Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 

М.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Эр

Яллагдагчийн өмгөөлөгч Б.А /цахим/

Яллагдагч М.Ө

Хохирогчийн өмгөөлөгч Т.Д

Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж хийсэн шүүх 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/...  дугаартай  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдлоор яллагдагч М.Өд холбогдох 23220000.. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Т овогт Мын Ө, 19.. оны .. сарын ..-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Д сумын .дугаар баг “Х" гэх газарт нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:/

Яллагдагч М.Ө нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Д сумын .. дугаар багийн нутаг “Х” гэх газарт зүс таних Ц.Яийн маллаж байсан Ц.Мийн эзэмшил, өмчлөлийн шар халтар зүсмийн 5 настай 1 тооны тэмээг алдуул мал болохыг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшсаны улмаас 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас яллагдагч М.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч М.Өд холбогдох эрүүгийн 232200... дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамжийг хүчин төгөлдөр болмогц М.Өд холбогдох эрүүгийн 2322000... дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нд даалгаж, шийдвэрлэсэн байна.  

           Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг дараах нотлох баримтуудаар тогтоосон болно. Үүнд: Хохирогч Ц.Мийн мэдүүлэг хавтаст хэргийн 13 дугаар хуудас), гэрч Ц.Яийн мэдүүлэг, (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), гэрч Б.Бын мэдүүлэг, (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас), гэрч Ө.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), гэрч Б.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-05 дугаар хуудас), Ц.Яаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), яллагдагч М.Өын мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ц.Мийн эзэмшил, өмчлөлийн мал сураггүй алга болсон буюу алдуул мал болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Мөн Дундговь аймгийн Д сумын үнэлгээний комиссын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр хохирогчид учирсан хохирлыг тогтоож өгсөн. Дээрх нөхцөл байдал нь нотолбол зохих байдал бүрэн гүйцэт нотлогдсон гэж үзэж байна.

Тухайн хэрэгт нэмэлт ажиллагааг хийх тохиолдолд ямар ажиллагааг нэмж хийх нь тодорхойгүй. Алдуул мал гэх ойлголт нь “өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон мал” гэх бөгөөд малчин ард түмний аж амьдрал онцлог зэргээс бусад оронтой нэгэн ижил бэлчээрийг хашаалж, тодорхой хязгаар нутгийг заасан ойлголт байдаггүй. Дээрх нөхцөлд хохирогчийн маллаж буй 600 гаруй тооны тэмээнээс 1 тооны тэмээ нь ижил сүргээс тасарч өөрийн ижил төрлийн бусдын эзэмшил өмчлөлийн тэмээн сүрэгт нийлж, захад нь идээшилж байсан гэх ойлголт нь алдуул мал гэж үзэх нөхцөл байдлыг хангаж байна. Алдуул мал нь орон зай цаг хугацааг туулан алс хол гэх тодотгол бүхий хэдэн 100 км, хэдэн 1000 км эсхүл 10 км түүнээс бага зайг туулсан байхаас үл хамаарч бусдын эзэмшил өмчлөлийн мал сүрэг, ижил төрөл зүйлийн бэлчээрлэж буй сүрэгт нийлснээр алдуул болох шинжийг агуулна гэж үзэж болохоор байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид мал хулгайлах гэмт хэргийг 2015 оны хуульд тусгай зүйл болгон оруулсан бөгөөд дээрх гэмт хэргийн шинж нь алдуул мал завших гэмт хэргийн шинжээс тодорхой шинжүүдээр буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар өөрийнх нь өмчлөл, эзэмшилд байхад нь авах тухай ойлголтыг хуульчилсан. Энэхүү хэргийн нөхцөлд яллагдагч нь өөрийн эзэмшил өмчлөлийн мал сүрэгт нийлсэн бусдын өмчлөл эзэмшлийн тэмээг бусдад зарж борлуулсан...

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр нотолбол зохих байдал нотлогдсон байх ба эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй, байхгүй гэж үзнэ...

Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг,үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ /УДШ-ийн 2020.10.09-ний №551 тогтоол/ гэж заажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж хуульчлагдсан бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр Дундговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЭ/... дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Миний бие тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр захирамжийг хүчингүй болгож, надад холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтээр гомдол гаргаж байна.

Учир нь, Би манай тэмээн сүрэгт Ц.Мийн 1 тооны, 5 настай тэмээ нийлсэн байгааг мэдсэн. Тэр тэмээ манай тэмээтэй харьцуулахад тарга, тэвээрэг сайтай байсан. Манай тэмээн сүрэг гэрээс ойролцоогоор 500 метр хүрэхгүй зайд байх үед надаас идэш авна гэсэн хүн сумын төвөөс ирсэн.

Тэгээд идэшний тэмээгээ сонгоод ав гэхэд нь тэр хүн Ц.Мийн тэмээг авъя гэсэн. Ингээд би тэр тэмээг өгөөд явуулсан нь үнэн. Би буруу зүйл хийснээ мэдэж байгаа. Ц.Мийн хохирлыг төлье гээд хуралдаа ортол намайг илүү хүнд зүйл ангитай хэрэгт холбогдуулан шалгахаар хэргийг буцаасанд гомдолтой байна.

Би малчин хүн учраас малаа хулгайд алдах ямар хэцүү талаар сайн мэднэ. Хүн идэшний мал авья гэхээр аль болох сайн мал өгье гэж боддог. Тэгээд Ц.Мийн тэр тэмээ сайн байсан болохоор нөгөө хүн маань идшэнд авья гэхээр нь өгчихсөн юм.

Энэ бол буруу. Би Ц.Мг хохиролгүй болгоно. Миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байхыг хүсч байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай захирамж нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тухайн хэрэг нь 2022 оны 12 сарын 14-ний өдөр үйлдэгдсэн. М.Ө, Я гэх хүмүүс нэг газарт нутагладаг хүмүүс юм. Гэрч Я мэдүүлэхдээ 2022 оны 12 сард 5 настай тэмээгээ алдсан гэдэг. Энэ алдсан тэмээгээ Өын үйлдлээс болоод алдсан уу, байгалийн жамаар явсан малыг алдсан талаар эргэлзээтэй байна. Үүнийг алдуул мал гэж үзэх боломж байхгүй. Тухайн Я гэдэг айл малаа алдсан эсэх талаар тогтоож ир гэж буцаасан болохоос биш энэ хүний зүйлчлэлийг хүндрүүлээд ир гэж буцаагаагүй юм... Алдуул мал завших, мал хулгайлах гэмт хэргийг тус тусад нь жишиг тогтоож хуульчилж өгсөн. Эдгээр гэмт хэргийг ямар шинжээр нь ямар үйлдлээр ялгаж байна гэдгийг харгалзан үзээд тус тусад нь шийдвэрлэдэг. Тохиолдлын шинжтэй бөгөөд эзэн холбогдогч нь тодорхойгүй байхад малд нь алдуул мал ирсэн, тус малыг завших сэдэл төрсөн бол энэ нь өөрөө алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулна. Тэмээ Өын эзэмшилд хэзээ орж ирсэн нь тодорхойгүй. Өын давж заалдах гомдол дээр манай тэмээнд Мий тэмээ байгааг мэдсэн, тэр тэмээ манай тэмээг бодвол тарган байсан учир борлуулсан гэж байгаа. Үүнийг Өын эзэмшилд ирсэн байна гэж үзэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх хэргийн прокурорт буцааж байгаа нь өөрөө үндэслэлтэй байна. 1 тооны тэмээ хаанаас алга болсон юм, өмчлөгчийн эзэмшлээс хэзээ гарсан юм. Үнэхээр алдуул мал мөн байсан уу биш байсан уу гэдгийг тогтоож ир гэж буцаасан. Иймээс анхан шатны шүүхийн ... дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл прокурорын тайлбарлаж байгаа тайлбар үндэслэлтэй юм. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1, 2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх талаар байдаг. Монгол улсын хуулиар соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцод нэгдэн ороход тодорхой хэм хэмжээг баримтална гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар давж заалдах шатны шүүгч нар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх эсхүл ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчид холбогдох нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж заасантай холбогдуулж иргэний болон улс төрийн олон улсын фактын 9 зүйлийн 3 дугаар хэсэгт  хүн хэргээ боломжийн хугацаанд хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж зааж өгсөн. Ө хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлнө гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан яллах дүгнэлтэд талуудын гаргасан хүсэлт гомдлоор эсхүл шүүхийн санаачилгаар шийдвэр гарахаар шийдвэрлэж өгсөн. Гэвч шүүхийн санаачилгаар явуулсан урьдчилсан хэлэлцүүлэгт яллах дүгнэлт байхаар зааж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1.6 дугаар зүйлд заасан 17 үндэслэлийн аль ч энэ хэрэгт байхгүй байхад хэргийг буцааж шийдвэрлэж байгаа нь хууль  зөрчиж байна... Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад 39.1.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хүндрүүлэхгүй байхаар зааж өгсөн байдаг. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхэд нөлөөлөх нөхцөл байдал байна гэж харж байна.  Ийм учраас прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гомдлыг үндэслээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэв.

Прокурор О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Алдуул мал гэдэг нь шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч тухайн алдсан малыг хайсан гэдгээ мэдүүлдэг. Мал сүрэгт явж байгаа малыг тасдаж авчирсан ойлголт уу, бэлчээрт явж байсан мал өөр бэлчээрт очсон ойлголт уу гэдгийг тодорхойлж байгаа.  Хохирогч манай тэмээ алга болсон, өөр хүн завшсан талаар мэдүүлдэг. Тухайн тэмээний тамга тэмдэг тааруулсан зарж борлуулсан нь тогтоогддог. Энэ хэрэг дээр өөрийн тэмээний хажууд байсан бусдын тэмээг завшсан гэх нөхцөл байдал анхнаасаа тогтоогдсон гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаан прокурорын эсэргүүцлийн дагуу Т овогт Мын Өд холбогдох хэргийг хянав.

            Яллагдагч М.Ө нь 2022 оны 12 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Д сумын .. дугаар багийн нутаг “Х” гэх газраас өөрийн нь зүс таних Яийн маллаж байсан шар халтар зүсмийн 1 тэмээг алдуул хэмээн авч бусдад зарж борлуулан завшиж 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Прокуророос яллагдагч М.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хохирогчийн өмгөөлөгчийн саналаар явуулж хэлэлцээд Өын хэрэглэсэн тэмээ нь алдуул болохыг хэрхэн нотолж байгааг тодруулаагүй тухай асуудлыг дахин тодруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийж, дахин шалгуулахаар прокурорт буцаажээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.5-д заагдсан үндэслэлүүдийн нэг нь гэмт хэрэг гарсан байдал, түүний сэдэлт зорилгыг тогтоох явдал юм.

            Шүүхийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн байдалд өөрийн дотоод итгэлийг үндэслэн дүгнэлт хийснийг гүйцэтгэх ёстой. Өын авч завшсан тэмээ нь иргэн Яийн маллаж байсан, бусдын өмчлөлийн мал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдаж байгаа бөгөөд уг тэмээг алдуул гэдгийг нотолсон нотлох баримтыг шүүх шаарджээ.

            Гэмт хэргийн болсон байдлыг, санаа зорилгыг хэрэгт авагдаж хуульд заасан аргаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн эрх бүхий субъект болох улсын яллагч нотлох ёстой. Шүүхээр хэрэг хянан хэлэлцэхэд үндэслэл болох хангалттай нотлох баримтыг цуглуулаагүй атлаа шүүхэд хэргийг шилжүүлж шийдвэрлүүлэхийг оролдох нь хууль ёсыг гажуудуулах, шударга болоод үнэн байх зарчмыг зөрчих, хохирогч болоод бусдын эрхийг хохироох үндэслэл болно.

            Иймд нотлох баримтын талаар шаардаж гарсан шүүгчийн захирамж үндэстэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

                                                                           ШҮҮГЧИД                            Р.М

                                             Ш.Т