| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/06439/И |
| Дугаар | 101/ШШ2024/05028 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/05028
| 2024 11 01 | 101/ШШ2024/05028 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /ИБД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 хороолол, гудамж, байр, тоотод бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 хороо, байр, тоотод оршин суух, овогт ы /РД:/-д холбогдох,
320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг, 37 хорооны нутаг дэсгэрт байрлах авто сэлбэгийн худалдаа гэх газраас өөрийн эзэмшлийн УБН улсын дугаартай Хюьндай Соната маркийн машины эвдрэлтэй рулийн аппаратыг сольж засварлах зорилгоор тус газраас орж ирсэн гэх рулийн аппаратыг 200,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийн 160,000 төгрөгийг овогтой нэртэй дугаартай Хаан банкны дансанд шилжүүлж үлдэх 40,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн.
Тус газраас худалдан авсан рулийн аппаратыг сольж машинд тавьж өгөх боломжгүй мөн эвдрэлгүй 2016 онд үйлдвэрлэсэн машиных гэж хэлсэн учир тэмдэглэгээ хийлгэж авч явсан.
Худалдан авсан рулийн аппаратыг Сонгинохайрхан дүүрэг Баян хошуунд байрлах гэх авто засварын газраар солиулан машиндаа суурилуулан ажлын хөлсөнд 110,000 төгрөгийг төлсөн.
Гэтэл дээрх газраас худалдан авсан рүлийн аппарат нь эвдрэл, гэмтэлтэй нь машинд тавьсан даруйд шууд мэдэгдсэн тул маргааш буюу 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр асуудлаа авто сэлбэгийн худалдааны газрын дугаарт холбогдон хэлсэн бөгөөд хэрхэн яаж сольж засах вэ? гэхэд тус газраас дугаарт холбогдож хэл гэхэд нь тухайн дугаарт холбогдож рулийн аппаратын эвдрэл, гэмтлийн тухай хэлэхэд манайх ачаалал их байна. Орой үзвэл үзнэ сольж тавихад ажлын хөлс нь 100,000 төгрөг болно гэж хариулсан эргээд дугаарт холбогдож танайхаас авсан эвдрэлтэй рулийн аппаратыг зөвхөн сольж машинд тавих ажлын хөлсөнд 220,000 төгрөг төлж хохирох болоод байна" та нар сольж өгч асуудлыг шийдвэрлэх ёстой биздээ гэхэд тэр чиний асуудал бид нарт хамаагүй тайлаад ирвэл өөр аппаратаар сольж өгч болно, орж ирсэн сэлбэгт ийм юм байдаг гэх ойлгомжгүй хариулт өгсөн. Мөн биеэр очсон боловч үүссэн асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул Цагдаагийн байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус хандаж 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан рүлийн аппаратыг өөрийн биеэр авто сэлбэгийн худалдааны газарт хүлээлгэн өгч нийт 520,000 төгрөгийн хохирол уруулсан тухай хэлж өөрийн дансны дугаар болон гаргасан зардлыг дурдаж дугаарт мессеж бичиж үлдээсэн. 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны тоот данснаас 200,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд эвдрэлтэй рүлийн аппаратыг солиулахад зарцуулсан 220,000 төгрөг засварын газар болон хариуцагчийн байрлах газарруу нааш, цааш явахад зарцуулсан газны мөнгө болох 100,000 төгрөг нийт 320,000 төгрөгийн хохиролыг төлөөгүй хохироож байна.
Иймд авто сэлбэгийн худалдаанаас худалдан авсан эвдрэлтэй рүлийн аппаратыг солих, буцаахад гарсан 320,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай энэхүү нэхэмжлэлийн хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Жич: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 264165 дугаараас холбогдож миний гаргасан гомдлыг шалгасан тухай мэдэгдэж хариуцагч тал Аж ахуй нэгж бус хувь хүн байх тул та өөрт учирсан гэм хорыг арилгах талаар шүүхэд нэхэмжпэл гаргах нь зүйтэй гэж мэдэгдсэн болно гэв.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна, намайг сэлбэг авах үед эдний дүү өөр сольж тавих газар зааж өгөөгүй, нөгөө засварын газарт би мөнгө өгөхөд надад баримт өгсөн, хуулийн этгээд биш тул тамгагүй гэж хэлсэн. Хариуцагчийн хувьд харилцааны хувьд асуудалтай, худалдан авагчийг тохуурхсан байдалтай байсан. Надад засварын газар санал болгоогүй, манайх ачаалалтай байгаа гэж хэлж байсан. Хариуцагч нь эвдрэлтэй бараа зарсан тул надад гарсан хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа:
******* миний бие авто сэлбэгийн дэлгүүрт ажилтнаар ажилладаг. Тус газрыг иргэн ажиллуулдаг бөгөөд нэхэмжлэх гаргахдаа миний нэр дээр болон иргэн гийн утсаар гаргасан байсан. Шүүхээс утасдахдаа гийн утас руу утасдаж миний утсыг уламжлан авч холбогдсон.
Тус газар нь Солонгос улсаас оруулж ирсэн хуучин авто машины задалгааны сэлбэгийг худалдан борлуулдаг болно. Хуучин авто машины сэлбэгийг Солонгос улсад авто машины задаргааны сэлбэг худалдан борлуулдаг газраас худалдан авдаг. Хуучин авто машины сэлбэгийг машинаас салгасны дараа худалдан авдаг тул нэг бүрчлэн эвдрэл гэмтлийг шалган худалдан авах боломжгүй худалдан авагч бидний хувьд эрсдэлтэй бизнес байдаг. Иймд эрсдэлийг бид үүрч худалдан авагч нарыг хохироохгүйн тул сэлбэг эвдрэл гэмтэлтэй байсан тохиолдолд ижил төрлийн бараагаар солих. ижил төрлийг бараа дууссан тохиолдолд мөнгийг буцаан олгодог. Ихэнх худалдан авагч нар буруу оношилсноос болж барааг буцаах хүсэлт гаргадаг тул зөв оношлуулсны дараа сэлбэг худалдан авахыг сануулдаг. Авто машины шинэ сэлбэг зах зээлд өндөр үнэтэй борлуулагдаг тул ихэнх худалдан авагчид өөрсдийн санхүүгийн боломжид тааруулан хуучин сэлбэгийг худалдан авах нь элбэг байдаг.
Иргэн ******* нь 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Соната 8 маркийн авто машинд хуучин авто машины задаргааны доод рулийн аппарат худалдан авсан бөгөөд таних тэмдэг тавьж хүлээлгэн өгсөн болно. Тус доод рулийн аппаратын ажиллагаа хэвийн боловч миний доод рулийн аппараттай ижил дуу гарч байна гэж мэдэгдсэн тэрээр ижил төрлийн бараагаар солихгүй гэсэн тул наадмын амралтын дараагаар таних тэмдгийг шалган үзэж 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мөнгийг буцаан олгосон. Соната 8 маркийн авто машины шинэ доод рулийн аппарат ХХК-д 1,0,000 төгрөгөөр худалдан борлуулагддаг бөгөөд Иргэн ******* тус рулийн аппаратыг хуучин гэдгийг мэдсэний үндсэн дээр худалдан авсан.
Манайх өөрийн мэддэг засварын газар санал болгосон ч өөр засварын газарт солиулсан байсан. Тус засварын газар нь хоёр удаагийн засварын хөлс авсан. Дансны хуулгаар 2 удаа х 80,000=160,000 төгрөг төлсөн боловч нэхэмжилсэн хөлс нь 2x110,000=220,000 төгрөг байгаа нь үнийн зөрөөтэй баримт эргэлзээ төрүүлж байна. Үлдэгдлийг бэлэн мөнгөөр өгсөн гэж бодоход 2 удаа ижил 80,000 төгрөг дансаар төлсөн байгаа нь зөрүүтэй үнийн дүнтэй нэхэмжлэл гаргасан байх магадлалтай байна.
Соната 8 маркийн авто машин 100,000 төгрөгийн үнийн дүн бүхий шингэрүүлсэн хийгээр хот дотор 400-500 км зам туулах боломжтой.
Соната 8 маркийн авто машины рулийн доороос дуу гарч байгаа нь олон шалтгааны улмаас болдог. Үүнд: Доод рулийн аппарат, дээд цахилгаан рулийн аппарат, рулийн чагтан гол, тяг, шавинар гэх мэт. Өөрийнхөө машины оношилгоо зөв хийсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Бид энэ хүний бодит хохирлыг барагдуулсан ба дээрх олон шалтгааны улмаас иргэн *******ын бусад шууд бус хохирлыг барагдуулах боломжгүй болно гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манайх Солонгос хуучин автосэлбэг оруулж ирж зардаг, зарим тохиолдолд эвдрэлтэй зүйл гардаг, үнийн хувьд хуучин учир хямд байдаг. Нэхэмжлэгч нь 2024.07.09-ний өдөр манай сэлбэгийн газраас дүүгээс рулийн аппарат авсан байсан, манай зааж өгсөн газарт очоогүй фэйсбүүкээс зар харж өөр хямд газарт солиулж ажлын хөлс нэхэмжилж байгаа юм. 7 сарын 10-нд ярихад бид шалгаж үзэж байгаад манайх мөн бол сольж өгнө эсвэл мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Наадмын дараа рулийн аппаратыг манай урьд барилгын тэнд орхиод явсан байсан, тэгээд өөрөө ирж цагдаа дуудсан, үзэж амжаагүй байхад маргасан. Наадмын дараа бид цагдаа дуудсаны дараа мөнгийг нь шилжүүлсэн. 2 удаа солиулсан 110,000 төгрөгөөр 2 удаа гэж хэлсэн. Тэгээд бид 110,000 төгрөгөөр солиулсан гэх газар руу нь ярьж үнийг нь асуухад 80,000 төгрөгөөр сольсон гэж хэлсэн, 110,000 төгрөгийн баримтыг хуурамч гэж үзэж байна. Газны хувьд 100,000 төгрөгийн газ зарцуулсан гэх нь үндэслэлгүй энэ хэмжээний газ нь 400-500 км явах газар байгаа тул зөвшөөрөхгүй, наадамд зориулж авсан газаа надаар гаргуулах гэж байна гэж ойлгоод зөвшөөрөхгүй байна. Хуучин сэлбэг учраас эвдрэл гардаг тул бид сольж өгдөг, эсвэл мөнгийг нь буцааж өгдөг. Зах зээл дээр шинэ руулийн аппарат 1,0,000 төгрөгөөр зарагддаг. Хуучин юм авч байгаа бүх зардлаа манайхаар төлүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
5. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1-14, 26 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талаас хавтаст хэргийн 22-25, 28 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан рулийн аппаратыг 2 удаа сольж тавиулсан ажлын хөлсөнд 220,000 төгрөг, газрын зардал 100,000 төгрөг, нийт 320,000 төгрөг нэхэмжилж байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Нэхэмжлэгч нь авто сэлбэгийн дэлгүүрээс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Хьюндай Соната маркийн автомашины рулийн аппаратыг солих зорилгоор рулийн аппарат 200,000 төгрөгөөр худалдан авч үнийг төлж барааг хүлээн авчээ.
Улмаар рулийн аппаратыг өөрийн сонгосон автозасварын газраар машиндаа солиулж суурилуулсан боловч худалдан авсан рулийн аппарат нь эвдрэлтэй байсан тул хариуцагчид буцаан өгч мөнгөө авсан байна.
Эдгээр үйл баримтаас үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь худалдан авсан рулийн аппаратыг машинд байрлуулах, буцаах авахаар 2 удаа засварын газарт хандаж солиулсан 220,000 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон 160,000 төгрөгийг доголдолтой холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь худалдан авсан рулийн аппарат доголдолтой байсны улмаас гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс гарсан 160,000 төгрөгийн зардлыг хариуцах үүрэгтэй байна.
Харин нэхэмжлэгч нь газын зардалд 100,000 төгрөг шаардаж 100,440 төгрөгийн баримтыг гаргасан боловч уг зардлыг руллийн аппараттай холбоотой гарсан зардал гэж үзэх баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 10,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүн 160,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 160,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс 160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ