оноос эхлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслахаар тасралтгүй 8 жил гаруй ажилласан улмаар төрийн албаны ерөнхий шалгалт, шүүгчийн туслахын тусгай шалгалтыг тус тус өгч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байсан байх боловч тэрээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр төрийн жинхэнэ албан хаагч биш, харин төрийн албанаас түр чөлөөлөгдөж төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн албан хаагч болсон байх тул тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжгүй, харин “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 4.1-д “Энэ журмын 2.1.2, 2.1.6, 2.1.7-д заасан иргэн, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байх хугацаа 3 жил байна”, 4.2-т “Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно” хэмээн заасанчлан төрийн жинхэнэ албанаас бүр чөлөөлөгдсөн албан хаагч болон төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэнээс тус тус эрх зүйн байдлын хувьд дээгүүр тодруулбал, тэтгэвэр тогтоолгох хүртлээ төрийн албаны нөөцөд байх боломжтой байна.

 

10.3. Улмаар нэхэмжлэгчийг “сэлгэн ажиллаж буй албан хаагчийн буюу шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх”-ээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь анхнаасаа хууль бус буюу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх талаарх хуулиар тогтоосон журмыг нэгэнт зөрчсөн байх тул хууль бус шийдвэр гаргасан энэхүү алдаагаа залруулж,  нэхэмжлэгчийг чөлөөлсөн шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

 

10.4. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь бичгээр гаргасан захиргааны актад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй хууль бус гэж үзэх үндэслэлтэй байх боловч тухайн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

11.  Нэхэмжлэгч ... нь, Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлагатайгаа холбогдуулан “урьд эрхэлж байсан Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хамтатган гаргасан ба гэтэл шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг нь хангах үндэслэлгүй гэж үзсэн тул тухайн шаардлагаас хамааралтайгаар дагалдан гаргасан бусад шаардлагыг нь мөн хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

12. Иймд нэхэмжлэгч ...-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Төрийн албан тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.3.4 дэх заалт, 43.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ...ын Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ...аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА