| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2021/04307/И |
| Дугаар | 101/ШШ2022/00962 |
| Огноо | 2022-03-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/00962
| 2022 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2022/00962 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо ... тоотод оршин суух ...ын ... /рд:../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух, ...ийн ... /рд:.../-д холбогдох,
3,725,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., хариуцагч ..., түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, иргэдийн төлөөлөгч Ч.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч ... нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар хохирогч ... миний эрх чөлөөнд халдаж, биед уруул шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан. Миний бие 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Гэгээнтэн цогцолбор 209 тоотод байрлах Мегамед ХХК-нийн эмнэлэгт хяналтад орж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөр тулгуур эдийн эмчилгээ 205,000 төгрөг, титан имплантан суулгац 2 ширхэг 5,000,000 төгрөг, түр шүдэлбэр 65,000 төгрөг, хиймэл яс 450,000 төгрөг, дэлгэмэл рентген зураг 25,000 төгрөг, Гялс лабротарт шинжилгээ 122,500 төгрөг, Сорт Чоно ХХК Натур эмнэлэг толгойн компьютер томографын шинжилгээ 100,000 төгрөг, нийт 5,968,000 төгрөг гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч ...аас 2,242,500 төгрөгийг гаргуулж хохирогч ...т олгохоор даалгасан ба давж заалдах шатны шүүх, дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд үлдэгдэл 3,725,500 төгрөгийг хариуцагч ...аас гаргуулж хохирогч ... миний биеийг хохиролгүй болгож өгнө үү.
Бурхантын ам гэх газарт газар эзэмших зорилгоор гэр барьсан байсан. 2020 оны 8 сарын 1-ний өдөр эхнэр, хүүхэд ах дүү нарын хамт жимс түүе гээд очсон. Тэгээд гэртээ байж байтал хариуцагчийн хөрш ... яв, зайл гээд байхаар нь учраа олъё гээд очтол ярилцах шинжгүй урдаас хэрүүл хийгээд байсан. Тэр үед хариуцагчтай ямар нэгэн харилцаа байхгүй байсан. Би ...тай муудалцсан, тэгээд нэг мэдэхэд л энэ хөрш нь ороод ирсэн байсан. Би согтуу байгаагүй, ...тай барьцалдаад авсан байхад энэ хүн гараад ирсэн байсан. Хариуцагч өөрөө хэлэхдээ салгах гэж байсан гэж хэлдэг. Нэг газарт хамт удаан амьдарсан хүмүүс учир Нямлхагва гэх хүнийхээ талд орсон байх. Нямлхагва нь эхнэрийн хамт намайг бариад энэ хүн чулуу атгаад цохисон. ... 40 гаруй настай байх, би 35 настай. Маргаан ...аас болсон. Монгол хүн эх орныхоо хаана ч амьдрах эрхтэй байдаг байтал тэр хүн эзэн нь юм шиг аашлаад байсан. Би газартай болъё л гэж бодсон. Хууль ёсны дагуу Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлт өгөөд явъя гэж бодож байтал цагаач нар зайл гээд байсан учир маргаан үүссэн. Зодоон үүсээд гэмтэл авсанд миний буруу байгаа. Би энэ хүнийг мөргөсөн буруугаа хүлээгээд 250 цагийн албадан ажил хийлгэх шийтгэлээ хүлээгээд биелүүлсэн... гэв.
Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие ... нь тухайн хэрэг учрал болох үед ... зодуулсны улмаас толгой өвдөлт бөөр нуруу өвдсөн зөөлөн эд няцрал үүссэн. Эмчилгээний зардал 125,000 төгрөгөөр Шүүх Эмнэлэгт толгойн зураг авахуулсан, 5 удаа толгойгоо бариулж байсан/1 удаа 30 000 төгрөг, барианд 150 000 төгрөг/, бөөр нуруу өвдөж цусаар 7 хоног шээсэн, 50 000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Нийт 325,000 төгрөгийн зардал тухайн үед гарсан, цаашид мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан боловч эр хүний жудгаар өдий хүртэл гомдол гаргаагүй учир миний энэ байдлыг харгалзан үзэж тухайн иргэний нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү. Би хүмүүсийн хоорондын зодооныг салгаж, хэн нэгний амь насанд хүрэх, амь насаа алдахаас хамгаалж, иргэний үүргээ биелүүлсэн хүний буруу болсонд гомдолтой байна.
2020 оны 08 сарын 01-ний орой 20 цаг өнгөрч байхад нэхэмжлэгч өөр хүмүүсийн хамт манай дээд талын энгэрт байсан. Тэгээд тэндээ ууж, идэж байгаад орой 22 цаг өнгөрч байхад нэхэмжлэгч ... гэж хүнтэй хамт ...ын гэрт ирсэн. Би 22 цаг өнгөрөөд үхрээ саачихаад явж байхад энэ хүн машиныхаа урдуур шилтэй архи бариад явж байсан. Би үүнийг машиных нь гэрэлд харсан. Манай гэрээс ...ын гэр 10 метрийн зайтай. Энэ хүн 22 цагийг 19 цаг гэж худлаа хэлээд байна. Нэхэмжлэгч, нэг залуугийн хамт Нямлхагвынд ирж байсан, би харчихаад хүмүүс ирж байгаа юм байна гэж бодоод гэртээ ороод байж байтал Нямлхагвын эхнэр Баяраа туслаарай гэхээр нь би очтол ...хоёр ...ыг зодож байсан.... нь ...ийн хүргэн ах нь байж магадгүй. ... хоёр ...ыг машины гэрэлд зодож байсан байхад нь би салгахаар очсон. 22 цагийн үед байсан, хэрэв 19 цаг байсан бол тэр хавьд нь 10 гаруй айлууд байдаг тэр айлууд мэдэх байсан. Энэ хүн цагаа хүртэл худал хэлээд байгаа, мэдүүлэг дээрээ хүрч ирээд шууд цохисон гэж мэдүүлсэн байсан. Тухайн үед тэр айлын гадаа зүлэгтэй байсан, чулуу байгаагүй. Зодооныг нэхэмжлэгч эхэлүүлсэн тул би нэхэмжилж байгаа хохирлоос 1,450,000 төгрөгийг төлнө гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч тал 1,450,000 төгрөг өгье гэж байгааг аваад хэн хэндээ хүндрэл учруулахгүйгээр хэргээ дуусгах нь зүйтэй байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Мегамед ХХК-ийн тодорхойлолт 2 хуудас, Мегамед ХХК-ийн 2021.04.18, 2020.08.04-ний ибаримтын хуулбар 2 хуудас, Сорт чоно ХХК Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо 1 хуудас, Гялс төвийн захиалгын мэдээлэл 1 хуудас, Мегамед ХХК-ийн 2020.08.03-ны ибаримтын хуулбар 1 хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 01-ний өдрийн 1984 дугаартай шийтгэх тогтоол 4 хуудас, Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 62 дугаартай тогтоол 1 хуудас, Мегамед ХХК-ийн 2021.02.06-ны ибаримтын хуулбар 1 хуудас, ...ийн тархины зураг 1 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2021.10.28-ны өдрийн 525 дугаартай албан бичиг 1 хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 сарын 6-ны өдрийн 8890 дугаартай шинжээчийн дүгнэлт 2 хуудас, Сорт чоно ХХК Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо 1 хуудас, картын хуулбар 1 хуудас, Мегамед ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2021.11.30-ны өдрийн 588 дугаартай албан тоотоор 2020.12.01-ний өдрийн 1984 дугаартай ...д холбогдох эрүүгийн хэргийн материалаас хуулбарлан ирүүлсэн Сорт чоно ХХК Натур эмнэлэг комьпютерт томографийн оношлогоо 1 хуудас, эмчийн үзлэгийн тэмдэглэл 1 хуудас, Мегамед ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт, гялс төвийн төлбөр төлсөн баримт 1 хуудас.
Мегамед ХХК-ийн 2022 оны 1 сарын 15-ны өдрийн 220115/01 дугаартай албан бичиг 1 хуудас, Мегамед ХХК-ийн 2020.08.03, 2020.08.04-ний ибаримтын хуулбар 2 хуудас, үзлэгийн карт, эмчилгээтэй холбоотой баримт 7 хуудас, үнийн цэс 7 хуудас, Мегамед ХХК-ийн 2021.04.18, 2021.02.06, 2020.12.02, 2020.11.09, 2020.10.26-ны ибаримтын хуулбар 5 хуудас.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... хариуцагч ...д холбогдуулан гэм хорын хохирол болох тулгуур эдийн эмчилгээ 205,000 төгрөг, титан имплантан суулгац 2 ширхэг 5,000,000 төгрөг, түр шүдэлбэр 65,000 төгрөг, хиймэл яс 450,000 төгрөг, дэлгэмэл рентген зураг 25,000 төгрөг, Гялс лабораторт шинжилгээ 122,500 төгрөг, толгойн компьютер томографын шинжилгээ 100,000 төгрөг, нийт 5,968,000 төгрөгөөс эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд гаргасан 2,242,500 төгрөгийг хасаж, нийт 3,725,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч хохирогч зодоон эхлүүлсэн буруутай, өөрөө зодуулж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,450,000 төгрөгийг хариуцна гэж тайлбарлаж, маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
... 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар ...тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ... 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бурхантын ам гэх газар ...тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, ... , ...нар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 01-ний өдрийн 1984 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 11-14/
Хариуцагч ...ын буруутай үйлдлийн улмаас ...ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ...ийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ... нийт 5,968,000 төгрөгийн эмчилгээ хийлгэснээс эрүүгийн шүүх шийтгэх тогтоолоор 2,242,500 төгрөгийг гаргуулсныг хасаж, үлдэх 3,725,500 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан ба уг шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ... Сорт чоно ХХК-ийн Натур эмнэлэгт томографийн оношлогоонд 120,000 төгрөг, Гялс төвийн үзлэг үйлчилгээнд 122,500 төгрөг, Мегамед эмнэлэгт үзүүлэн, эмчлүүлж 2020 оны 8 сарын 3-нд рентген зурагт 21,250 төгрөг, 2020 оны 8 сарын 4-нд имплант шүдэнд 2,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 26-нд имплант шүдэнд 1,000,000 төгрөг, 2020 оны 11 сарын 9-нд эмчилгээнд 200,000 төгрөг, 2020 оны 12 сарын 2-нд цэвэрлэгээ, түр шүдэлбэрт 100,000 төгрөг, 2021 оны 2 сарын 6-нд иплант шүдний үлдэгдэл төлбөрт 1,000,000 төгрөг, 2021 оны 4 сарын 18-нд имплант шүдний үлдэгдэл төлбөрт 1,450,000 төгрөг, нийт 5,993,750 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь гэмт хэргийн улмаас ...ийн биед учирсан гэмтэлтэй хамааралтай байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар 5,993,750 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ... тулгуур эдийн эмчилгээ 205,000 төгрөг, титан имплантан суулгац 2 ширхэг 5,000,000 төгрөг, түр шүдэлбэр 65,000 төгрөг, хиймэл яс 450,000 төгрөг, дэлгэмэл рентген зураг 25,000 төгрөг, Гялс лабораторт шинжилгээ 122,500 төгрөг, толгойн компьютер томографын шинжилгээ 100,000 төгрөг, нийт 5,967,500 төгрөг...-ийн хэмжээнд дүгнэлт хийх үндэслэлтэй.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ...ийн ямар ямар эмчилгээний зардалд нийт 2,242,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэг бүрчлэн тусгаагүй хэдий ч эмчилгээний зардлын зарим хэсэг болох 2,242,500 төгрөгийн зардлыг энэ иргэний хэрэгт нэхэмжилсэн нийт эмчилгээний зардлаас хасаж тооцох үндэслэлтэй.
Дээр дурдсанаас нэхэмжлэгчийн нийт эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5,967,500 төгрөгөөс 2,242,500 төгрөгийг хасаж, үлдэх 3,725,000 төгрөгийг шийдвэрлэхээр байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ...ийн ... газраас болж н.Нямлхагватай маргалдаж, зодолдох явцад ... ирж намайг зодсон, миний бие эрүүгийн шүүх дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зохих шийтгэлээ хүлээсэн... гэх тайлбар болон шийтгэх тогтоол зэргээс хариуцагч ... ... нь Бурхантын ам гэх газарт газар эзэмшихээр очихдоо хөрш н.Нямлхагватай оройжин гадаа сууж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, маргаан үүсгэсэн, ...ын эхнэр ... намайг дуудсаны дагуу миний бие очиж зодооныг салгах явцад ...ийн биед гэмтэл учирсан, ... зодооныг эхлүүлсэн... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.
...ийн газар эзэмших зорилгоор Бурхантын ам гэх газарт очиж, тэнд амьдарч байсан иргэн ...тай маргалдаж зодоон эхлүүлсэн үйлдэл нь түүний биед хөнгөн гэмтэл учирсанд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд ...ийн биед хөнгөн гэмтэл учирсанд өөрийнх нь буруутай үйлдэл буюу иргэн ... гэгчтэй маргаан үүсгэсэн нь нөлөөлсөн гэж дүгнэн, нэхэмжлэлээр нэхэмжилсэн 3,725,000 төгрөгийн 50 хувь болох, 1,862,500 төгрөгийг хариуцагч ...аас гаргуулж нэхэмжлэгч ...т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,863,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэдийн төлөөлөгч хариуцагчийн төлнө гэх 1,450,000 төгрөгийг нэхэмжлэгч аваад хэргийг шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.
Хариуцагчийн 1,450,000 төгрөгийг төлнө гэх саналыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч ...аас 1,862,500 /нэг сая найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,863,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 74,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 44,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧ Н.САРАНГҮН